Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 226/МА2019/00018

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 9 сарын 18 өдөр          Дугаар 226/МА2019/00018                              Хэрлэн сум          

 Э-,  Б-, Б-,

Н- нарын нэхэмжлэлтэй,

Ба-д холбогдох иргэний хэргийн талаар

 

 

226/2019/00018

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Отгонзаяа,    

Нэхэмжлэгч  Э, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэчулуун, О.Баясгалан,

Хариуцагч Ба, түүний өмгөөлөгч Э нарыг  оролцуулан,

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 156/ШШ2019/00359 дугаар шийдвэртэй, Э, Б, Б, Н нарын  нэхэмжлэлтэй, хариуцагч Ба-д холбогдох “хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тогтоолгох, хууль бус өмчлөлөөс мал гаргуулах, өв залгамжлалаар ногдох хэсгийг гаргуулж, өв хүлээн авсан зээлийг өрийг төлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Ба-ын нэхэмжлэгч Э-д холбогдуулан гаргасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тогтоолгох, өв залгамжлалаар өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Ба-ын давж заалдах гомдлоор 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Э, Б, Б, Н нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э миний бие Н-тай 1999 онд гэр бүл болж, том охин Б, бага охин Б, Н нарын хамт амьдарч ирсэн. Бид 1999-2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хамт амьдрах хугацаандаа Хэрлэн сумын 4 дүгээр баг А-33 байрны 52 тоот 2 өрөө орон сууц, Хэрлэн сумын 3 дугаар баг А-01 байрны 28 тоот 2 өрөө орон сууц, “Toyota estima” маркийн автомашин, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Цагаан овооны эрүү“ гэх газарт хашаа, саравч барьж нутаглан 250 адуу, 356 үхэр, 380 хонь, 613 ямаа, 12 тэмээ буюу нийт 1611 толгой малыг өсгөж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгон амьдарч байсан.  

            Миний нөхөр, бидний аав Н нь 2017 онд элэгний хорт хавдраар өвчилж, өвчний улмаас 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан.

            Ба нь Н-ийн өмнөх эхнэрээс төрсөн охин бөгөөд 2015 оноос хойш бидэнтэй огт холбоогүй байсан. Ба нь талийгаачийн өв хөрөнгөөс хуулийн дагуу ногдох хэсгээ өвлөх нь зүйтэй бөгөөд миний хувьд хөрөнгө өгөхгүй гэсэн зүйл яриагүй юм.  

            Талийгаачийн буяны ажил буюу оршуулга өнгөрөөгүй байхад Ба нь /талийгаачийн төрсөн ганц охин гэх нэрийдлээр/ нийт хөрөнгийн 70 хувийг эзэмших ёстой гэж бүх мал, хөдөө байдаг 2 гэр, өвөлжөө, хаваржааг булаан өөрийн мэдэлд оруулан бидний амьжиргааны эх үүсвэр мал аж ахуйг булаан авснаар зээл болон бусдад өгөх өглөгөө өгч чадахгүй байдалд хүрээд байна.

            Н, Э, Б, Б, Н нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх Хэрлэн сумын 4 дүгээр баг А-33 байрны 52 тоот 2 өрөө орон сууц, Хэрлэн сумын 3 дугаар баг А-01 байрны 28 тоот 2 өрөө орон сууц, “Пажеро” маркийн автомашин, 5 ханатай гэр, 1611 толгой мал, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Цагаан овооны эрүү“ гэх газарт хашаа, саравч, 2018, 2019 оны ноолуур, 2018 оны төл 391 толгой мал зэрэг дундын эд хөрөнгөөс гишүүдэд ногдох хөрөнгийг тогтоолгох, Э, Б, Б, Н нарт ногдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох мал, 2018 оны төл малыг Ба-н хууль бус өмчлөлөөс гаргуулан авах, Төрийн банктай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 62/03 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үүргээс өв залгамжлагч Ба-д 3296500 төгрөгийн зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулах, Хэрлэн сумын 4 дүгээр баг А-33 байрны 52 тоот 2 өрөө орон сууц, Хэрлэн сумын 3 дугаар баг А-01 байрны 28 тоот 2 өрөө орон сууц, “Пажеро”, “Toyota estima” маркийн автомашинууд, 5 ханатай гэр, 1611 толгой мал, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Цагаан овооны эрүү“ гэх газарт байх хашаа, саравч, 2018, 2019 оны ноолуур, 2018 оны төл 391 толгой мал зэрэг дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс Н-д ногдох хувь, 4 ханатай гэр, хэт хутга, гаанс, мөнгөн аяга, мөнгөн бүс, мөнгөн хазаар зэрэг Н-гийн хуваарьт эд хөрөнгөөс тус тус өв залгамжлалаар ногдох хэсгээ тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нь Э-ийн том охин бөгөөд Н, Э нартай нэг гэр бүлийн гишүүн болон хамт амьдарч байсан. Мөн хүүхэд ахуй цагаасаа эхлээд энэ гэр бүлийн бүх хөрөнгийг бий болгоход өөрийнхөө хэмжээнд гар бие оролцсон гэж үзэж дундын өмчлөлийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Сүүлд нэмэлтээр мөнгөн дүнгээр илэрхийлэхэд гэр бүлийн нэг гишүүнд ногдох хөрөнгө нийт малын хувьд 89700000 төгрөгийн мал, 2018 оны төл унага, тугал, хурга, ишиг гэсэн тоо толгой, мөнгөн дүнгээр 11190000 төгрөгийн мал буюу дундын өмчлөлийн хөрөнгө болох 2 өрөө орон сууц 2, автомашин 2, хашаа, саравч, мөн 2018 оны бүтэн, 2019 оны эхний хагас жилийн малын ашиг шим гэж үзэн гэр бүлийн нэг гишүүнд ногдох 141212000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгөөс тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

            Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд Н-гийн ганц охин болон төрсөн. Миний эцэг Н нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. 1999 онд миний нагац өвөө нас барж, нагац эмээ маань хөгжлийн бэрхшээлтэй байсан учир ээж, бид хоёр эмээгээ асрахаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум руу явсан. Түүнээс хойш аав маань Э-тай амьдарч эхэлсэн тул ээж бид хоёр буцаж ирээгүй юм.

            Э нь хуульд заасны дагуу өв залгамжлагчаар тогтоогдож өвлөгдөх эд хөрөнгө буюу 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойш бий болсон хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах нь зүйтэй юм. 

            Тэрнээс өмнө бий болсон эд хөрөнгө нь талийгаач аавын маань хуваарьт эд хөрөнгө бөгөөд ээж бид хоёрт ч тухайн үед улсаас хувьчилж өгсөн мал сүрэг байсан. Үүнийг 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тоологдсон талийгаач аав Н-гийн нэр дээр тооллогын бүртгэлд тусгагдсан мал сүргийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэж байна.

            Намайг 2018 оны 02 дугаар сарын эхээр ирэхэд хотонд ойролцоогоор хонь, ямаа нийлсэн 1000 орчим мал байсан. Э-намайг байхгүй хойгуур 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үед бүх бог малыг туугаад өөрийн ах Б-д аваачсан байсан. Ингээд би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр очиж хонь 223, ямаа 530, нийт 753 толгой хонь, ямааг тоолж хүлээж авсан. Э-гийн тууж явсан хонь, ямаанаас 227 орчим тооны бог мал байхгүй, тэрээр өөр айлд аваачиж өгсөн сураг сонссон тул энэ асуудлыг Э өөрөө хариуцах ёстой юм.

            Үхэр, адуу тоолоогүй учир тодорхойгүй, Баян-Овоо сумын малчин Д-д 3 тооны тэмээ байгаа гэж надад хэлсэн. Үүнээс хойш 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр аавын төрсөн ах А нь ирээд 42 толгой адууг манай бурхны адуу гэж хэлээд туугаад явсан. Ингээд малын тоо толгой одоогийн байдлаар тодорхойгүй, нэхэмжлэгч нарын хүсэлтэд дурдсан тэмээ-12, адуу-250, үхэр-356 , ямаа-613, бүгд 1611 тооны мал сүрэг манай хотонд байхгүй, хэрэв Э- нь эдгээр тооны мал сүрэг хаана байгааг мэдэж байгаа бол өөрөө эх сурвалжийг нь зааж өгөх ёстой, бүх мал сүргийг бүртгэж, тогтоосны дараа уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн аавын минь гал голомт болсон 4 ханатай, 5 ханатай гэрт би гэр бүлийн хамт амьдарч байна. Э-гийн нэхэмжлэлийн шаардлагаас ипотекийн зээлээр худалдан авсан гэх орон сууцны төлбөрөөс Ба- надад 32965000 төгрөгийн зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг зээлийг аваагүй, уг орон сууцыг ямар нэгэн байдлаар эзэмшиж, ашиглаагүй гэдгийг дурдах нь зүйтэй юм.

            Б- нь Э-гийн охин бөгөөд 1994 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн байна. Э-г аавтай минь гэрлэлтээ батлуулах үед тэрээр 7 орчим настай хүүхэд байсан бөгөөд анхнаасаа хөдөө мал маллаж амьдарч байгаагүй, аймгийн төв дээр сургуульд сурч амьдарч байгаад Улаанбаатар хотод их сургуульд сурсан. Б- нь хэзээ, хэрхэн, ямар журмаар өөрийн овгийг Н- болгосон талаар мэдэхгүй байна. Мөн Б- нь талийгаач Н-гийн гэр бүлийн гишүүн биш, түүнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ногдох гэсэн ойлголт байхгүй бөгөөд хууль ёсны өв залгамжлагч биш тул шаардах эрхгүй гэж үзэж байна.

            Б- нь Э-гийн охин бөгөөд 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. Э-г аавтай минь гэрлэлтээ батлуулах үед тэрээр 12 настай хүүхэд байсан. Одоо 29 настай. Б- нь хүүхэд байхаасаа хөдөө мал маллаж байгаагүй, аймгийн төв дээр сургуульд сурч, амьдарч байсан. Б талийгаач Н-гийн гэр бүлийн гишүүн биш түүнтэй хамт амьдарч байгаагүй, үрчилж аваагүй тул түүнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ногдох гэсэн ойлголт байхгүй, хууль ёсны өв залгамжлагч биш тул шаардах эрхгүй юм.

            Н- нь Э-гийн охин Б-ийн төрсөн охин бөгөөд 2007 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Н-г манай аавыг өвчтэй байхад нь үрчлүүлсэн байсан. Энэ үрчлэлт бол хууль зөрчсөн. Гэхдээ өв хуваахад Н-г оролцуулахад татгалзах зүйл байхгүй байна.

            Ба- миний бие Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар Н-гийн төрсөн охин, хууль ёсны өв залгамжлагч болохоор хөрөнгийг өвлөх эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 1611 толгой мал нэхээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид ирээд малыг тоолоход 1460 толгой мал байсан.

            Э-гийн нэр дээр байгаа “Тоёота эстима” маркийн суудлын автомашин, Хэрлэн сумын 4 дүгээр баг А-27 байрны 24 тоот 16 мерт квадрат орон сууц, Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр Ё хороолол 14 дүгээр гудамжны 18 тоот 700 мерт квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг Э-, Н- нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, Хэрлэн сумын 4 дүгээр баг А-27 байрны 24 тоот 16 мерт квадрат орон сууц, Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр Ё хороолол 14 дүгээр гудамжны 18 тоот 700 мерт квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хэрлэн сумын 3 дугаар баг А-01 байрны 28 тоот 2 өрөө орон сууц, Хэрлэн сумын 4 дүгээр баг А-33 байрны 52 тоот 2 өрөө орон сууц зэргээс өөрт ногдох өв 40030500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

            2019 онд 75 килограмм ноолуурыг килограммыг нь 110000 төгрөгөөр борлуулсан. 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр малыг би өөрийн эзэмшилд авсан, гэхдээ тоолж аваагүй, харин CD-нд бичиж баримтжуулсан. А нь 40 орчим тооны адуу Э ав гэсэн гэж хэлээд аваад явсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн 1460 тооны малыг хуваах ёстой гэж үзэж байна. Энэ малаас Д-с аваад мал тоолоход буцааж өгсөн 150 хонийг хасч тооцно. Хөөрөг, гаанс надад байгаа гэжээ.

             Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 156/ШШ2019/00359 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Н, Э, Н нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 643288000 төгрөгөөр тогтоож, үүнээс гэр бүлийн гишүүн болох Н, Э, Н нарт тус бүрт нь 214429333 төгрөгийн хөрөнгийг хуваарилж, нэхэмжлэгч Б, Б нарын дундын эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт зааснаар 415510000 төгрөгийн үнэлгээ бүхий 1567 тооны мал, 56950000 төгрөгийн үнэлгээ бүхий 2018 оны 391 тооны төл малыг хариуцагч Ба-аас гаргуулан нэхэмжлэгч Э, Н нарт олгож, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Н, Э нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 6000000 төгрөгөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Тоёота Эстима маркийн суудлын автомашин, Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг А-27-24 тоот хаягт байрлах 15 м2 талбай бүхий орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э, Б, Н нарын өмчлөлд Хэрлэн сумын 4 дүгээр баг А-33 байр 52 тоот хаягт байрлах 2 өрөө байр, Хэрлэн суи 3 дугаар баг А-01 байр 28 тоот хаягт байрлах 2 өрөө байр, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр Ё хороолол 14 дүгээр гудамж 18 тоот хаягт байрлах 700 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эстима машин, мөнгөн аяга /жижиг/, мөнгөн бүс /сүүлийн үеийнх/, мөнгөн хазаар /сүүлийн үеийнх/ зэргийг хэвээр үлдээж, хариуцагч Ба-аас пажеро машин, 5 ханатай гэр, 4 ханатай гэр, Баян-Овоо сум Цагаан овооны эрүү гэх газарт байх хашаа болон саравч, 2018 болон 2019 оны ноолуур, эртний мөнгөн тоноглолтой хэт хутга, эртний хаш чулуун мөнгөн тоноглолтой гаанс зэргийг гаргуулан нэхэмжлэгч Э, Б, Н нарт олгож, нэхэмжлэгч нараас 93544833 төгрөг гаргуулан хариуцагч Ба-д олгож, сөрөг нэхэмжлэлийн Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг А-27-24 тоот хаягт байрлах 16 м2 талбай бүхий орон сууцнаас өв авахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ба-аас зээлийн гэрээний үүрэг 3296500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч талын тэмдэгтийн хураамжид төлсөн 816610 төгрөг, хариуцагчийн төлсөн 358102 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас 2591822 төгрөг, хариуцагчаас 71573 төгрөг гаргуулан орон нутгийн төсөвт олгож, нэхэмжлэгч талаас 302922 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 3321750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд тус тус олгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 757 дугаар захирамжийн үйлчлэл нь Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэх болохыг дурдаж  тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагч Ба- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу үнэлж чадаагүй гэж үзэн дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл тус бүрийг тодорхойлон бичээд гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүдэд ногдох хөрөнгийг Н, Э, Н нарт тогтоож, Б, Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон дүгнэлтийг гаргасан. Н-гийн эд хөрөнгийг өвлөн авах хууль ёсны өвлөгч нь Э, Н, Б, Б, Ба гэж шүүх тодорхойлсон.

            Хариуцагчийн зүгээс Н-гийн өв залгамжлах эрхийн талаар маргаагүй, Б-ийн өв залгамжлах эрхийн талаар маргасан. Анхан шатны шүүх Б-ийг өв залгамжлан авах эрхтэй гэдгийг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Н-гийг Б-ийн эцэг болохыг ...захиргааны журмаар 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эцэг, эхийн өргөдлийг үндэслэн тогтоосон болох нь ...Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/515 тоот албан бичгээр ирүүлсэн эцэг тогтоосон лавлагаа ...тогтоогдсон” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр хэрэгт эцэг тогтоолгох лавлагаа байгаа боловч тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн 1172 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 5 дахь заалтаар Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б ...овог, эцгийн нэр өөрчлүүлэхдээ бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд ...хувийн хэргийг бүхэлд нь гаргуулахаар даалгасан байдаг. Шүүгчийн захирамжийг хангуулах талаар шүүхэд хүсэлтээ гаргасан боловч хүлээн аваагүй.

            Б-т захиргааны журмаар эцэг тогтоолт хийгдсэн тухай нотлох баримт байхгүй байхад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00/001731 дугаар лавлагааг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тус лавлагаанд Б-ийн ургийн овгийг “Л” гэж тэмдэглэсэн байх ба Н-гийн ургийн овог нь “Т” байгаа нь эцэг тогтоох ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Б-ийг өвлөх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

            Аав Н-гийн хуваарьт хөрөнгө мөнгөн тоноглолтой хэт хутга, хаш чулуун мөнгөн тоноглолтой гаанс, мөнгөн аяга жижиг, мөнгөн бүс, мөнгөн хазаар зэргийг Э- нь надтай ярилцаад мөнгөн тоноглолтой хэт хутга, хаш чулуун мөнгөн тоноглолтой гаансыг чи талийгаачийн төрсөн ганц охин юм чинь гээд өөрөө надад өгсөн. Миний хувьд эцгийн галыг авч явах төрсөн охины хувьд би аавынхаа удам дамжин эдэлж хэрэглэж явсан одоо надад байгаа мөнгөн тоноглолтой хэт хутга, хаш чулуун  мөнгөн тоноглолтой гаансыг Э-, Н- нарт өгөхгүй, тэд ч авах эрхгүй гэж үзэж байна. Энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль бус болсон гэж үзэж байна.

            Миний аав Н-гийн амьд сэрүүн байхдаа хүргэндээ худалдсан, мөнгийг нь төлөөд нэрээ шилжүүлээгүй байсан “Пажеро” маркийн суудлын автомашиныг надаас гаргуулж, Э-д олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.        

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

             Нэхэмжлэгч Э, Б, Б, Н нар нь хариуцагч Ба-д холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-33 байр 52 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Хэрлэн сум 3 дугаар баг А-01 байрны 28 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, “Тоёота эстима” маркийн автомашин, “Пажеро” маркийн автомашин, 5 ханатай гэр, 1611 толгой мал, хашаа саравч, 2018, 2019 оны ноолуур, 2018 оны төл 391 толгой мал зэрэг дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хөрөнгийг тогтоолгох, хамтран эзэмших дундын эд хөрөнгө болох мал, төлийг хариуцагч Ба-ын хууль бус өмчлөлөөс гаргуулах, орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үүргээс Ба-д 3296500 төгрөгийн зээлийн үүргийг ногдуулах, мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс Н-д ногдох хувь, түүний хуваарьт хөрөнгө болох 4 ханатай гэр, хэт хутга, гаанс, мөнгөн аяга, мөнгөн бүс, мөнгөн хазаар зэргээс ногдох хувийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

Хариуцагч Ба- нь нэхэмжлэгч нарт холбогдуулан Э-гийн нэр дээр бүртгэлтэй “Тоёота эстима” маркийн суудлын автомашин, Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг, А-27-24 тоот хаягт байрлах 16 метр квадрат талбай бүхий орон сууц, Хэнтий аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг, Цогт-Өндөр “Ё” хороолол 14 дүгээр гудамж 18 тоот хаягт байрлах 700 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг Э-, Н- нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, мөн Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг, А-33 байр 52 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц зэргээс өөрт ноогдох өв болох 40030500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ба- нь Н-гийн төрсөн охин тул эцгийнхээ эд хөрөнгийг өвлөх эрхтэй гэж маргажээ.

 

Хариуцагч Ба- давж заалдах гомдолдоо “...Н-г Б-ийн эцэг болохыг тогтоосон Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/515 тоот албан бичгээр ирүүлсэн эцэг тогтоосон лавлагааг үндэслэн Б-ийг өвлөх эрхтэй...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

         Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар “...зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх шийдвэрлэнэ...” гэсний дагуу хариуцагч Ба-, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа  нар нь анхан шатны шүүхэд хүсэлт ирүүлжээ. Шүүх 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 01172 дугаартай шүүгчийн захирамжаар “Н, Б нарын үрчлэлт, овог, эцгийн нэр өөрчлүүлэхдээ бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд буюу хувийн хэргийг ирүүлэхийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан” байна /хх-ийн 126-129 хуудас/.

Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь  2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/515 тоот албан бичгээр Б-ийн эцэг тогтоосон лавлагааг ирүүлсэн боловч шүүгчийн захирамжид заасан бусад эх хувь материалуудыг ирүүлээгүй, шүүгчийн захирамжийн заалт биелэгдээгүй байхад анхан шатны шүүх  Б-ийг өвлөх эрхтэй гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй  талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчжээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 932950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 156/ШШ2019/00359 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Ба-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 932950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн

172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

            

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ