Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00216

 

                                       Х.Энхтуяа, Н.Номин, Х.Болортунгалаг,

                                           Н.Болорчимэг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дүгээр сарын 27-ны өдрийн 156/ШШ2019/00359 дүгээр шийдвэр,

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 226/МА2019/00018 дугаар магадлалтай,

 

Х.Энхтуяа, Н.Номин, Х.Болортунгалаг, Н.Болорчимэг нарын нэхэмжлэлтэй,

Н.Баяртуулд холбогдох,

 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тогтоолгох, хариуцагчийн хууль бус эзэмшлээс мал гаргуулах, өв залгамжлалаар ногдох хэсгийг гаргуулж, зээлийн төлбөр төлүүлэх тухай үндсэн,

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тогтоолгох, өв залгамжлалаар өөрт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Энхтуяа, өмгөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Энхтуяа, Н.Номин, Х.Болортунгалаг, Н.Болорчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Энхтуяа нь Ш.Нарантуяатай 1999 онд гэр бүл болж, охин Х.Болортунгалаг, Н.Болорчимэг, Н.Номин нарын хамт ам бүл тавуулаа амьдарч ирсэн. Бид хамт амьдрах хугацаанд Хэрлэн сумын 4 дүгээр баг А-33 дугаар байрны 52 тоот 2 өрөө байр, 3 дугаар баг, А-01 байрны 28 тоот 2 өрөө байр, ХЭҮ 56-56 улсын дугаартай  эстима, ХЭА4996 улсын дугаартай пажеро маркийн авто машинтай болсон. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Цагаан-Овооны Эрүү гэдэг газарт саравч, хашаа барьж нутаглан 250 адуу, 356 үхэр, 380 хонь, 613 ямаа, 12 тэмээ буюу нийт 1611 толгой малыг өсгөж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бий болгон амьдарч ирсэн.

Миний нөхөр, бидний аав Ш.Нарантуяа өвчний улмаас 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан.

Н.Баяртуул нь аав Ш.Нарантуяагийн өмнөх эхнэрээс төрсөн охин бөгөөд 2015 оноос хойш бидэнтэй огт холбоогүй байсан. Талийгаачийн өв хөрөнгөөс хуулийн дагуу ногдох хэсгээ өвлөх нь зүй ёсны юм. Миний хувьд өв хөрөнгө өгөхгүй гэсэн зүйл яриагүй бөгөөд оршуулгын ажлаа өнгөрөөж, 49 хоног нь гүйцээгүй байхад мал болон гэрийг эзэмшиж хөдөө амьдрах аргагүй байдалд хүргээд байна.

Н.Баяртуул нь нийт хөрөнгийн 70 хувийг эзэмших ёстой гэж бүх мал, хөдөө байдаг 2 гэр, өвөлжөө, хаваржааг булаан өөрийн мэдэлд оруулан эзэмшсэн.

Иймд Ш.Нарантуяа, Х.Энхтуяа, Х.Болортунгалаг, Н.Болорчимэг, Н.Номин нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх Хэрлэн сум 4 дүгээр баг А-33 байр 52 тоот хаягт байрлах 2 өрөө байр, Хэрлэн сум 3 дугаар баг А-01 байр 28 тоот хаягт байрлах 2 өрөө байр, ХЭҮ5656 улсын дугаартай эстима машин, 5 ханатай гэр, 1611 толгой мал, Баян-Овоо сум Цагаан овооны эрүү гэх газар байх саравч, хашаа, 2018, 2019 оны ноолуур, 2018 оны төл 391 толгой мал зэрэг дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хөрөнгийг тогтоож, Ш.Нарантуяад ногдох хөрөнгөөс өв залгамжлалаар ногдох хэсгийг тогтоолгох, Х.Энхтуяа, Х.Болортунгалаг, Н.Болорчимэг, Н.Номин нарт ногдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох мал, 2018 оны төл малыг Н.Баяртуулын хууль бус өмчлөлөөс гаргуулах, Төрийн банктай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 62/03 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үүрэгт Н.Баяртуулаас 3.296.500 төгрөгийн өрийг ногдуулах, Ш.Нарантуяагийн хуваарьт хөрөнгө болох 4 ханатай гэр, хэт хутга, гаанс, мөнгөн аяга, мөнгөн бүс, мөнгөн хазаар зэрэг хөрөнгөөс өв залгамжлалаар ногдох хэсгийг тогтоолгох шаардлага гаргаж байна гэжээ.

          

Хариуцагч Н.Баяртуул шүүхэд гаргасан тайлбартаа:  Би 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ш.Нарантуяагийн ганц охин болон төрсөн. Миний эцэг Ш.Нарантуяа 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Х.Энхтуяа хуульд заасны дагуу өв залгамжлагчаар тогтоогдож өвлөгдөх эд хөрөнгө буюу 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойш бий болсон хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах нь зүйтэй. Түүнээс өмнө бий болсон эд хөрөнгө нь талийгаач аавын хуваарьт эд хөрөнгө бөгөөд ээж бид хоёрт тухайн үед улсаас хувьчилж өгсөн мал сүрэг байсан. Үүнийг 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тоологдсон талийгаач аав Ш.Нарантуяагийн нэр дээр тооллогын бүртгэлд тусгагдсан мал сүргийг хасаж тооцох нь зүйтэй.

Намайг 2018 оны 02 дугаар сарын эхээр ирэхэд хотонд ойролцоогоор хонь, ямаа нийлээд 1000 орчим мал байсан. Х.Энхтуяа намайг байхгүй хойгуур 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орчим ирээд бүх бог малыг туугаад өөрийн ах н.Барсболдын хотонд аваачсан байсан. Ингээд би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр очиж авахад хонь 223 толгой, ямаа 530 толгой, нийт 753 хонь, ямааг тоолж хүлээж авсан. Х.Энхтуяагийн тууж явсан хонь, ямаанаас 227 орчим тооны бог мал байхгүй, тэрээр өөр айлд аваачиж өгсөн сураг сонссон. Ингээд малын тоо толгой одоогийн байдлаар тодорхойгүй, нэхэмжлэгч нарын хүсэлтэд дурдсан тэмээ-12, адуу-250, үхэр-356, хонь-380, ямаа-613, бүгд 1611 тооны мал сүрэг нь манай хотонд байхгүй, хэрэв Х.Энхтуяа эдгээр тооны мал сүрэг хаана байгааг мэдэж байгаа бол өөрөө эх сурвалжийг нь зааж өгөх ёстой бүх мал сүргийг бүртгэж, тогтоосны  дараа уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Ипотекийн зээлээр худалдан авсан гэх орон сууцны төлбөрөөс Н.Баяртуул надад зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг зээлийг аваагүй, уг орон сууцыг ямар нэгэн байдлаар эзэмшиж ашиглаагүй.

Н.Болорчимэг нь хэзээ, хэрхэн ямар журмаар, өөрийн овгийг Ш.Нарантуяа болгосныг мэдэхгүй байна. Мөн Н.Болорчимэг нь талийгаач Ш.Нарантуяагийн гэр бүлийн гишүүн биш, түүнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ногдох гэсэн ойлголт байхгүй бөгөөд хууль ёсны өв залгамжлагч биш тул шаардах эрхгүй. Х.Болортунгалаг нь Х.Энхтуяагийн охин. Х.Болортунгалаг талийгаач Ш.Нарантуяагийн гэр бүлийн гишүүн биш түүнтэй хамт амьдарч байгаагүй, үрчилж аваагүй тул түүнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ногдох ёсгүй. Хууль ёсны өв залгамжлагч биш тул шаардах эрхгүй.

Н.Номин нь Х.Болортунгалагийн төрсөн охин. Номинг манай аавыг өвчтэй байхад нь үрчлүүлсэн байсан. Энэ үрчлэлт бол хууль зөрчсөн. Гэхдээ өв хуваахад одоогийн байдлаар Номинг оролцуулахад татгалзахгүй байгаа.

Баяртуул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар Нарантуяагийн төрсөн хууль ёсны ганц охин нь болохоор энэ хөрөнгийг өвлөх эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс 1611 толгой мал нэхээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан ирээд малыг маань тоолоод явсан. Тэгэхэд 1460 тооны мал байсан.

2019 онд 75 кг ноолуурыг кг-ийг нь 110.000 төгрөгөөр өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр малыг би өөрийн эзэмшилд авсан, тэгэхдээ тоолж аваагүй, харин СD дээр бичиж баримтжуулсан. Алтангэрэл нь 40 орчим тооны адуу Энхтуяа ав гэсэн гээд аваад явсан. Шийдвэр гүйцэтгэлээс битүүмжилсэн 1460 тооны малыг хуваах ёстой гэж үзэж байна. Энэ малыг Дашзэвэгээс аваад мал тоолоход оруулаад буцааж өгсөн 150 хонийг хасна. Хөөрөг, гаанс зэрэг нь надад байгаа гэжээ.

 

Хариуцагч Н.Баяртуул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х.Энхтуяагийн нэр дээр байгаа Тоёота Эстима маркийн 56-56 ХЭҮ улсын дугаартай суудлын автомашин, Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг А-27-24 тоот хаягт байрлах 16мталбай бүхий орон сууц, Хэнтий аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр Ё хороолол 14 дүгээр гудамж 18 тоот хаягт байрлах 700м талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Х.Энхтуяа, Ш.Нарантуяа нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгож, Хэнтий аймаг, Хэрлэн сум 4 дүгээр баг, А27-24 тоот хаягт байрлах 16морон сууц, Хэнтий аймаг Хэрлэн сум 6 дугаар баг Цогт-Өндөр Ё хороолол 14 дүгээр гудамж 18 тоот хаягт байрлах 700мталбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг А-01 байр 28 тоот хаягт байрлах 2 өрөө байр,  Хэрлэн сум 4 дүгээр баг А-33 байр 52 тоот хаягт байрлах 2 өрөө байраас   өөрт ногдох өв 40.030.500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Энхтуяа, Н.Номин, Х.Болортунгалаг, Н.Болорчимэг нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Болортунгалаг нь Х.Энхтуяагийн том охин бөгөөд Нарантуяа, Энхтуяа нартай нэг гэр бүлийн гишүүн болон хамт амьдарсан. Мөн хүүхэд ахуй цагаасаа эхлээд энэ гэр бүлийн бүх хөрөнгийг бий болгоход өөрийнхөө хэмжээнд гар бие оролцсон  гэж  үзэж дундын өмчлөлийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Алтангэрэлийн авч явсан 44 тооны адууг малын тооноос хасахад татгалзахгүй. 16 м.кв орон сууцыг Ш.Нарантуяатай гэр бүл болохоос өмнө бусдаас бэлэглэлээр авсан. Газрыг өөрийн нэр дээр хувьчилж авсан тул дундын өмчид хамаарахгүй гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дүгээр сарын 27-ны өдрийн 156/ШШ2019/00359 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Нарантуяа, Х.Энхтуяа, Н.Номин нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 643.288.000 төгрөгөөр тогтоож, үүнээс гэр бүлийн гишүүн болох Ш.Нарантуяа, Х.Энхтуяа, Н.Номин нарт тус бүрт нь 214.429.333 төгрөгийн хөрөнгийг хуваарилж, нэхэмжлэгч Х.Болортунгалаг, Н.Болорчимэг нарын дундын эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт зааснаар 415.510.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1.567 тооны мал, 56.950.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2018 оны 391 тооны төл малыг хариуцагч Н.Баяртуулаас гаргуулан нэхэмжлэгч Х.Энхтуяа, Н.Номин нарт олгож, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ш.Нарантуяа, Х.Энхтуяа нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 6.000.000 төгрөгөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Тоёота Эстима маркийн 56-56 ХЭҮ улсын дугаартай суудлын автомашин, Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг А-27-24 тоот хаягт байрлах 16мталбай бүхий орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Энхтуяа, Н.Болорчимэг, Н.Номин нарын өмчлөлд Хэрлэн сум 4 дүгээр баг А-33 байр 52 тоот хаягт байрлах 2 өрөө байр, Хэрлэн сум 3 дугаар баг А-01 байр 28 тоот хаягт байрлах 2 өрөө байр, Хэнтий аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр Ё хороолол 14 дүгээр гудамж 18 тоот хаягт байрлах 700мталбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ХЭҮ5656 улсын дугаартай эстима машин, мөнгөн аяга /жижиг/, мөнгөн бүс /сүүлийн үеийнх/, мөнгөн хазаар /сүүлийн үеийнх/ зэргийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Баяртуулаас ХЭА4996 улсын дугаартай пажеро машин,  5 ханатай гэр, 4 ханатай гэр, Баян-Овоо сум Цагаан овооны эрүү гэх газар байх хашаа болон саравч, 2018 болон 2019 оны ноолуур, эртний мөнгөн тоноглолтой хэт хутга, эртний хаш чулуун мөнгөн тоноглолтой гаанс зэргийг гаргуулан нэхэмжлэгч Х.Энхтуяа, Н.Болорчимэг, Н.Номин нарт олгож, нэхэмжлэгч нараас 93 544 833 төгрөг гаргуулан хариуцагч Н.Баяртуулд олгож, сөрөг нэхэмжлэлийн Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг А-27-24 тоот хаягт байрлах 16мталбай бүхий орон сууцнаас өв авахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Баяртуулаас зээлийн гэрээний үүрэг 3.296.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч талын тэмдэгтийн хураамжид төлсөн 816.610 төгрөг, хариуцагчийн төлсөн 358.102 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас 2.591.822 төгрөг, хариуцагчаас 71.573 төгрөг гаргуулан орон нутгийн төсөвт олгож, нэхэмжлэгч талаас 302.922 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 3.321.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 226/МА2019/00018 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 156/ШШ2019/00359 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Н.Баяртуулаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 932.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэнтий аймгийн Эрүү Иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 228/МА2019/00018 дугаартай магадлалыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Энэхүү гомдлын үндэслэлийг энгийнээр тайлбарлавал талийгаач нь өөрийн амьд ахуйдаа буюу 2001 оноос хойш өөрийн охин Н.Болорчимэгийг өөрөөр овоглон 19 жилийн турш нэг гэрт амьдарч байсан бодит үйл баримтыг талийгаач нас барсны дараа хариуцагч тал үгүйсгэн маргаж буй уйл явц юм. Н.Болорчимэгийг талийгаач нь 19 жилийн турш өөрийн охин хэмээн өсгөн бойжуулсан үйл баримтыг хариуцагч тал үгүйсгэх, маргах эрхгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагын лавлагааг үндэслэн шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдлийг давж заалдах шатны шүүх үгүйсгэж болохгүй юм. Гэр бүлийн бичиг баримтад хувийн хэрэг нээх тухай заалт Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар орж ирсэн ойлголт бөгөөд хариуцагч талын хуулийг буруу ойлгож 2001 онд хувийн хэрэгтэй байсан гээд байгаа нь хууль мэдэхгүйгээс болсон хийсвэр ойлголт юм. Хэрэв энэ лавлагааг хуурамчаар эсвэл хууль бусаар бүрдүүлсэн гэж үзэж хардаж байгаа бол үүнийгээ эрүүгийн хэргийн журмаар шалгуулан нотлох хууль зүйн боломж нь нээлттэй байгаа билээ. Өөрөөр хэлбэл шүүх аль нэг талд нь таалагдах гэж шүүхийн шийдвэр гаргадаггүй бөгөөд хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргээ шийдүүлээд түүнд тулгуурлан гарсан шийдвэр нь таалагдахгүй бол тэгэх байсан ингэх байсан гэж давж заалдах ёсгүй билээ. Мөн талийгаач Ш.Нарантуяагийн хуваарьт хөрөнгийг би ганцаар авах ёстой гэсэн үндэслэл заах бөгөөд хавтаст хэрэгг авсан ямар ч бичмэл нотлох баримтаар талийгаачийг миний эцэг эсвэл аав байсныг нотлох ямар ч баримт гаргаж өгөөгүй хариуцагч нь маргах эрхгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт эдгээр эд хөрөнгийг хувь тэнцүүлэн хуваасныг зөв гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч талын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхийг хүссэн хүсэлт байхгүй байхад давж заалдах шатны шүүгчид түүнийг анхаарсангүй.

Иймд Хэнтий аймгийн Эрүү Иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 228/МА2019/00018 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 00359 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Х.Энхтуяа, Х.Болортунгалаг, Н.Болорчимэг, Н.Номин нар нь Н.Баяртуулд холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тогтоолгох, өвлөгдөх хөрөнгийг тогтоолгох, хариуцагчийн хууль бус эзэмшлээс 1611 тооны мал гаргуулах, өв залгамжлалаар ногдох хэсгийг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэг хариуцуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг тогтоолгох, өв залгамжлалаар өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх Ш.Нарантуяа, Х.Энхтуяа, Н.Номин нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 643.288.000 төгрөгөөр тогтоож, тус бүрт нь 214.429.333 төгрөгийн хөрөнгийг хуваарилж, хариуцагч Н.Баяртуулаас 415.510.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1567 тооны мал, 56.950.000 төгрөгийн үнэлгээ бүхий 391 тооны төл мал гаргуулан нэхэмжлэгч Х.Энхтуяа, Н.Номин нарт олгож, Х.Энхтуяа, Н.Болорчимэг, Н.Номин нарын өмчлөлд Хэрлэн сум 4 дүгээр баг А-33 байр 52 тоот хаягт байрлах 2 өрөө байр, Хэрлэн сум 3 дугаар баг А-01 байр 28 тоот хаягт байрлах 2 өрөө байр, Хэнтий аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр Ё хороолол 14 дүгээр гудамж 18 тоот хаягт байрлах 700мталбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ХЭҮ 56-56 улсын дугаартай эстима машин, мөнгөн аяга, мөнгөн бүс, мөнгөн хазаар зэргийг үлдээж, хариуцагч Н.Баяртуулаас   ХЭА 49-96 улсын дугаартай пажеро машин,  5 ханатай гэр, 4 ханатай гэр, Баян-Овоо сум Цагаан овооны эрүү гэх газар байх хашаа, саравч, 2018, 2019 оны ноолуур, эртний мөнгөн тоноглолтой хэт хутга, эртний хаш чулуун мөнгөн тоноглолтой гаанс зэргийг гаргуулан нэхэмжлэгч Х.Энхтуяа, Н.Болорчимэг, Н.Номин нарт олгож, Х.Энхтуяа, Н.Болорчимэг, Н.Номин нараас 93.544.833 төгрөг гаргуулан хариуцагч Н.Баяртуулд олгож, Х.Болортунгалаг, Н.Болорчимэг нарын дундын эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг тогтоолгох, Н.Баяртуулаас зээлийн гэрээний үүрэг 3.296.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,  Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг А-27-24 тоот хаягт байрлах 16мталбай бүхий орон сууцнаас өв авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

 

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж,  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

1. Шийдвэрийг хүчингүй болгохдоо давж заалдах шатны шүүх ...шүүгчийн захирамжид заасан бусад эх материалуудыг ирүүлээгүй, захирамжийн заалт биелэгдээгүй байна... гэсэн үндэслэлийг магадлалд дурджээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч С.Цацралтуяагийн хүсэлтийг хүлээн авч 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1172 дугаар шүүгчийн захирамжаар Н.Болорчимэгийн эцгийн нэр өөрчлүүлэхдээ гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд буюу хувийн хэргийг ирүүлэхийг даалгасны дагуу Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2018-06-27-ны өдрийн 515 дугаар албан бичгээр эцэг тогтоосон тухай лавлагаа ирүүлжээ /хэргийн 1 дүгээр хавтас 126-129, 172,175 дугаар тал/.

 

Уг лавлагаанд Болорчимэгийг эцэг /эх/-ийн өргөдлөөр 2001.12.07-ны өдөр эцэг тогтоолтын 26-т Шаравын Нарантуяаг эцгээр тогтоосон бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэжээ.

 

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т зааснаар лавлагаа нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн гаргасан бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримт бичиг болно.

 

Өөрөөр хэлбэл, бүртгэлийн байгууллага нь мэдээллийн санд байгаа мэдээллийг үндэслэн лавлагаа гаргадаг тул анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т нийцээгүй гэж үзнэ.

 

2.Зохигч талууд үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсныг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Х.Энхтуяа, Х.Болортунгалаг, Н.Болорчимэг, Н.Номин нар нь

 

а. Хэрлэн сумын 4 дүгээр баг А-33 байрны 52 тоотын 2 өрөө байр, 3 дугаар баг А-01 байрны 28 тоотын 2 өрөө байр, ХЭҮ 56-56 улсын дугаартай эстима болон ХЭА 49-96 улсын дугаартай пажеро маркийн автомашин, 5 ханатай гэр, 1611 толгой мал, Баян-Овоо сум, Цагаан овооны эрүү гэх газар байх хашаа, саравч, 2018, 2019 оны ноолуур, 2018 оны төл 391 толгой малаас гэр бүлийн гишүүнд ногдох хөрөнгийг тогтоолгох,

 

б. гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох малыг Н.Баяртуулын хууль бус эзэмшлээс гаргуулах,

 

в. Ш.Нарантуяад ногдох хөрөнгөөс өвлөгдөх хөрөнгийг хуваарилуулах,

 

г.Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт Н.Баяртуулд 3.296.500 төгрөгийн зээл төлөх үүргийг ногдуулах,

 

д. Ш.Нарантуяагийн хуваарьт хөрөнгө болох 4 ханатай гэр, хэт хутга, гаанс, мөнгөн аяга, мөнгөн бүс, мөнгөн хазаар зэргээс өв залгамжлалаар ногдох хэсгийг тогтоож, хуваарилуулах шаардлага гаргажээ /хэргийн 1 дүгээр хавтас 1-2, 2 дугаар хавтас 168-175 дугаар тал/.

 

2.Хариуцагч Н.Баяртуул нь сөрөг нэхэмжлэлдээ:

 

а. ХЭҮ 56-56 улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашин, Хэрлэн сумын 4 дүгээр баг А-27-24 тоотын 16мталбай бүхий орон сууц, мөн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр Ё хороолол 14 дүгээр гудамж 18 тоотод байрлах 700м.кв  талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Х.Энхтуяа, Ш.Нарантуяа нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох,

 

б. Х.Энхтуяа, Ш.Нарантуяа нарын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх дээр дурдсан эд хөрөнгө болон Хэрлэн сум 3 дугаар багт байрлах А-01 байр 28 тоотын 2 өрөө байр,  мөн сум 4 дүгээр баг А-33 байр 52 тоотын 2 өрөө байрнаас  өөрт ногдох 40.030.500 төгрөгийг гаргуулна гэжээ /хэргийн 2 дугаар хавтас 208-209 дүгээр тал/.

 

3.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ш.Нарантуяа, Х.Энхтуяа нар 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, энэ үед Х.Болортунгалаг 12 настай, Х.Болорчимэг 7 настай байжээ.

 

Ш.Нарантуяа нь Болорчимэгийн эцэг болохыг захиргааны журмаар тогтоосон, гэрлэгчид Н.Номинг 2017 онд үрчлэн авсан нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон ба Ш.Нарантуяа 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас баржээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэр бүлийн гишүүн гэж тодорхойлсон ба Ш.Нарантуяаг нас барах үед түүнтэй хамт эхнэр Х.Энхтуяа, Н.Номин нар амьдарч байсан нь ам бүлийн тодорхойлолтоор тогтоогджээ.

 

Дээр дурдсанаас үзвэл, Ш.Нарантуяаг нас барах үед нэхэмжлэгч Х.Болортунгалаг, Н.Болорчимэг нар нь түүнтэй хамт амьдарч байгаагүй тул гэр бүлийн гишүүн гэж үзэхгүй.

 

Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болох талаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-т заасан.

 

Нэхэмжлэлд дурдсан Хэрлэн сумын 4 дүгээр баг А-33 байрны 52 тоотын 2 өрөө байр, мөн сумын 4 дүгээр баг А-01 байрны 28 тоотын 2 өрөө байр, ХЭҮ 56-56 улсын дугаартай тоёота эстима болон ХЭА 49-96 улсын дугаартай пажеро маркийн автомашин, 5 ханатай гэр, 1611 толгой мал, Баян-Овоо сум, Цагаан овооны эрүү гэх газар байх хашаа, саравч нь гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мал, тэжээвэр амьтад хашаа худгийн 2017 оны тооллого, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа зэргээр тогтоогдсон байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018, 2019 оны ноолуур, 2018 оны төл 391 толгой малыг гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцуулах шаардлага гаргасныг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.4.-т зааснаар гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох ба мөн зүйлийн 129.2.-т гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэжээ.

 

Энэхүү зохицуулалтын агуулгаар нэхэмжлэгч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тогтоолгох шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээг тодорхойлсны дараа өвлөгдөх эд хөрөнгийн хэмжээг тогтоолгох зорилгоор нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан 1611 толгой малаас гэрч Ш.Алтангэрэлийн мэдүүлгийг үндэслэн 44 адууг хасч 1567 толгой малыг дундын өмч гэж үзсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Зохигч талууд төл малын тоо, эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаагүй, анхан шатны шүүх эд хөрөнгийг үнэлсэн эрх бүхий этгээдийн үнэлгээ, хариуцагчийн саналыг үндэслэн нийт 643.288.000 төгрөгийн нэр бүхий эд хөрөнгийг Ш.Нарантуяа, Х.Энхтуяа, Н.Номин нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт тодорхой дурдаж, үүнээс нэг гишүүнд ногдох хэсгийг 214.429.333 төгрөгийн эд хөрөнгө гэж тогтоосон нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-г зөрчөөгүй байна.

 

4. Нэхэмжлэгч Х.Энхтуяа нь Ш.Нарантуяагийн хуваарьт хөрөнгө болох 4 ханатай гэр, хэт хутга, гаанс, мөнгөн аяга, мөнгөн бүс, мөнгөн хазаар зэрэг эд хөрөнгийг 153.750.000 төгрөгөөр үнэлж, өв залгамжлалаар ногдох хэсгийг тогтоолгох шаардлага гаргасан. Хариуцагч үнэлгээний талаар маргаагүйгээс гадна эдгээр хөрөнгө өөрт нь байгааг үгүйсгээгүй байна.

 

5.Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 14 дүгээр гудамжны 18 тоотод байрлах 700 м.кв газрыг Х.Энхтуяад 2015 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон /хэргийн 1 дүгээр хавтас 145 дугаар тал/, уг газрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Харин тус сумын 4 дүгээр багт байрлах 16 м.кв талбай бүхий орон сууц гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох нь тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.

 

Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөхөөр Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т заасан, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хүрээнд Ш.Нарантуяагийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээг шүүх 374.179.333 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцсэн байна.

 

6.Иргэний хуулийн 520 дүгээр зүйлийн 520.1, 520.1.1.-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

 

Шүүх, нэхэмжлэгч Х.Энхтуяа, Н.Болорчимэг, Н.Номин, хариуцагч Н.Баяртуул нар нь хууль ёсны өвлөгч тул тус бүр 93.544.833 /374.179.333:4/ төгрөгийн эд хөрөнгө өвлөх эрхтэй гэж үзэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

7.Зохигчийн хэн аль нь өв хүлээн авахаас татгалзаагүй, нэхэмжлэгч 2018 оны 3 сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт ногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Ш.Нарантуяаг нас барсны дараа хариуцагч Н.Баяртуул дээр дурдсан мал болон өвлүүлэгчийн хуваарьт хөрөнгийг өөрийн эзэмшилд авснаа үгүйсгээгүй байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1., 520.4., 528.1.-т заасан зохицуулалтын агуулгаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон өвлөгдөх хөрөнгийг эзэмшилдээ авч, хамгаалах үүрэгтэй, шүүх нэр бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгчид үлдээж, хариуцагчаас 1567 толгой мал, 391 төл мал, өвлүүлэгчийн хуваарьт эд хөрөнгийг гаргуулж, Х.Энхтуяад олгож, нэхэмжлэгч нараас 93.544.833 төгрөг гаргуулж Н.Баяртуулд олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

8. Анхан шатны шүүх шийдвэрийг хэрхэн гүйцэтгэхийг арга журмыг тодорхойлон шийдвэрт заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар 118.5.-т заасантай нийцсэнийг дурдах нь зүйтэй.

 

9.Шүүх, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Х.Болортунгалаг, Н.Болорчимэг нарын, мөн зээлийн гэрээний үүрэгт 3.296.500 төгрөг гаргуулах тухай Н.Энхтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй тул дүгнэлт хийгээгүй болно.

 

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 226/МА2019/00018 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дүгээр сарын 27-ны өдрийн 156/ШШ2019/00359 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 932.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН