Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 205/МА2019/00020

 

В.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: В.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Содномцэрэн

Э.Баасандэмбэрэл

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Энхсайхан

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж шийдвэрлэсэн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 378 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ө.******* би 2009 оноос одоог хүртэл Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторт лаборант шинжээч, эрхлэгч зэрэг ажлыг хийж байсан. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаагүй. Газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэж байсан. Газрын дарга А.Даваадорж нь 2019 он гарсанаас хойш удаа дараа үндэслэлгүй тушаал шийтгэвэр гарган ажиллах нөхцөл боломжийг хаан боогдуулан, санаатайгаар ажлаас халж байна. Анх 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэл өгсөний дагуу хариу тайлбар өгөхөд арга хэмжээ авсан тухай мэдэгдээгүй, гэтэл дараа нь үдийн цайнд 10 минутын өмнө гарсан гэж хэл амаар доромжлон чамаар мэдүүлэхгүй, өөрөө мэдэж ажил явуулна гэж дайраад танилцуулах гэж орсон бичиг баримтыг үзээгүй. Миний хувьд та хамт олонд жигд шаардлага тавихгүй байгууллагын дарга хүн байж ёс зүйгүй байгаа талаар хэлэхэд өрөөнөөсөө хөөж сануулах тушаал гаргасан байсан. Түүнийг нь цалин хасагдаж ороход нь мэдсэн. 2019 оны 04 сард нүүх үеэр лабораторын өрөө байрны хуваарилалт шинжилгээ хийх орчин нөхцөлийн талаар хэлэхэд сэтгэлгүй энэ тэр гэж байнга үгээр идэж байсан. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн цайны цагаар гараад ирэхэд дахин тушаал гаргасан нь үндэслэл байхгүй. Хамт олон хэлж ярьж байгаад 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тушаалыг /халах/ хүчингүй болгосон боловч намайг өөрөө гарах хүсэлт өг гэж дарамтлан өгөхгүй болонгуут дахин 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ёс зүйн зөвлөлөөр дүгнэлт гаргуулан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр халах тушаалыг дахин гаргасан. Энэ бүх үйлдэл нь хувийн үзэл бодол юм.

Иймд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн Б/11 07-060, мөн газрын даргын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн Б/11 07-069, мөн газрын даргын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, 2015 оны 10 сарын 01-ний Б/75-р тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах, нийгмийн даатгалын татварыг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ринчиндорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Ө.*******ээс Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан өгсөн нэхэмжлэлийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ринчиндорж би гардан аваад нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ө.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 тоот Ө.*******эд Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Ө.******* нь нэхэмжлэлийн үндэслэлдээ өөрийгөө цайны цагаас 10 минутын өмнө гараад ирэхэд сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй юм. Гэтэл Ө.******* нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн үдээс өмнө байгууллагын удирдлагаас чөлөө зөвшөөрөл авалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр огт ажилдаа ирээгүй бөгөөд цайны цагийн өмнөхөн ажилдаа ирсэн учраас байгууллагын удирдлагаас ажлын цагаа баримтлах талаар хууль ёсны шаардлага тавьсан байдаг.

Түүний 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлын цагаар ажлын байран дээр согтуу ирсэн нь тухайн өдрийн 16 цаг 10 минутанд эхэлсэн Газрын даргын шуурхай хурал дээр мэдэгдсэн. Энэхүү хурлаар Ө.*******ийн хариуцан ажилладаг итгэмжлэгдсэн лабораторын 1-р улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэх байсан учраас тэрээр өөрөө хуралд оролцох ёстой байсан. Энэ хуралд оролцохдоо Ө.******* нь тайлан тавих чадваргүй, хөл дээрээ тогтож чадахгүй, нилээн их архи үнэртүүлэн согтуу орж ирсэн учраас байгууллагын удирдлагаас түүнийг хариад амар, түүний ажлыг өнөөдөр хэлэлцэх боломжгүй гээд тайлангийн ажлыг хойшлуулсан.

Энэхүү ноцтой зөрчлөө Ө.******* хүлээн зөвшөөрч байгууллагын даргад өөрөө өргөдлөө өгөөд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа өгье гэсэн учраас түүний гаргасан зөрчилд арга хэмжээ авалгүй 4 сарыг дуусгасан. Тэрээр өргөдөлөө татсан учраас байгууллагын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот Ө.*******эд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар түүний ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчилд шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлсөн байдаг.

Гэтэл байгууллагын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот Ө.*******эд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг гаргахдаа Ө.*******ийн ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг шалгаж тогтоогоогүй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно. гэж заасны дагуу хүчингүй болгож, тухайн тушаалаар Ө.*******ийн ноцтой зөрчлийг шалгаж тогтоолгохоор байгууллагын ёс зүйн зөвлөлд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн.

Захиргааны актыг хүчингүй болгох тухай тушаалыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ө.*******эд гардуулсан. Ө.******* энэ хугацаанд ажлаа хийж байсан.

Ө.*******ийн ажилын байран дээр согтуу байсан талаархи зөрчлийг байгууллагын ёс зүйн зөвлөл шалгаж тогтоох ажиллагаа явуулсаны эцэст 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг шалгасан тухай Ёс зүйн зөвлөлийн тогтоолоор Ө.*******ийг ажлын байран дээр архидан согтуурч, ажлын цагаар согтуу байсныг тогтоосон.

Ёс зүйн зөвлөл нь энэхүү тогтоолоо Ө.*******эд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан байдаг.

Ажилтан ажлын байран дээрээ ажлын цагаар архидан согтуурсан байх нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж тухайлан заасан байх тул байгууллагын даргын 2019.05.10-ны өдрийн Б/19 тоот Ө.*******эд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Ёс зүйн хорооны тогтоолыг үндэслэн, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг болон холбогдох дүрэм, журмуудыг үндэслэн түүнийг ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэн, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү тушаалыг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ө.*******эд гардуулсанаар тэрээр ажлаа хүлээлгэн өгсөн. Байгууллагын удирдлагаас гаргасан Ө.*******тэй холбоотой шийдвэрүүдийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа бөгөөд байгууллагын Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг мөн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Ө.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 10 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд ямар нэг байдлаар ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. Бусдын адил үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Би газрын даргын 2019 оны 05 дугаар сарын Б/19 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Би 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажлын цагаар ажлын байрандаа хамт олонтойгоо байсан. Гэтэл намайг ажлын цагаар ажлын байрандаа архидан согтуурсан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажил тасалсан гэдэг нь би хөдөө яваад машин саатаад 11 цаг 30 минут болж байхад ажил дээрээ ирсэн. Тэгтэл Ринчиндорж таныг газрын дарга асуугаад байна. Орж уулз гэж хэлсэн. Тэгээд намайг газрын даргатай орж уулзахад дарга надад мэдэгдэх өгөөд мэдэгдэхийн хариундаа өргөдөл гомдлоо бичээд ороод ир гэж хэлсэн. Түүнийх нь дагуу би өргөдлөө бичээд өгсөн. Гэтэл өргөдлийн хариу, тайлбар огт мэдэгдээгүй. Тэгээд 03 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 50 минут болж байхад би ажлын өрөөнийхөндөө баруун бүсээс очиж түлхүүр аваад хүүхдээ хүргэж өгөөд ирвэл дарга намайг асуух болов уу? гэж яриад би гарлаа шүү гээд гарсан. Тэгтэл 13 цаг болж байхад манай шинжээч над руу залгаад та хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би хүүхдээ хүргэж өгөөд явж байна гэхэд дарга цаана нь намайг балай авгай энэ тэр гэж хашгирч байсан нь утасны цаанаас сонсогдсон тэгээд би ажил дээр ирээд лабораторийн ажил танилцуулах гээд даргын өрөөнд ороход чи хааччихдаг юм гэхээр нь би хүүхдээ хүргэж өгөөд ирлээ. Та хүнийг балай авгайгаар нь дуудаж болохгүй шүү дээ. Надад их муухай санагдсан гэж хэлсэн. Тэгээд дарга бид хоёр тэр асуудлаас болж бага зэрэг маргалдсан. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр надад мөн л мэдэгдэх өгөөд сануулах арга хэмжээ авсан тушаал өгсөн. Өмнө нь 2019 оны 03 дугаар сарын 08-нд эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж байхад дарга чиний асуудлыг уучилсан гэж хэлсэн. Гэтэл дараа нь 11-нд арга хэмжээ авсан байсан.

Ажил тасалсан 2 цаг 30 минутын хувьд манай байгууллага чөлөөг чөлөө олгох хуудсаар чөлөө олгодог. Миний хувьд Ринчиндорж даргатай яриад чөлөө авч болох байсан боловч Цагаанхайрхан сум ойрхон байдаг учраас би 09 цагаас өмнө ирнэ гэж тооцоолоод явсан юм. Гэтэл замдаа саатаад 11 цаг 30 минут болж байхад ажил дээрээ ирсэн. Манай хамаатны 90 гарсан настай хөгшин Цагаанхайрхан сумд амьдардаг юм. Бие нь өвдөөд байна гэхээр нь би өглөө 06 цаг 30 минут болж байхад ном уншуулах гээд лам аваад гэрт нь очсон юм. Тэгээд номоо уншуулаад эргэж ирэх замдаа саатаад даваан дээр сүлжээтэй газар гарч ирэхэд 11 цаг 30 минут болсон байсан. Тэгээд би Ринчиндорж дарга руу ярьтал ирж даргатай уулз гэж хэлсэн. Тэгээд ажил дээр ирээд даргатай уулзах гэтэл хүнтэй байна дараа нь уулз гэж хэлсэн. Тэгж байтал цайны цаг өнгөрчихсөн.

2019 оны 04 дүгээр сард ногдуулсан сахилгын шийтгэлийн тухайд надад мэдэгдэх хуудас өгөөгүй. Миний цалин хасагдаж ороход л надад сахилгын шийтгэл ногдуулсан байна гэдгийг мэдсэн. Гэтэл тухайн үед надад сахилгын шийтгэл ногдуулах хурал ч болоогүй. Намайг ч оролцуулаагүй. Цалин хасагдахад л мэдсэн.

Иймд миний нэхэмжлэлийн шаардлага нь ажилдаа эгүүлэн томилуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах хүсэлтэй байна гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэлье. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах, мөн даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн эрхлэгчийн ажилд Ө.*******ийг эгүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 94 хоногийн 3.895.642 төгрөгийг хариуцагч байгууллагаас нөхөн гаргуулах шаардлагуудыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар өмгөөлөгчийн зүгээс тодруулъя. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалыг дараах үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тус тушаалын 1 дэх хэсэгт 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь ёс зүйн зөвлөлийн 02 тоот тогтоолоор тогтоогдсон гэсэн байдаг. Ёс зүйн зөвлөл гэдэг субъект бол чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхийг тогтоож ёс зүйн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэдэг ийм субъект байгаа. Гэтэл ноцтой зөрчил гаргасныг ёс зүйн зөвлөл тогтоосон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагдсан байх ёстой. Хэрвээ хөдөлмөрийн гэрээнээс өөрөөр жишээлбэл ёс зүйн дүрмийн заалтыг зөрчих нь ноцтой зөрчилд тооцогдоно гэж талууд тохирсон бол тэр талаараа хөдөлмөрийн гэрээнд заасан тохиолдолд тэр нь ноцтой зөрчилд тооцогдоно. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ёс зүйн дүрэм, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнийг ноцтой зөрчилд тооцох заалт байхгүй. Гэтэл ёс зүйн зөвлөлийн тогтоолоор ноцтой зөрчил тогтоогдсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ёс зүйн зөвлөл бол төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийг ёс зүйн хэм хэмжээ зөрчжээ гэсэн тогтоол гаргасан байгаа. Хоёрдугаарт Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай тогтоол мөн шалгаж буй асуудлаа бодитой тогтоож чадаагүй. Энэ тогтоолд лабораторийн эрхлэгч Ө.******* нь ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн асуудлыг хэлэлцэж шалгалаа гэсэн байдаг. Гэвч лабораторийн эрхлэгч тус байгууллагын байрны аль хэсэгт нь хэдэн цагт ямар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Харин газрын даргын өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирсэн гэсэн таамаглал нь нэр бүхий хүмүүсийн тайлбар, хурлын тэмдэглэлээр тогтоогдлоо гэсэн байгаа. Үүнийгээ дүгнэхдээ ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл ёс зүйн зөвлөл тухайн зөрчил хэзээ, хаана, яаж үйлдэгдсэнийг бодитоор тогтоож чадаагүй. Одгэрэл, Золжаргал, Бямбасүрэн, Лхамсүрэн нарын тайлбар, хурлын тэмдэглэлд Ө.*******ийг ажлын цагаар ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн талаар тусгасан мэдүүлсэн зүйл байдаггүй. Гэтэл ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь эдгээр хүмүүсийн тайлбараар нотлогдож ёс зүйн дүрэм зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ёс зүйн дүрэм зөрчсөнийг тогтоосноор хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь мөн үндэслэлгүй байна. Эдгээр үндэслэлүүдээр ажлаас халсан тушаал болон ёс зүйн зөвлөлийн тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж үзэж байна. Сануулах сахилгын шийтгэл ногдуулсны тухайд ажилтан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байна. Мөн тухайн сануулах сахилгын шийтгэл ногдуулна гэж амаар хэлснийхээ дараа уучиллаа гэдэг байдлаар тухайн үед нь амаар хэлсэн байна. Ингэж хэлсэн учраас тухайн хүн өөрт нь шийтгэл ногдуулаагүй юм байна гэж ойлгосон байна. Үзэмжээрээ сахилгын шийтгэл ногдуулсан юм уу? гэдэг байдал харагдаж байна. Ийм учраас сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг мөн хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж үзэж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ринчиндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/19 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон Засгийн газрын 2017 оны 01 дугаартай албан даалгавар, 258 дугаартай сахилга хариуцлагыг чангатгах тухай тогтоолуудыг үндэслэсэн. Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалтууд байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээний 20 дугаар зүйлийн 20-ын б дэх заалтуудыг үндэслэсэн байгаа. Нэгдүгээрт Ө.*******тэй 2018 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 20б-д ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн заалт байгаа. Тушаалыг тухайн үед гаргахад ёс зүйн зөвлөл болон төрийн захиргаа үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоосон Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр болоогүй байсан. Уг тогтоол 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан байгаа. Энэ хөдөлмөрийн гэрээ уг тогтоолтой нийцүүлэгдээгүй боловч Засгийн газраас өмнө нь гаргаж байсан шийдвэрүүдийн агуулгыг бүгдийг агуулсан гэрээ байгаа. Хөдөлмөрийн гэрээний 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг онцгой анхаарч үзэх нь зүйтэй. Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2, 8.9 дэх заалтуудыг шүүгчийг онцгой анхаарч харахыг хүсч байна. Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгавар нь Төрийн албанд сахилга хариуцлагыг чангатгах тухай албан даалгавар байгаа. Мөн Засгийн газрын 258 дугаар тогтоолыг анхаарч үзэхийг хүсч байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулан хэлэхэд газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний Б/11 дугаартай Ө.*******эд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хувьд ******* өөрөө гардаж аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч гардуулсан талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Энэ тушаалыг хүчингүй болгуулахад төрийн албан хаагч өөртэй нь хамааралтай захиргааны шийдвэр гарсан тохиолдолд тухайн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш тодорхой хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах заалт байдаг. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг 03 дугаар сарын 11-нд гардаж аваад гарын үсгээ зурсан баримт нь байна. Үүнээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу 90 хоногийн дотор тушаалыг хүчингүй болгуулах талаар ******* Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга юм уу дээд шатны байгууллага, эсвэл шүүхэд нэхэмжлэл гаргаж хүчингүй болгуулах эрхтэй байсан. Энэ 90 хоногийн хугацаа нь хуанлийн хугацаагаар 06 дугаар сарын 09-нд дууссан. Тэгэхээр ******* нь 2019 оны 06 дугаар сарын 11-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Б/11 тоот тушаалыг ******* өөрөө хүлээн зөвшөөрсөн байдал нь холбогдох хууль болон гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байна. Хоёрдугаарт нь байгууллагын ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгох талаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа хэллээ. Үүн дээр тайлбар хэлэхэд байгууллагын ёс зүйн зөвлөлд газрын дарга 05 дугаар сарын 02-ны өдөр албан бичиг өгсөн байдаг. Ингээд ёс зүйн зөвлөл шалгаад *******ийг тухайн өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэдгийг тогтоосон нь газрын даргын өрөөнд болсон шуурхай хурлын тэмдэглэл болон лабораторийн 3 ажилтан, даргын туслах нарын тайлбар мэдүүлгээр нотлогдож байна. Бямбаноров, Лхамсүрэн, Одгэрэл нарын мэдүүлгийг анхаарч үзэхийг хүсч байна. Ёс зүйн зөвлөлийн тогтоол 03 дугаар сарын 02-ны өдөр гарсан байгаа. Энэ тогтоол гарснаас хойш ******* гардаж аваад гарын үсэг зураад өөрөө тайлбар гаргаж өгсөн байгаа. Байгууллагын ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх юм бол дээд шатны ёс зүйн зөвлөлийн байгууллагад хандаж хүчингүй болгох талаар ******* гомдлоо гаргах ёстой байсан. Үүнээс хойш 30 хоногийн хугацаа нь 06 дугаар сарын 07-нд дууссан байна. ******* энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй нь уг тогтоолыг хүлээн зөвшөөрсөн гэдгийг харуулж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Анхан шатны шүүх:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ө.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай, мөн газрын даргын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай, мөн газрын даргын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хуагцааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмжм гаргуулах, нийгмийн даатгалын татварыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл би Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 378 дугаартай шийдвэрийг 2019 оны 09 дүгээр сарын 27-нд гардан авсан бөгөөд тус шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмж өөрчилж Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгуулж лабраторын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин 3.895.642 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ ...хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалжээ. Нэхэмжлэгч Ө.******* нь би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж хөдөлмөрийн маргаанд зохигчдын нотлох үүргийг буруу тодорхойлж дүгнэсэн.

2. Анхан шатны шүүх мөн шийдвэрийн үндэслэлдээ ...******* нь ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай зөвлөгөөний 2019.04.11-ний өдрийн 16 дугаартай хурлын тэмдэглэл, мөн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 07/178 тоот албан бичиг, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны 03 дугаартай хурлын тэмдэглэл, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байх тул түүнийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх үндэстэй гэж дүгнэсэн.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 20 дугаар зүйлийн б заалтанд ноцтой зөрчилийг тодорхойлохдоо ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол гэж заасан. Гэтэл хөдөлмөрийн гэрээний тус заалтыг анхан шатны шүүх өөрийн санаачлагаар дэлгэрүүлж ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж явах үедээ гэсэн нөхцөл нэмээд ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн байгаа нь шүүх хөндлөнгийн байр суурьнаас биш нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хариуцагч байгууллагаас гаргасан дээрх баримтууд нь 2019.04.11-нд Ө.*******ээс архи үнэртсэн, архи уусан байдалтай байсан гэхчлэн хувь хүний субъектив дүгнэлтийг илэрхийлсэн байдаг боловч Ө.*******эд хариуцлага хүлээлгээд байгаа ноцтой зөрчил буюу ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үйл баримтыг тогтоогоогүй.

Өөрөөр хэлбэл ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримт хаана, хэзээ, ямар байдлаар үйлдэгдсэн эсэх нь эдгээр баримтанд тодорхойгүй байдаг. Иймээс анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримтын хамаарал, үйл баримтыг тогтоож байгаа байдлыг анхаарч үзээгүй.

Тухайлбал Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019.04.12-ны 07/178 тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл бөгөөд ноцтой зөрчлийг хэрхэн тогтоосон мэдээлэл энэ баримт болон хариуцагч байгууллагын үйлдсэн бусад баримтаас харагддаггүй.

Иймээс дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 378 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 378 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ В.******* нь ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх үндэстэй гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний 20.Б заалтад ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явах үедээ гэсэн нөхцөл заагдаагүй. Гэтэл шүүх хөдөлмөрийн гэрээний хэм хэмжээг ингэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь энэ хөдөлмөрийн маргааны гол зүйл нь ажилтныг ажлаас халсан Б/19 дугаартай тушаал байдаг. Энэ тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 20.Б заалтууд. Үндэслэл болгосон нөхцөл шалтгаан нь ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байдаг. Гэтэл энэ үйл баримтыг тогтоосон согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нотолсон баримт байдаггүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд болох хурлын тэмдэглэлүүд, ёс зүйн зөвлөлийн тогтоол дээр В.*******ээс архи үнэртсэн тийм байдалтай харагдсан гэсэн үйл баримтын талаар бичсэн байдаг. Эдгээр баримтуудад тусгагдсан мэдээлэл нь хөдөлмөрийн гэрээний 20.Б-д заасан нөхцөлтэй тохирохгүй байна. Мөн ажлаас халсан Б/19 тушаалын 1 дэх хэсэгт заасан ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримт нь хариуцагчаас гаргасан баримтууд дээр тогтоогдоогүй байгаа. Хариуцагчаас гаргасан нотлох баримтууд нь эргэлзээтэй байдаг. Тухайлбал 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл нь лабораторийн ажил дүгнэх буюу төлөвлөгөөт хурлын тэмдэглэл гэж ойлгогдохоор байдаг. Хурлын тэмдэглэл гэсэн толгойтой 1 хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн үүндээр хурлын тэмдэглэл хөтөлсөн Бямбабаяр гэсэн гарын үсэгтэй хурлын тэмдэглэл байдаг. Түүний дараа шуурхай хурлын тэмдэглэл болгоод албан вланк дээр тамга тэмдэгтэй хэвлээд дахиж шүүхэд гаргаж өгсөн. Энэ байдлаас нь хархад нэхэмжлэгчийн тухайн үеийн тэмдэглэл нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хөтлөгдсөн тэмдэглэл биш түүнээс хойш хариуцагч хариу тайлбартай холбогдуулж нотлохоор үйлдсэн тэмдэглэл гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан 2 тэмдэглэл нь эргэлзээтэй байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч В.******* 2019 оны 04 дүгээр сарын 11-нд ямар нэгэн байдлаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгээ удаа дараа тайлбарласан байдаг. Харин анхан шатны шүүх В.******* согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй гэдгээ хангалттай нотлоогүй байна гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар ажилтны хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах болсон үндэслэлээ ажил олгогч өөрөө нотлох үүрэг хүлээдэг. Гэтэл нотлох үүргийг буруу тодорхойлж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны 378 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Архи уусан гэдгийг тогтоосон гэх шүүхийн шийдвэр нь Мэргэжлийн хяналтын даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ёс зүйн зөвлөлд шилжүүлсэн бөгөөд ёс зүйн хороо нь дүгнэлт гаргасан гэтэл уг дүгнэлт нь үндэслэлгүй гарсан байдаг. Архи уусан, үнэртүүлсэн эсэхийг тогтоолгох бүрэн боломж байсан болов ч тухайн үед тогтоогоогүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т байх нөхцөлийг хангасан эсэх эргэлзээтэй байдаг. Ёс зүйн хороо нь ямар үндэслэлтэй дүгнэлт гаргах ёстой, ямар эрх үүрэгтэй зэрэг нь эргэлзээтэй байна. Тиймээс Э.Баасандэмбэрэл өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

2019 онд хийсэн хурлын тэмдэглэл бол тухайн үед албан ёсны хурал болоогүй юм. Тухайн үед би архи уугаагүй өргөдлөө бичиж өг, эсвэл ёс зүйн хорооны дүгнэлт гарна дарга гарга гээд байна гэсэн. Миний цалин хасагдах үед нь би сахилгын шийтгэл авсан гэдгээ мэдсэн. Албаны дарга нь тухайн сахилгын шийтгэлийг хүссэн үедээ тэр бүрд нь гаргадаг гэж би үзэж байна.

Би халсан тушаал аваад даргын өрөөнд орж манай лаборатори нь 2009-оос хойш тасралтгүй аюулгүй байдлыг хангаж ажиллаж ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй гэсэн зүйл ярьсан гэв. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 378 дугаартай шийдвэр нь хууль ёсны байна гэж үзэж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул гэж оруулж өгсөн байгаа.

Байгууллагын дотоод журмын 8 дугаар заалтын 8.2-т сахилгын ноцтой зөрчил гэдэгт ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж оруулж өгсөн байгаа. Хөдөлмөрийн гэрээг дээрх заалтуудыг үндэслэж цуцалсан байгаа. Байгууллагын дотоод журмын 8.2-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийн талаар тодорхой заасан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 20.Б-д мөн ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцож ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн дээр талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

В.*******ийн ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хангалттай гэрч нараар нотлогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь

Шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Б/11 дугаартай , мөн газрын даргын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан Ө.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. 

Нэхэмжлэгч Ө.******* нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн гэрээний 20.б-д заасан ноцтой зөрчилд тооцохоор зөрчлийг гаргасан нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, шуурхай зөвлөгөөний 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай хурлын тэмдэглэл, мөн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 07/178 тоот албан бичиг, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэргээр хангалттай нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол гэж заасан .Гэтэл анхан шатны шүүх дээрх заалтыг дэлэгрүүлж, ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явах үедээ гэсэн нөхцөл нэмээд ажилтаныг ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэж байгаа нь шүүх хөндлөнгийн байр сууринаас биш нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна гэжээ. 

Нэхэмжлэгч Ө.******* нь ажилтаны хувьд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-нд заасан үүрэг, шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй. 

Ө.******* нь дээрх эрх зүйн актуудад заасан шаардлагыг үл биелүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 16 цаг 10 минутанд буюу ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн хэвийн бус байсныг согтууруулах ундааны зүйл хаана, хэнтэй хэрэглэсэн эсэхээс үл хамаарч ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх ба энэ зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл, Ө.******* нь ажлын цагаар ажил үүргээ тасралтгүй гүйцэтгэж байх үүрэгтэй бөгөөд тэрээр ажилдаа согтуу ирсэн нь түүнийг ажлын байранд архи хэрэглэсэн гэж үзнэ. 

Мөн Ө.******* нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн үдээс өмнө ажил тасалсан үндэслэлээр ажил олгогч 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд энэ шийтгэлд ажилтан гомдол гаргаагүй тул уг тушаал хүчин төгөлдөр байна. 

Шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.дахь зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 378 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.БАТТОГТОХ 

ШҮҮГЧИД                         Б.НАМХАЙДОРЖ 

Б.АРИУНБАЯР