Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 205/МА2019/00023

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн

төлөөлөгч:Б.*******

Хариуцагч: Г.*******маа

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасангийн даргалж, шийдвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 258 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.*******маагаас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, дутуу төлөгдсөн төлбөр 84,158 төгрөг, зээлийн хүү болон алдангид 200,000 төгрөг, нийт 10,284,158 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

Мөн нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Зээлдэгч Г.*******маа нь зээл эргэн төлөх хугацааг 235 хоногоор хэтрүүлсэн бөгөөд гэрээнд заасны дагуу алдангийг хоног тутамд тооцогдох 50,000 төгрөгөөр үржүүлэн тооцоход 11,750,000 төгрөг болж байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан нэхэмжлэх алдангийн хэмжээг 10,000,000 төгрөгийн 50 хувиар тасалбар болгож хасан, 5,000,000 төгрөгийн алдангийг Г.*******маагаас гаргуулахаар үндсэн нэхэмжлэл дээрээ нэмж нэхэмжилж байна... гэжээ.

Харин нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Г.*******маа нь ******* ******* ХХК-тай гэрээ байгуулан Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт баригдсан 24 айлын орон сууцны 5 давхрын 24 тоотод байрлах 74,32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,350,000 төгрөгөөр тооцож худалдан авсан. Уг орон сууцны нийт үнэ 100,332,000 төгрөг болсон бөгөөд 90,332,000 төгрөгийг Г.*******маа нь төлж барагдуулсан. Харин 10,000,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ******* ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч тохиролцсон хугацаандаа мөнгөө төлж чадаагүй тул түүний хүсэлтээр гэрээний хугацааг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Гэвч өнөөдрийг хүртэл уг 10,000,000 төгрөгөө төлөөгүй учир нэхэмжилж байна. Мөн 10,000,000 төгрөгийг төлөх хугацааг 235 хоногоор хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар алданги тооцохоор заасан, мөн хуульд алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн зохицуулалттай тул 10,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон, алданги 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Харин анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн дутуу төлсөн төлбөр 84,158 төгрөг, зээлийн хүү, алданги 200,000 төгрөг, нийт 284,158 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Г.*******маагаас зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Г.*******маа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Г.*******маа миний бие ******* ******* ХХК-ийн Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт баригдах 24 айлын орон сууцны 5 давхрын 24 тоотод 78,68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,150,000 төгрөгөөр авахаар тохиролцож, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан. ******* ******* ХХК-ний гэрээ байгуулсан төлөөлөгч нар байрыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу улс тунхагласны баяр гэхэд ашиглалтанд өгнө гэж ярьж байсан. Гэвч байр ашиглалтанд орохгүй удааширсаар 2017 оны 02 дугаар сард ашиглалтанд орсон. Гэтэл надтай гэрээ байгуулсан хүмүүсээс өөр хүмүүс ирээд барилгын материалын үнэ өссөн учир 1 м.кв-ын хэмжээг 1,350,000 төгрөг болгосон гэсэн ба тухайн үед миний бие хүлээн зөвшөөрөхгүй, урьдчилж өгсөн мөнгөө буцааж авъя гэхэд байраа 1 м.кв-ыг нь 1,350,000 төгрөгөөр бодож авбал ав, авахгүй бол манай компани дампуурч байгаа учир урьдчилж өгсөн мөнгө чинь ч олдохгүй гэсэн. Мөн Хаан банк 1м.кв нь 1,350,000 төгрөгөөс доош үнэтэй байрнуудад зээл гаргахгүй байгаа учир 1 м.кв нь 1,350,000 төгрөг гэж гэрээ хийгээд, банкинд материал бүрдүүлж өгөх шаардлагатай гээд 1 м.кв-ын үнийг 1,350,000 төгрөгөөр тооцсон гэрээнд гарын үсэг зуруулж, намайг ******* ******* ХХК-иас 10,000,000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээнд мөн гарын үсэг зуруулсан. Би ******* ******* ХХК-иас бэлнээр болон дансаар 10,000,000 төгрөг огт зээлээгүй бөгөөд банкинд зээл гаргуулахын тулд бүрдүүлж өгсөн материал гэж ойлгоод гарын үсэг зурсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

Анхан шатны шүүх:

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* овогт *******ийн *******маад холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, зээлийн алдангид 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 61,575 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн доторЗавхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 258 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байгаа болно.

******* ******* ХХК нь Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт баригдсан 24 айлийн орон сууцны 5 давхарын 24 тоотод байрлах 74,32 мкв талбай бүхий орон сууцыг 1 мкв үнэ 1.350.000 төгрөгөөр тооцож иргэн Г.*******маад худалдсан.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Г.*******маад холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 10.000.000 төгрөг мөн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги 5.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Тус хэргийг анхан шатны шүүх хянаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 350 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэн шийдвэрлэжээ. Гэтэл уг нэхэмжлэлийг анх шүүхэд гаргахдаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, мон хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги төлөхөөр бичгээр тохирсон нь гэрээ хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Иргэн Г.*******маа нь 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдөр зээлийн гэрээг байгуулж 10.000.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар асрын 20-ны өдөр бэлэн төлөхөөр тохиролцсон мөн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулсан тал дээр шүүх хуралдаан дээр маргадагүй.

Бичгээр байгуулсан нь зохигчдын эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж үзэж байна.

Үүнээс үзэхэд хүчин төгөлдөр зээлийн гэрээнд хүү шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Жич: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа тул 15.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тушаасан болно гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Хавтаст хэргийн 8 дугаар тал дээр авлага өглөгийн тооцоо гэж байгаа. Энэ тооцоон дээр 85.470.650 төгрөг, үндсэндээ энэ байр 1.350.000 төгрөг 74.32 мкв байрыг 100 сая төгрөг байгаа. Энэ маргаан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээг анх байгуулсан байдаг. Г.*******маа, ******* ******* ХХК-ийн барьсан Атмор 24 төслөөс байр худалдаж авсан байгаа. Байр худалдаж аваад Төрийн банканд урьдчилгаа болгож өгөх мөнгө нь бүрдээгүй улмаас Г.*******мааг байрнаас нь гаргах талаар манай байгууллагын удирдлагууд үүний улмаас компани Иргэний хуулийн 281 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан. Г.*******маа нь 10 сая төгрөгийг ******* ******* ХХК-нд тушаасан мэтээр харагдах бичиг хийж өгсөн байдаг. Хавтаст хэргийн 107, 108 дугаар талуудад байгаа хариуцагч Г.*******маагийн тайлбарт ... би энэ байрыг 1.350.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн байдаг, үүний дээр өөрөө маргадаггүй. Өглөг авлагын тооцоогоор 85 сая төгрөг, манайд дутуу төлсөн 15 сая төгрөг нийт 100 сая төгрөг байгаа.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Хариуцагч Г.*******маа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг компанийн нэхэмжлэж байгаа мөнгөний хувьд би бэлэн мөнгө болон дансаар ямар ч мөнгө аваагүй. Гэхдээ миний урьдчилгаа мөнгө өгнө гэсний хугацаа энд байна. Бидний энэ төслийн хүрээнд намайг 2015 оны 5 дугаар сарын 1-ээс сурталчилгааг нь сонсоод мөнгө бүрдүүлж 08 дугаар сард мөнгө төлсөн байдаг. Энэ байгууллагын хийсэн гэрээгээр миний 26 сая яг хэд байгаа билээ тэр төгрөгийг төлөөд дуусгасан. Ямар нэгэн шаардлагагүйгээр би 30 хувиа төлсөн байдаг. Уг компани нь ийм барилга энэ хугацаанд оруулж өгнө. Энэ барилгыг м2 нь ийм төслөөр ******* орон даяар хэрэглэж байгаа гадна тал нь ийм пасаттай ийм барилгыг барьж багш нарт өгнө багш нар ямар нэгэн үнийн шуурганд өртөхгүй гэж хэлээд энэ байрыг худалдаж авна, ийм төсөл хэрэгжиж байна гэсний үндсэн дээр би 1.150.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн байгаа. Хамгийн сүүлд байр ашиглалтад орох үеэр эднийх маш олон хүнийг сольсон бүх шүүх хуралд ******* гэдэг хүн анх гэрээ байгуулж бичгийг тараасан энэ хүнтэй уулзуулж өгөөч гэсэн саналыг гаргаж байсан. ******* гэдэг хүнээс яагаад байр ашиглалтад дөнгөж оронгуутаа байрны үнэ нэмэгдсэн талаарх саналуудыг тавьсан хэдий ч өмнөх шатны шүүхүүд энэ хүнийг надтай уулзуулж ямар нэгэн тайлбар авч чадаагүй байж байгаад ******* гадаад руу гараад явсан байдаг. *******ийн гадаад руу явсан шалтгаан нь эдний компаниас мөнгө эдсэн гэдэг шалтгаанаар гадаад гарсан болов уу гэж ойлгосон. Тэгээд би эдний компаниас байраа үнэ орох гэж байна гэхээр нь би мөнгөө буцааж авах шаардлага тавьсан байдаг. Танайх гурван өрөө том байр учир дараагийн хүн бэлэн байна. Тэгвэл би зөрүүлээд дараагийн хүнээс 30 хувиа аваад зохицуулъя гэхээр манай компани дансаар мөнгө орох л юм бол таны 26 сая төгрөг ямар ч асуудал байхгүй Сүхбаатар аймагт тань шиг ингэж явж байгаад нэг ч төгрөггүй үлдсэн одоо тэгээд шүүхийн шатанд явсан болж байгаа. Шүүхэд хандсан ч манайх бүх дансаа хаалгасан шүүхийн шийдвэр гарсан ч манай байгууллага дампуурсан учраас тэр хүн юу ч олж чадаагүй та яг тэр хүний байдлаар орно шүү гэхээр нь би ямар нэгэн аргаар байрандаа орьё гэж бодсон. Эдний бүх л гарын үсэг зур гэсэн болгонд гарын үсэг зураад байрандаа ороод байрны зээл авах л миний эцсийн зорилго байсан. Эднийх биднийг маш их гутаан доромжилсон 26 сая төгрөг авъя гэхэд арай ч намайг цохиж аваагүй гэдэг эрэгтэй болон маш олон гэрчүүд байдаг. Чам шиг ингэж том дуугарч байгаа эмэгтэй юучгүй хоцорно шүү. Дараа нь над руу маш олон удаа утастсан эмэгтэй хүнийг хэлж болохгүй үгээр магадгүй би зөрчлийн хуулиар бичлэг хийгээд авсан бол тэр хүнд тодорхой нэг шүүхийн тогтоол гарахаар намайг доромжилж гутаасан байдаг. 10 сая төгрөгийн өрийг би өгөх албагүй би төлсөн гэхээр чамайг очиж ална гэдэг. Ингээд маргаан гараад байгаа тиймээс би хэн нэг хүнээс мөнгө залилж аваад залилан хийгээгүй. Уг компани нь надад төсөл хэрэгжүүлээд гал тогооны өрөөний тавилга өгнө гэсэн байдаг. Манай нөхөр, эхнэрийн хамаг мөнгийг байр гээд өгчихлөө гэж *******тэй уулзсан байдаг. *******тэй уулзаад би мөнгөө буцааж авъя гэхэд тань шиг тайван хүмүүс байхгүй бусад хүмүүс бид нарыг маш их зовоож байгаа, манайх доороо гражтай, гражнаасаа 5 сая төгрөг хөнгөлж өгнө та 2 тайван байж бай эхний худалдан авалт хөдлөөд эхлэнгүүт хүмүүс итгэлгүй болчихно гэсэн байдаг. Ингээд бид хоёрыг хуураад явсан байдаг. Намар нь ирээд танай энэ байрыг царцаасан ч миний дур гээд гэж хүн хэлсэн. Царцаана гээд тэгэхээр нь тэнд байсан Сэрээдорж гээд залуу юу гэсэн үг вэ бид нар чинь тодорхой хэмжээний энэ байранд хувь хэмжээг өгсөн биз дээ гэхэд ердөө л та нар шалны цутгалтын мөнгө өгсөн ш дээ та нарын тэр өгсөн мөнгө бол инээдэмтэй байна. Энэ байрыг ингээд царцаагаад хаяхад та нар яахын яаж ч чадахгүй гэж хэлсэн. Бид бүгд айж түгшээд эхэлсэн, хэлсэн болгоныг нь хийж эхэлсэн. Өнөөдөр би хуулийн дагуу хууль зүйн үндэслэлээ гаргаж чадахгүй байна. Ер нь бол болсон процесс энэ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* дайван ХХК нь хариуцагч Г.*******маад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар ******* дайван ХХК нь Г.*******маатай 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэж, 24 айлын орон сууцны барилгыг барьж гүйцэтгэн, 5 давхрын 78,68 м2кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м2 кв талбайг 1.150.000 төгрөгөөр тооцож, нийт 90.482.000 төгрөгийн үнээр Г.*******маагийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, Г.*******маа нь 90.482.600 төгрөгийг ******* дайван ХХК-нд өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Мөн ******* дайван ХХК нь барилгын материалын үнэ нэмэгдсэн үндэслэлээр орон сууцны 1м2кв талбайг 1.350.000 төгрөг болгож, нийт 100.332.000 төгрөгийг Г.*******маа төлөхөөр 2017 оны 02 дугаар сарын 19-ны өдөр хийсэн гэрээ, хариуцагч Г.*******маа нь 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 10.000.000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээ хэрэгт авагджээ.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаас харахад хэргийн 27-28 дугаар хуудсанд авагдсан орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэж, худалдах гэрээ 29 дүгээр хуудсанд авагдсан зээлийн гэрээг талууд банкнаас ипотекийн зээл авахын тулд өмнө нь хийсэн 3 өрөө орон сууцыг 1 м2 кв талбайг 1.150.000 төгрөгөөр нийт 90.482.000 төгрөгийн үнээр тохиролцсон гэрээгээ халхавчлах зорилгоор хийсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.*******маа нь дээрх гэрээг хэрэгжүүлэх, ямарваа эрх үүрэг, хүсэл зорилгогүй зөвхөн банкнаас зээл авч орон сууцыг ямар нэгэн аргаар өөрийн болгох хүсэл зорилгын улмаас ******* дайван ХХК-ийн санал болгосон үнийг хүлээн зөвшөөрсөн байдал шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тогтоогдож байна.

Талуудын хийсэн халхавч хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байх ба харин халхавчлагдсан буюу талуудын орон сууцны 1 м кв талбайг 1.150.000 төгрөгөөр тооцож, нийт 90.482.000 төгрөгийн үнээр Г.*******маагийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон анхны хэлцэл хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна.

Түүнчлэн зээлийн гэрээ нь бусад гэрээний нэгэн адил гүйцэтгэгч байгууллага санал гаргаж нөгөө тал нь түүнийг хүлээн авснаар байгуулагдана. Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлсэн байхыг Иргэний хуулийн 282.4 дэх хэсэг шаардаж байгаа юм. Гэтэл ******* дайван ХХК нь Г.*******маад зээлийг бодитойгоор олгоогүй учраас анхнаасаа зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй ба ******* Дайван ХХК нь нэн даруй захиалагчид мэдэгдсэн гэдгээ нотолж чадаагүй, мөн орон сууцны 1 м кв талбайг 1.350.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн үндэслэл, шаардлага, эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой бус байна.

Иймд хариуцагч Г.*******маа нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хөлс төлөхөөс татгалзах эрхтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлсон атлаа хэргийг шийдвэрлэхдээ хуульд үндэслээгүй байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар хэрэгт авагдсан баримтуудаас харахад ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болох ажлын хөлс шаардсан гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 258 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн   1 дэх заалтанд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                              Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР