Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 226/МА2019/00003

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 3 сарын 27 өдөр          Дугаар 226/МА2019/0003                              Хэрлэн сум

 

  Нэхэмжлэгч Э,  Б, Бо, Н нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч  Б-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2019/0003/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,  

Нэхэмжлэгч  Э, өмгөөлөгч Ж.Эрдэнэчулуун

Хариуцагч Б, өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг  оролцуулан,

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 157/ШШ2018/0059 дугаар шийдвэртэй, Э,  Б, Бо, Н нарын  нэхэмжлэлтэй, хариуцагч Б холбогдох “гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгийг тогтоолгож гаргуулах, Б-н хууль бус эзэмшлээс хөрөнгөө гаргуулан авах, түүнд өв залгамжлуулагчийн өрийн үүргээс ногдуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Э,  Б, Бо, Н нарын давж заалдах гомдлоор 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Э,  Б, Бо, Н нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Э,  Б, Бо, Н нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс бидэнд ногдох хөрөнгийг тогтоолгох, Э,  Б, Бо, Н нарт ногдох 200 адуу, 285 үхэр, 490 ямаа, 304 хонь буюу нийт 1279 тооны малыг Б-с гаргуулах, Э, Бо, Н нарт Н-н хөрөнгөөс өв залгамжлалаар ногдох хэсгийг тогтоолгох, Б-д зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.

            Э би Н-тэй 1999 онд гэр бүл болж, том охин Бо, бага охин Б, Н нарын хамт ам бүл тавуулаа амьдарч ирсэн. Бид 1999-2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хамт амьдрах хугацаанд Хэрлэн сумын 4 дүгээр баг А-33 байрны 52 тоот 2 өрөө орон сууц, 3 дугаар баг А-01 байрны 28 тоот 2 өрөө орон сууц, ........ улсын дугаартай Toyota estima маркийн авто машин, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Цагаан овооны эрүү“ гэх газарт хашаа, саравч барьж нутаглан 250 адуу, 356 үхэр, 380 хонь, 613 ямаа, 12 тэмээ буюу нийт 1611 толгой малыг өсгөж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгон амьдарч байна.

            Миний нөхөр, бидний аав Н нь 2017 онд элэгний хорт хавдраар өвчилж, өвчний улмаас 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан.

            Б нь Н-н өмнөх эхнэрээс төрсөн охин бөгөөд 2015 оноос хойш бидэнтэй огт холбоогүй байсан. Б нь талийгаачийн өв хөрөнгөөс хуулийн дагуу ногдох хэсгээ өвлөх нь зүйтэй юм. Миний хувьд хөрөнгө өгөхгүй гэсэн зүйл яриагүй бөгөөд талийгаачийн оршуулгын ажил өнгөрч, 49 хоног нь гүйцээгүй байхад мал болон гэрийг эзэмшиж, хөдөө амьдрах аргагүй байдалд хүргээд байна.

            1. Буяны ажил буюу оршуулга өнгөрөөгүй байхад Б нь /талийгаачийн төрсөн ганц охин гэх нэрийдлээр/ нийт хөрөнгийн 70 хувийг эзэмших ёстой гээд мал болон хөдөө байдаг 2 гэр, өвөлжөө, хаваржааг булаан өөрийн мэдэлд оруулан эзэмдэн бидний амьжиргааны эх үүсвэр мал аж ахуйг булаан авснаар зээл болон бусдад өгөх өглөгөө өгч чадахгүй нөхцөл байдалтай байна.

            Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүд Н, Э, Б, Бо, Н нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс бидэнд ногдох хөрөнгийг тогтоож, 200 адуу, 285 үхэр, 490 ямаа, 304 хонь буюу нийт 1279 тооны малыг Б-с гаргуулж өгнө үү.

            2. Талийгаач нас барахдаа гэрээслэл үлдээгээгүй бөгөөд Э, Бо, Н бид Хэнтий аймгийн Хэрлэн сумын нотариатч Оюунцэцэгт өв хүлээн авах тухай хүсэлтээ гаргасан. Талийгаач Н-д гэр бүлийн дундаа хамтран өмчлөх дундын хөрөнгөөс Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг А-33 дугаар байрны 52 тоот 2 өрөө орон сууцны 20 хувь буюу 8644360 төгрөг, Хэрлэн сум 3 дугаар баг А-01 дүгээр байрны 28 тоот 2 өрөө орон сууцны 20 хувь буюу 18228000 төгрөг, ......... улсын дугаартай Toyota estima маркийн авто машины 20 хувь буюу 1000000 төгрөг, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Цагаан овооны эрүү” гэх газарт байрлах саравч, хашааны 20 хувь буюу 400000 төгрөг, 50 адуу, 71 үхэр, 76 хонь, 122 ямаа, 12 тэмээ буюу нийт 319 толгой мал ногдоно.

            Талийгаач Н-н эртний чулуун гаанс, хэт хутга, мөнгөн бүс, хазаар, аяга зэрэг эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс эхнэр Э, охин Бо, Н бид нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар өвлөх эрхтэй тул Н-н хөрөнгөөс өв залгамжлалаар ногдох хэсгийг тогтоож өгнө үү.

            3. Н-н эдэлж хэрэглэж байсан соёлын үнэт өв болох эртний чулуун гаанс, мөнгөн тоноглолтой хэт хутгыг Б нь соёлын өвд бүртгүүлж улсын сан хөмрөгт хадгалуулж хамгаалуулна гээд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө эзэмшилд авсан. Бидний амьдрах хугацаанд 65930000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн өр үүссэн. Энэхүү өрөөс өв хүлээн авч буй Б-д 32965000 төгрөгийн зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Н бид хоёр 2017 оны малын “А” дансны тооллогоор гэр бүлийн дундын хөрөнгө 1611 толгой малыг тоолуулж байсан. 1611 толгой малнаас гэр бүлийн 1 хүнд оногдох адуу 50, үхэр 71, хонь 76, ямаа 222 гэж тооцоолж анх нэхэмжлэлээ гаргасан. Шүүхийн шийдвэрээр нийт малаа 448510000 төгрөгөөр үнэлүүлсэн. Энэ үнэлгээг гэр бүлийн гишүүд тус бүрт хуваахад нэг гишүүнд ногдох нь 89702000 төгрөгийн үнэлгээний мал гарсан. Н-н гэр бүлийн 4 хүнд буюу Э, Б, Бо, Н нарт үнэлгээгээр нийт 358808000 төгрөгийн мал, малын тоогоор 1279 толгой мал ногдох ёстой гэж үзэж байна. Байрны хувьд А-33 дугаар байрны 52 тоот 2 өрөө орон сууцыг 2013 онд 43218000 төгрөгөөр худалдаж авсан. Тус үнийн дүнг гэр бүлийн 5 гишүүнд хуваахаар нэг хүнд 8644360 төгрөг ногдоно. Харин А-01 дүгээр байрны 28 тоот 58.8 метр квадрат 2 өрөө орон сууцыг 2016 онд банкны зээлээр буюу 91140000 төгрөгөөр худалдаж авсан. Үнийн дүнг гэр бүлийн гишүүдэд хуваахад нэг хүнд 18288000 төгрөг ногдож байна. 5 ханатай гэрийн хувьд 1800000 төгрөгөөр үнэлүүлсэн бөгөөд худалдаж аваад 2 жил болж байна. Гэр бүлийн гишүүдэд хуваахад нэг хүнд 360000 төгрөг ногдоно. Хашаа саравчийн хувьд албан ёсоор үнэлүүлээгүй хэдий ч гэр бүлийн нэг гишүүнд 400000 төгрөг ногдоно. Авто машины хувьд би 5000000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд гэр бүлийн 5 гишүүнд хуваахад нэг хүнд 1000000 төгрөг ногдоно. Дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэж байна.

            Хуваарьт хөрөнгө буюу өвийн тухайн анх бид гэр бүл болоход 4 ханатай гэрт амьдардаг байсан. 4 ханатай гэрийг 1500000 төгрөгөөр үнэлсэн. Хуваарьт хөрөнгө гэдэгт талийгаач Н-н хөрөнгө болох 4 ханатай гэр, гаанс, хэт хутга, мөнгөн хазаар, аяга, бүс зэрэг хөрөнгө орно.

            1999 онд бид хоёрыг суухад 385 толгой мал тоолуулж байсан боловч 2000 онд зуд болж ихэнх мал үрэгдсэн. 2001 онд Н-н бие нь муудаж эмнэлгийн хяналтад байсан учир мал харах боломжгүй байсан. Тухайн үед аймагт 3 жил болсон. 2003 оноос эхлэн мал бөөгнүүлж, мал мах авч байж хэдэн толгой малтай болсон. 2003 оноос 323 толгой мал тоолуулж гэр бүлийн дундын өмч үүсч эхэлсэн гэж үзэж байна. “А” дансны малын тооллогын бүх хуулгыг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан гэжээ.

            Нэхэмжлэгч Бо-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бо нь Э-н төрсөн охин юм. Н болон Э-н гэр бүлд бага наснаасаа эхэлж амьдарч ирсэн. Насанд хүрээд 2006-2010 онд хөдөө мал дээр гарч гэр бүлийн дундын хөрөнгө бий болгоход хүч хөдөлмөрөө зориулж ирсэн. Иймд гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох эд хөрөнгөө авах эрхтэй гэж үзэж байна. Харин өв залгамжлалын хөрөнгөөс хувь авахгүй юм. Бо нь 1989 онд 10 настай байсан бөгөөд тодорхой хэмжээгээр Н болон Э-н гэр бүлд дундын эд хөрөнгө үүсэхэд өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулсан гэж үзэж байна. Мөн сургуульд байхдаа амралтаараа хөдөө мал гарч мал маллахад нь тусалдаг байсан гэжээ.

            Хариуцагч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд Н-н ганц охин болон төрсөн. Одоо 28 настай, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний эцэг Н нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Би 1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр 10-н жилийн сургуульд элсэн орсон. 1999 онд миний нагац өвөө нас барж, нагац эмээ маань хөгжлийн бэрхшээлтэй буюу хараагүй байсан учир ээж, бид хоёр эмээгээ асрахаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум руу явсан. Түүнээс хойш аав маань Э-тэй амьдарч эхэлсэн тул ээж бид хоёр буцаж ирээгүй юм.

            1. Нэхэмжлэгч Э-н тухайд: Миний бие өнгөрсөн хугацаанд хааяа аав, эмээ дээрээ ирж уулздаг байсан. Намайг очиход аав маань гэртээ ганцаараа Баян-Овоо сумандаа малчинтайгаа малаа маллаж, Э Хэнтий аймгийн төв дээр тус тусдаа амьдардаг байсан. Энэ талаар аавын малыг малладаг аавын төрсөн эгч Н-н төрсөн хүү Г ах, айл саахалт хүмүүс, нутгийн ард олон бүгд мэддэг. Э-н нэхэмжлэлд дурдсан “малаа маллаж чадахгүй байдалд хүрээд байна” гэсэн нь худал зүйл бөгөөд намайг очиход Г ах малаа маллаж, Э аймгийн төв дээрх байрандаа амьдарч байсан. Хэдийгээр нөхцөл байдал ийм байсан ч Э нь хуульд заасны дагуу өв залгамжлагчаар тогтоогдож, өвлөгдөх эд хөрөнгө буюу 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойш бий болсон хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах нь зүйтэй юм. Түүнээс өмнө бий болсон эд хөрөнгө нь талийгаач аавын маань хуваарьт эд хөрөнгө бөгөөд ээж бид хоёр ч тухайн үед улсаас хувьчилж өгсөн мал сүрэг байсан. Үүнийг 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тоологдсон талийгаач аав Н-н нэр дээр тооллогын бүртгэлд тусгагдсан мал сүргийг хасаж тооцох нь зүйтэй байна.

            Намайг 2018 оны 02 дугаар сарын эхээр ирэхэд хотонд ойролцоогоор хонь, ямаа нийлсэн 1000 орчим мал байсан. Э намайг байхгүй хойгуур 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орчим ирээд бүх бог малыг туугаад өөрийн ах Б-н хотонд аваачсан байсан. Ингээд би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр очиж авахад хонь 223, ямаа 530, нийт 753 толгой хонь ямааг тоолж хүлээж авсан. Э-н тууж явсан хонь, ямаанаас 227 орчим тооны бог мал байхгүй, тэрээр өөр айлд аваачиж өгсөн сураг сонссон тул энэ асуудлыг Э өөрөө хариуцах ёстой. Үхэр, адуу тоолоогүй учир тодорхойгүй, Баян-Овоо сумын малчин Д-д 3 тооны тэмээ байгаа гэж надад хэлсэн. Үүнээс хойш 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр аавын төрсөн ах А нь хаанаас ирсэн нь тодорхойгүй хүүгийн хамт нилээд хэдэн тооны адуу тууж ирээд 42 толгой адууг миний адуу, би авах ёстой, манай бурхны адуу гэж хэлээд туугаад явсан. Мөн адуу харж байсан малчин залуу Ж нь яг хэдэн тооны адуу байсныг нь хэлэхгүй хэрнээ 1 азарга буюу хэдэн тооны толгой адуу гэдэг нь тодорхойгүй, алга болсон олдохгүй байна гэж хэлсэн. Ингээд малын тоо толгой одоогийн байдлаар тодорхойгүй, нэхэмжлэгч нарын хүсэлтэд дурдсан тэмээ-12, адуу-250, үхэр-356 , ямаа-613, бүгд 1611 тооны мал сүрэг манай хотонд байхгүй, хэрэв Э нь эдгээр тооны мал сүрэг хаана байгааг мэдэж байгаа бол өөрөө эх сурвалжийг нь зааж өгөх ёстой, бүх мал сүргийг бүртгэж, тогтоосны дараа уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

            Мөн аавын минь гал голомт болсон 4 ханатай гэр, 5 ханатай гэрт би гэр бүлийн хамт амьдарч байна. Э-н нэхэмжлэлийн шаардлагаас ипотекийн зээлээр худалдан авсан гэх орон сууцны төлбөрөөс Б надад 32965000 төгрөгийн зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг зээлийг аваагүй, уг орон сууцыг ямар нэгэн байдлаар эзэмшиж, ашиглаагүй гэдгийг дурдах нь зүй юм.

            2. Нэхэмжлэгч Б-н тухайд:

Б нь Э-н охин бөгөөд 1994 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн байна. Э-г аавтай минь гэрлэлтээ батлуулах үед тэрээр 7 орчим настай хүүхэд байсан бөгөөд анхнаасаа хөдөө мал маллаж амьдарч байгаагүй, аймгийн төв дээр сургуульд сурч, амьдарч байгаад Улаанбаатар хотод их сургуульд сурсан. Б нь хэзээ, хэрхэн, ямар журмаар өөрийн овгийг Н болгосон талаар мэдэхгүй байна. Мөн Б нь талийгаач Н-н гэр бүлийн гишүүн биш, түүнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ногдох гэсэн ойлголт байхгүй бөгөөд хууль ёсны өв залгамжлагч биш тул шаардах эрхгүй гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            3. Нэхэмжлэгч Бо-н тухайд:

Бо нь Э-н охин бөгөөд 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. Э-г аавтай минь гэрлэлтээ батлуулах үед тэрээр 12 настай хүүхэд байсан. Одоо 29 настай. Бо нь хүүхэд байхаасаа хөдөө мал маллаж байгаагүй, аймгийн төв дээр сургуульд сурч, амьдарч байсан. Бо талийгаач Н-н гэр бүлийн гишүүн биш түүнтэй хамт амьдарч байгаагүй, үрчилж аваагүй тул түүнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ногдох гэсэн ойлголт байхгүй, хууль ёсны өв залгамжлагч биш тул шаардах эрхгүй гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            4. Нэхэмжлэгч Н-н тухайд:

            Н нь Э-н охин Б-н төрсөн охин бөгөөд 2007 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн байна. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн банкны Хэнтий салбар болон Н, Э, Н нарын хооронд байгуулагдсан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нд О овогтой Н гэснээс харахад Н хэзээ, хэрхэн, ямар журмаар өөрийн овгийг Н болгосон талаар мэдэхгүй, тодорхойгүй байх тул түүнтэй холбоотой баримтуудыг эрх бүхий байгууллагаас нь гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Н нь Н-н гэр бүлийн гишүүн биш, түүнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ногдох гэсэн ойлголт байхгүй бөгөөд талийгаач Н-н хууль ёсны өв залгамжлагч биш тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Нэхэмжлэгч Бо, Б, Н нарыг талийгаач аавын маань гэр бүлийн гишүүд биш, хамтран амьдарч байгаагүй гэдгийг талийгаач аавын минь төрсөн ах, дүү нар болон нутгийн ард иргэдээс олж мэдсэн ба тэдгээртэй холбоотой баримтуудыг шалгаж тогтоон харгалзаж үзэх нь зүйтэй болов уу гэжээ.

             Хариуцагч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1999 онд өвөө маань нас барж, эмээ маань (хараагүй хүн байсан учраас) харгалзах хүнгүй болоод ээж бид хоёр Дэлгэрхаан суманд очиж амьдарсан. Хуваарьт эд хөрөнгийн хувьд Баян-Овоо суманд байхад би 3,4 настай байсан бөгөөд хувьчлал явагдаж манайх хувьчлалаар мал авсан. Аав ээж хоёрыг анх суухад манай аав  адуутай, үхэртэй, малтай анхнаасаа өөрийн гэсэн эд хөрөнгөтэй хүн байсан. Хуваарьт эд хөрөнгийн хувьд би Н-н ганц охин болж Хэнтий аймагт төрсөн нь үнэн. Би хэн нэгэн хүний эд хөрөнгөнөөс авах гээд байгаа зүйл байхгүй. Хэргийг үнэн зөв шүүж өгөөч гэж хүсч байна. Хувьчлалаас үүдэлтэй 1611 тооны толгой мал явж байгаа гэж бодож байна. Гаанс, хэт хутга, зэрэг нь манай ээжтэй суухаас өмнө байсан эд хөрөнгийг би  хуваарьт эд хөрөнгө гэж үзэж байна. Байрнуудын хувьд хашаа байшин сүүлд үүссэн эд хөрөнгийг 1/5 гээд хувааж байна. Энэ бол байж болж магадгүй. Гэхдээ 1999 оноос өмнөх мал тооллогын бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа бөгөөд тус тооллогуудаар гарсан малын данс манай аавын хуваарьт хөрөнгө гэж үзэж байна. Тэр хуваарьт хөрөнгө бол миний хөрөнгө юм. Би анх аав ээж хоёрыг салсан үгүйг мэдэхгүй ирсэн чинь баахан хүүхдүүд байж байсан. Би тэдгээр хүүхдүүдийг дагавар хүүхдүүд гэж бодож байна гэжээ.

             Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х-ын Э, Н-н Н, Н-н Б нарыг өвлүүлэгч Н-д оногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болох Н-н Б, Х-н Бо нарыг өвлүүлэгчид оногдох хэсгийг авлахаас татгалзсанд тооцож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 126 дугаар зүйлийн 126.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-с нэхэмжлэгч Э-д 150603333 төгрөг буюу малыг, нэхэмжлэгч Н-д 150603333 төгрөг буюу малыг тус тус гаргуулж, хариуцагч Б-д ногдох 150603333 төгрөг буюу малыг өөрт нь олгож, Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-с 21976666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э, Н нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э, Н нарт олгож, хоёр өрөө, хоёр орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулах нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй тул дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчинтэй болтол тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 757 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн захирамжийг хэвээр байлгахаар тус тус заан шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Э, Бо, Б нар нь давж заалдах гомдолдоо: Шүүхэд Э, Бо, Б, Н бид нар Б-д холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн гишүүд тус бүрт ногдох хэсгийг тогтоолгож Б-н хууль бус эзэмшлээс хөрөнгөө гаргуулан авах, өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хөрөнгийг тогтоолгох, өв хүлээн авсантай холбогдуулан өв залгамжлагчийн өрийн үүргээс ногдуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            1. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгөөс гэр бүлийн гишүүд тус бүрт ногдох хэсгийг тогтоолгож Б-н хууль бус эзэмшлээс хөрөнгөө гаргуулан авах шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч нар нь өв залгамжлах эрхтэй юм. Б өв хүлээн авах эд хөрөнгийн талаар маргаан гарсан учраас гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр 1611 толгой малыг тооцсон ч гэр бүлийн гишүүд тус бүрт ногдох хэсгийг тооцсонгүй. Тэгсэн атлаа нэхэмжлэгч Н-н Б, Х-н Бо нарыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болоход оруулсан хөдөлмөрийн оролцоог нотолж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзжээ. Э, талийгаач Н нар нь 1999 оноос гэр бүл болж гэр бүлийн гишүүд Б, Н, Бо нар бага наснаасаа хамт амьдарч мал аж ахуй эрхэлж байсан. Дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан “хүн амын тооллогын талаарх” Үндэсний архивын газрын лавлагаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3,4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтууд, 2003-2017 оны жилийн эцсийн мал тооллогын баримтаар нотлогдоно.

            Гэр бүлийн хөрөнгө бий болоход эрдэм ном сурах, амралтаараа ажиллах зэргээр гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрийн үүрэг оролцоог эцэг эх нь тогтоодог. Б, Бо нар нь бага, дунд, дээд боловсрол эзэмшиж мэргэжлээрээ ажиллаж байна. Хариуцагч нь зөвхөн талийгаачийн хүүхэд биш учир гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тогтоолгох /ямар нэг хөрөнгө авах/ эрхгүй гэж маргаж байхад, шүүх гэр бүлийн хөрөнгийг бий болгоход Б, Бо нарын хөдөлмөрийн оролцооны талаар буюу маргаангүй асуудлаар дүгнэлт өгч буй нь хуулийн үндэслэлгүй байна. Тэр үед 2003 онд мал үүсэж байхад Б 9 настай, Бо 14 настай, Ерөнхий боловсролын сургуульд сурч байсан. Б, Бо нар нь гэр бүлийн гишүүнээс өрх тусгаарлаагүй болно. Харин ч Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг А-33 дугаар байрны 52 тоотод бүгд хамт амьдарч байгаад тус сумын 3 дугаар баг А-01 дүгээр байрны 28 тоот байрыг худалдан авахдаа  Н, Э, Н нар нь зээл авч, зээлийн барьцаанд энэхүү 2 өрөө байраа тавьсан. Одоо энэ хоёр орон сууцандаа амьдарцгааж байна. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А-33 дугаар байрны 52 тоот 2 өрөө байр, тус сумын 3 дугаар баг А-01 дүгээр байрны 28 тоот 2 өрөө байрны тус тусын үнэ нь худалдан авсан гэрээ, Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээгээр бүрэн тогтоогдож байна.

            Тухайн гэр бүлийн гишүүн биш Б нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүн гэж тооцогдож буй нь хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэсэн бус харин ч хариуцагч талд шүүх үйлчилж буйг илэрхийлж байна.

            2. Э, Н, Бо, Бо нар нь талийгаач Н-н өв залгамжлагч болох тухайд:

            Нэхэмжлэгч нар буюу Э нь талийгаач Н-н эхнэр, Н, Бо нар нь талийгаачийн үрчилж авсан хүүхдүүд, Бо нь дагавар охин болох нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаанууд, тус  аймгийн Хэрлэн сумын 3, 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтууд, 2003-2017 оны жилийн эцсийн малын тооллогын баримтаар нотлогдож байгаа учир Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар өвлөх эрхтэй юм.

            Бид Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар өв залгамжлах эрхээсээ татгалзсан талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй бөгөөд энэ талаар Хэнтий аймгийн 39 дүгээр тойргийн нотариатч Оюунцэцэгт өв хүлээн авахаар хүсэлт гаргасан боловч өвлөгч нар маргаантай гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй бөгөөд шүүхээр маргаанаа шийдүүл гэсэн болно. Энэ талаар  шүүх хуралдаан дээр тодруулж асуусан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан болно.

            Б нь өвлүүлэгч Н-г нас барсны дараа 2018 оны 01 дүгээр сарын сүүлээс хойш мал аж ахуй, гэр, хөрөнгийг нь булаан авч эзэмдсэнээс болж өнөөдрийг хүртэл өв хөрөнгөө эзэмшиж, ашиг шимээ хүртэж чадахгүй байна. Шүүх 2018 онд гарсан 15000000 төгрөгийн ямааны ноолуурыг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй гэж үзэж шийдвэрлээгүй орхисон. Ноолуур нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш бий болсон малын үр шим бөгөөд Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт заасны дагуу өвлөгч нарт тэгш ногдох ёстой. Бидний малыг хууль бусаар эзэмшнээс болж 2018 онд гарсан төл малын тоог тогтоож чадахгүй, хууль бусаар хөрөнгө эзэмшсэн Б-н ашиг болж бид хохирч байна. Шүүх гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгийг тогтоосны дараа талийгаачийн өв хөрөнгийг өвлөгч нарт нь хувиарлах байтал шууд гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгийг өв хөрөнгө хэмээн хуваарилсан нь бидний эрхийг илтэд зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Анхан шатны шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э, Бо, Б нар нь хариуцагч Б-д холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн гишүүд тус бүрт ногдох хэсгийг тогтоолгож, Б-н хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө гаргуулан авах, өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хөрөнгийг тогтоолгох, өв хүлээн авсантай холбогдуулан өв залгамжлагчийн өрийн үүргээс ногдуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Б  нь Н-н төрсөн ганц охин нь тул эцгийнхээ эд хөрөнгийг өвлөх эрхтэй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос гаргасан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэх журмыг хангаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4-т заасан шийдвэрийн үндэслэх хэсэгт “хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг хэрхэн үнэлж байгаагаа тодорхой заана” 118.5-т “ ....нэхэмжлэлийг хангасан, зарим хэсгийг хангасан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх... тусгана” гэсэн шаардлагыг энэхүү шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт дүгнэж заагаагүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийж энэхүү шаардлагыг хангасан эсэхийг шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нэхэмжлэлийн  үнийг тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулаагүй, “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх” 70200 төгрөгөөр улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.2-д заасантай нийцээгүй байна.

             Гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгөөс гишүүн тус бүрт ногдох хэсгийг тогтоолгох, хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй  гэсэн нэхэмжлэгч нарын  давж заалдах гомдол үндэслэл бүхий байна.

 Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баярсайхан нь гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох Хэрлэн сумын 4 дүгээр баг  33 байрны  52 тоот 2 өрөө орон сууц, мөн 1 дүгээр байрны 28 тоот 2 өрөө орон сууц, ”тоёото” маркийн автомашин, хашаа саравчны зах зээлийн үнэлгээг тогтоолгуулах хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд  ирүүлснийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “....зохигч ...өөрөө олж авах боломжгүй... тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэснийг зөрчсөн. Хариуцагчийн өмгөөлөгч орон сууцны үнэлгээг зөвшөөрөхгүй байхад Хөрөнгийн үнэлгээний хуульд зааснаар эд хөрөнгийн үнэлгээг гаргуулах нь шүүхийн үүрэг бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8,9 дүгээр зүйлд “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно”, “Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг нь хөрөнгийн үнэлгээний тайлан байна” гэжээ.

             Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э нар нь тэмээ 12, адуу 250, үхэр 356, хонь 380, ямаа 613  нийт 1611 толгой малыг битүүмжлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гаргажээ. Хэнтий аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны  шийдвэр гүйцэтгэгч О.М-н  2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор адуу 201, унага 3, тэмээ 3, үхэр 296, тугал 34, ямаа 525, ишиг 116, хонь 217, хурга 65 нийт 1460 толгой малыг битүүмжилснээс одоогийн байдлаар хэдэн тооны ямар нас хүйсний хэдэн төгрөгөөр үнэлэгдэх мал, эд хөрөнгө байгаа болон  нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг зөв тодорхойлох  шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 157/ШШ2018/0059 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Э-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн

172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Я.АЛТАННАВЧ

                                     ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.СҮХГОМБО