Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 226/МА2020/00006

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 3 сарын 25 өдөр          Дугаар 226/МА2020/00006                                 Хэрлэн сум

 

О-гийн нэхэмжлэлтэй,

Ө-, Л нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00006/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,   

Нэхэмжлэгч О-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

Хариуцагч Ө-, түүний өмгөөлөгч Т.Ариунболд

Хариуцагч Л нарыг оролцуулан,

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 81 дугаар шийдвэртэй, О-гийн нэхэмжлэлтэй, Ө-, Л нарт холбогдох “3748700 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ө-, түүний өмгөөлөгч Т.Ариунболд нарын давж заалдах гомдлоор 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Миний бие ноолуурын бизнес эрхэлдэг. Би 2019 оны 01 дүгээр сарын 24-нд 800000, 3 дугаар сарын 05-нд 500000, 3 дугаар сарын 07-нд 500000, 1500000, 3 дугаар сарын 09-нд 500000, 3 дугаар сарын 10-нд 1000000, 3 дугаар сарын 11-нд 600000, 3 дугаар сарын 12-нд 400000, 3 дугаар сарын 13-нд 200000, 2800000, 3 дугаар сарын 14-нд 1000000 төгрөгийг тус тус Ө-ы ХААН банкны дансанд, 2019 оны 3 дугаар сарын 27-нд 200000 төгрөгийг Л-н хүсэлтээр “Л-с” гэсэн утгатайгаар Ц гэх хүний ХААН банкны дансанд шилжүүлсэн. ХААН банкны дансаар нийт 10000000 төгрөг шилжүүлсэн. Мөн өөрийн “Хас” банкны дансаар 2019 оны 01 дүгээр сарын 29-нд 1200000, 3 дугаар сарын 16-нд 3000000 төгрөгийг тус тус Ө-н оот дансанд, 3 дугаар сарын 18-нд 100000 төгрөгийг Л-н хүсэлтээр Ө гэх хүний дансанд “Л-с” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. “Хас” банкны дансаар нийт 5600000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 05-нд 500000, 3 дугаар сарын 18-нд 100000, 500000, 3 дугаар сарын 22-нд 100000, 3 дугаар сарын 24-нд 100000, 4 дүгээр сарын 01-нд 50000 төгрөг, нийт 1300000 төгрөгийг Л надаас бэлнээр авсан бөгөөд хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Миний бие Ө-, Л нарт өөрийн ХААН банкны дансаар 10000000, “Хас” банкны дансаар 5600000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ө-, Л нарт дансаар 15600000, бэлнээр 1300000 төгрөг, нийт 16950000 төгрөг өгснөөс 11423000 төгрөгийг малчдаас ноолуураар болон бэлэн мөнгөөр авсан тул үлдэгдэл 5527000 төгрөгөөс Лхагвын хувь ноолуурын үлдэгдэл 1778300 төгрөгийг хасч 3748700 төгрөгийг нэхэмжилж байна. “Ноолуурын мөнгө” гэж шилжүүлсэн 5200000 төгрөг нэхэмжлэлийн үнийн дүнд ороогүй, мөн Цэнд гэх хүнд шилжүүлсэн 200000, Өлзийхуар гэх хүнд шилжүүлсэн 100000, 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 300000 төгрөгийг тус тус хасч тооцсон гэжээ.

            Хариуцагч Ө-, Л нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            2019 оны 01 дүгээр сарын 24-нд 800000, 1200000 /Хас/, 02 дугаар сарын 22-нд 200000 /Хас/, 3 дугаар сарын 05-нд 500000, 3 дугаар сарын 07-нд 1500000, 500000, 3 дугаар сарын 09-нд 500000, 3 дугаар сарын 10-нд 1000000, 3 дугаар сарын 11-нд 600000 /А өгсөн/, 3 дугаар сарын 12-нд 400000 /А өгсөн/, 3 дугаар сарын 13-нд 200000, 2800000, 3 дугаар сарын 14-нд 1000000, 3 дугаар сарын 16-нд 1000000 /Хас/, 3000000 /Хас/ төгрөг нийт 9800000 төгрөгийг О- миний ХААН болон Хас банкны дансаар шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 11-ний 600000, 3 дугаар сарын 12-ны 400000 төгрөгийг миний дансаар дамжуулан А гэх хүнд өгсөн, 3 дугаар сарын 16-нд шилжүүлсэн гэх 300000 төгрөг миний Хас банкны дансанд ороогүй, 3 дугаар сарын 18-нд Ө шилжүүлсэн 100000, 3 дугаар сарын 27-нд Ц-н дансанд шилжүүлсэн 200000, 3 дугаар сарын 16-нд аав Б-н ноолуурын үнэд шилжүүлсэн 3000000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул төлөхгүй. 2019 оны 3 дугаар сарын 16-нд О- аавын ноолуурын мөнгө гэж 5200000 төгрөгийг АТМ-ээс миний данс руу шилжүүлсэн боловч амралтын өдөр байсан учир ороогүй. Тэгээд 3000000 төгрөгийг банкан дээр очиж миний дансанд шилжүүлснийг аав Б-ад өгсөн. О-гийн 2019 оны 3 дугаар сарын 16-нд шилжүүлсэн 5200000 төгрөг 2019 оны 3 дугаар сарын 18-нд миний дансанд орсон бөгөөд О-гийн нөхөр Г ажил дээр ирж карт авч АТМ-аас уг 5200000 төгрөгийг авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин өөрийн ноолуурын мөнгөний үлдэгдэл болох 2178300 төгрөгийг О-гаас гаргуулмаар байна гэжээ.

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 81 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө-, Л нараас 3148700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79004 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 6532902 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагч Ө-, түүний өмгөөлөгч Т.Ариунболд давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хариуцагч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

            ХААН банкны Хэнтий салбарын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/81 дугаартай “камерын бичлэг 3 сарын хугацаанд хадгалагддаг учраас тухайн өдрийн бичлэгийг гаргах боломжгүй” гэсэн албан бичиг шүүх хуралдаан болох өдөр шүүхэд ирж хариуцагч тал нэхэмжлэлийн татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргах боломжгүйгээр шүүх хуралдаан үргэлжилсэн. Шүүх хуралдааны явцад талууд 2019 оны 3 дугаар сарын 16-нд 3000000 төгрөг дансанд орсон, энэ мөнгийг Ө- Б-д өгсөн /Б 2010.01.31-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн/, 2019 оны 3 дугаар сарын 18-нд 5200000 төгрөг дансанд орсон, энэ мөнгийг О-гийн нөхөр Г авсан гэж мэтгэлцдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг хойшлуулж нотлох баримтыг гаргуулан авах эрхийг шүүх эдэлдэг бөгөөд Г, Ө- нарын утсаар ярьсан баримтуудыг нөхөн гаргуулж, хэрэгт ач холбогдол бүхий гэрч болох Г-с гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагаануудыг хийгээгүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Мөн хариуцагч Ө-ы дансанд 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 15 минутад 5200000 төгрөг орж ирсэн байх бөгөөд 11 цаг 54 минутад 1000000, 11 цаг 54 минутад 1000000, 12 цаг 05 минутад 1000000, 15 цаг 57 минутад 2000000 төгрөгийг тус тус Г АТМ-аас авсан, үлдсэн 200000 төгрөгөөс 80000 төгрөгийг ноолуурын мөнгө болгон А гэдэг хүний дансанд шилжүүлсэн үйл явдлыг шүүх зөвөөр тогтоогоогүй, А гэх хүнийг гэрчээр асуух шаардлага байгаа эсэхийг анхаарч үзээгүй /200000 төгрөг дансанд үлдсэн талаар хх-ийн 40 хуудсанд/ байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ 3000000, 5200000 төгрөгийг тооцоогүй атлаа шүүхийн шатанд гаргаж ирсэн, шүүх хуралдааны явцад 770000, Ц-н 200000, Ө-н 100000, Ө-ы ноолуурын мөнгө гэсэн утгатай 300000 төгрөгийг тус тус хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан зэргээс үзэхэд түүний нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, шүүхэд өгсөн тайлбар мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байх тул “3000000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгсөн” гэх гэрч Б-н мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж, 2019 оны 3 дугаар сарын 18-нд дансанд орсон гэх 5200000 төгрөгөөс тухайн өдөртөө цувуулж авсан Г-н үйлдлийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байгааг анхаарч үзнэ үү.  Анхан шатны шүүх Ө-ы өөрийн дансанд орсон мөнгийг үнэн зөвөөр мэдүүлж, ямар нэгэн зөрүүтэй тайлбар, мэдүүлэг өгөөгүйг, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөвөөр үнэлж, хуулийг зөв тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О- нь хариуцагч Ө-, Л нараас “3719000” төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “3748700” төгрөгийг нэхэмжилсэн байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдод 2020 оны 01 дүгээр сарын 24, 29-ний өдрүүдэд хэргийн материал танилцуулсан /хх-н 136, 157х/ байх бөгөөд үүнээс хойших нотлох баримтууд болох нэхэмжлэгч О-гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 159-166х/, ХААН банкны Хэнтий салбарын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/81 дугаар албан бичиг /хх-н 167х/ зэргийг хэргийн оролцогчдод танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрх эдэлнэ гэснийг зөрчсөн байна. Иймд хариуцагч Ө-, түүний өмгөөлөгч Т.Ариунболд нарын “Хаан банкны албан бичиг нь шүүх хуралдаан болох өдөр ирсэн, хариуцагчид нотлох баримт гаргах боломжоор хангаагүй” талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй, шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.     

О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө-, Л нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлож 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 317 дугаартай “иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамж гарчээ /хх-н 134х/.

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар “А, Б нараас гэрчийн мэдүүлэг авч, шүүх хуралдааныг хойшлуулсан тухай тэмдэглэл /хх-147-149х/ гарсан боловч дугааргүй, даргалагч шүүгчийн нэрийг буруу бичсэн, “хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хойшлуулах” тухай шүүгчийн захирамж хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн ХААН банкнаас камерын бичлэг ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 329 дугаартай шүүгчийн захирамж /хх-н 141-144х/, шүүх хуралдааны тэмдэглэл /дугааргүй/ гарсан байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2 удаа хуралдаж 2 тэмдэглэл гаргасан зэрэг алдаа зөрчлүүдийг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65329 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 81 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65329 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.