Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00487

 

Ө.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 378 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2019/00020 дугаар магадлалтай,

Ө.А-ийн нэхэмжлэлтэй,

Зт холбогдох,

З-ын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11, 2019 оны 05 дугаар арын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.А би 2009 оноос одоог хүртэл З-н итгэмжлэгдсэн лабораторт лаборант шинжээч, эрхлэгч зэрэг ажлыг хийж байсан. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаагүй. Газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэж байсан. Газрын дарга А.Даваадорж нь 2019 он гарснаас хойш удаа дараа үндэслэлгүй тушаал, шийтгэвэр гарган ажиллах нөхцөл боломжийг хаан боогдуулан, санаатайгаар ажлаас халж байна. Анх 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэл өгсний дагуу хариу тайлбар өгөхөд арга хэмжээ авсан тухай мэдэгдээгүй, гэтэл дараа нь үдийн цайнд 10 минутын өмнө гарсан гэж хэл амаар доромжлон чамаар мэдүүлэхгүй, өөрөө мэдэж ажил явуулна гэж дайраад танилцуулах гэж орсон бичиг баримтыг үзээгүй.

Миний хувьд та хамт олонд жигд шаардлага тавихгүй байгууллагын дарга хүн байж ёс зүйгүй байгаа талаар хэлэхэд өрөөнөөсөө хөөж сануулах тушаал гаргасан байсан. Түүнийг нь цалин хасагдаж ороход нь мэдсэн. 2019 оны 04 сард нүүх үеэр лабораторийн өрөө байрны хуваарилалт шинжилгээ хийх орчин нөхцөлийн талаар хэлэхэд сэтгэлгүй энэ тэр гэж байнга үгээр идэж байсан. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн цайны цагаар гараад ирэхэд дахин тушаал гаргасан нь үндэслэл байхгүй. Хамт олон хэлж ярьж байгаад 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тушаалыг /халах/ хүчингүй болгосон боловч намайг өөрөө гарах хүсэлт өг гэж дарамтлан өгөхгүй болонгуут дахин 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ёс зүйн зөвлөлөөр дүгнэлт гаргуулан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр халах тушаалыг дахин гаргасан. Энэ бүх үйлдэл нь хувийн үзэл бодол юм.

Иймд Зт холбогдох Зрын даргын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн Б/11 07-060, мөн газрын даргын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн Б/11 07-069, мөн газрын даргын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, 2015 оны 10 сарын 01-ний Б/75-р тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах, нийгмийн даатгалын татварыг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ринчиндорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Аийн нэхэмжлэлийн шаардлага болох Зрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 тоот Ө.Аэд Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Ө.А нь нэхэмжлэлийн үндэслэлдээ өөрийгөө цайны цагаас 10 минутын өмнө гараад ирэхэд сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй юм. Гэтэл Ө.А нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн үдээс өмнө байгууллагын удирдлагаас чөлөө зөвшөөрөл авалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр огт ажилдаа ирээгүй бөгөөд цайны цагийн өмнөхөн ажилдаа ирсэн учраас байгууллагын удирдлагаас ажлын цагаа баримтлах талаар хууль ёсны шаардлага тавьсан байдаг.

Түүний 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлын цагаар ажлын байран дээр согтуу ирсэн нь тухайн өдрийн 16 цаг 10 минутад эхэлсэн Газрын даргын шуурхай хурал дээр мэдэгдсэн. Энэхүү хурлаар Ө.Аийн хариуцан ажилладаг итгэмжлэгдсэн лабораторийн 1-р улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэх байсан учраас тэрээр өөрөө хуралд оролцох ёстой байсан. Энэ хуралд оролцохдоо Ө.А нь тайлан тавих чадваргүй, хөл дээрээ тогтож чадахгүй, нилээн их архи үнэртүүлэн согтуу орж ирсэн учраас байгууллагын удирдлагаас түүнийг хариад амар, түүний ажлыг өнөөдөр хэлэлцэх боломжгүй гээд тайлангийн ажлыг хойшлуулсан.

Энэхүү ноцтой зөрчлөө Ө.А хүлээн зөвшөөрч байгууллагын даргад өөрөө өргөдлөө өгөөд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа өгье гэсэн учраас түүний гаргасан зөрчилд арга хэмжээ авалгүй 4 сарыг дуусгасан. Тэрээр өргөдлөө татсан учраас байгууллагын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот Ө.Аэд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар түүний ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчилд шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлсөн байдаг.

Гэтэл байгууллагын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот Ө.Аэд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг гаргахдаа Ө.Аийн ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг шалгаж тогтоогоогүй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно. гэж заасны дагуу хүчингүй болгож, тухайн тушаалаар Ө.Аийн ноцтой зөрчлийг шалгаж тогтоолгохоор байгууллагын ёс зүйн зөвлөлд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн.

Захиргааны актыг хүчингүй болгох тухай тушаалыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ө.Аэд гардуулсан. Ө.А энэ хугацаанд ажлаа хийж байсан.

Ө.Аийн ажлын байран дээр согтуу байсан талаарх зөрчлийг байгууллагын ёс зүйн зөвлөл шалгаж тогтоох ажиллагаа явуулсны эцэст 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг шалгасан тухай Ёс зүйн зөвлөлийн тогтоолоор Ө.Аийг ажлын байран дээр архидан согтуурч, ажлын цагаар согтуу байсныг тогтоосон.

Ёс зүйн зөвлөл нь энэхүү тогтоолоо Ө.Аэд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан байдаг.

Ажилтан ажлын байран дээрээ ажлын цагаар архидан согтуурсан байх нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж тухайлан заасан байх тул байгууллагын даргын 2019.05.10-ны өдрийн Б/19 тоот Ө.Аэд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Ёс зүйн хорооны тогтоолыг үндэслэн, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг болон холбогдох дүрэм, журмуудыг үндэслэн түүнийг ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэн, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү тушаалыг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ө.Аэд гардуулснаар тэрээр ажлаа хүлээлгэн өгсөн. Байгууллагын удирдлагаас гаргасан Ө.Атэй холбоотой шийдвэрүүдийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа бөгөөд байгууллагын Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг мөн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Ө.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ө.Аийн нэхэмжлэлтэй Зт холбогдуулан гаргасан Зрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай, мөн газрын даргын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай, мөн газрын даргын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах, нийгмийн даатгалын татварыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2019/00020 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн эс зөвшөөрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ө.Аийн нэхэмжлэлтэй Зт холбогдох “Зрын даргын 2019.05.10-ны өдрийн Б/19 дугаартай, мөн газрын даргын 2019.03.11-ны Б/11 тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.09.12-ны өдрийн 378 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.12.03-ны 205/МА2019/00020 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан.

Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлдээ Ө.А нь хөдөлмөрийн дотоод журам, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д зэрэг эрх зүйн актуудад заасан шаардлагыг үл биелүүлж ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэвийн бус байсан тул ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Ажил олгогч Ө.Аийг Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил (20.б-д заасан зөрчил) гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан. Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийн заалтуудыг хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд хамааруулаагүй байдаг.

Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн зөрчил тогтоогдсон -ехцөцд хүлээлгэж болох хариуцлага нь тухайн актууд болон Хөдөлмөрийн хуульд заасанчлан зөрчлийн шинж чанараас шалтгаалан ялгамжтай байх боломжтой.

Үүнийг үл харгалзан хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийг шууд хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэж ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэснийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Мөн магадлалын үндэслэлд ажилдаа согтуу ирсэн нь түүнийг ажлын байранд архи хэрэглэсэн гэж үзнэ” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 болон 198 дугаар зүйлийн 198.1 заалтуудыг зөрчиж хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Учир нь талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь хоёр талын хэлцэл бөгөөд тус гэрээний 20.б заалтад “ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэх” гэж ноцтой зөрчлийн шинж байдал, үйлдлийг тодорхой заасан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээний заалтыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахгүйгээр дүгнэлт гаргасан.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Ө.Аийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.12-ны өдрийн 378 дугаартай шийдвэр, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.12.03-ны 205/МА2019/00020 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Ө.А Зт холбогдуулан Зрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11, 2019 оны 05 дугаар арын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэж, ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. болон 198 дугаар зүйлийн 198.1. заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...хөдөлмөрийн гэрээнд “ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэх” гэж ноцтой зөрчлийн шинж байдал, үйлдлийг тодорхой заасан байхад зөрчлийн үгийн шууд утгыг анхаарахгүйгээр дүгнэлт хийсэн...” гэх үндэслэл зааж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүсчээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. 

  Нэхэмжлэгч Ө.Аийг Зрын лабораторийн эрхлэгчээр ажиллаж байхад нь “ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн Зрын даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/19 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., хөдөлмөрийн гэрээний 20.б-д зааснаар үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулсан.

Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 20.б-д ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь ажлын цагаар, ажлын байранд архи уугаагүй гэж тайлбарлан, хоёр шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан үгийн шууд утгыг анхааралгүй хуулийг буруу хэрэглэсэн гэжээ.

Хэрэгт авагдсан “...олон жил уулзаагүй багын найз ирээд цайны цагаар уулзаж жаахан юм уусан, цайны цаг өнгөрөөгөөд ажил дээрээ орж ирсэн...” гэх түүний тайлбар, мөн тэрээр лабораторийн 1-р улирлын дүнг хэлэлцэх хуралд согтууруулах ундаа хэрэглэсэн, хэвийн бус байдалтай  орж ирснээс хэлтсийн ажлыг дүгнэх хурал тухайн өдөр хуралдалгүй хойшилсон үйл баримтаар нэхэмжлэгч нь ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн166 дугаар зүйлийн 166.4., 178 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 378 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2019/00020 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                              ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД