Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 226/МА2017/00025

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 28 өдөр

        Дугаар 226/МА2017/00025                          

                          Хэрлэн сум

 

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад

холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2017/00025/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

     Нэхэмжлэгч: Б.Н-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Б,

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д, Г.Л нарыг  оролцуулан,

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 317 дугаар шийдвэртэй Б.Н-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох “Албан тушаал бууруулж, захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 захирамжийг хүчингүй болгож, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ын давж заалдах гомдлоор 2017 оны 11 äүгээð сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр тоот захирамжаар ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдсон юм. Ажиллах хугацаандаа сургуулийн ажлыг хэвийн хэмжээнд авч явж, хичээлийн шинэ байрыг ашиглалтанд оруулахад өөрийн хүч, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, хичээлийн байрыг ашиглалтанд онц сайн үнэлгээтэйгээр хүлээлгэн өгч байсан. 2014 оны 3 дугаар сарын 17-нд Ц.Б нь тус сургуульд бага ангийн багшаар ажилд орох хүсэлтэй байгаа тухай өргөдөл өгсөн. Би ажлын байрны сонгон шалгаруулалтанд ороод тэнцээд ир тэгвэл татгалзах зүйл алга гэсэн хариу өгсөн юм. 2014 оны 03 дугаар сарын 21-нд аймгийн засаг даргаас Ц.Б-г бага ангийн багшаар ажилд аваад хариу мэдэгд гэсэн албан бичиг ирсэн. Тус албан бичгийн хариуг өгөхдөө ажлын байрны сонгон шалгаруулалтандаа ороод тэнцээд ир тэгвэл татгалзах зүйл алга гэсэн хариу өгсөн гэдгээ мэдэгдсэн. Үүнд дургүйцсэн аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатар нь Норовлин сумын Ардчилсан намын дарга Х.Б-нд намайг ажлаас нь чөлөөл гэж үүрэг өгсөн байдаг. 2014  оны 10 дугаар сарын 25-ны өдөр Х.Болдсайхан нь миний ажлын өрөөнд орж ирээд “Чи яг одоо ажлаа өг, манай намын дарга Ж.О, иргэдийн хурлын дарга П хоёр над руу яриад байна" гэсэн. Тэгэхэд нь би “надад хийсэн хэрэг байхгүй, тийм болохоор яагаад ажлаа өгөх ёстой болдог билээ” гэж хэлсэн. Тухайн үед би сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажлын тайлангаа тавьж “хангалттай сайн” гэсэн үнэлгээ авсан байсан. Ингээд Х.Б нь ямар ч баримтгүй 5-6 төрлийн асуудлаар Ч.Энэбишийн охин Д.Ч-гаар мэдээлэл өргөдөл бичүүлж, аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч Дашпүрэв шалгаж, намайг авлига авсан гэсэн хэрэгт буруутган шалгаж, зохиомол хэрэг үүсгэсэн. Авлига авч Д.Ч-г ажилд авсан гэж намайг буруутган, албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн юм. Гэтэл Д.Ч гэгчийг монгол хэлний багшийн ажилд томилсон тушаал нь 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №02 тоот тушаал бөгөөд тухайн үеийн сургуулийн захирал байсан О.Г тус тушаалыг гаргасан байдаг. Тухайн үед миний бие хувиараа хөдөлмөр эрхэлж байснаас биш ажилд авах эрх бүхий албан тушаалтан биш байсан гэдэг нь тодорхой байхад шууд авлига авсан гэж буруутгаж, ийнхүү захирамж гаргасан нь үндэслэлгүй байна. Авлигын эсрэг хуулийн 3.1.1-д зааснаар “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэжээ. Тус хуулийн 4.1-д уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг заасан байгаа бөгөөд тухайн үед хувиараа хөдөлмөр эрхэлж байсан би огт хамааралгүй. Албан тушаалын эрх мэдэл байхгүй байсан учраас тус хуулийн 3.1.3-д заасанчлан “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэдэг нэр томъёо надад огт хамааралгүй байхад, цаг хугацааны хувьд тус үйл баримт миний захирлаар ажиллаж байсан үетэй таарахгүй байхад ийнхүү хуулийг буруу хэрэглэж, засаг дарга захирамж гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн аймгийн засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/02 тоот захирамжийг хүчингүй болгож, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Наранбаяр нь Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь Аймгийн засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар Нарнбаярыг албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлөхдөө Авлигын эсрэг хуулийн 7.1, 33.1.2-д заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Энэ зүйл заалт нь албан тушаалтан авлига авсан гэх зүйл, заалт байгаа. Хэнээс авлига авсан бэ гэдэг нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол, авлигын эсрэг хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолоос харагдаж байна. Чин-Одмаа багшийг ажилд авахдаа авлига авсан байна гэдэг нь тогтоогдсон. Чин-Одмааг 2009 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар багшаар авсан болох нь тогтоогдож байна. Гэтэл Н нь 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар захирлын албан тушаалд томилогдсон. Ч-г 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Г буюу өмнөх захирал нь ажилд авсан байдаг. Ч-г ажилд авах үед Н нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Авлига гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” хэлнэ гэж заасан. Харин Наранбаяр албан тушаалын эрх мэдлээ хэрхэн урвуулан ашигласан нь тогтоогдоогүй. Ч нь Н-ыг захирал болохоос 4-5 сарын өмнө багшаар ажилд орсон. Энэ үед Н Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан субьект биш байсан юм. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар 7.1, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болгосон нь буруу байна. Ийм учраас Наранбаярыг албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Г.Л нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н- нь нэхэмжлэлдээ Д.Ч-аг ажилд авсан тушаалыг би гаргаагүй, миний бие Д.Ч-г ажилд орсноос хойш 4 сарын дараа тус сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон тул авилгын тухай хуулиар хариуцлага хүлээх субъект биш гэж дурдсан боловч дээрх асуудлын талаар Д.Ч нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Н- нь бусдыг ажилд оруулах нэрийдлээр бусдаас авлига авсан гэх гомдол, мэдээллийг гаргасан байна. Дээрх гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Б.Ганхуяг шалгаад 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал бичгээр гаргаж Хэнтий аймгийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор Д.Нямдэлэг хүлээн авч мөрдөн байцаагчийн санал үндэслэлтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Гэвч Б.Н- нь Ч.Э-с охин бяруу авлигад авч түүний охин Д.Чин-Одмааг тус сумын сургуульд багшаар ажилд оруулсан болох нь тогтоогдсон боловч дээрх үйл явдал нь 2009 онд болсон бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Иймд Аймгийн засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай захирамж нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06/10584 дугаартай албан бичиг, Хэнтий аймгийн прокурорын газрын 2014 оны 12 дугаарын сарын 26-ны өдрийн прокурорын тогтоол зэргийг үндэслэн Б.Н-ыг авлига авсан зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй.

Ч-г 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г-ын тушаалаар ажилд түр томилсон. Г 6 сард ажлаасаа халагдсан. Хавар сургууль амраад, намар нь Чин-Одмааг ажилдаа эргэж орох гээд очиход нь шинэ захирал буюу Н чи түр ажиллаж байсан учраас чамайг авах боломжгүй гэж хэлсэн байдаг. Тэгээд Ч-ийн ээж Э нь Н-тай очиж уулзаад, 1 тооны бод мал өгч, охин Чин-Одмааг ажилд оруулахаар тохиролцсон нь нотлогдсон. Энэ нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Энэбишийн цагдаад өгсөн тайлбараар нотлогдож байна. Ч 2010 оны 6 сард жирэмсний амралтаа аваад 2012 онд эргээд ажилдаа орьё гэхэд чиний оронд хүн түр томилсон, тэр хугацааг дуусгаад эргээд ир гэж Наранбаяр хэлсэн байдаг. Тийм учраас Ч нь Хэнтий аймгийн цагдаагийн газарт гомдлоо гаргасан байдаг. Иймд дээрх тушаалыг үндэслэлтэй гэж үзэж, хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох, “албан тушаал бууруулж, захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 захирамжийг хүчингүй болгож, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай Б.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, зааснаар нэхэмжлэгч Б.Н- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шуүх нэхэмжлэлийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг анх нэхэмжлэл өгсөн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 1 сарын хугацаагаар тооцож, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн тухай хуулийн 129-т заасан гомдол гаргах хугацааг даруй 2 жилээр хэтрүүлэн шүүхэд гомдлоо гаргасан байна гэж шийдвэрлэсэн нь шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна. Үндэслэл нь:

1. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ: “Ажилтан Б.Н- нь ажил олгогчийн ажилд буруу шилжүүлсэн тухай шийдвэрийг хүлээн аваад нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2015 оны 3-р сарын 06-ны өдөр хүлээн аваад дахин шүүхэд хандаагүй байна.” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч, хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд “Нэхэмжлэгч нь өөрийн хандаж буй шүүхийн нэр нэршлийг тодорхой болгон дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.” /ХХ-9 дэх тал/ болохыг зааж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд дахин нэхэмжлэл гаргах хугацааг тодорхой хуульчлаагүй байдаг. Мөн ийнхүү анх нэхэмжлэл гаргасан нь хуулийн хугацаанд байсан тул энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийг баримтлах нь буруу байна. Учир нь нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг авахдаа л эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн, мөн хуулийн хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд ирүүлсэн байдаг. Тэгэхээр энэ заалт нь дахин нэхэмжпэл гаргахад хамааралгүй юм. Иргэний эрх зүйн гол зарчим бол 'Хуулиар хориглоогүй бүхэн зөвшөөрөгдөнө.” гэдэг тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсны дараа дахин нэхэмжлэлийг тэд хоногийн дотор гаргах ёстой гэсэн хуулийн нарийвчилсан заалт байхгүй, хориглоогүй тул хэзээ ч гаргах боломжтой гэж ойлгоно. Нэхэмжлэгч нэгэнт нэхэмжлэлээ хуулийн хугацаанд шүүхэд ирүүлчихсэн байхад энэ хугацааг анхаарч үзээгүй, хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр байхад үүнийг үл тоон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй, буруу шийдвэр болжээ. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй, анх нэхэмжлэлээ хугацаандаа өгсөн гэдгийг шүүхийн шийдвэртээ дурьдсан атлаа шүүгчийн захирамжийн дагуу дахин нэхэмжлэл гаргахад Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны заалтыг баримтлах ёстой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь заалт нь шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь аль хэдийн эрх зөрчигдсөн гэдгээ мэдэж, шүүхэд нэхэмжлэлээ гаргачихсан шүү дээ. Мөн ямар хуулийн заалтыг баримталж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарснаас хойш 1 сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй гэсэн нь огт ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж  өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Н- нь “Хэнтий аймгийн засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн Б/02 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохыг” хүссэн гомдлоо 2015 оны 2 дугаар сарын 27-ний өдөр Сум дундын 28 дугаар шүүхэд анх гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн гомдолд “ажлаас чөлөөлсөн тушаал”-ыг хэзээ гардан авснаа дурдаагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй тул түүнийг   Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдлоо анх шүүхэд гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна.

             Мөн Сум дундын 28 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 06-ний өдрийн 378 дугаар захирамжаар “Б.Н-ыг шүүхийн нэрийг буруу гаргасныг зөвтгөн дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэйг заан” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байхад тэрээр 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

             Иймд “нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Өмгөөлөгч А.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ний өдрийн 317 дугаар шийдвэрийг хэвээр  үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

 

    ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                       Я.АЛТАННАВЧ