Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 119/2018/0003/З |
Дугаар | 221/МА2018/0466 |
Огноо | 2018-08-23 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2018/0466
Д.Ч-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ2018/0016 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ч-гийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ2018/0016 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаар "Төрийн албанаас халах тухай" тушаалыг хүчингүй болгож, Д.Ч-г тус хэлтсийн "Магадлагч" эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зуйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан Д.Ч-г 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.750.320 /зургаан сая долоон зуун тавин мянга гурван зуун хорин/ төгрөгийг гаргуулж, үүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, үлдэгдэл олговрыг нэхэмжлэгчид олгохыг Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /Б.А/-т даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-г давж заалдах гомдолдоо: “...Д.Ч нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б\122 дугаар тушаалаар төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан ч, дараа нь өөрийнх нь хүсэлтээр магадлагч эмчээр ажиллуулахаар шийдвэрлсэн асуудлыг шүүх арга хэмжээ авагдсан гэж үзсэн нь буруу. Түүнийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлснээр тус хэлтсийн дарга түүнийг магадлагч эмчээр томилсон тушаалд түүний гаргасан зөрчилд арга хэмжээ авч байгаа тухай зүйл дурьдагдаагүй байдаг тул үүнийг гаргасан зөрчилд нь арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлгүй.
Мөн Д.Ч нь гаргасан зөрчлөө огт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд төлөхийг даалгасан санхүүгийн актаар тавигдсан 1.221.795 төгрөгийг зөрчил гаргаснаас хойш сайн дураараа төлөхгүй явсаар байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б\51 дугаартай тушаалаар Санхүүгийн аудитын албанаас тавьсан албан шаардлага, актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэж халсан нь хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл шүүх дээрх тушаал гарахаас 3 хоногийн өмнө Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дансанд мөнгө тушаасан байгаад дүгнэлт хийхдээ “төлчихсөн байхад” гэсэн нь үндэслэлгүй. Сайн дураар биш шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадуулж төлсөн байгаагаас гадна энэ мөнгө төрийн санд шилжиж ороогүй зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн дансанд орсон тул төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон заалтыг оруулна уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Ч-ээс “Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргажээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас тус газрын дэд даргын баталсан төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийн дагуу Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014-2015 оны даргын тушаал, шийдвэрийн үндэслэл, үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэлд шалгалт хийж, “тус хэлтсийн дарга Д.Ч төсвийн үйл ажиллагааны хэмнэгдсэн зардал болох гэрээт ажилтны цалингаас 1.221.795 төгрөгийг “ЭХ” ХХК-ийн дансанд шилжүүлэн, бэлнээр авч батлагдсан төсвийг зориулалтын бусаар зарцуулсан” зөрчлийг илрүүлжээ.
Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга дээрх зөрчлийг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/122 дугаар тушаалаар Д.Ч-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан боловч 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар “...Алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч өөр ажилд шилжих хүсэлт гаргасан...” гэсэн үндэслэлээр Д.Ч-д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа хүчингүй болгож, ажлын байраар хангаж ажиллахыг даалгаж шийдвэрлэсний дагуу Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Д.Ч-г Магадлагч эмчээр томилон ажиллуулсан байна.
Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл Д.Ч нь төлөвлөгөөт бус шалгалтаар илэрсэн зөрчлүүдтэй холбоотойгоор Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн гэж үзэхээр байна.
Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар дээр дурдсан төсвийг зориулалтын бусаар зарцуулсан зөрчил болон үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас тавьсан албан шаардлага, актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Д.Ч-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Энэхүү тушаалын үндэслэл болсон Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дугаартай актаар Д.Ч-ээг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 1.221.795 төгрөгийн нөхөн төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосон.
Анхан шатны шүүхээс дээрх төлбөр тогтоосон акт гарсан өдрийг сахилгын зөрчлийг илрүүлсэн өдөр гэж дүгнэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг буруу тайлбарлан маргаан бүхий тушаалыг хүчингүй болгожээ.
Зүй нь, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хариуцагч нь Д.Ч-гийн нөхөн төлбөрийн актаар тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй зөрчлийн талаар Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаартай “Хариуцлага тооцуулах тухай албан шаардлага”-аас мэдсэн гэж үзэхээр байх тул хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.
Харин Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга маргаан бүхий тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах бодит нөхцөл байдлыг хариуцагч тогтоох үүрэгтэй.
Тодруулбал, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар Д.Ч-д нөхөн төлбөр тогтоосон улсын байцаагчийн актыг баталгаажуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 1.221.795 төгрөгийн нөхөн төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлүүлснээр улсын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11/634 дугаартай тогтоол хэрэгт авагдсан байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаал гарахаас өмнө 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.221.795 төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн, уг зөрчил арилсан байхад хариуцагч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч хуулийн заалтыг оновчтой зөв хэрэглээгүй, баримтлах ёсгүй хуулийн заалтыг баримталсан, мөн “Орхон аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтэс” нь “Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс” болж өөрчлөгдсөн байх тул шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсэгт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ2018/0016 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ч-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Ч-г тус хэлтсийн Магадлагч эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтаас “...28 дугаар зүйлийн 28.2.2” гэснийг хасч, “...Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /Б.А/-т” гэснийг “....Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад” гэж, 3 дахь заалтын “...Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс” гэснийг “...Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН