Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 226/МА2019/00023

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 01 өдөр          Дугаар 226/МА2019/00023                               Хэрлэн сум

 

О-гийн нэхэмжлэлтэй,

Ө, Л нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2019/00023/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны А” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Отгонзаяа,   

Нэхэмжлэгч О, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

Хариуцагч Ө, Л нарыг оролцуулан,

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 156/ШШ2019/00472 дугаар шийдвэртэй, О-гийн нэхэмжлэлтэй, Ө, Л нарт холбогдох “3719000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч О-гийн давж заалдах гомдлоор 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Ө-ы ХААН банкны дансанд 2019 оны 01 дүгээр сарын 24-нөөс эхлэн ноолуурын урьдчилгаа мөнгө болгон 14070000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Ө- 12550000 төгрөг шилжүүлсэн гэж худал ярьж байна. Мөн түүний нөхөр Л-н ХААН банкны дансанд 500000 төгрөг шилжүүлж, бэлнээр 1350000, нийт 15920000 төгрөг өгсөн. 15920000 төгрөгөөс ноолуураар буюу бэлнээр 11423000 төгрөгийг Ө, Л нар болон тэднээс ноолуурын урьдчилгаа мөнгө авсан малчид надад өгсөн. Мөн Л-н өөрийн ямааны ноолуурын үнэ болох 2928000 төгрөгөөс Ө-д 150000, Л-д 2000000, нийт 2150000 төгрөгийг өгсөн бөгөөд 778000 төгрөг үлдсэн. Гэтэл Ө- 1000000 төгрөг болон 3 дугаар сарын 27-ны өдөр Ө-ы дансанд хийсэн 770000 төгрөгийг аваагүй гэж гүтгэж байна. Мөн 3 дугаар сарын 27-ны өдөр Ц гэх хүний дансанд 200000 төгрөгийг “Л-” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлснийг буцааж өгсөн гэж худал ярьж байна. Ө-, Л- нарт итгээд мөнгө зээлдэж байхад итгэл алдаж, мөнгийг маань үрчихээд, гүтгэж, доромжилж байгаад нь гомдолтой байна. Ө-ы гэрч гэх Л- нь түүний нөхөр Л-н төрсөн дүү бөгөөд би Л-с авсан нэг удаагийн ноолуурын үнийг шууд өгсөн.

            Миний бие Л-, Ө- нараас 3719000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 770000 төгрөгөөр багасгаж 2949000 төгрөгийг төлөгдөөгүй гэж үзэн нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч Ө-, Л- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О-гаас 2019 оны 01 дүгээр сарын 24-нөөс эхлэн ноолуурын урьдчилгаа авсан нь үнэн. Миний ХААН банкны дансанд 11200000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Тухайлбал

            2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 800000, 1200000,

            2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 200000, /ажил явдалд/

            2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 500000,

            2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1500000, 500000,  

            2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500000,

            2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1000000,

            2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 200000, 2800000,  

            2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 1000000,

            2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 1000000 төгрөг, нийт 11200000 төгрөгийг дансаар, Л-т бэлнээр 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 500000, 5954193669 тоот дансанд Отгонбаяр гэх хүнд 300000, Чанцаа гэх хүнд 500000, МР авах гээд 50000 төгрөг, нийт бэлнээр 1350000 төгрөг авсан. Нийт ноолуурт 12550000 төгрөг авсан юм.

            Бид малчдаас урьдчилгааныхаа ноолуурыг цуглуулаад 11423000 төгрөгийн ноолуур авч О-д өгсөн. Л-н өөрийн ямааны ноолуур 2928000 төгрөг /22.7х129000/ болсон. Үүнээс 500000 төгрөг авсан. Ноолуурын мөнгөнөөс өөр мөнгө аваагүй байхад 1000000, 500000 төгрөгийг тус тус авсан гэж гүтгэж байна. 770000 төгрөгийн хувьд миний дансанд орсон нь үнэн. О Л гэх хүнээс 6.9 килограмм ноолуурыг 920000 төгрөгөөр авсан бөгөөд Л-д дансанд 150000 төгрөгийг О-гаар шилжүүлээд, үлдсэн 770000 төгрөгийг миний дансанд хийлгэсэн. Үүнийг Л гэрчилнэ. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 200000 төгрөг дансанд хийснийг бид хоёр бэлэн гэрт нь аваачиж өгсөн.

            Лхагвын дансанд 500000 төгрөг хийсэн гэж байгаа боловч энэ нь дансны хуулга дээр байхгүй байна. Бид Г О- нарт итгэж, ах эгч шигээ бодож байсан. Бидэнд О-г заналхийлсэн зүйл  огт байхгүй юм.

            Мөн О- өөрийн “Портер” маркийн автомашинаа Улаанбаатарын номертой болохоор Хэнтий аймагт явахад хэцүү байна гээд Л-н нэр дээр шилжүүлж улсын дугаар авч байсан. О- машинаа өөрийн хэрэгцээнд ашиглаж байсан бөгөөд бид хувьдаа ашигласан зүйл огт байхгүй, машиныг нь буцаагаад өгсөн. Манай нөхөр Л- ажилд орох гэж байсан боловч О-д итгээд орох гэж байсан ажлаасаа хүртэл татгалзсан. Харин нэхэмжилж байгаа 3719000 төгрөгийг бид төлөх ёсгүй, бид О-д ямар нэгэн өр, зээлгүй. Иймд хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.              

            Хариуцагч Ө- болон Л- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О-д 22.7 килограмм ноолуурыг 1 килограммыг нь 129000 төгрөгөөр бодож нийт 2928300 төгрөгөөр өгсөн нь үнэн. Үүнээс Ө- 150000 төгрөгийг авсан. Ө-ы ХААН банкын дансанд 14070000 төгрөг орсноос Л-ийн 770000 төгрөгийг хасаад 12550000 төгрөг болсон. Л- 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дүүтэйгээ очиж О-гаас 500000 төгрөг авсан. Мөн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 500000 төгрөг авсан. 1000000 төгрөгийг авсан гэдгээ санахгүй байгаа юм. Л-н авсан 1350000 төгрөг 14070000 төгрөгтөө орсон байх ёстой гэжээ.  

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 472 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө-, Л- нараас 1098700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О-д олгож, 1850000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74454 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 30918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О- давж заалдах гомдолдоо:  Миний бие Ө-, Л- нараас 3719000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 77000 төгрөгөөр багасгаж 2949300 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахдаа миний нэхэмжлэлийн шаардлагын дүнг буруу бодож 1098700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч Л- нь шүүгчийн асуултад “О-гаас бэлнээр 1850000 төгрөг авсан” гэж хариулсан. Шүүгч Ө-аас “Л- 1850000 төгрөг бэлнээр авсан уу” гэж асуухад Ө- “1850000 төгрөг нь 14070000 төгрөгтөө багтсан” гэж хариулсан. Гэтэл шүүх 1850000 төгрөгийн нотлох баримт байхгүй гэж үзэж Л-т бэлнээр өгсөн 1850000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн Ө- нь өөрийн ХААН банкны дансны хуулгыг нотлох баримтаар хэргийн материалд хавсаргахдаа хэрэгт ач холбогдол бүхий тоонуудыг цэнхэр өнгийн балаар балласан /шүүгчийн туслахын зөвлөснөөр/ гэдгээ хэлсээр байтал түүнийг зөв болгож, судлалгүйгээр хариуцагчийн талд ашигтай байдлаар шийдвэрлэхдээ ашигласан, шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч болон хариуцагч нарын мэдүүлгийг бүрэн гүйцэд тусгаагүй зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О- нь хариуцагч Ө-, Л- нарт холбогдуулан 3719000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2949000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч Ө-, Л- нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй байна.

 Хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд    “О-гаас нийтдээ 1350000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн, гэхдээ энэ мөнгө ноолуурын 14070000 төгрөгөнд орох ёстой” гэсэн хариуцагч Ө-ы тайлбараас үзэхэд ноолуурын мөнгө болох 14070000 төгрөгөнд маргаан үүссэн байх бөгөөд анхан шатны шүүх маргаангүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримттай нийцээгүйгээс гадна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан “үндэслэх хэсэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заана” гэснийг зөрчжээ.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан “шүүх хуралдааны тэмдэглэлд ...хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал ...зэргийг бичнэ” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61140 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 156/ШШ2019/00472 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61140 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ