Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2015/0672/З |
Дугаар | 128/ШШ2016/0919 |
Огноо | 2016-11-15 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2016/0919
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” олон улсын дээд сургууль
Нэхэмжлэгч: Иргэн З.Т*******
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нар
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, улмаар 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон иргэн З.Т*******ын 0211762, “*******” олон улсын дээд сургуулийн 0171781 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулах
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н*******, Д.О*******, гуравдагч этгээд Д.Ганцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Т******* болон “*******” олон улсын дээд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 20-р хороонд иргэн З.Т******* 3028/0036 нэгж талбарын дугаар бүхий 20000 м.кв, “*******” олон улсын дээд сургууль нь 3028/0036а нэгж талбарын дугаар бүхий 10000 м.кв газрыг “амралт, сургалт”-ын зориулалтаар эзэмших эрхийн 0211762, 0171781 тоот гэрчилгээг 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5 жилийн хугацаатай аваад, газрын төлбөрийг гэрээнд зааснаар төлж байгаад 2013 оны намраас гэрчилгээний хугацааг сунгуулахаар хуульд заасан хугацаанд хандаж ирсэн боловч дүүргийн газрын алба хүсэлт, бичиг баримтыг нь “Гачууртын газартай холбоотой өргөдлийг огт авахгүй” гэж амаар хариу өгч, татгалзсан үндэслэлээ бичгээр өгөхгүй хууль бусаар буцаадаг байсан байна.
Иймээс итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд бичгээр хандсанд, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 401 тоотоор “Газрын тухай хуулийн 37.1 дэх заалт, мөн газар эзэмших гэрээний 5.5 дахь заалтын дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон байна” гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4105 тоот захирамжаар, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны харьяалах дээд шатны байгууллагад хандаагүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т заасны дагуу “захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм.
Ингээд иргэн З.Т*******ын болон “*******” олон улсын дээд сургуулийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасанд, дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1174, 1175 тоотоор “газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2010 ны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Иймээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах боломжгүй” гэсэн гайхалтай хариу өглөө.
Иргэн З.Т******* болон “*******” олон улсын дээд сургууль нь газар эзэмших эрхийн 0171781 тоот гэрчилгээг 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5 жилийн хугацаатай аваад үүргээ зохих ёсоор биелүүлж, газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж ирсэн, хамгийн сүүлд 2015 оны 1-р улирлын төлбөрт 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 660 000 төгрөг төлжээ.
Тэгэхлээр 5 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ аваад 2 жил ч болоогүй байхад нь түүнийг хүчингүй болгосон байх юм. Энэ тухай болон хүчингүй болгосон үндэслэлийг гэрчилгээ эзэмшигчид Нийслэлийн болон дүүргийн Засаг дарга, газрын албанаас тухайн үед огт мэдэгдээгүй байх бөгөөд иргэн З.Т******* болон “*******” олон улсын дээд сургууль нь газрын төлбөрийг тогтмол төлж байхад нь ч дүүргийн газрын албанаас зогсоож, илүү төлсөн мөнгийг буцаан олгох талаар мэдэгдэж байгаагүй байна.
Түүнчлэн, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 401, 402 тоот болон 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1174, 1175 тоотод заасан үндэслэл өөр өөр байгааг шүүх анхаарч үзнэ үү.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийг хүчингүй болгож, улмаар иргэн З.Т******* болон “*******” олон улсын дээд сургуульд 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 0171781, 0211762 гоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэрийг шүүхээс гаргаж өгнө үү” гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...”*******” олон улсын дээд сургуульд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 324 дүгээр захирамжаар иргэн Б.Наранчимэгийн эзэмшил газраас хэсэгчлэн 1.0 га газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нэгж талбарыг нэхэмжлэгч түүний эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь хамгаалалтын бүсийн дотоод мужид орсон байна.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар ундны усны эх үүсвэрүүдийн дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж буй 165 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Газар эзэмших эрх дуусгавар болсноос хойш Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь нэхэмжлэгчээс газрын төлбөрийг нэхэмжлээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүйгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноос хойш газрын төлбөрийг төлсөөр иржээ.
Нийслэлийн Засаг дарга нь Усны тухай /2004 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Ариун цэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай /2002 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5-д заасан хүн амын унд, ахуйд ашиглаж байгаа усны эх булаг, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоож, бохирдолтоос хамгаалах арга хэмжээг зохион байгуулах бүрэн эрхийнхээ хүрээнд 2009 оны 95, 2010 оны 703 дугаар захирамжуудыг гаргасан болно.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/656 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулсан “Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох ажлын хэсгийг байгуулсан бөгөөд одоогоор ажлын хэсгийн санал дүгнэлт, хамгаалалтын бүсийг өөрчлөх тухай Засаг даргын шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн З.Т*******ын хувьд 30000 м.кв газрыг амралт сувиллын зориулалтаар Баянзүрх дүүргийн 2006 оны 273 дугаар захирамжаар эзэмшүүлж, 2008 оны 324 дүгээр захирамжаар тус газраас 20000 м.кв талбайг иргэн З.Т*******т шилжүүлсэн байдаг.
“*******” ОУДС-ийн хувьд үлдсэн 10000 м.кв газрыг мөн 2008 оны 324 дүгээр захирамжаар Б.Наранчимэгийн эзэмшил газраас шилжүүлсэн байдаг. Иргэн З.Т*******ын хувьд Нийслэлийн газрын кадастрын санд бүртгэгдсэн, төлбөрийг төлж байсанд маргаагүй. “*******” ОУДС-ийн хувьд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгэгдэж байгаагүй. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон байдаг. Энэ тогтоосон хил хязгаарт нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газар хамгаалалтын бүсийн дотоод мужид орсон. Энэ мужид орсон тул Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслээд, ундны усны эх үүсвэрийн дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж байгаа нийт 165 иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон.
“*******” ОУДС-ийн хувьд газар эзэмших эрх дуусгавар болсноос хойш газрын төлбөрөө төлж байсан ба түүнд маргаан байхгүй. З.Т*******ын хувьд хүчингүй болгосноос хойш төлбөрөө төлсөн асуудал нь тусдаа энэ хэрэгтэй хамтатгахгүйгээр шийдвэр яаж гарснаас шалтгаалаад буцаагаад нэхэмжлэлээ давах эрх нэхэмжлэгчид байна. Газар эзэмших эрхийг хүчингүй болгоход Газрын тухай хуулийн 40 дугаар 40.1 дэх хэсгийг зөвхөн баримтална гэсэн зүйл байхгүй. Тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Засаг даргын захирамж, хууль тогтоомжид нийцээгүй бол хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг өөрөө буюу дээд шатны шатны засаг дарга хүчингүй болгуулах эрх хэмжээтэй байж байгаа. Энэ эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг дарга нь Баянзүрх дүүргийн хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрүүдийг хүчингүй болгох арга хэмжээг авсан.
95 дугаар тогтоолыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/656 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин экологи, ногоон хөгжил хариуцсан орлогчоор ахлуулсан ажлын хэсэг 95 дугаар тогтоолыг шинэчлээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 50 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоол гараад иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшлийн газар нь хамгаалалтын дотоод мужаас гарсан боловч газрын доорх усны эх үүсвэрийн тэжээлийн мужид багтаж байгаа. Усны газрын сангийн энгийн хамгаалалтын бүсэд тодорхой хэмжээний давхцалтай харагдаж байгаа юм. Энэ асуудлыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон байдаг.
Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 50 дугаар тогтоолыг хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ? гэхээр “Ус хангамжийн эх үүсвэрийн хориглолтын болон хязгаарлалтын бүсэд мөрдөх зөвлөмж”-ийг Нийслэлийн Засаг даргад 2006 онд хүргүүлсэн байдаг. Энэ зөвлөмжид Гачууртын эх үүсвэрийн орчинд гээд хэсэгчлээд зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмжид “бохир ус цэвэршүүлэх системгүй хаус хороолол, амралтын газруудыг ус хангамжийн эх үүсвэр, тэжээлийн мужид баримтлах ёстой дүрмийг хатуу мөрдүүлэх” гэж байдаг. Цаашид суурьшлын талбайг нэмэхгүй байх, шинээр суурьшлын бүсийн газрыг нэмж олгохгүй байх, аливаа аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох гэсэн зөвлөмж ирүүлсэн. Тус зөвлөмжийн дагуу 1-рт 50 дугаар тогтоолоороо ундны усны тэжээлийн бүсэд бүтнээрээ орсон. Ундны усны энгийн бүсэд тодорхой хэмжээгээр давхацсан байгаа учраас Байгаль орчны сайдын зөвлөмжийн дагуу нэхэмжлэгч иргэн аж ахуй нэгжид газар эзэмших эрх олгох боломжгүй.
Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан 703 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна. Нэгэнт хүчингүй болсон захирамжийн дараа гарсан захирамж нь мөн хүчингүй болох тул ач холбогдол багатай юм. Даалгах асуудлын тухайд “*******” ОУДС-ийн газар эзэмшлийн асуудлыг тус компанийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал зэргийг шалгаж үзэх ёстой. Яагаад гэвэл тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай бол газар эзэмших эрх байхгүй бөгөөд тус эрх нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуй нэгжийн хооронд явуулна гэсэн зохицуулалттай байдаг. Ийм учраас даалгах тухай асуудал нь хууль зөрчих магадлалтай тул анхаарч үзнэ үү.
Хэдийгээр 50 дугаар тогтоол гарсан хэдий ч 95 дугаар захирамжтай адил нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж байгаа газар нь хамгаалалтын дотоод мужаас гараад тэжээлийн мужид хамаарагдах бусад хориглолтын хязгаарлалтын бүсэд багтаж байгаа учраас энэ захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн З.Т*******ын болон “*******” олон улсын дээд сургуулийн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот хууль бус захирамжийг хүчингүй болгож, улмаар 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 0171781, 0211762 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, баталгаажуулан газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанд газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгах шийдвэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Газрын төлбөрийг гэрээнд зааснаар төлж, байгаад 2013 оны намраас
гэрчилгээний хугацааг сунгуулахаар хуульд заасан хугацаанд хандаж ирсэн
боловч дүүргийн Газрын алба хүсэлт баримт бичгийг Гачууртын газартай
холбоотой өргөдлийг огт авахгүй гэж амаар хариу өгч, татгалзсан үндэслэлээ
бичгээр өгөхгүй хууль бусаар буцаадаг байсан гэх тухайд:
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг
шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Өргөдөл гомдлын талаарх төрийн
байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүргийг заасан” бөгөөд тус хуулийн
7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “Харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал
хүлээн авах”, мөн Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын даргын 2008 оны
83 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар эзэмших ашиглах
эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1.1-д “Иргэн хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх гэж тус тус заасан тул нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт гаргасан бол хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу заавал бүртгэж, баталгаажуулсан байх үүрэгтэй байна.
Нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргад
өргөдөл хүсэлтээ гаргаж байгаагүй байна.
Хэрвээ Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2013, 2014
онуудад өргөдөл хүсэлтээ өгөөд байхад хариуг нь бичгээр биш, амаар өгч хууль
бусаар буцаадаг байсан бол нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Өмч газрын
харилцааны албыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх хэсэгт “Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргана” гэсний дагуу өргөдөл хүсэлтээ шийдвэрлүүлэхээр дээд шатны байгууллага, албан тушаалтанд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Засаг даргад тухайн үед хандаж, өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.
Хүчингүй болгосон захирамж дээр газрын төлбөр хураасан гэх тухайд;
Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба газрын төлбөрийг
нэхэмжлэлийн дагуу хурааж Нийслэлийн өмчийн харилцааны дансанд
төвлөрүүлдэг бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг дарга төлбөр хураахад
оролцдоггүй, төлбөр хураасан тал дээр хэргийн оролцогч, хариуцагч байгууллага
биш байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24
дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаар татагдсан Баянзүрх
дүүргийн Засаг даргыг жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү .
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж байгаагүй, Засаг дарга өргөдөл хүсэлтийг нь буцааж байгаагүй, Нийслэлийн Засаг даргаас хүчингүй
болгосон захирамж дээр төлбөр хураах шийдвэр гаргаагүй байх тул өөрөөр хэлбэл
хэргийн оролцогч, хариуцагч биш байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргыг
жинхэнэ хариуцагчаар сольж, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах
нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь
хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н******* болон Д.О******* нар нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн засаг дарга “*******” ОУДС-ийн шаардлага дээр 2010 оны 703 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, газрын гэрчилгээ болох 2008 оны 0171781 тоот эрхийн гэрчилгээг сунгаж баталгаажуулж, газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж, гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанд даалгах, гэрчилгээ олгохыг тус дүүргийн засаг даргад даалгах тухай шаардлага гаргасан байгаа юм.
Тэгэхээр эдгээр шаардлагын хүрээнд хариуцагчийг буруу тодорхойлоод байгаа асуудал гарч ирж байгаа юм. Учир нь Газрын тухай хуулиар, эрх зүйн актаар газар эзэмших гэрчилгээ олгох асуудал 23.4 дэх заалтын дагуу дүүргийн газрын албанд хамаарагдах юм. Гэтэл нэгэнт хуулиар хариуцагчийг тодорхойлсон байхад Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах шаардлага гаргасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн гэрчилгээ олгохыг даалгах 2010 оны 703 дугаар захирамж одоо болтол хүчин төгөлдөр юм. Хэдийгээр ундны усны дотоод мужаас гарсан боловч Байгаль орчны албан тоотод зааснаар тэжээлийн бүсэд хамаарах нөхцөл байдал харагдаж байгаа юм. Ийм учраас дүүргийн засаг даргад холбогдох гэрчилгээ олгохыг даалгах боломжгүй юм.
“*******” ОУДС нь газрын төлбөр төлсөн асуудал ярьдаг. Тэгэхээр Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар харьяаллын дагуу ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авна. Мөн Газрын харилцаа геодези зураг зүйн газраас дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1.1 дэх хэсэгт иргэн хуулийн этгээдийн өргөдөл гомдлыг хүлээн авах бүртгэх гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах хүсэлт гаргасан бол хуулиар хүлээсэн үүргийн дагуу заавал бүртгэх баталгаажуулсан байх ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэлээс харахад Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй байна.
З.Т*******ын хувьд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар газар эзэмших эрх нь хүчингүй болсон байгаа юм. Дүүргийн засаг дарга 2014 оны А/688 дугаар захирамжийн үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын 95 дугаар захирамжаар тогтоосон дотоод мужид хамаарч байсан учраас Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар хүчингүй болсон байдаг. Тэгэхээр энэ захирамж нь эрх зүйн ач холбогдолгүй байна. Өөрөөр хэлбэл иргэний эрх ашгийг өөрчилсөн зүйл байхгүй байгаа. Яагаад гэвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болсон байгаа учраас ач холбогдолгүй юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэлийг тодорхойлсон байдаг. 1-рт захиргааны хууль бус акт гарсан байх ёстой ба мөн хууль бус актын улмаас иргэний эрх ашгийг хөндсөн байхыг хэлдэг. Тэгэхээр дүүргийн Засаг даргын 2014 оны А/688 дугаар захирамж иргэний эрх ашгийг хөндсөн захирамж биш юм. Тиймээс эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.
Гуравдагч этгээд “Сансар дижитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...”Сансар дижитал” ХХК нь 2005 олон сувгийн тоон телевизийн нэвтрүүлгийг Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороод тэр дундаа Гачуурт дахь дахин дамжуулах станцаараа дамжуулан үзүүлж байгаа билээ. Тус компанийн Гачууртын оршин суугчдад олон сувгийн нэвтрүүлэг үзүүлэх дахин дамжуулах станц нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хар усан тохой” амралтын захад байрладаг бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны зөвлөмж, аюулгүй ажиллагааны стандартын дагуу 30 метрийн өндөртэй цамхагийн антен фидерийн татуурга, холболтын кабель шугам, станцын техникийн барилгын хамгаалалтын талбайд зайлшгүй шаардлагатай газар ашиглах зөвшөөрлийг Баянзүрх дүүрэг болон Нийслэлийн газрын албанд 2006 оноос эхлэн хүсэлт гаргасны дагуу Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/419 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 133031/0074 дугаар бүхий 285 м.кв газрыг эзэмших эрхийн 0232990 дугаар бүхий гэрчилгээг олгосон. Манай компани гэрээний нөхцөлийн дагуу заасан газрыг төлбөрийг цаг тухайд нь төлж байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч иргэн З.Т*******, “*******” олон улсын дээд сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “*******” олон улсын дээд сургууль болон иргэн З.Т******* нар нь анх “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 0171781 болон 0211762 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн хугацааг сунган баталгаажуулах, ...гэрээг шинэчлэн байгуулж гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр шийдвэрээр тус дүүргийн 20 дугаар хороонд “Амралт сувилал”-ын зориулалттай 20000 м.кв газрыг нэхэмжлэгч З.Т*******т 5 жилийн хугацаатайгаар, 10000 м.кв газрыг нэхэмжлэгч “*******” олон улсын дээд сургууль /цаашид ОУДС гэх/-д мөн 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.
Баянзүрх дүүргийн Газрын албанаас иргэн З.Т*******т 0211762 тоот, “*******” ОУДС-д 0171781 тоот “...газар эзэмшүүлэх гэрчилгээ” тус тус олгож, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “... газар эзэмшүүлэх гэрээ”-г тус бүртэй байгуулжээ.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг “... ундны усны тэжээлийн дотоод мужид газар эзэмшиж байгаа” гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байхад бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авдаггүй, өөр өөр хариу өгч татгалзаж байгаа нь хууль бус юм” гэж маргажээ.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:
Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь:
1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 324 тоот шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар захирамжид нийцэхгүй байх тул дээд шатны Засаг даргаас хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна. Тодруулбал,
- Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс” тогтоосон байх ба уг захирамжийн 5 дугаар заалтаар “... тэжээлийн дотоод мужид иргэн, ...-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байх”-ыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасан байна.
Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга нь иргэн Б.Наранчимэгийн хүсэлтийг хүлээн авч 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр иргэн Б.Наранчимэгт 30000 м.кв газрыг эзэмшүүлж, 2008 оны 10 дугаар сарын 04-ний 324 дүгээр шийдвэрээр дээрх газраас 10000 м.кв газрыг “*******” ОУДС-д, 20000 м.кв газрыг иргэн З.Т*******т шилжүүлэн эзэмшүүлсэн нь дээд шатны Засаг даргын шийдвэрт нийцээгүй гэж үзэхээр байна.
- Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар “... хамгаалалтын муж”-ийн солбицлыг шинэчлэн тогтоосноор 2003 оны 95 дугаар захирамжийн 1, 2 дугаар хавсралтуудыг хүчингүй болгосон байх ба 2003 оны 95 дугаар захирамжийн бусад заалтууд болон хавсралтууд хүчинтэй үйлчилж байхад дүүргийн Засаг дарга нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар захирамжийн 3 дугаар хавсралт/...дэглэм/-ын “Хоёр”-ын 4 дэх хэсэгт “Хамгаалалтын мужид дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: “амралт сувилал, ...байгуулах” гэснийг зөрчжээ.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 324 дүгээр шийдвэр нь дээд шатны Засаг даргын шийдвэрт нийцээгүй байх тул түүнийг хүчингүй болгосонд хариуцагч Нийслэлийн Засаг даргыг буруутгах боломжгүй.
2. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар тогтоосон хамгаалалтын бүсэд нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газар хамаарч байсан байх ба нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газрыг “... ундны усны тэжээлийн муж”-д хамааруулсан тухайд талууд маргаагүй байна.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”-д “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байх тул хариуцагч Нийслэлийн Засаг даргаас өмнө гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангасан үйлдэлд хариуцагчийг буруутгах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /2002/-ийн холбогдох заалтыг үндэслэж гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангах үүргийг Нийслэлийн Засаг дарга хүлээсэн байх бөгөөд энэ үүргийнхээ дагуу дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... дүүргийн Засаг даргын захирамжийг ... Нийслэлийн Засаг дарга ... тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасанд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох заалтуудыг баримтлаагүй нь буруу” хэмээн тайлбарлан маргаж байх боловч маргаан бүхий акт нь “нэхэмжлэгч нарыг газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр бус “*******” ОУДС болон иргэн З.Т******* нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа “эрх бүхий албан тушаалтан нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн” үндэслэлээр гарсан байх тул дээрх тайлбар нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамааралгүй байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн газарт зэргэлдээ байрлаж байгаа иргэн Г.Энхтүвшингийн газар эзэмших эрхийг маргаан бүхий актаар хүчингүй болгосон байхад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/378 тоот шийдвэрээр дахин газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь газрын харилцаан дахь тэгш байдлыг алдагдуулж байна” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй хэдий ч энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй байна.
Иргэн З.Т*******ын 0211762, “*******” олон улсын дээд сургуулийн 0171781 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
- Нэхэмжлэгч З.Т*******ын эзэмшиж байсан 20000 м.кв газар нь “*******” ОУДС-ийн эзэмшиж байсан 10000 м.кв газартай 213 м.кв, “Сансар дижитал” ХХК-ийн газартай 103 м.кв талбайгаар давхцаж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр ,
- Нэхэмжлэгч “*******” ОУДС-ийн эзэмшиж байсан 10000 м.кв талбайтай газар нь гуравдагч этгээд “Сансар дижитал” ХХК-ийн газартай 231 м.кв, нэгж талбарын 18658310533474 дугаар бүхий “Морьт гүрэн” ХХК-ийн газартай 2366 м.кв талбайгаар тус тус давхцаж байгаа нь мөн шинжээчийн дүгнэлтээр ,
- “Морьт гүрэн” ХХК-д газар эзэмших эрх олгогдоогүй нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны 2/1383 тоот албан бичиг , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Морьт гүрэн” ХХК-д газар эзэмших эрх олгогдоогүй” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч З.Т*******ын эзэмшиж байсан 20000 м.кв газар нь иргэн Э.Энхтүвшингийн эзэмшил газраасаа илүү гаргаж хашаалсан газартай бүхэлдээ, “*******” ОУДС-ийн эзэмшиж байсан 10000 м.кв газар нь дээрх хашаалсан газартай 6 м.кв талбайгаар давхцаж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоогдож байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “*******” ОУДС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээд “Сансар дижитал” ХХК-ийн эзэмшил газартай давхцал бүхий 231 м.кв, иргэн З.Т*******ын газартай давхацсан 103 м.кв нийт 334 м.кв газрыг хасч тооцох, З.Т*******, “*******” ОУДС-ийн газруудын давхацсан хэсгийг З.Т*******ын газарт тооцох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс”-ийг шинэчлэн тогтоосон байх ба нэхэмжлэгч нарын газар нь уг тогтоолоор тогтоосон “Газрын доорхи усны эх үүсвэрийн тэжээгдлийн муж”-д бүхэлдээ, “усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-д хэсэгчлэн хамаарч байгаа нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 08 дугаар сарын 15-ны албан бичгээр нотлогдож байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...энгийн хамгаалалтын бүсэд ямар дэглэм мөрдөх эсэх нь одоогоор тодорхойгүй, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар болон 2009 оны 95 дугаар захирамжууд хүчингүй болоогүй байгаа” гэж тайлбарлаж байна. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч “*******” ОУДС, иргэн З.Т******* нарын Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт “Амралт сувилал”-ын зориулалтаар газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь хууль бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн “иргэн З.Т*******ын 0211762, “*******” олон улсын дээд сургуулийн 0171781 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулах” шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзсаныг батлах нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” олон улсын дээд сургууль, иргэн З.Т******* нарын “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, улмаар 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон иргэн З.Т*******ын 0211762, “*******” олон улсын дээд сургуулийн 0171781 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын “шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээд “Сансар дижитал” ХХК-ийн эзэмшил газартай давхцал бүхий 231 м.кв, иргэн З.Т*******ын газартай давхацсан 103 м.кв нийт 334 м.кв газрыг хасч тооцох, З.Т*******, “*******” ОУДС-ийн газруудын давхацсан хэсгийг З.Т*******ын газарт тооцох” хэсгээсээ татгалзсаныг баталсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ