| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 188/2018/0616/Э |
| Дугаар | 428 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 428
Б.Ч-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 509 дүгээр магадлалтай, Б.Ч-д холбогдох 1808014920502 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд
Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 36 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Б-ийн Ч нь
2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы *** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ундарга” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж, биет 176.000 төгрөг, 2 ширхэг ургамлын тос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 183.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Б.Ч-ийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ч-ийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ийн цагдан хоригдсон 125 (нэг зуун хорин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож” шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 509 дугаар магадлалд гэм буруутайд тооцож буй гол үндэслэл нь “... ялангуяа гэмт хэрэг үйлдэхдээ нэвтрэн орж гарсан цонхноос илэрсэн шүүгдэгчийн гарын мөр нь тухайн гэмт хэргийг нотлох шууд баримт мөн болно.”, хэргийг өөр хүн хийсэн байхад буруу шийдвэрлэж байна гэсэн санал хүсэлтийг харгалзан хэргийн газар туршилт хийлгэх, цонхны тавцанд илэрсэн гарын мөрийг дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан”, уг хэргийг өөр хүн үйлдсэн байж болох нотлох баримтгүй” гэж тайлбарлажээ. Энэхүү магадлалын үндэслэлийг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна.
Юуны өмнө хэргийн газрын үзлэгээр цонхны хурууны тавцангаас 4 хурууны хээг бэхжүүлэн авснаас 3 хурууны хээний эздийг тогтоосон буюу энэ нь холбогдогч Б.Ч, хохирогчийнх, нэг хурууны хээ нь шинжилгээнд тэнцэх гэдгээр тогтоогдсон. “1б” гэх хурууны хээний эзэн холбогдогчийг олоогүй, ажиллагаа хийсэн боловч “тогтоогдохгүй байна” гэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэр болон гол нь магадлалд энэхүү “16” хурууны хээг юу гэж үзэж буйг, хэрхэн дүгнэж, үгүйсгэж буйгаа ерөөсөө тайлбарлахгүй, бүрэн орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад явуулаад тухайн хулгайн хэргийг үйлдсэн байх боломжтой “1б” хурууны хээний эзнийг олж тогтоогоогүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь зарчим үйлчлэх боломжтой бөгөөд Б.Чийг шийтгэх тогтоол болон магадлалд хэрэг гарсан цонхны тавцан дээрээс түүний хурууны хээ олдсон гэх гол яллах үндэслэлийг үгүйсгэх дахин өөр хүний буюу “1б” гэх хурууны хээний эзнийг олоогүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар “хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг зөрчиж хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй болтол тогтоогоогүй атлаа гэм буруутайд тооцсон нь шүүх нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Мөн хурууны хээ үлдсэн гэх цонх байршиж буй байр руу Б.Ч нь хохирогчийн зөвшөөрлөөр хэд хэдэн удаа нэвтэрсэн танилын холбоотой хүмүүс байдаг. Энэ нь тухайн цонхны тавцан цонхыг угаасан гэх Ө.А-ын гэрчийн мэдүүлэгт “тэр үед дэлгүүрийн хоёр цонхыг дотор гаднагүй сайн угаасан. “Миний санаж байгаагаар 2017 оны 10 дугаар сард байсан шиг санаж байна, 2017 оны намар манай эгч Ундрах хүйтэн орохоос өмнө цонхоо угаагаад авъя гээд бид хоёр хамт угаасан юм” гэх мэдүүлгээс харахад хулгайн хэрэг гарахаас өмнө 5 сар гаруйн өмнө тухайн цонхыг угаасан бөгөөд яг хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр нь цонхыг угаагаад маргааш нь Б.Ч-ийн хурууны хээ олдсон бол энэ нь өөрөө Б.Ч-ийг буруутгах үндэслэл болох байсан. Гэтэл 5 сар гаруйн өмнө угаасан цонхон дээрх хурууны хээгээр мөн тухайн 5 сарын хугацаанд Б.Ч нь тэднийхээр 2-3 удаа орж гарч, цаашлаад гэрийн эздийн зөвшөөрлөөр хоол, унд идэж байсан үйл баримтыг хохирогч болон холбогдогч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогддог. Тухайлбал хохирогчийн мэдүүлэгт “2017 оны 9 дүгээр сарын 15-нд манай нөхөр хагалгаанд ороод удаагүй байсан ба хүнд юм өргөж болохгүй гээд Б.Ч-оор 2 уут цемент дөхүүлээд манай гэрт орж хоол идээд явсан, 11 дүгээр сард мод зөөж өгөөд гарсан” гэх мэдүүлгүүдээс үзэхэд Б.Ч 2-3 удаа хохирогчийн хэлснээр тухайн хулгай гарсан объектод орж, гарсан байна. Ийнхүү орж гарч байсан объектод үлдсэн гэх хурууны хээгээр зөвхөн Б.Ч-ийг гэм буруутайд тооцож буй шүүхийн магадлалын үндэслэл нь эргэлзээ бүхий байгааг анхаарч үзнэ үү.
Энэхүү эргэлзээтэй, хэргийн нотолбол зохих нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй нөхцөлд эрүүгийн эрх зүйн суурь зарчим болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн /хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно/ 1дэх хэсэг, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ/ гэх зарчмын дагуу асуудалд хандах байтал эсрэгээрээ энэхүү зарчмуудад харшилсан, цааснаас халихгүй хуулийн заалт болгосон шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасанд Б.Ч-ийн өмгөөлөгч миний бие гомдож буйг анхаарч үзнэ үү. Тухайн хэрэг маргаанд “16” дугаартай хурууны хээг үлдээсэн хүн хулгайч байх магадлалтай бөгөөд ”1б” хурууны хээний эзэн тодорхойгүй гэж дүгнэсэн атлаа “1а” гэж дугаарласан хурууны хээг Б.Ч-той таарсан гэх ганц үндэслэлээр шууд түүнийг хулгайн гэмт хэргийн субъект гэж үзэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн 656 дугаартай захирамж болон давж заалдах шатны шүүхийн 956 дугаартай магадлалаар хэргийн газраас олдсон хэнийх гэдэг нь тодорхойгүй гарын хээний эзэн холбогдогчийг олж тогтоогоогүй, хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байдаг ч дээрх захирамж, магадлалын биелэлт хангагдаагүй.
Хэргийн газарт байсан бусад эд зүйл дээр хурууны хээ байсан эсэх дээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Учир нь хохирогчийн мэдүүлэгт “хяналтын камертай боловч залгуураар нь салгачихсан байсан, манай дэлгүүрийн орлогын мөнгө болох 126.000 төгрөг мөн түлээ нүүрс зарсан мөнгө 50.000 төгрөг нийтдээ 176.000 төгрөгийг би орой дэлгүүрээ хаахдаа дэлгүүрийн ар талын өрөөний орны дэрэн доогуур хийчихсэн байсан юм. Дэлгүүрийн лангуунаас ургамлын тос 2 ширхэг нийтдээ 7.000 төгрөг, өөр яг юу алдагдсан эсэхийг нь би мэдэхгүй байгаа юм, дэлгүүрийн лангуун дээр байсан гоймон, чихэр зэргийг ухаж онгичсон байсан ба тэндээс яг алга болсон эсэхийг нь би мэдэхгүй байна.,Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал дахь гэрчийн мэдүүлэгт “...худалдаж аваад хариултыг нь өгөх гээд мөнгө хийдэг хайрцгаа аваад харахад хоосон байсан” гэх мэдүүлгүүдээс үзвэл Б.Ч нь цонхоор орж, хулгай хийсэн бол анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг анхнаасаа цонхоор орохдоо л өөрийн хурууны хээгээ үлдээсэн юм бол цаашлаад хохирогч, гэрчийн мэдүүлэг дээрх шиг олон үйлдэл хийсэн тохиолдолд яагаад салгагдсан камерын залгуур, лангуу, чихэр, гоймон, мөнгөний хайрцаг зэрэг дээр түүний гарын хээ үлдээгүй байдаг. Үнэхээр ийнхүү салгасан, онгичсон эд материал дээр ямар ч хурууны хээнүүд үлдээгүй бол хулгайч нь анхнаасаа хурууны хээ үлдээхгүй буюу бээлийтэй байсан гэж дүгнэж болно. Бээлийтэй байгаад энэхүү хулгайн үйлдлийг хийсэн тохиолдолд цонхон дээр ч мөн хурууны хээ үйлдэхгүй байсан. Мөн тухайн хурууны хээг хэдийд дарагдсан эсэхийг тогтоогоогүй атлаа, Б.Ч-ийн 2017 оны 03 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө дарагдсан түүний хурууны хээ гэж шууд үзэж, гэм буруутайд тооцоод буй нь үндэслэлгүй байна.
Хохирогчоос тухайн цаг хугацааны үед Б.Ч-оос өөр хүн орж гарсан талаар асууж тодруулаагүй. Энэ тал дээр мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн.
Гэрч Ц.Д-н мэдүүлэгт “нөхрийгөө гэрээсээ гараагүй гэдгийг баталж байна" гэж мэдүүлсэн ба энэхүү гэрчийн мэдүүлгийг бусад хөндлөнгийн баримтуудаар үгүйсгээгүй атлаа нотлох баримтаар үнэлэн дүгнэхгүй байгаа нь эргэлзээтэй бөгөөд энэхүү гэрчийн мэдүүлэг нь өөрөө дахин Б.Ч-д ашигтай нөхцөл байдлыг тогтоосон баримт болно. Харин ч нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар Ц.Д-ын мэдүүлгийг бататгах, шалгах ажиллагааны хүрээнд дахин 2 удаа байцаалтыг нэмж авсан байдаг.
Хулгайч орсон гэх цонхны талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “... зүүн зүгт харсан вакуум цонхны салхивч нээлттэй байх ба....” гэж тодорхойлогдсон, хавтаст хэргийн 5-9 хуудас дахь гэрэл зураг дээр дээрх хулгайч орсон гэх вакуум цонхны зургууд дээр ямар ч хөшигдөж, хүч хэрэглэсэн ул мөр байхгүй, хавтаст хэргийн 26-27 хуудас дахь хохирогчийн мэдүүлэгт “хойд талын өрөөний цонх онгорхой орон дээр гутлын мөр шороо тоос болчихсон байсан”, хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас дахь гэрчийн мэдүүлэгт “... манай дэлгүүрийн ар талын цонхны салхивч онгорхой байсан” гэх мэдүүлгүүдээс цонхыг хөшиж онгойлгосон гэх ул мөр байхгүй, өөрөө онгорхой байсан байх боломжтой. Дэлгүүрийн камер 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 12 минутад унтарсан буюу хэрэг гарах үед утсыг салгасан, унтраасан байсан гэж хохирогчийн мэдүүлэг дээр 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас дахь илтгэх хуудсанд тэмдэглэсэн байдаг. Гэтэл хэрэг нь 2018 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө гарсан бөгөөд уг камерын бичлэгт үзлэг хийж нотлох баримтаар үнэлэх боломжтой ба хулгайчийн талаар бичлэг үлдсэн байх магадлалтай байсан. Хэрэг гарсан газрын цонхны гадна орчин шороо ихтэй цонх руу авирсан ул мөр уг шороожсон цонхны давхарга дээрээс илрээгүй байдаг. Б.Ч-ийн шүүхийн шатанд бичгээр гаргасан хүсэлтийг нотлох баримтаар үнэлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг буюу шүүх, прокурор, мөрдөгч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Ял тэнсэх боломжтой гэх өмнөх өмгөөлөгчийн зөвлөснөөр бичсэн болохоос тухайн хулгайн хэргээ би хийгээгүй гэдэг анхны мэдүүлэгтээ бат зогсдог.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийн нөхцөл байдал болон Б.Чийн гэм бурууг эргэлзээгүй талаас нь тогтоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Б.Ч нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. Цонхноос өөр хүний гарын хээ илэрсэн боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг няцаасан дүгнэлт хийж чадахгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Б.Ч нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы *** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ундарга” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж, биет 176.000 төгрөг, 2 ширхэг ургамлын тос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 183.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна гэж дүгнэв.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ч-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжид түүний үйлдэл хамаарч буйг тодорхойлон, хэргийг зөв зүйлчилсэн байна.
Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн “... Б.Ч-ийн гэм бурууг эргэлзээгүй талаас нь тогтоогоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Б.Ч нь “Ундарга” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж, биет 176.000 төгрөг, 2 ширхэг ургамлын тос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 183.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.У-ын “... эхний үйлчлүүлэгчид мөнгөний хариулт өгөх гээд хойд талын өрөөнд нуучихсан байсан орлогын мөнгөө авах гэтэл алга болсон байсан ... Б.Ч нь манай хүнсний дэлгүүрийн арын өрөөнд огт орж байгаагүй, 2017 оны 11 дүгээр сарын эхээр өвөл болохоос өмнө цонхоо угаая гээд А-ын хамт дэлгүүрийн цонхыг угаасан”, гэрч Ө.А-ын “... 2017 оны намар манай эгч Ц.Ундрах хүйтэн болохоос өмнө цонхоо угаагаад авья гээд бид хоёр хамт угаасан, цонхыг дотно гаднагүй угаасан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн /2310, 3789, 796, 100 дугаартай/ дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цонхны салхивчнаас авсан гарын хээг шинжлэх зорилгоор криминалистикийн шинжээчийг хэд хэдэн удаа томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба бие биенээ үгүйсгэсэн, агуулгын хувьд зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Харин мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газраас бэхжүүлсэн 1б дугаартай гарын хээг тогтоолгох ажиллагааг явуулсан боловч ямар нэгэн бүртгэл илрээгүй байх бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт хамаарал бүхий бусад нотлох баримтуудыг үгүйсгэх үндэслэл болохгүй болно.
Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Б.Ч-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнийг сэргээн тогтоосныг хяналтын шатны шүүхээс өөрчлөн дүгнэх боломжгүй юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 509 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН