Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 140/ШШ2018/00694

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хаиуцагч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, дутуу төлөгдсөн төлбөр 84158, зээлийн хүү болон алдангид 200,000 төгрөг, мөн хугацаа хэтэрсэн хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги 5,000,000 төгрөг, нийт 15,284,158 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол дайвин ХХК нь өөрийн компаний санаачлан хэрэгжүүлсэн Атмор 24 төсөл ийн хүрээнд Завхан аймгийн Улиастай хотод 29 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтанд хүлээлгэн өгсөн юм.

Уг орон сууцны барилгын 3 давхрын 24 тоот хаягт байрлах 74,32м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг Г.******* захиалсан бөгөөд 1м2-ийг нь 1,350,000Т/нэг сая гурван зуун тавин мянган төгрөг/, нийт 100,322,000Т/нэг зуун сая гурван зуун гучин хоёр мянган төгрөг/-өөр гүйцэтгүүлэхээр Завхан аймгийн Улиастай сумын 29 айлын орон сууцны барилгын захиалгаар гүйцэтгүүлэх гэрээ-г 2017 оны 05-р сарын 19-ны өдөр байгуулсан билээ.

Энэхүү гэрээний 1-р зүйлийн 1.4 хэсэгт заасан журмын дагуу захиалагч Г.******* нь урьдчилгаа мөнгөө төлж орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан боловч орон сууцны захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байсан тул гүйцэтгэгч Монгол дайван ХХК-ийн зүгээс 2017 оны 02-р сарын 24-ний өдөр зхиалагч Г.*******тай 03 дугаартай 10,000,000Т /арван сая/-ийн Зээлийн гэрээ-байгуулсан байна.

Энэ гэрээний 3 хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчид зээлсэн мөнгийг 2017 оны 05-р сарын 20-ны өдрийн дотор бэлнээр төлж барагдуулахаар тохиролцсон боловч зээлдүүлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу зээлдүүлэгч тал төлбөр төлөх хугацааг 2017 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл сунгасан болно.

Гэтэл захиалагч Г.*******гийн зүгээс дээрх гэрээний үүргээ биелүүлэх талаарх ямар нэгэн арга хэмжээ авч ажиллахгүй, ямар нэгэн төлбөр хийхгүй байгаа нь уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь бодит эргэлзээг бий болгож байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282,3 хэсэгт заасан үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: Үндсэн зээлийг төлбөр 10,000,000Т/арван сая/, дутуу төлөгдсөн төлбөр 84,158 /наян дөрвөн мянга нэг зууг тавин найм, зээлийн хүү болон алдангид 200,000 /хоёр зуун мянган төгрөг/ нийт 10,284,158 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Мөн нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлдээ: ...зээл эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног болох нийт 235 хоногийн, хоног тутамд тооцогдох 50,000 төгрөгөөр үржүүлэн тооцоход өнөөдрийг хүртэл нийт 11,750,000 төгрөгийн алданги гэрээний дагуу тооцогдсон байгаа боловч Монгол Улсын иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан нийт нэхэмжлэх алдангийн хэмжээг Зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй байгаа үнийн дүн болох 10,000,000 төгрөгийн 50%-иар тасалбар болгож хасан 5,000,000 төгрөгөөр алдангийг нэхэмжилж, зээлдэгч Г.*******гаас гаргуулахаар үндсэн нэхэмжлэл дээр нэмж нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус компаний нэхэмжилсэн 10.284.158 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ талаарх нотлох баримтуудаа шүүх хуралдаанаас өмнө бичгээр гаргаж өгөх болно. Мөн дээрх нэхэмжлэлтэй холбоотойгоор ******* ХХК-аас анх захиалагч нартай хийсэн гэрээг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол дайвин компани нь өөрийн санаачилгаар Завхан аймгийн Улиастай хотод 29-н айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан байдаг. Ийнхүү байрыг ашиглалтанд оруулахад 2017 оны 02-р сарын 19-ний өдрийн орон сууц барилгыг захиалгаар гүйцэтгэх гэрээний дагуу 2017 оны 02-р сарын 24-ны өдөр зээлийн гэрээ хийгдсэн байдаг. Энэ зээлийн гэрээ нь ямар учиртай гэрээ байсан гэхээр хариуцагч тал байрны урьдчилгаа мөнгө хүрэхгүй байсан учраас Монгол дайвин компаниас мөнгө зээлье гэсэн санал гаргасны дагуу 2017 оны 02-р сарын 24-ны өдөр буюу анх зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс 5 хоногийн дараа уг зээлийн гэрээ хийгдсэн байдаг. Тус зээлийн гэрээний дагуу Монгол дайвин ХХК нь зээлдэгч талд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 10.000.000 төгрөгийг зээлдэгч тал нь зээлдүүлэгч талд 2017 оны 05-р сарын 20-ны өдөр эргүүлж төлөхөөр гэрээндээ заасан байдаг. Гэвч зээлдэгч тал буюу хариуцагч нь 10.000.000 төгрөгийн зээлийг 2017 оны 05-р сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах боломжгүй байна. Хугацааг нь сунгаж өгөөч гэж хүссэний дагуу 2017 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл хугацааг нь сунгасан байдаг. Гэрээг сунгасан хугацаанд буюу тус зээлийн гэрээний 4-р зүйлд зээлийн гэрээний зээлдэгч тал нь гэрээний 3-р зүйлд заасан хугацаа хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгч талд төлнө гэсэн заалт байдаг. Тус зээлийн гэрээнд иргэн ******* нь 10.000.000 төгрөгийг зээлсэн гээд гарын үсгээ зурсан байгаа учраас хүчин төгөлдөр гэрээ гэж би үзээд байгаа юм. Ингээд зээлийн гэрээний үүргийн үнийн дүнд 10.000.000 төгрөг, хүүнд хоног тутамд ноогдох 0.5 хувь, 50.000 төгрөг өгөх ёстой байсан. Гэрээнд заасан хугацаанд буюу 2017 оны 08-р сарын 01-ний өдөр гэрээнд заагдсан мөнгийг төлж барагдуулах үүрэгтэй байсан бол энэ өдрөөс 2018 оны 03-р сарын 23-ны өдөр буюу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдрийг хүртэл нийт 235 хоногийн гэрээний үүрэг биелүүлээгүй хугацаа хэтэрсэн байдаг. Иймд зээлийг эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног нь 235 хоног, хоног тутамд тооцогдох нь 50.000 төгрөг, үлдэгдэл тооцох нь 10.750.000 төгрөг байдаг. Гэвч Монгол улсын Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т зааснаар анз, торгууль, алданги гэсэн төрөлтэй байдаг. Иймд анзын нийт үнийн дүн нь нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтын дагуу манай байгууллага зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн болох 10.000.000 төгрөг, түүний 50 хувиар тооцоод 5.000.000 төгрөг, нийлээд 15.285.000 төгрөгийг иргэн *******гаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар нэхэмжилж байгаа юм гэв.

 

Хариуагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл нь миний байрны урьдчилгааны 30 хувь дээр дутуу гарсан зүйл байхгүй. Монгол дайвин компанитай 3 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахад метр квадратыг нь 1.150.000 төгрөгөөр тооцоод уг төлбөрийг яаж яаж төлөх тухай графикийг гаргаж өгсөн. Тэр графикийнх нь дагуу би 27.000.000 төгрөгөө төлсөн. Энэ 27.000.000 төгрөгийг төлчихөөд байж байх хугацаанд Монгол дайвин компанийн байр нь тухайн оныхоо 11-р сарын 26-ны өдөр буюу улс тунхагласны баяраар байрны чинь түлхүүрийг гардуулж өгнө гэснээр Бямбасүрэн, Энхбаатар, Батсүх нартай гэрээ байгуулж 2 тасалж графикийн дагуу мөнгийг нь дансанд нь хийсэн. Ингээд би анх Бямбасүрэн гэдэг хүнтэй мкв-ыг нь 1.150.000 төгрөгөөр бодож байрандаа орох болзолтойгоор гэрээ байгуулсан. Ингэж гэрээ байгуулснаас хойш Монгол дайвин компани байр ашиглалтанд орох хугацаа буюу 11-р сарын 26-ны өдөр байрны дөнгөж суурийг тавьж байсан. Үндсэндээ барилгын ажил 30,40 хувьтай л явагдаж байсан. Тухайн үед Батсүх гэдэг хүн ирсэн. Тэгэхээр нь би ерөөсөө больё, бүтэхээргүй юм байна. Улсын их хурлын сонгуультай холбогдуулан элит байранд 0.5 хувийн хүүтэй байрыг санал болгосон би болилоо гэж хэлсэн. Хамгийн анх Монгол дайвин компанийн барьж байсан байрыг Завхан аймгийн А бүсэд төрийн албан хаагч нарт ялангуяа багш нарт гэж онцолж барьсан. Тэр байрыг барих газрыг авахын тулд хэнд юу өгч байж авсныг нь бид мэдэхгүй. Тэр өгсөн зүйлээ бидний төлбөр дээр нэмэх нь зохимжгүй юм. Төлбөрөө нэмэгдүүлснийхээ дараа бидэнд хэлэхдээ ...Танай Завхан аймгийн Засаг дарга, нэр бүхий улсууд бид нараас маш их хэмжээний мөнгө, төлбөр нэхэж бидний барилгын ажлыг хойшлуулсан. Тийм учраас та нарын байрыг барих асуудал ингэж хойшлогдоод байгаа юм гэсэн тайлбарыг Амарбаяр, Байгаль нар бидэнд өгч байсан. Тэгээд байр 5 давхар нь босоод цонхоо хийгээд байж байхад нь байрны захиалагч нар Амарбаяр, Байгаль нартай уулзаад ...Байраа хурдан ашиглалтанд оруулаач, бид шинэ жил гэхэд байрандаа орчихмоор байна гэж хэлсэн. Тухайн үед байрны захиалагч нарын ихэнх нь өөрсдийн амьдарч байсан байраа зараад зээл авч байрны урьдчилгаанд өгсөн. Миний хувьд өөрийн унаж байсан зээлээр авсан машинаа зарж байж байрны урьдчилгааг өгсөн байсан. Ихэнх захиалагч нар банкны зээл авчихсан, түрээсийн байранд байсан учраас бид байраа ашиглалтанд оруулахыг шаардаж эхэлсэн. Биднийг шаардаж эхэлмэгц Амарбаяр гэдэг хүн бид нарт ....та нар хэн юм бэ, та нарыг байранд оруулах үгүй нь миний дур царцаагаад орхисон ч би чадна. Та нарын өгсөн мөнгө ердөө л шалны цемент л болсон гэх мэтээр хэлж маш зүй бус харьцаж дарамталсан. Тухайн үед бусад захиалагч нараас би хамгийн тэвчээртэй, хамгийн хүлээцтэй нь байсан. Яагаад гэвэл өөрийн гэсэн орон гэртээ амьдарч байгаа учраас Монгол дайвин компанийг тулгамдуулаад байвал чанар муутай барилга баригдаж магадгүй гэж бодоод маш их тэвчээртэй хүлээсэн. Гэтэл тэр Амарбаяр биднийг эрэгтэй, эмэгтэй гэлгүйгээр үг хэллэгийн хувьд биднийг маш ихээр дарамталж эхэлсэн. Тэгэхээр нь би ...би ерөөсөө 27.000.000 төгрөгөө авъя, гэрээгээ цуцлая, гэрээ цуцалсан хохирлоо би төлье гэж хэлсэн. Тэгтэл Амарбаяр ...чи манайхаас энэ яваа насандаа 27.000.000 төгрөгөө гаргуулж авч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би айсан. Би тэр 27.000.000 төгрөгийг хэн нэгнээс залилж, худал хэлж аваагүй. Миний ариун цагаан хөдөлмөрөөрөө бүтээсэн маш их үнэ цэнэтэй мөнгө байсан учраас алдахгүйн тулд би байраа л авъя гэж бодоод дуугүй явсан. Тэгээд Монгол дайвин компанийн зүгээс 300.000.000 төгрөгийг өнөө маргаашгүй гаргаж өгвөл байрыг метр квадратыг нь 1.150.000 төгрөгөөр нь өгнө тэгэхгүй бол метр квадратыг нь 1.350.000 төгрөг болголоо гэж хэлсэн. Тэгтэл тэнд байсан Сэрээдорж гэдэг залуу ...тэгвэл бид энэ барилгыг чинь том машин авчраад нураачихъя гэж хэлтэл ...чаддаг юм бол тэг, та нар амжихгүй шүү гэж хэлсэн. Тухайн үед хүн бүр ямар нэгэн арга сэдэж байрандаа орохыг хүсч эхэлсэн. Байгаль гэдэг эмэгтэй байрыг барихаас ашиглалтанд орох хүртэл тэнд байсан. Байх хугацаандаа биднийг байнга дуудаж байрныхаа үнийг нэмлээ шүү гэх мэтээр дарамталдаг байсан. Тэгэхээр нь бид ...та яг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн юм уу, бид байрыг мэдэх хүнтэй нь ярилцмаар байна. Үнэ нэмүүлэх ямар ч хүсэл алга гэж хэлсэн. Тухайн үед бид хэн нь яахаа мэдэхгүй байсан. Байгаль гэдэг эмэгтэй биднийг шөнө хүртэл дуудаж гарын үсэг зуруулсан. Байрны захиалагч нар зарим нь утсаа гээчихсэн болохоор тэр шөнө дуудсан Байгаль гэж эмэгтэй биднийг дуудсан мессеж үлдсэн айл байхгүй байгаа юм. Тухайн үед биднийг байрны гэрээгээ цуцал, өөр хүмүүс машин, мөнгө, мал өгөөд байрыг чинь авъя гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө авъя гэтэл манай компани дампуурч байгаа болохоор та нар юу олж долоох юм бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь надад айдас төрсөн.

Дараагийн нэг зүйл нь байрны урьдчилгааны 10.000.000 төгрөг дутаад би найзаасаа 10.000.000 төгрөг авсан. Найзаасаа авахдаа би хувийн дансруугаа авчихаад байж байя гэтэл ...Чи хувийн данс руугаа авч болохгүй, банкинд манайх маш их өртэй учраас банк авчихдаг юм. Чи Бямбасүрэнгийн дансаар ав гээд Улаанбаатар хотоос Тэйди төвийн IPhone центрийн захирал Нарантуяагаас Бямбасүрэнгийн дансаар мөнгө орж ирснийг нь авсан. Тэгээд би байранд орох уу, эсвэл мөнгөө алдах уу гэсэн айдастай тулгарсан. Тэгтэл Цэнгэл гэх эмэгтэй ирсэн. Би тэр эмэгтэйг тосч аваад эгч нь хамгийн түрүүн байрны захиалга өгсөн. Тэгэхээр эгчдээ 1.150.000 төгрөгөөр нь байраа өгч болохгүй юм уу, танайхаас амласан грашийн 2.000.000 төгрөг, хөргөгч, НӨАТ-ийн баримт энэ тэрийг авахгүй гэсэн чинь болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь ...тэгвэл эгч нь байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө авъя гэтэл Сүхбаатар аймагт 2 юм далжиганаж байгаад мөнгө ч үгүй байр ч үгүй үлдсэн. Манай компани угаасаа өөрийнхөө дансаар мөнгө оруулж гаргадаггүй. ХААН банк, Төрийн банк 2-оос маш их хэмжээний зээл авч энэ байрыг барьж байгаа, зээл та нарт маш хурдан гарна. Та зээлээ л ав гэж хэлсэн. Тэгээд надад 10.000.000 төгрөг дутахаар нь би Бямбасүрэнгийн дансаар дамжуулж мөнгө авсан. Би хамгийн анхны гэрээгээрээ явна гэж бодож байгаа. Энэ дундаас мөнгөний зөрүү гарч ирэхээр Монгол дайвин компани хууль зөрчөөд бидэнд бэлэн мөнгөний ордер бичээд өгдөг байсан. Байрны ордер зээл гарсны дараа гардаг бол миний байрны ордер хамгийн түрүүн гарсан. Би ордер гарсны дараа муухай зан гаргавал гаргах л байсан. Гэвч хүн чанарын үүднээс тийм зан гаргаагүй. Гэтэл уг компани биднийг байнга айлган сүрдүүлж байсан. Хамгийн гол нь биднийг нэг нэгээр нь дуудаж уулзаад Чи угаасаа өгсөн мөнгөө авч чадахгүй гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би захирал Саруул, Дэлгэрбаяр нартай уулзах гээд ерөөсөө чадаагүй. Тухайн барилгыг барихад маш их хэмжээний хөрөнгө зарцуулагдсан нь үнэн. Гэтэл барилгын ажлыг гүйцэтгэж байгаа, ажиллаж байгаа, төлөөлөгч болж ирж байгаа хүмүүс нь хямдхан цемент, паркет байна гэж байсан. Магадгүй энэ компанийг бие төлөөлөгч нар нь алдагдалд оруулсан шүү дээ. Тэр хүмүүсээсээ нэхэмжлээч ээ. Би 500 төгрөг ч өгч чадахгүй. Яагаад гэвэл би 2,3-н давхар зээлтэй, 4 хүүхэдтэй, зүгээр нэг амьдрах гэж яваа жирийн нэг монгол хүн. Яг үнэндээ надад 10.000.000 төгрөгийн тохоон томилгоо хийчихээд нэхээд байгаа нь үнэндээ сонирхолтой байна.

Дараагийн асуудал нь Батсүх гэдэг хүн мөнгө идсэн юм бол бидэнд хамаагүй шүү дээ. Бас нэг гарсан асуудал нь би 7 өнгөрөөгөөд такси бариад ажилдаа явдаг. Тэгтэл таксины хүн энэ байрны хойгуур явсан чинь ... энэ байранд орох гэж байгаа хүмүүс өөрсдийгөө их л том байранд орох гэж байгаа гэж бодож байгаа байх даа гэхээр нь би яасан юм бэ? гэтэл мкв нь их зөрүүтэй болчихсон юм гэнэ. 2 инженер нь урд шөнөжин надаар таксидаж шоудлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид холбогдох газарт нь өргөдөл өгөөд хэмжилт хийлгэсэн чинь манай байрнаас 6.000.000 төгрөгний метр квадратыг хасагдсан байсан. Энэ байрыг анх барих гэж байхдаа багш нарын гэдэг тодотголтойгоор барих гэж байна гээд манай сургуулиар орж ирж байсан. Манай сургуулиас зөвхөн би захиалга өгсөн. Тэр барилга барих гэж ирсэн хүмүүс манай сургуулийн багш нарын зөвлөлийн даргыг авч Засаг дарга дээр орж 2 байр барина гэж газрыг нь авсан байсан. Магадгүй 2 байрнаас илүү ашиг авах гээд газраа авсан байх. Тэгэхээр энэ алдагдлаа нөхөхийн тулд бид нар дээр үнэ нэмсэн нь буруу гэж бодож байна. 10.000.000 төгрөгийг өгөх сонирхол надад алга. Чадах ч үгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үгүй бол би 27.000.000 төгрөгөн дээрээ нэхэмжлэл гаргана гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Монгол дайвин ХХК нь Г.*******д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, дутуу төлөгдсөн төлбөр 84158, зээлийн хүү болон алдангид 200,000 төгрөг, мөн хугацаа хэтэрсэн хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги 5,000,000 төгрөг, нийт 15,284,158 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Монгол дайвин ХХК, хариуцагч Г.******* нар нь 2017 оны 02-р сарын 24-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж 10,000,000 төгрөгийг 2017 оны 05-р сарын 20-ны өдөр бэлэн төлөхөөр тохирч, зээлдэгч хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгээгүй хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээг бичгээр байгуулсан ба гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй байна.

Зохигч 2017.02.24-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж 10,000,000 төгрөгийг 2017.05.20-ны өдөр хариуцагч бэлэн төлөхөөр тохирч, гэрээний дагуу тохирсон мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн тухай талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Зохигч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулж, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийг зээлийн гэрээний үүргийг гэрээний хугацаанд нь гүйцэтгэхгүй бол 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги төлөхөөр бичгээр тохирсон байх бөгөөд энэ гэрээ хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Хариуцагч 2017.02.24-ний өдөр нэхэмжлэгчтэй бичгээр зээлийн гэрээг байгуулсан талаар хэлбэрийн хувьд маргаагүй болно.

Харин зөвхөн уг зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн гэж маргаж байгаа бөгөөд хариуцагч энэ талаараа нотлоогүй байна.

Түүнчлэн зохигчид харилцан субьектив санаа, хүсэл зоригоо илэрхийлэн, өмнөх зээлийн гэрээгээр хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 10,000,000 төгрөгөө үүргийг тогтоож, 2017.02.24-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь хэн алиных нь эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэх үндэстэй.

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.

Иймд бичгээр байгуулсан зээлийн энэ гэрээний дагуу харуицагчийн гүйцэтгэх биелүүлээгүй үүрэг 10,000,000 төгрөгөөр тооцогдох үндэслэлтэй тул 2017.02.24-ний өдөр байгуулсан гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүрэг 10,284,158 төгрөг байх боломжтой байна.

Хүчин төгөлдөр байгуулсан 2017.02.24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч гэрээний хугацаанд хүү шаардах эрхтэй тул зээлийн гэрээний хугацааны хүү, алданги 200,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.

Хариуцагч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги шаардах эрхтэй боловч 232.4-т заасны дагуу алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэх хуулийн боломжгүй учир алдангид 5,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, ИХШХШТХуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 295946 төгрөгнөөс 234,371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харуицагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 234,371 төгрөг, улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 61557 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.*******гаас 15,284,158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол дайвин ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295946 төгрөгнөөс 234371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн сан буюу 090000941 тоот данснаас 61575 төгрөг, хариуцагч Г.*******гаас 234,371 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ