Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 194

 

Ч.Г холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ-Очир, хохирогч Э.Э, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар магадлалтай, эрүүгийн 1917001120068 дугаартай Ч.Гд холбогдох хэргийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ-Очирын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ус-Ду” ОНӨУҮГ-т цэвэр усны оператор ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар багийн 2-4-54 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Чын Г.

Ч.Г нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамын 441/232 дугаартай километрийн шонгийн орчимд “Алтан Шижирт зам” ХХК-ийн өмчлөлийн 79-03 УБО дугаартай “Nortbenz” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Э.Эийн жолоодож явсан 99-57 БРА дугаартай “Honda Insigt” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч С.Гын эрүүл мэндэд хүнд, Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Э.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Гг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “Шижирт алтан зам” ХХК-иас хохирогч Ц.Бгийн эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,319,070 төгрөг, хохирогч Э.Эийн эмчилгээний болон бусад зардал 194,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Эд гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан 3,095,000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт, шүүгдэгч Ч.Гаас “Алтан шижирт зам” ХХК-ийн эзэмшлийн 79-03 УБО дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан 805,000 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “Алтан шижир зам” ХХК-нд тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтанд ... “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр” гэснийг ... “тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэйгээр” гэж,

Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дах хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч “Алтан шижирт зам” ХХК-иас хохирогч Ц.Бгийн эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,319,070 төгрөг, хохирогч Э.Эийн эмчилгээний болон бусад зардал 194,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Эд гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан 3,095,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт, Шүүгдэгч Ч.Гаас “Алтан шижирт зам” ХХК-ийн эзэмшлийн 79-03 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан 805,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Алтан шижирт зам” ХХК-нд тус тус олгосугай” гэж тус тус өөрчилж,

Тогтоох хэсгийн 6 дах заалт болгон "Хохирогч Ц.Б нь эмчилгээний болон бусад зардал болох 1,408,930 төгрөг, хохирогч С.Г нь эмчилгээний зардал болон бусад зардал болох 7,000,000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн,

Тогтоох хэсгийн 7 дугаар заалт болгон “Иргэний хариуцагч нь хуульд заасны дагуу өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн заалтуудыг тус тус нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ-Очир гаргасан гомдолдоо “...Шүүгдэгч Ч.Г энэ хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон, өөрөө хохирлоо хариуцан төлж барагдуулна гэж хүлээн мэдүүлсэн байна. Анхан шатны шүүх хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Прокурорыг хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэжээ.

Гэтэл ...хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлуудыг... Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар иргэний хариуцагч “Алтан шижирт зам” ХХК-аас гаргуулж олгох нь зүйтэй байна гэснийг “Алтан шижирт зам” ХХК- хүлээн зөвшөөрөхгүй.

Харин шүүгдэгч Ч.Г нь өөрөө бусдад учруулсан хохирол төлбөрөө хариуцан төлж барагдуулна гэж байгаа тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт ...зааснаар төлбөрийг төлөх үүрэгтэй.

Хохирогч гэх суудлын машиныг жолоодож явсан жолооч Э.Э нь Монгол Улсын “Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, тус дүрмийн 12.3, 12.4, 12.6 заалтуудыг зөрчсөн...

Иргэний хуулийн 498.3 Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно. Иймд гэм хорын хохирлыг Э.Энхтөр хариуцах нь шударга ёсонд нийцнэ.

Хэдийгээр шүүгдэгч Ч.Гын жолоодож явсан ачааны авто машин нь манай “Алтан шижирт зам” ХХК-ийн бүртгэлтэй машин боловч, манай компани нь тухайн осол хэрэг гарах үед байнгын тээвэргүй байж, хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, жолоочоор ажиллах хүнээ судалж гэрээ хийхээр бэлтгэж байсан юм.

Шүүх, Прокурор, Цагдаа, Мөрдөн байцаах алба аливаа хэрэг зөрчилд нотлох баримт, нотолгоо, хөдөлшгүй баримтанд тулгуурлаж шийдвэрээ гаргана биз дээ.

Иймд хохирогч Ц.Б, хохирогч Э.Э, иргэний нэхэмжлэгч Э.Э нарт учирсан хохирлыг шүүгдэгч Ч.Г нь бүрэн хариуцан төлөх учиртай гэж үзэж байна, тэгээд ч шүүгдэгч Ч.Г нь өөрийн гэм буруугаа ойлгож бусдад учруулсан бүхий л хохирлоо бүрэн төлнө гэж давж заалдах шатны шүүхэд хүлээн мэдүүлсээр атал манай “Алтан Шижирт Зам” ХХК- иар заавал төлүүлэх, дараа нь манай компани иргэний журмаар шүүхэд хандаж Ч.Гаас нэхэмжилж ав гэсэн шийдвэрийг шүүх гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг шийтгэх тогтоолоор шийдэж болох атал заавал иргэний журмаар шүүхэд хандуулж төвөг учруулж хүнд суртал бий болгох нь шүүхийн заавал хийх ёстой ажил юм уу.

Манай компанийн энэхүү гомдлыг хуулийн хүрээнд тал бүрээс нь нягтлан хянаж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх шүүгдэгч Ч.Г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хэмжээнд ял оногдуулсан байна. Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч суудлын автомашины жолооч Э.Эийг буруутай гэсэн агуулга бүхий гомдол хяналтын шүүхэд гаргасан. Шинжээч Э.Эийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ-Очирын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Гд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн авто замаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчин Э.Эийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, мөн нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Ч.Гд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн Ч.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн байх ба иргэний нэхэмжлэлд холбогдох зарим асуудлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд заасан үндэслэл байгааг дурдан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Д.Эын гаргасан “...иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг шийдвэрлүүлэх” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН