Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 193

 

Г.М, Э.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, хохирогчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 628 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, Г.М, Э.С нарт холбогдох 1910009080593 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.А, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр-ХД 36-48 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Гын М,

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайнь 6 дугаар гудамжны 147 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Эийн С.

Г.М нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эл Эс” плаза төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.Аыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар албаны хэрэгцээнд ашиглаж байсан “YJ12-1” загварын галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгслээр түүний зүүн хөлний гуян тус газар буудаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,   

Э.С нь мөн үед Д.Аыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газарт нэг удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Э.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүхээс тогтоосон болон хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.М, Э.С нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.А болон түүний өмгөөлөгч Н.Баярсайхан нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүхээс ... Гэм буруугийн сэдэлт, зорилгыг бүрэн тогтоогоогүй гэдгийг хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь энэхүү хэрэгт шүүгдэгч Г.Мын үйлдэл нь шууд бус санаатай буюу тухайн хор уршгийг хүсээгүй байлаа ч өөрийн үйлдлээрээ зориуд хүргэсэн. Г.Мын гэм буруугийн сэдэлт, зорилгыг илэрхийлж буй зүйл нь нэгдүгээрт, нэмэлт хүч дуудсан гэх мөртлөө, нэмэлт хүч хүлээлгүйгээр гаднаас хийн буу оруулж ирж байгаа нь буудах зорилготой байсныг, хоёрдугаарт, тухайн хийн бууны гохыг дарах идэвхтэй үйлдэл хийхгүйгээр буудагдах боломжгүй байсан, энэ талаар шинжээчийн дүгнэлтэнд тодорхой дурдагдсан байдаг. Эдгээр нөхцөлүүд нь Г.Мын үйлдэл санаатай байсныг илэрхийлж байна.

Гэтэл Г.Мын энэ үйлдлийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийг буруу тайлбарлаж болгоомжгүй гэмт хэрэг байж болзошгүй мэтээр бичсэн, мөн анхан шатны шүүхийг санаатай болон болгоомжгүй хэлбэрийн аль нь гэдэг дээр дүгнэлт хийгээгүй байна гэх зэргээр буруутгасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт Г.Мын үйлдлийг гэм буруугийн шууд бус санаатай хэлбэртэй байна гэж маш тодорхой дүгнэсэн байна.

Э.Сийн тухайд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр бусдын бие махбодид гэмтэл учруулсан байдаг. Учир нь цагдаагийн биеийн хүч хэрэглэх зааварт “хүний нүд рүү өшиглөж болно” гэсэн ямар ч журам байхгүй. Э.С нь газарт уначихсан байгаа хүний нүд рүү өшиглөж байгаа нь эргэлзээгүй шууд санаатай үйлдлээр гэмтэл учруулж байгаа үйлдэл юм.

Г.М, Э.С нар болон нэмэлтээр ирсэн 2 цагдаа “хохирогч Д.А болон С.Б нарыг өөрийгөө удирдах чадваргүй байсан” гэх мэдүүлэг өгсөн байдаг. Харин Д.А, С.Б нар нь хөнгөн зэргийн согтолттой, өөрийгөө удирдан жолоодох бүрэн чадвартай байсан талаараа мөн мэдүүлдэг. Тухайн хүнийг хэр хэмжээний согтолттой, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан эсэхийг тогтоохдоо зориулалтын багаж хэрэгслээр тогтоох учиртай. Гэтэл үүнийг тогтоож магадлаагүй мөртлөө Д.А, С.Б нар нь өөрийгөө удирдах чадваргүй байсан гэж мэдүүлж байгаа нь огтхон ч үндэслэлгүй юм.

Хууль ёсны шаардлага тавьсан гэх түхайд, LS плазагийн ажилтан Д.Халиуны гэрчээр өгсөн мэдүүлгээс үзэхэд дуудлага нь анхнаасаа ...Пүрэвсүрэнд хамаатай болохоос Д.А, С.Б нарт хамааралтай дуудлага биш байсан. Мөн Г.М, Э.С нар нь Д.А, С.Б нарын байсан өрөөнд орж ирэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасан “Цагдаагийн алба хаагч үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн албан тушаал, цол, нэрийг хэлж, шаардсанаар өөрийн албаны үнэмлэхийг үзүүлнэ” гэсэн үүргээ огт биелүүлэлгүйгээр Д.А, С.Б нарыг Цагдаагийн хэлтэс рүү авч явахыг шаардсан. Д.А, С.Б нар нь уг шаардлагыг биелүүлж доошоо буусан бөгөөд буух явцдаа үүдний хажууд байх хувцасны өрөөнд орж, хувцсаа сольчихоод явъя гэснээс болж анх маргаан үүссэн байдаг. Энэхүү маргаан нь цагдаагийн дэслэгч Г.Мөнхбаярын цагдаагийн алба хаагчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гаргаж ...зүй зохисгүй үг хэллэг хэлснээс болж үүссэн байдаг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл”-ээс тодорхой харагддаг.

Мөн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1-д заасан “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө”, 13.1-д заасан “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн болон түүнийг хамгаалах хүний хүсэлтээр, эсхүл цагдаагийн алба хаагч өөрөө санаачлан тухайн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэхгүйгээр хамгаалах хүнд хүлээлгэн өгч болно” гэсэн заалтуудыг зөрчиж, нэгдүгээрт, Д.А, С.Б нар нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болтлоо согтоогүй байхад эрүүлжүүлэх байр руу хүчээр авч явахыг завдсан, хоёрдугаарт, хамт хариуцан ажилладаг ямар нэгэн согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй Д.Ишдорж нь би энэ 2-ыг хариуцаад ямар нэгэн асуудал гаргалгүйгээр аваад явчихъя гэсэн хүсэлтийг огт хүлээж авалгүйгээр эрүүлжүүлэх байр руу хүчээр авч явахыг завдсан, гуравдугаарт, Д.А, С.Б нар нь цагдаа нарын эсрэг ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцээгүй байхад заавал авч явна гэснээс болж маргаан үүссэн. Эдгээр баримт нотолгоонууд нь Г.М, Э.С нарыг хууль ёсны шаардлага тавьсан, Д.А, С.Б нарыг хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд "... Д.А, С.Б нарын үйлдэл нь Эруүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна” гэсэн байдаг. Хохирогч Д.А болон гэрч С.Б нарын үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд Хан-Уул дүүргийн прокурорын газраас хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн дээрх дүтнэлт нь прокурорын эрх хэмжээнд шууд халдсан явдал гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасныг давж заалдах шатны шүүх зөрчсөн.

Мөн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Д.А, С.Б нарыг хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлийг шүүгдэгч нарын өмгөөлөгч болон улсын яллагчийн зүгээс огтхон ч тавиагүй бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтдээ “...цагдаагийн хошууч С.Мөнхбатаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг аваагүй учраас шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах, мөн З.Алтантөр, Б.Уламбаяр, Ц.Энхтайван нарыг шүүх хуралдаанд гэрчээр дуудан оролцуулах хүсэлтэй байна” гэсэн үндэслэл гаргасан. Үүнийг нь анхан шатны шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй болно.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тус хэргийг хариуцсан шүүгч буюу илтгэгч шүүгч Ц.Оч нь шүүгдэгч Г.М хандаж “Мөнхбаяраа чи янз бүрийн хүмүүсээр яриулаад байхгүй шүү, тэгж болохгүй шүү” гэх мэтээр ярьсан нь шүүх хуралдааны бичлэгт бичигдэж үлдсэн. Энэ яриа нь хохирогч талд таагүй мэдрэмж төрүүлсэн бөгөөд хэргийг давж заалдах шатны шүүхээс прокурорт буцаасан нь шүүгчид хэргийг дотоод итгэл үнэмшлээрээ бодитойгоор үнэлж, шударгаар шийдвэрлэсэн гэхэд эргэлзэх эргэлзээг төрүүлж байна. Түүнчлэн шүүгчид нөлөөлөх оролдлогын талаар тус шүүгч нөлөөллийн мэдүүлэгтээ мэдүүлсэн эсэхийг тодруулах шаардлагатай байна.

Хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргав” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Баярсайхан хэлсэн саналдаа “Хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Үйл явдал камерийн бичлэгт маш тодорхой буюу Г.М бууг барьж байтал С.Б гэх хүн түлхэх үед түүний биеийн тэнцвэр алдагдаж буудсан. Тэгэхээр буудахыг хүсээгүй, түлхэгдсэний улмаас гох дарагдсан учир санаатай гэмт хэрэг биш.

Давж заалдах шатны шүүх болгоомжгүй гэмт хэрэг байж болох талаар дүгнэлт хийсэн боловч мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэдэгт санал нийлэхгүй байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Д.А болон түүний өмгөөлөгч Н.Баярсайхан нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Г.М, Э.С нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Г.М нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эл Эс” плаза төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.Аыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар албаны хэрэгцээнд ашиглаж байсан “YJ12-1” загварын галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгслээр түүний зүүн хөлний гуян тус газар буудаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 

Э.С нь мөн үед Д.Аыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газарт нэг удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын хүрээг зөв тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байхад шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна. 

Тодруулбал, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд цагдаагийн байгууллагын ажилтан болох Г.М, Э.С нар нь иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу хаягаар очиж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлж буй хууль сахиулах үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн байх, бусадтай хүндэтгэлтэй харьцах, албаны шаардлагыг зөв хэлбэрээр илэрхийлэх, хүний хууль ёсны эрхийг хүндэтгэж харьцах зэрэг шаардлагыг ханган ажиллаж чадаагүй, түүнчлэн албадан эрүүлжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэх үндэслэл бүрдээгүй байхад бусдын эрх чөлөөнд халдан, баривчлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх оролдлого гаргаснаас үүдэн шүүгдэгч, хохирогч нарын хооронд  маргаан үүсэх эхлэл тавигдсан төдийгүй, үүнээс улбаалсан зүй бус харьцаа, зөрчилдөөн хурцдаж, улмаар зайлшгүй шаардлага үүсээгүй байхад нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж, мөн бусдын эрх чөлөөнд халдан зодож хохирогчийн биед гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.

Дээр дурдсан шүүгдэгч нарын үйлдэл, түүний шинжид хийвэл зохих хууль зүйн дүгнэлт бүрэн бус, энэ талаар шалгагдвал зохих зарим нөхцөл байдлууд шалгагдаагүй байгаа нь хэргийн нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй үндэслэлд хамаарч байгаа болно.

Эрүүгийн хуулиар хориглосон бусдын эрүүл мэндэд хохирол учруулах үйлдлээс гадна өөр өрсөлдөх хэм хэмжээнд тусгагдсан үйлдэл, эс үйлдэхүйн шинжийг зайлшгүй няцааж, эсхүл баталсан дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүх эрх мэдлийн хувьд төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн аливаа ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, түүнийг хууль зүйн арга хэрэгслээр баталгаатай хангах, нөгөө талаас төрөөс тогтоосон хууль, хэм хэмжээ буюу эрх зүйг хамгаалах чиг үүрэгт хамаардаг болохыг дурдах нь зүйтэй.

Энэхүү хэрэг нь цагдаагийн алба хаагч нар албаны үүргээ биелүүлэхдээ хүний хүний амь нас, эрүүл мэндийн эрх төдийгүй хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн харилцааг хөндсөн шинжийг агуулж байх бөгөөд тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах” гэмт хэргийн шинж тогтоогдож байгаа эсэх, эсхүл нийлмэл болон давхар объекттэй нэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж, дүгнэвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна.

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж байгаа тул гэм бурууг эцэслэн шийдвэрлүүлэхтэй холбоотой хохирогч Д.А болон түүний өмгөөлөгч Н.Баярсайхан нарын хамтран гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 628 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хохирогч Д.А болон түүний өмгөөлөгч Н.Баярсайхан нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэлэлцэлгүй орхисугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН