| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 156/2018/00800/И |
| Дугаар | 226/МА2019/00005 |
| Огноо | 2019-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 226/МА2019/00005
2019 оны 4 сарын 18 өдөр Дугаар 226/МА2019/00005 Хэрлэн сум
Х-н нэхэмжлэлтэй,
хариуцагч Т-д холбогдох
иргэний хэргийн талаар
226/2019/00005/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,
Нэхэмжлэгч Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, өмгөөлөгч Л.Цогзолмаа нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2019/00073 дугаар шийдвэртэй, Х-н нэхэмжлэлтэй, хариуцагч Т-д холбогдох “худалдах, худалдан авах гэрээний үнэ 1276580 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Х-н давж заалдах гомдлоор 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т надаас нь 2015 оноос хойш цагаан идээ авч борлуулдаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл худалдан авсан цагаан идээний мөнгөө төлөөгүй 1 жил гаруй болж байна. Иймд дээрх хугацааны цагаан идээний үнэ 1073950 төгрөгийг Т-с гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Б овогтой Т-тэй 2015 оноос 2017 он хүртэл сүү, цагаан идээ боловсруулах аман хэлцэл буюу гэрээ хийж 4 жилийн турш хамтран ажилласан. Энэ хугацаанд би тооцоогоо бэлэн мөнгөөр авч байгаагүй, байнга дансаар авдаг байсан. Т нь тооцоогоо бөөнөөр нь хийдэггүй, бараагаа борлуулж дараа нь бага багаар цувуулж өгдөг байсан учраас үлдэгдэл их гардаг байсан. 2017 оны 10 сараас 11 сарын хооронд манай хүүхдийн бие муудаад Т-тэй сүүлийн 2 сарын тооцоог хийж чадаагүй 2 сарын дараа буюу удаж байгаад тооцоо хийсэн учраас тооцоо хуримтлагдсан байсан.
2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сүү, цагаан идээний үнэ болох 1600000 төгрөгийг Т-с гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ асуудлаас болж эвлэрүүлэн зуучлагч болон Цагдаа, Шүүхийн байгууллагад ирж очсон зардал нийт 85000 төгрөг болсон. Мөн тооцоогоо нарийвчлан шалгахад 125580 төгрөгийг сүү цагаан идээний үнийг нэхэмжлэлгүй орхигдуулсан байна. Иймд баримтаар нотлогдох төлбөр болох 210580 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 1276580 төгрөгийг нэхэмжилж байна.
Би 2017 оны 10 дугаар сарын 14-нд Г гэдэг жолоочтой ирж Т-д 1 килограммыг нь 5000 төгрөгөөр бодож 25.4 килограмм цөцгий өгсөн бөгөөд 127000 төгрөг болсон, 10 дугаар сарын 16-нд 1 килограммыг нь 5000 төгрөгөөр бодож 54.7 килограмм цөцгий, 1 литрийг нь 3000 төгрөгөөр бодож 19 литр шимийн архи өгсөн бөгөөд цөцгий 273500, шимийн архи 57000 төгрөг болсон, 10 дугаар сарын 18-нд 1 килограммыг нь 5000 төгрөгөөр бодож 16 килограмм цөцгий, 1 килогарммыг нь 1600 төгрөгөөр бодож 59.8 килограмм аарц өгсөн бөгөөд цөцгий 80000, аарц 95680 төгрөг болсон, 10 дугаар сарын 20-нд 1 килограммыг нь 5000 төгрөгөөр бодож 84.5 килограмм цөцгий өгч 464750 төгрөг болсон, 10 дугаар сарын 22-нд 1 литрийг нь 3500 төгрөгөөр бодож 19.5 литр нэрмэл өгч 68250 төгрөг болсон, 10 дугаар сарын 30-нд 1 килограммыг нь 5500 төгрөгөөр бодож 46.8 килограмм цөцгий, 1 литрийг нь 3500 төгрөгөөр бодож 32 литр нэрмэл өгсөн бөгөөд цөцгий 257400, нэрмэл 80500 төгрөг болсон, 10 дугаар сарын 31-нд 1 килограммыг нь 5500 төгрөгөөр бодож 29.3 килограмм цөцгий өгч 159500 төгрөг болсон, 11 дүгээр сарын 08-нд 1 литрийг нь 3500 төгрөгөөр бодож 21 литр нэрмэл өгч 73500 төгрөг болсон, 11 дүгээр сарын 09-нд 1 килограммыг нь 5500 төгрөгөөр бодож 39.3 килограмм цөцгий, 1 килограммыг нь 2000 төгрөгөөр бодож 25 килограмм аарц өгсөн бөгөөд цөцгий 214500, аарц 50000 төгрөг болсон. Миний бие нийт 9 удаа Т-д сүү, цагаан идээ нийлүүлсэн бөгөөд 2106580 төгрөг болсон.
Т-с надад өгөх 2106580 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 19-нд 132000, 10 дугаар сарын 22-нд 100000, 10 дугаар сарын 24-нд 152000, 10 дугаар сарын 30-ны өдөр 100000, 11 дүгээр сарын 03-нд 100000, 11 дүгээр сарын 06-нд өдөр 132000, нийт 916000 төгрөгийг дансаар авсан. Одоо 1190580 төгрөг төлөгдөөгүй байна.
2017 оны 10 дугаар сарын 14-нд Т-с миний дансаар шилжүүлсэн 150000, 10 дугаар сарын 17-нд хийсэн 200000, нийт 350000 төгрөг өмнөх авлага байсан учир тооцоонд оруулж бодоогүй юм. Т нь бүтээгдэхүүний төлбөрийг байнга миний дансаар хийдэг тул би нарийн тооцоотой байдаг. Гэтэл Т нь сүү, цагаан идээний тооцоог хийсэн мэтээр худал тайлбар өгч байна. Мөн бидний огт мэдэхгүй дансаар надад өгөх ёстой мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд би үүнийг мэдэхгүй, мэдэх ёсгүй гэж бодож байна.
Би Т-с мөнгөө нэхэмжилж эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэх талаар ярихад Т эвлэрүүлэн зуучлагчийг туслахын хамт хэл амаар доромжилж, хувийн тооцоогоо хөтөлдөг дэвтрийг эвлэрүүлэн зуучлагчид гаргаж өгөхөөс татгалзсан.
Ингээд би Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд хэсгийн байцаагч Т, Б нар нь Т, Х хоёрыг дуудаж мэдүүлэг авсан байсан. Би хэсгийн байцаагч Т, Б нарт “Т-д тооцоо хөтөлдөг цагаан саарал өнгийн дөрвөлжин шугамтай тэмдэглэлийн дэвтэр байгаа, би 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Т-тай тооцоо нийлэхдээ харсан” гэж нуугаад байгаа дэвтрийнх нь талаар хэлсэн. Хэсгийн байцаагч Т нар 2018 оны 5 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Т-г нөхөр Х-н хамт тооцоо нийлдэг дэвтэртэй нь авчирсан байсан. Т байцаагч “Таны хэлдэг үнэн байна. Т-н тооцоо нийлдэг дэвтрийн 2 хуудсыг хуулбарлаж хуулбар үнэн гэж бичүүлж авсан. Та ирж танилцаарай” гэж утсаар хэлж байсан боловч хүүхдийн маань бие муу байсан учир очиж танилцаж, гүйцэд шалгуулаагүй шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш Т-н тооцоо нийлдэг дэвтрийн 2 хуудсыг Б гэдэг цагдаа Т-с авч өгсөн юм. Т-н хөтөлсөн тооцоо миний хөтөлдөг тооцоотой нийлж байсан бөгөөд би цөцгий нийлүүлэхдээ 1 килограммыг 5000, 5500 төгрөгөөр бодож өгч байхад Төгсжаргал 8000 төгрөгөөр зарж байсан байна.
Т-н тооцооны дэвтрээс хуулбарласан 2 хуудас баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзвэл тус 2 хуудсыг шүүхийн шинжилгээний байгууллагад хандаж бичгийн хэвийг тогтоолгох боломжтой гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Х-с сүү, цагаан идээ худалдан авдаг байсан нь үнэн. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хүлээн авсан цагаан идээний үнэ 1316000 төгрөгийг Х-н 5944075692, 5944048524 тоот данснуудад шилжүүлж байсан бөгөөд энэ талаар нотлох баримт байна. Тухайлбал 2017 оны 10 дугаар сарын 14-нд 150000 төгрөгийг 5944075692, 10 дугаар сарын 16-нд 50000 төгрөгийг 5944048524, 10 дугаар сарын 17-нд 200000, 10 дугаар сарын 19-нд 132000, 10 дугаар сарын 22-нд 100000, 10 дугаар сарын 24-нд 152000, 10 дугаар сарын 27-нд 200000, 10 дугаар сарын 30-нд 100000, 11 дүгээр сарын 03-нд 100000, 11 дүгээр сарын 06-нд 132000 төгрөгийг 5944075692 тоот дансанд тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 1316000 төгрөгийг Х-д шилжүүлсэн. Үүнээс хойш Х-с сүү, цагаан идээ аваагүй бөгөөд Х бид хоёрын хооронд өр төлбөрийн зүйл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн Х 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1276580 төгрөг болгож нэмэгдүүлсэн бөгөөд миний зүгээс 1276580 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь тодорхой бус байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс 1316000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Х нь охинтойгоо манайд ирж тооцоо нийлсэн. Охиноор тооцоо бодуулахад охин нь “таарч байгаа юм биш үү” гэж хэлсэн бөгөөд Х “болоогүй” гээд өөр юм нэмж гаргаад байсан. Т “дэвтэр дээр нь юу байгаа юм бол, ямар учиртай юм бэ гээд харах гэтэл үзэгтэй гараараа дараад надад харуулахгүй байсан. Надад хүний нууж байгаа зүйлийг хүчээр үзэх эрх байхгүй. Тэгээд бид тооцоо нийлэхгүйгээс болж маргалдаж эхэлсэн” гэж хэлж байсан. Миний бодож, тооцоолсноор төлөх зөрүү мөнгө байхгүй. Т 2014 оноос хойш өөрөө тооцоо хөтөлж байсан. Өмнөх үлдэгдэл болох 350000 төгрөгийн тооцоог төлж дууссан бөгөөд 2014 оноос хойш үлдэгдэл, өр шир гэж байхгүй гэжээ.
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Х-н нэхэмжлэлтэй, хариуцагч Т-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1276580 төгрөгийг гаргуулах тухай хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын төсөвт оруулсан 34863 төгрөгийг хэвээр үлдээж тус тус заан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х нь давж заалдах гомдолдоо: Миний хувьд Т-тэй 2015 оноос 2017 он хүртэл сүү, цагаан идээ боловсруулах аман хэлцэл буюу гэрээ хийж 4 жилийн турш хамтран ажилласан. Энэ хугацаанд би тооцоогоо бэлэн мөнгөөр авч байгаагүй, байнга дансаар авдаг байсан. Т нь тооцоогоо бөөнөөр нь хийдэггүй. Бараагаа борлуулж дараа нь бага багаар цувуулж өгдөг байсан учраас үлдэгдэл гардаг байсан. 2017 оны 10 сараас 11 сарын хооронд манай хүүхдийн бие муудаад Т-тэй сүүлийн 2 сарын тооцоог хийж чадаагүй 2 сарын дараа буюу удаж байгаад тооцоо хийсэн учраас тооцоо маань хуримтлагдсан байсан. Цагаан идээний үнэ буюу 1188580 төгрөг дээр замын зардлын 85000 төгрөгийг нэмээд нийт 1276580 төгрөгийг нэхэмжилж байна.
Мөн Т-н тооцооны дэвтэрт байгаа тооцоолол надаас хүлээж авсан бүтээгдэхүүнтэй тохирч байгаа бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтууд байгаа учир шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож тайлбар хийнэ. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Х хариуцагч Т-д холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд худалдсан цагаан идээний үнэ 1073000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хэнтий аймгийн Дадал сумаас ирсэн буцсан унааны зардал 85000 төгрөг, үлдэгдэл цагаан идээний үнэ 125580 төгрөг бүгд 1276580 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч Т нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Х-с худалдан авсан цагаан идээний үнэ 1316000 төгрөгийг Х-н ХААН банкны данс руу шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэн “нэхэмжлэгчийг хариуцагчаас нийт хэдэн килограмм аарц, цөцгий, нэрмэл худалдахаар авсныг нотлоогүй, тооцоо бодсон актгүй, бичгийн нотлох баримт нь хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй байна.
Иргэний хуульд худалдах, худалдан авах гэрээ болон зээлээр худалдах худалдан авах гэрээг өөр хоорондоо ялгаатай, тус тусдаа бие даасан гэрээ болохыг зохицуулсан байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд худалдах эд зүйлийн үнийг нэг дор, хэсэгчлэн, дараа төлөхийг тохирох эрх талуудад байдаг. Үнийг дараа хэсэгчлэн төлөх учраас талууд хүү тогтоож, худалдах эд зүйлийн үнэ нэмэгдсэн байх нь зээлээр худалдах худалдан авах гэрээний шинж болдог. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзвэл цагаан идээг худалдан авч, үнийг нь дараа төлөхөөр тохирсон байх ба ингэснээр үнийг нэмэгдүүлэх, хүү тооцсон агуулга байхгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Хариуцагч Т нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Х-н ХААН банкны дансанд 1316000 төгрөгийг шилжүүлсэн байх ба энэ мөнгө нь Х-с хэдийд авсан цагаан идээний үнэ болох нь түүний шүүхэд ирүүлсэн тэмдэглэлийн дэвтрийн хуулбараар /хх-ийн 73-74 хуудас/ нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч хариу тайлбараа нотлох үүрэг тус тус хуулиар олгогдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заажээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох тэмдэглэлийн дэвтрийн эх хувийг шаардах, үзлэг хийх зэргээр нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас үнэлж шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34863 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2019/00073 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Х-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34863 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн
172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.АЛТАННАВЧ
ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
Б.СҮХГОМБО