Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 32

 

******* *******ь ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.*******

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.*******

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэниий хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлтийн даргалж шийдвэрлэсэн 2017 оны 10 дугаар сарын 24ий өдрийн 480 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* *******ь ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* *******ь ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбартаа: Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын хүсэлтээр 2015 оны 09 дүгээр сарын 29-нд Улиастай сумын засаг дарга /цаашид захиалагч гэх/, Орхон аймгийн ******* *******ь ХХК /цаашид гүйцэтгэгч гэх/-ий хооронд Улиастай сумын доторх камержуулалтын ажлын зураг төсөл боловсруулах зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэх 01 тоот гэрээ байгуулсан юм. Гүйцэтгэгч тал гэрээт ажлыг заасан хугацаанд нь чанартай гүйцэтгэж Улиастай сумын камержуулалтын ажлын зураг ба төсвийн захиалагчид хүлээлгэн өгсөн билээ. Дээрхи гэрээний дагуу захиалагчаас гүйцэтгэгчид төлөх зураг төсвийн үнэ 10 сая төгрөгнөөс 3 сая төгрөгийг төлсөн ба 7 сая төгрөг төлөөгүй байна. Захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид төлөх ёстой гэрээний төлбөрийн үлдэгдэл 7 сая төгрөгөө төлөхийг 4 удаа бие төлөөлөгчөөрөө дамжуулан шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул Улиастай сумын захиргаанаас 7 сая төгрөгийг гүйцэтгэгч ******* *******ь ХХК-д гаргуулан өгч байгууллага хооронд байгуулсан 01 тоот гэрээний үүргийг хангаж өгнө үү. 2015 оны 9-р сард Завхан аймгийн Улиастай сумын камержуулалтын ажлын зураг төслийг, хамтын ажиллагаатай барилгын зураг төслийн компанитай хамтран Завхан аймгийн Улиастай сумын захиргааны хүсэлтээр / маш богино хугацаанд хямд үнээр, экспертизгүйгээр хийж өгөөч гэсэн хүсэлт тавьсан/ хийж Засаг даргын орлогч Ч.*******эд 2015 оны 10-р сарын эхээр Улаанбаатар хотод хүлээлгэн өгсөн билээ.

Улиастай сумын камержуулалтын ажлын зураг төсөв нь 300 гаруй сая төгрөгийн өртөгтэй ба зураг төсөв боловсруулах үнийг жишиг тарифаар тооцоход 12.0 сая төгрөг, экспертизээр хянуулахад 840,0 мянган төгрөг болж байгааг захиалагчид мэдэгдэхэд Экспертизээр хянуулах хэрэггүй дор хаяж 15 хоног алдана. Тендэр хурдан зарлахгүй бол камержуулалтын ажилд төсөвлөсөн хөрөнгө эргэн татагдах гээд байна хугацаа алга байна. Зураг төсвийн үнийг 10,0 саяар тохирч гэрээ хийе гэсэн саналыг манайд тавьсан ба тэр саналаа гэрээ хийсэн гэжээ.

Нэхэмжлэгч ******* *******ь ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Улиастай сумын камержуулалтын зураг төсөв гүйцэтгэсний үнэ 7 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэл дээр зураг төсөв боловсруулах гэрээний 4.2-д заасны дагуу доорхи хожимдуулсан хоног тутам 0.05%-иар алдангийг тооцон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

1.     2015 оны 10-р сарын 10-наас 2015 оны 12-р сарын 25 хүртэл 77 хоног 10 сая төгрөгний алданги 385000 төгрөг,

2.     2016 оны 01-р сарын 01-нээс 2017 оны 09-р сарын 20 хүртэл 629 хоногийн алданги 2201500 төгрөг, бүгд 2586500 төгрөгийг 7 сая төгрөгийн нэхэмжлэл дээр нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн нийт дүн 9586500 төгрөг болно гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.******* миний бие 2016 оны 11 дүгээр сарын 17-нд томилогдсон бөгөөд тус сумын Засаг дарга, хотын захирагч Б.******* нь намайг ажилд орсон цагаас Улиастайн камерийн зураг төсвийг хийлгэсэн компанийг хайж ол, яагаад одоо хүртэл зураг төсвөө хүлээлгэн өгөөгүй юм. Ядаж зураг төсөв нь экспертизээр орсон бол зураг төсвийг нь хүлээлгээд авчмаар байна. Энэ компаниас болж дараа дараагийн ажил зогсоод байна. Гэмт хэрэг осол аваарыг шийдвэрлэхэд манай аймаг шиг хоцрогдсон газар алга, камержуулалтыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулмаар байна гэсэн боловч манай байгууллагатай байгуулсан камержуулалтын зураг төсөв хийлгэх гэрээ хэлцэл ажлын зураг, төсөв ажлыг гүйцэтгэсэн акт нь ирсэн явсан бичгийн бүртгэлд болон архивт байхгүй байна. Иймд уг компани одоог хүртэл ажлын зураг төсвөө хүлээлгэн өгч гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зураг төсвийг боловсруулж бэлэн болсон зураг төсвөө актаар хүлээн аваагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаа гүйцэтгэсэн учраас хариуцагч байгууллагаас мөнгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлд заасан үнийн дүнгээр нэхэмжлэл гаргаж байгаа гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Намайг Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг хүлээж авснаас хойш нилээд удаан хугацаа өнгөрсөн хойно энэ асуудал яригдаж эхэлсэн. Улиастай сумыг камержуулах ажил үе үеийн Засаг даргын нарын үед яригдаж байсан. Биднийг энэ ажлыг хүлээж аваад камержуулах асуудал яригдахад Улиастай сумын камержуулах ажил хийгдэхээр гэрээ хийгдсэн байсан гэсэн сураг байсан учраас энэ талаар судлаад үзэхэд сумын Засаг даргын тамгын газрын албан хэргийн хөдөлгөөнд энэ талаарх баримт бичиг бүртгэл юм байгаагүй. Тэгээд байж байтал энэ талаар шүүхэд нэхэмжлэл ирсэн байна гэж дуудаад ирэхэд зураг төсөл боловсруулах гэрээ гэсэн нэртэй гэрээний маргаан үүссэн байсан. Гэрээ болон бусад албан бичгүүдтэй танилцсан. Зургийг нь бэлэн болгож гаргасан гэж бичсэн байсан боловч зургийг нь олж аваагүй. Гэтэл саяхан манай ажилтан уу дээр зураг ирснийг нь авч шүүхэд гаргаж өгсөн. Энэ зураг төслийн боловсруулах ажлыг ******* *******ь гэдэг компани хийхээр гэрээ байгуулсан байна лээ. Гэтэл тухайн гэрээ байгуулсан компаний улсын бүртгэлийн гэрчилгээн дээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтад зураг төсөл боловрсуулах зүйл байхгүй байсан. Тухайн зураг нь экспертизээр батлагдаагүй, мөн гэсэн нэртэй компаний зураг төсөл байсан. Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан байгаа учраас тендер зарлагдсан байх ёстой гэж хайж үзсэн одоог хүртэл тендер зарласан материал олж үзээгүй байна. Зураг төслийн гэрээний дагуу 3.0 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн байсан. Тэгж шилжүүлэхдээ гэсэн хувь хүний данс руу шилжүүлсэн байсан. Зураг төсөл боловсруулах гэрээн дээр зураг төслийг хүлээлгэж өгнө гэж заасан байгаа. Гэтэл тухайн зургийг бидэнд албан ёсоор хүлээлгэж өгсөн акт, баримт байхгүй. Тендер зарлагдах шаардлага нь хангагдаагүй учраас тендер зарлагдаагүй юм байх гэж би бодож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдэж байгаа ажил гэж ойлгож байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүн байх ёстой. Ажлын үр дүн гарсан уу гэдэг асуудал нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдахгүй байна. Гэрээн дээрээ хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөх талаар тусгайлан заасан хэрнээ актаар хүлээлгэж өгөөгүй байна. Энэ асуудал нь гэрчийн мэдүүлгээр ч нотлогдож байна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зураг төслийг ******* гэдэг хүнд хүлээлгэж өгсөн учраас хүлээлгэж өгсөн гэж үзэж байгаа талаараа тайлбарлаж байна. Гэтэл энэ гэрээг хувь хүмүүс хоорондоо байгуулаагүй албан байгууллагын хооронд байгуулсан гэрээ учраас албан ёсоор тамга тэмдэг дарж хүлээлгэн өгч, хүлээж авах ёстой байсан. Тийм зүйл байхгүй байна. Улиастай сумын Засаг даргын тамгын газар нь зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан гэрээнийхээ дагуу зураг төслийг шаардах эрхтэй. Зураг төсөл хүлээлгэж өгсний дараа мөнгийг шилжүүлэх ёстой. Манай байгууллагын зүгээс ******* *******ь ХХК-аас хүлээж авсан зураг төсөв байхгүй байгаа учраас эрхийн доголдолтой бараа хүлээлгэж өгсөн гэж шаардах эрх үүсэхгүй байгаа юм. ******* *******ь компаний зүгээс манай байгууллагад зураг төсөл хүлээлгэж өгсөн акт баримт байхгүй. ХХК-ний хийсэн зураг төсвийн талаар бид энд ярих боломжгүй. Манай байгууллагын зүгээс ХХК-тай амаар болон бичгээр гэрээ байгуулсан ямар ч баримт байхгүй. ХХК гэсэн нэртэй зураг төслийг ******* *******ь гэдэг компани хийж гүйцэтгэсэн гэж үзэх ямар ч боломжгүй. Тиймээс нэхэмжлэгч байгууллагын гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

1.      Анхан шатны шүүх: гол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газраас 7000000 төгрөг гаргаж, ******* *******ь ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2586500 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126950 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгож, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэниий хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24ий өдрийн 480 дугаартай шийдвэртэй танилцаад дараах гомдлыг гаргаж байна.

Улиастай сумын Засаг дарга, ******* *******ь ХХК-ний хооронд байгуулсан зураг төсөл боловсруулах гэрээ хууль бус юм. Зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхийн хуулийн этгээд хийх хуультай. Гэтэн энэ компанид тийм зөвшөөрөл байхгүй. .... эндээс харахад уг гэрээ өөрөө илт хууль бус байна.

Зураг төсөв боловсруулах гэрээний 3.1, 3.2 дахь заалтуудыг биелүүлээгүй, зураг төсөвт экспертиз хийлгэн баталгаажуулаагүй, хүлээлгэн өгсөн акт баримт байхгүй. Өнөөдрийг хүртэл албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Зураг төсөв хүний гар дамжин олдохгүй байсан. Зураг төсөв гэрээ хийсэн компаний нэр дээр биш ХХК гэсэн нэр хаяг тамгатай байгаа. Өөр компаниар зураг төсвийг гүйцэтгүүлэх байсан юм бол гэрээнд өөрчлөлт оруулах эсвэл захиалагчийн саналыг албан ёсоор авах байсан зэрэг үндэслэлүүдийг шүүх нарийвчлан авч үзэлгүй шийдвэр гаргасанд гомдол гаргаж байна. Хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* *******ь ХХК-ийн нэхэмжлэлтэй Улиастай сумын засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөр оролцож байна. Давж заалдах гомдлын үндэслэл нь Иргэний хуулийн 56.1.5, 56.1.8 зааснаар анхнаас хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан байсан. Энэ гэрээ нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 09 сарын 29-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулав гэсэн. Гэтэл гэрээний 4.4 дэх хэсэгт энэхүү гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2 хувь үйлдэж захиалагч, гүйцэтгэгч талууд тус бүр нэг нэг хувийг хадгална гэжээ. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өөр компаниар зураг төслийг гүйцэтгүүлэх байсан бол гэрээнд өөрчлөлт оруулах эсвэл захиалагчийн саналыг албан ёсоор авах байсан зэрэг үндэслэлүүдийг нарийвчлан авч үзээгүй шийдвэр гаргасанд манай талаас гомдолтой байна. Гэрээний 2.3 дээр гэрээг албан ёсоор хүлээлгэн актаар хүлээлгэн өгнө гэж заасан байхад, зураг төсөв боловсруулах гэрээний 3.1, 3.2 дугаар заалтуудыг биелүүлээгүй, албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, зураг төсөв, экспертиз хийлгэж баталгаажуулаагүй байхад шүүхээс гэрээнд заалт байх нь хамааралгүй хуулиа баримтлана гэсэн. Гэтэл хуульд ажил гүйцэтгүүлж байгаа талд ажил гүйцэтгэж байгаа талаас заавал актаар хүлээгэн өгөхөөр заасан байдаг. Мөн Зураг төсөв гэрээ хийсэн компани биш өөр ХХК гэсэн хаяг, тамгатай байгаа манай талаас ******* *******ь ХХК гэрээ хийсэн байсан байхад өөр компани ажлыг хийж гүйцэтгэсэн, тэгэхээр бид нар ХХК-аас шаардах эрхгүй болж байна. Яагаад гэвэл ******* *******ь ХХК-тай гэрээ байгуулсанаас ХХК-тай гэрээ байгуулаагүй учраас манай талаас өөр компаниар зураг төслийг гүйцэтгүүлж байгаа талаар мэдээгүй байсан. Үүнийг шүүх дүгнэхдээ туслан гүйцэтгэх компаниар хийлгэх боломжтой гэж дүгнэсэн. Энэ бол боломжгүй. Энэ гэрээнд нэмэлт дүгнэлт оруулахаар бол дүгнэнэ гэж гэрээний хамгийн сүүлийн заалтанд оруулсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс танай компани зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй юу гэж асуухад би мэдэхгүй байна гэсэн зүйлийг хэлж байсан. Мөн экспертизийн асуудал яригдаж байгаа гэрчээр орж байсан уг гэрээг байгуулсан н.*******ээс асуухад экспертизээр ороогүй байсан гэдэг нь гэрчийн мэдүүлэгээр нотлогдож байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29-ны хооронд гэрээтэй байсан байгуулага гүйцэтгэгч байгуулагаас гэрээг хугацаанд байгуулсан гэж ойлгож байгаа. ******* *******ь ХХК нь өөрөө зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй компани барилгын тусгай зөвшөөрөлтэй. ХХК-тай олон жил хамтран ажилласан туслан гүйцэтгэгч байгууллагаар оролцдог тэр компани хоорондоо гэрээтэй байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Нэхэмжлэгч ******* *******ь ХХК нь хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 7.000.000 төгрөг, алданги 2.586.500 төгрөг, нийт 9.586.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газар нь 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ******* *******ь ХХК-тай харилцан тохирч Улиастай сумын доторхи камержуулалтын ажлын зураг төсвийг 10.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Дээрх гэрээний нөхцөл, агуулгаас харахад талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь уг ажлыг Кузбасс ХХК-аар гүйцэтгүүлсэн нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчийг оролцуулж болох бөгөөд уг ажлыг Кузбасс ХХК-аар гүйцэтгүүлж, үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн нь гэрээний болон хуулийн заалт зөрчөөгүй тул захиалагч гэрээнийхээ үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч *******-*******ь ХХК нь гэрээнд заасан хугацаанд зураг төслийг захиалагчийг төлөөлж гэрээ байгуулсан Ч.*******эд хүлээлгэн өгсөн, Ч.******* хариуцагч байгууллагын ажилтан болох ууд хүлээлгэн өгсөн, ууд уг зураг болон ажлын төсөв хадгалагдаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Иймд *******-*******ь ХХК нь ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд захиалагч нь гэрээгээр тохирсон ажлын хөлс болох 10.000.000 төгрөгнөөс 7000.000 төгрөгийг төлөх үүрэгээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* *******ь ХХК хариуцагч Улиастай сумын Засаг даргын тамгын газраас шаардах эрхтэй байна.

Харин хариуцагч байгууллага нь ажлын хөлс төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь гэрээний үр дүнг хүлээж аваагүй гэж ойлгож байсантай холбоотой бөгөөд хугацаа хэтрүүлсэнд хариуцагчийн байгууллагыг буруутгаж, алданги гаргуулах боломжгүй байжээ.

Иймд уг ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй гэсэн үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлэгүй нь Улиастай сумын Засаг даргын тамгын газрын буруу байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 480 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туахй хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 126950 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

 ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

 Б.АРИУНБАЯР