Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00524

 

“ М Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 694 дүгээр шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “ М Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Ц-д холбогдох,

Зээлийн төлбөрт 10 000 000 төгрөг, дутуу төлсөн 84 158 төгрөг, зээлийн хүү болон алдангид 200 000 төгрөг, мөн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги 5 000 000 төгрөг, нийт 15 284 158 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Монгол дайвин” ХХК нь өөрийн компанийн санаачлан хэрэгжүүлсэн Атмор 24 төсөл ийн хүрээнд Завхан аймгийн Улиастай хотод 29 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтанд хүлээлгэн өгсөн юм.

Уг орон сууцны барилгын 3 давхрын 24 тоот хаягт байрлах 74,32м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг Г.Ц- захиалсан бөгөөд 1м2-ийг нь 1 350 000 төгрөг /нэг сая гурван зуун тавин мянган төгрөг/, нийт 100 322 000 /нэг зуун сая гурван зуун гучин хоёр мянган төгрөг/-өөр гүйцэтгүүлэхээр Завхан аймгийн Улиастай сумын 29 айлын орон сууцны барилгын захиалгаар гүйцэтгүүлэх гэрээг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан билээ.

Энэхүү гэрээний 1-р зүйлийн 1.4 хэсэгт заасан журмын дагуу захиалагч Г.Ц- нь урьдчилгаа мөнгөө төлж орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан боловч орон сууцны захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байсан тул гүйцэтгэгч “ М Д” ХХК-ийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр захиалагч Г.Ц-тай 03 дугаартай 10 000 000 төгрөг /арван сая/-ийн зээлийн гэрээ байгуулсан.

Энэ гэрээний 3 хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчид зээлсэн мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор бэлнээр төлж барагдуулахаар тохиролцсон боловч зээлдүүлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу зээлдүүлэгч тал төлбөр төлөх хугацааг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан болно.

Гэтэл захиалагч Г.Ц-гийн зүгээс дээрх гэрээний үүргээ биелүүлэх талаарх ямар нэгэн арга хэмжээ авч ажиллахгүй, ямар нэгэн төлбөр хийхгүй байгаа нь уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Иймд үндсэн зээлийг төлбөр 10 000 000 төгрөг /арван сая/, дутуу төлөгдсөн төлбөр 84 158 төгрөг, зээлийн хүү болон алдангид 200 000 /хоёр зуун мянган төгрөг/ нийт 10 284 158 төгрөгийг нэхэмжилж байна.

...зээл эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног болох нийт 235 хоногийн, хоног тутамд тооцогдох 50 000 төгрөгөөр үржүүлэн тооцоход өнөөдрийг хүртэл нийт 11 750 000 төгрөгийн алданги гэрээний дагуу тооцогдсон байгаа боловч Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүнг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан нийт нэхэмжлэх алдангийн хэмжээг зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй байгаа үнийн дүн болох 10 000 000 төгрөгийн 50%-иар тасалбар болгож хасан 5 000 000 төгрөгөөр алдангийг нэхэмжилж, зээлдэгч Г.Ц-гаас гаргуулахаар үндсэн нэхэмжлэл дээр нэмж нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Тус компанийн нэхэмжилсэн 10 284 158 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл нь миний байрны урьдчилгааны 30 хувь дээр дутуу гарсан зүйл байхгүй. “Монгол дайвин” ХХК-тай 3 өрөө байрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулахад метр квадратыг нь 1 150 000 төгрөгөөр тооцоод уг төлбөрийг яаж төлөх тухай графикийг гаргаж өгсөн. Тэр графикийнх нь дагуу би 27 000 000 төгрөгөө төлсөн байх хугацаанд “Монгол дайвин” компанийн байр нь тухайн оныхоо 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу улс тунхагласны баяраар байрны чинь түлхүүрийг гардуулж өгнө гэснээр н.Бямбасүрэн, Б.Энхбаатар, В.Батсүх нартай гэрээ байгуулж 2 тасалж графикийн дагуу мөнгийг нь дансанд нь хийсэн. Ингээд би анх Бямбасүрэн гэдэг хүнтэй м.кв-ыг нь 1 150 000 төгрөгөөр бодож байрандаа орох болзолтойгоор гэрээ байгуулсан.

Компани гэрээ нэртэй олон баримтад гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэжээ

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 694 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Ц-гаас 15,284,158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол Дайвин ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295946 төгрөгнөөс 234371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн сан буюу 090000941 тоот данснаас 61575 төгрөг, хариуцагч Г.Ц-гаас 234,371 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 694 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Г.Ц-гийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэж, Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Ц-гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 234.371 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Бичгээр байгуулсан гэрээ нь зохигчдын эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж үзэж байна. Үүнээс үзэхэд хүчин төгөлдөр зээлийн гэрээнд хүү шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги шаардах эрхтэй гэж үзэж байна.

Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай нотлох баримтыг хангалттай гэж үнэлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 2-т заалтуудад нийцээгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Нэхэмжлэгч “ М Д” ХХК нь хариуцагч Г.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон алдангид 15 284 158 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Г.Ц- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмнө зээлийн гэрээний үүрэг үүсээгүй, түүнтэй орон сууц захиалгаар бариулах гэрээний харилцаатай, орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байж алданги шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлох, улмаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх, гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэх, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлэх шаардлагатайг зааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн шаардлагад нийцэхгүй хэлбэрээр боловсруулж байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шаардлага, татгалзлын агуулгыг шийдвэр, магадлалд шүүх хуралдааны тэмдэглэлээс ялгагдахааргүй, ойлгомж муутай тусгаж буйг анхаарах шаардлагатай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3.-т зааснаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заах учиртай болохоос бус зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нэг бүрчлэн тусгах шаардлагагүй болно.

Давж заалдах шатны хэргийг хариуцагч Г.Ц-гийн гомдлоор хэлэлцсэн атлаа магадлалын тогтоох хэсэгт “нэхэмжлэгч Г.Ц-” гэж ташаа бичсэнээс гадна давж заалдах гомдлыг “давж заалдсан гомдол” гэж эрх зүйн ойлголтыг буруу тодорхойлсон нь учир дутагдалтай болжээ. Энэ үндэслэлээр магадлалд найруулгын өөрчлөлт оруулах боломжтой байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаар магадлалын тогтоох хэсгийн “ нэхэмжлэгч Г.Ц-гийн давж заалдсан гомдлыг” гэснийг “хариуцагч Г.Ц-гийн давж заалдах гомдлыг”  гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 234 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН