Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00467

 

“Э Ч”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 480 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар магадлалтай,

“Э Ч”ХХК-ний нэхэмжлэлтэй

ЗАУС ЗДТГт холбогдох

7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Т.Мөнхбаатарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Э Ч”ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Янжинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын хүсэлтээр 2015 оны 09 дүгээр сарын 29-нд Улиастай сумын засаг дарга /цаашид захиалагч гэх/, Орхон аймгийн “Э Ч”ХХК /цаашид гүйцэтгэгч гэх/-ий хооронд Улиастай сумын доторх камержуулалтын ажлын зураг төсөл боловсруулах зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэх 01 тоот гэрээ байгуулсан юм. Гүйцэтгэгч тал гэрээт ажлыг заасан хугацаанд нь чанартай гүйцэтгэж Улиастай сумын камержуулалтын ажлын зураг ба төсвийн захиалагчид хүлээлгэн өгсөн билээ. Дээрхи гэрээний дагуу захиалагчаас гүйцэтгэгчид төлөх зураг төсвийн үнэ 10 сая төгрөгнөөс 3 000 000 төгрөгийг төлсөн ба 7 000 000 төгрөг төлөөгүй байна. Захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид төлөх ёстой гэрээний төлбөрийн үлдэгдэл 7 000 000 төгрөгөө төлөхийг 4 удаа бие төлөөлөгчөөрөө дамжуулан шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул Улиастай сумын захиргаанаас 7 000 000 төгрөгийг гүйцэтгэгч “Э Ч”ХХК-д гаргуулан өгч байгууллага хооронд байгуулсан 01 тоот гэрээний үүргийг хангаж өгнө үү. 2015 оны 9-р сард Завхан аймгийн Улиастай сумын камержуулалтын ажлын зураг төслийг, хамтын ажиллагаатай барилгын зураг төслийн Мон кузбасс компанитай хамтран Завхан аймгийн Улиастай сумын захиргааны хүсэлтээр /маш богино хугацаанд хямд үнээр, экспертизгүйгээр хийж өгөөч гэсэн хүсэлт тавьсан/ хийж Засаг даргын орлогч Ч.Батсүхэд 2015 оны 10-р сарын эхээр Улаанбаатар хотод хүлээлгэн өгсөн билээ. Улиастай сумын камержуулалтын ажлын зураг төсөв нь 300 гаруй сая төгрөгийн өртөгтэй ба зураг төсөв боловсруулах үнийг жишиг тарифаар тооцоход 12 000 000 төгрөг, экспертизээр хянуулахад 840 000 төгрөг болж байгааг захиалагчид мэдэгдэхэд Экспертизээр хянуулах хэрэггүй дор хаяж 15 хоног алдана. Тендэр хурдан зарлахгүй бол камержуулалтын ажилд төсөвлөсөн хөрөнгө эргэн татагдах гээд байна хугацаа алга байна. Зураг төсвийн үнийг 10 000 000 тохирч гэрээ хийе гэсэн саналыг манайд тавьсан ба тэр саналаа гэрээ хийсэн. Ажлаа гүйцэтгэсэн учраас хариуцагч байгууллагаас мөнгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлд заасан үнийн дүнгээр нэхэмжлэл гаргаж байгаа гэжээ.

Нэхэмжлэгч “Э Ч”ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Улиастай сумын камержуулалтын зураг төсөв гүйцэтгэсний үнэ 7 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэл дээр зураг төсөв боловсруулах гэрээний 4.2-д заасны дагуу доорхи хожимдуулсан хоног тутам 0.05%-иар алдангийг тооцон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: 1. 2015 оны 10-р сарын 10-наас 2015 оны 12-р сарын 25 хүртэл 77 хоног 10 сая төгрөгний алданги 385000 төгрөг, 2. 2016 оны 01-р сарын 01-нээс 2017 оны 09-р сарын 20 хүртэл 629 хоногийн алданги 2201500 төгрөг, бүгд 2586500 төгрөгийг 7 сая төгрөгийн нэхэмжлэл дээр нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн нийт дүн 9586500 төгрөг болно гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Мөнхбаатар анхан шатны шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Мөнхбаатар миний бие 2016 оны 11 дүгээр сарын 17-нд томилогдсон бөгөөд тус сумын Засаг дарга, хотын захирагч Б.Эрдэнэбаатар нь намайг ажилд орсон цагаас Улиастайн камерийн зураг төсвийг хийлгэсэн компанийг хайж ол, яагаад одоо хүртэл зураг төсвөө хүлээлгэн өгөөгүй юм. Ядаж зураг төсөв нь экспертизээр орсон бол зураг төсвийг нь хүлээлгээд авчмаар байна. Энэ компаниас болж дараа дараагийн ажил зогсоод байна. Гэмт хэрэг осол аваарыг шийдвэрлэхэд манай аймаг шиг хоцрогдсон газар алга, камержуулалтыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулмаар байна гэсэн боловч манай байгууллагатай байгуулсан камержуулалтын зураг төсөв хийлгэх гэрээ хэлцэл ажлын зураг, төсөв ажлыг гүйцэтгэсэн акт нь ирсэн явсан бичгийн бүртгэлд болон архивт байхгүй байна. Иймд уг компани одоог хүртэл ажлын зураг төсвөө хүлээлгэн өгч гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зураг төсвийг боловсруулж бэлэн болсон зураг төсвөө актаар хүлээн аваагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Гэрээ болон бусад албан бичгүүдтэй танилцсан. Зургийг нь бэлэн болгож гаргасан гэж бичсэн байсан боловч зургийг нь олж аваагүй. Гэтэл саяхан манай ажилтан Сайннямбуу дээр зураг ирснийг нь авч шүүхэд гаргаж өгсөн. Энэ зураг төслийн боловсруулах ажлыг “Э Ч”гэдэг компани хийхээр гэрээ байгуулсан байна лээ. Гэтэл тухайн гэрээ байгуулсан компаний улсын бүртгэлийн гэрчилгээн дээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтад зураг төсөл боловрсуулах зүйл байхгүй байсан. Тухайн зураг нь экспертизээр батлагдаагүй, мөн Монкузбасс гэсэн нэртэй компаний зураг төсөл байсан. Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан байгаа учраас тендер зарлагдсан байх ёстой гэж хайж үзсэн одоог хүртэл тендер зарласан материал олж үзээгүй байна. Зураг төслийн гэрээний дагуу 3.0 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн байсан. Тэгж шилжүүлэхдээ Мишиг гэсэн хувь хүний данс руу шилжүүлсэн байсан. Зураг төсөл боловсруулах гэрээн дээр зураг төслийг хүлээлгэж өгнө гэж заасан байгаа. Гэтэл тухайн зургийг бидэнд албан ёсоор хүлээлгэж өгсөн акт, баримт байхгүй. Тендер зарлагдах шаардлага нь хангагдаагүй учраас тендер зарлагдаагүй юм байх гэж би бодож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдэж байгаа ажил гэж ойлгож байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүн байх ёстой. Ажлын үр дүн гарсан уу гэдэг асуудал нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдахгүй байна. Гэрээн дээрээ хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөх талаар тусгайлан заасан хэрнээ актаар хүлээлгэж өгөөгүй байна. Энэ асуудал нь гэрчийн мэдүүлгээр ч нотлогдож байна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зураг төслийг Батсүх гэдэг хүнд хүлээлгэж өгсөн учраас хүлээлгэж өгсөн гэж үзэж байгаа талаараа тайлбарлаж байна. Гэтэл энэ гэрээг хувь хүмүүс хоорондоо байгуулаагүй албан байгууллагын хооронд байгуулсан гэрээ учраас албан ёсоор тамга тэмдэг дарж хүлээлгэн өгч, хүлээж авах ёстой байсан. Тийм зүйл байхгүй байна. Улиастай сумынЗДТГ нь зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан гэрээнийхээ дагуу зураг төслийг шаардах эрхтэй. Зураг төсөл хүлээлгэж өгсний дараа мөнгийг шилжүүлэх ёстой. Манай байгууллагын зүгээс “Э Ч”ХХК-аас хүлээж авсан зураг төсөв байхгүй байгаа учраас эрхийн доголдолтой бараа хүлээлгэж өгсөн гэж шаардах эрх үүсэхгүй байгаа юм. “Э Ч”компаний зүгээс манай байгууллагад зураг төсөл хүлээлгэж өгсөн акт баримт байхгүй. Монкузбасс ХХК-ний хийсэн зураг төсвийн талаар бид энд ярих боломжгүй. Манай байгууллагын зүгээс Монкузбасс ХХК-тай амаар болон бичгээр гэрээ байгуулсан ямар ч баримт байхгүй. Мон кузбасс ХХК гэсэн нэртэй зураг төслийг “Э Ч”гэдэг компани хийж гүйцэтгэсэн гэж үзэх ямар ч боломжгүй. Тиймээс нэхэмжлэгч байгууллагын гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 480 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газраас 7000000 төгрөг гаргаж, “Э Ч”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2586500 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126950 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 480 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 126950 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Мөнхбаатар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Үүнд: Улиастай сумын Засаг дарга, “Эрдэнэт” ХХК-ны хооронд байгуулсан зураг төсөл боловсруулах гэрээ хууль бус. Зураг төсөл боловсруулах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэх хуультай. Гэтэл “Эрдэнэт” ХХК-нд зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл байхгүй. Мөн гэрээний 1.3 дахь хэсэгт зураг төсөв боловсруулах зөвлөхийн үйлчилгээг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулав гэж байна. Гэтэл гэрээний 4 4 дэх хэсэгт энэхүү гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2 хувь үйлдэж захиалагч, гүйцэтгэгч талууд тус бүр нэг хувийг хадгална гэжээ. Эндээс харахад уг гэрээ өөрөө илт хууль бус байна. Гэрээг хүчинтэй гэж үзвэл: Зураг төсөв боловсруулах гэрээний 3.1, 3.2 дугаар заалтуудыг биелүүлээгүй, зураг төсөвт экспертиз хийлгэн баталгаажуулаагүй, хүлээлгэн өгсөн акт баримт байхгүй, өнөөдрийг хүртэл албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, зураг төсөв хувь хүний гар дамжин олдохгүй байсан, зураг төсөвт экспертиз хийлгэж баталгаажуулаагүй нь зураг төсвийг ашиглах боломжгүй /хий хоосон цаастай адил/ болгосон. Зураг тесөв гэрээ хийсэн компаний биш өөр “Мон кузбал” ХХК гэсэн нэр, хаяг, тамгатай байгаа. Гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлж одоог хүртэл актаар хүлээлгэж өгөөгүй, Улиастай сумын Засаг даргын орлогч байсан гэрч Ч.Батсүхэд өгсөн гэх боловч гэрээний хугацаандаа өгөөгүй 2015 оны 10 сард өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Шүүхүүд Ч.Батсүхэд хүлээлгэн өгсөн байна гэж дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүс хоорондоо холбоотой төрийн мөнгийг шамшигдуулж байна. Бодит байдал дээр нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийг шүүхээс авах үед уг ажлын үр дүн буюу зураг төсөл Улиастай сумынЗДТГт байгаагүй анхны тайлбараас харагдана. Энэ хэргийн гол гэрч ажлын үр дүнг хүлээн авсан гээд байгаа Ч.Батсүхээс уг нэхэмжлэлийг хүлээн авсан цагаас хойш ажилтнуудаа явуулж тэр зураг төсөл байгаа бол яаралтай гаргаж өг гэж шаардсан боловч шүүх хурлын өмнөхөн мэргэжилтэн Т.Сайннямбуу тамгын газарт авчирч өгсөн. Гэрч Ч.Батсүх Улиастай сумынЗДТГт одоог хүртэл байгаа гэж худал мэдүүлэг өгсөн. Бодит байдал дээр олдохгүй байсан. Шүүх энэ гэрчийг шүүх хурлын өмнөх өдрийн ажил тарахаас өмнө асууж, надад шүүх хурлын өмнө танилцуулаад шууд хуралд оруулсан. Би сайн танилцаж амжаагүй. Ядаж шүүх хурлын өмнөх өдөр танилцуулсан бол бодит байдлыг мэдэж байгаа Т.Сайннямбууг асуулгаж Улиастай сумынЗДТГт тэр зураг төсөл нь хэзээ ирсэн, хэнээс хэдэн удаа шаардаж байж ирсэн гэдгийг тодруулах байсан. Хэргийн материалтай бүрэн танилцах, тэр танилцсан материалд хариу тайлбар, хүсэлт, нотлох баримт гаргах хугацаа өгөлгүй шууд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хурал болох өглөө Ч.Батсүхийг асуугдсаны юу гэж мэдүүлснийг мэдээгүй байсан. Шүүхүүд хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээнд дараагийн санхүүжилтээ актаар хүлээлгэн өгсний дараа шилжүүлнэ гэж тухайлан зааж өгсөн байхад үнэлэхгүй байгаад гомдолтой байна. Өөр компаниар зураг төсвийг гүйцэтгүүлэх байсан бол гэрээнд өөрчлөлт оруулах эсвэл захиалагчийн саналыг албан ёсоор авах байсан. Албан ёсоор санал аваагүй зэрэг үндэслэлүүдийг шүүх нарийвчлан авч үзэлгүй шийдвэр гаргасан гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э Ч”ХХК нь хариуцагч ЗАУС ЗДТГт холбогдуулан үлдэгдэл ажлын хөлс 7 000 000 төгрөг, алданги 2 586 500 төгрөг, нийт 9 586 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

ЗАУС ЗДТГ болон “Э Ч”ХХК харилцан тохирч, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улиастай сумын  камержуулалтын ажлын зураг төсвийг 10 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр бичгээр гэрээ байгуулсан, уг гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

Ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ харилцан биелүүлэх ёстой байна.

Зураг төсөв гүйцэтгэх ажлыг ажил гүйцэтгэгч биечлэн гүйцэтгэх талаар гэрээгээр тохиролцоогүй ба “Э Ч”ХХК нь уг ажлыг туслан гүйцэтгэгч буюу барилгын зураг төсөв зохиох тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох Мон Кузбасс ХХК-аар гүйцэтгүүлсэн нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч нь зураг төсвийг экспертизээр батлуулаагүй нь  ажлын үр дүнг бий болгоогүйг нотолно гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Учир нь гэрээний 3.2-т зааснаар ажил гүйцэтгэгч нь зураг, төсвийг экспертизээр батлуулах үүрэг хүлээгээгүй нь тогтоогдож байна. Ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т ажил гүйцэтгэгч нь “Зураг төслийг шалгах, экспертиз хийх, хэрэгжүүлэх явцад алдаа дутагдал илэрвэл түүнийг дахин үнэ төлбөргүй шуурхай шийдвэрлэж өгөхийн зэрэгцээ зураг төслийн баримт бичгийг гэрээт хугацаанд нь боловсруулж, захиалагчид хүлээлгэн өгнө гэж заажээ. Зураг төсөл шалгах, экспертиз хийх, хэрэгжүүлэх явц нь ажлын үр дүнг хүлээн авсан захиалагчийн үйлдэлтэй хамааралтай бөгөөд энэ явцад алдаа дутагдал гарвал ажил гүйцэтгэгч шийдвэрлэж өгөх үүрэгтэй болохоос ажил гүйцэтгэгч нь зураг, төсвийг экспертизээр батлуулах үүрэг хүлээсэн агуулга байхгүй байна.

Түүнчлэн гэрээний 1.3, 2.3, 4.1 дэх хэсгээс үзвэл талууд ажлын үр дүнг Улиастай сум доторх камержуулалтын ажлын зураг, төсөв гэж тодорхойлжээ.

“Э Ч”ХХК нь гэрээнд заасан хугацаанд зураг төслийг захиалагч талын төлөөлөгч Ч.Батсүхэд хүлээлгэн өгсөн, Ч.Батсүх хариуцагч байгууллагын ажилтан болох Сайннямбууд хүлээлгэн өгсөн, Сайннямбууд уг зураг болон ажлын төсөв хадгалагдаж байсан нь гэрч Ч.Батсүхийн мэдүүлэг, хариуцагчийн зүгээс ажлын зураг, төсвийг шүүхэд гаргаж өгсөн нөхцөл байдлаар тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгчийг үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх ба захиалагч нь ажлын хөлс болох 10 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 7 000 000 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь хуулийн үндэслэлтэй болжээ. Шүүх алдангийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн нөхцөл байдлыг анхаарч үзсэн, нэхэмжлэгч нь энэ талаар гомдол гаргаагүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч хөлс төлөх үүрэгтэй байдаг тул гэрээний 2.3-т ...тендерийн шалгаруулалт явагдаж, ...эхний санхүүжилтээс зураг төсвийн үнийг төлөхөөр заасан хэдий ч тендер явагдаагүй, үүнд ажил гүйцэтгэгч буруугүй тул хөлс төлөх журмыг тохирсон гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 480 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА