Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 217

 

Б.Ө холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1841 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 122 дугаар магадлалтай, Б.Ө холбогдох 1903010580493 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 29-400 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Бийн Ө.

Б.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 55 минутын үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужир булангийн "Тэгш хэм" дэлгүүрийн урд замд "Субару Фростер" загварын 28-71 УБД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч насанд хүрээгүй О.Б мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Өыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Б.Ө нь осол үйлдсэн үеэс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан бөгөөд анх удаа болгоомжгүй хэрэгт холбогдсон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг өөрчилж, тэнсэж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ө нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай О.Б мөргөж, амь насыг нь хохироосон үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх Б.Өхорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн байна. Хэргийн улмаас учирсан хохирлыг баримтын хүрээнд төлсөн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой, хор уршиг бүрэн арилаагүй зэрэг нөхцөл байдал бий. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Ө холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 55 минутын үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужир булангийн "Тэгш хэм" дэлгүүрийн урд замд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч 13 настай О.Б мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ө холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Өын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, түүнчлэн тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ө оногдуулсан ялыг зохистой хэмжээгээр өөрчлөн оногдуулах боломжтой байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд ял хөнгөрүүлсэн дээрх өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...ял тэнсэх” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1841 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 122 дугаар магадлалд “шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Х.Даваахүүгийн хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН