Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 208/МА2022/00007

 

 

2021 01 12 /00002

М.*******ын нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.*******,

 

Хариуцагч М.*******, М.*******, М.******* нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 30.000.000 төгрөг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэлд засвар хийсэн зардал, хохирол нийт 36.230.000 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамбын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.******* /цахимаар/, хариуцагч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нэхэмжлэлдээ:

 

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, түүний алданги төгрөг нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай

 

М.******* миний бие өөрийн өмчлөлийн 31-52 УНИ улсын дугаартай HINO FS3FKBS 0 маркийн, 27-30 УНГ улсын дугаартай HINO PROFIA 0 маркийн, 26-50 УНИ улсын дугаартай HINO FS3FKBSD 0 маркийн ачааны зориулалттай автомашинуудыг М.*******, М.*******, М.******* нартай худалдахаар харилцан тохиролцож, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр автомашинуудыг М.*******, М.******* нарт хүлээлгэн өгсөн. Автомашинуудын нийт үнийн дүнг 80,000,000 /наян сая/ төгрөгөөр тохиролцож урьдчилгаа төлбөр болох 20,000, 000 /хорин сая/ төгрөгөөс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 9,500,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 4,500,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөгийг миний ХААН банк дахь 5174071443 тоот дансанд шилжүүлсэн.

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр автомашин Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахдаа урьдчилгаа төлбөр 20,000,000 /хорин сая/ төгрөгийг нийт үнийн дүнгээс хасаж, машин тус бүрийн үлдэгдэл төлбөрийг 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр тус тус тооцон төлбөрийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлөх, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс төлбөр төлөх хүртэлх хугацаа /2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх/ алдангид 29,800,000 /хорин есөн сая найман зуун мянга/ төгрөг нийт 30,000,000 /гучин сая/ төгрөгийг М.*******, М.*******, М.******* нараас хувь тэнцүүлэн хуваан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь анх бидэнд эвдрэл гэмтэлтэй машиныш зүгээр хэлээ зарсан. Бид машин чинь эвдэрсэн наймаагаа буцаах хүсэлт тавихад та нар засаж сэлбээд авчихаад зохицуулаад ажил төрлөө эхэлж бай төлбөр төлөх хугацааг нь сунгаж өгнө гэж ярьсан. Тухайн үед гэрээг бичгээр хийгээгүй боловч сүүлд нөхөж байгуулсан. Цагдаагийн байгууллага дээр асуудал шалгагдаж байхад 80,000,000 төгрөг өгөөд төлбөр тооцоо дууслаа гээд бичиг цаасаа хийлгэж авах гэтэл удахгүй, очно. Сэлэнгэд очих боломжгүй байна гэж удаасаар байгаад ирээгүй. Бид нар бүх мөнгийг нь дансанд нь хийсний дараа дахиад мөнгө нэхээд эхэлсэн, энэ нэхэмжилж байгаа 30,000,000 төгрөгийг төлөхгүй, тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.*******, М.*******, М.******* нар сөрөг нэхэмжлэлдээ:

Бид М.*******оос тээврийн хэрэгсэлийг хүлээн авч Төв аймгийн Заамар сумаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу ирэх замдаа эвдэрсэн. Тэгээд нэхэмжлэгчид мэдэгдэхэд та хэд засаад ашиглаж бай би төлбөр төлөх хугацааг хойшлуулна гэж тохиролцсон. Гэтэл М.******* нь биднийг залилсан гэж гүтгэн цагдаагийн байгууллагад шалгуулж улмаар шүүхэд алданги төлүүлэхээр нэхэмжилж байгаа тул бид түүнээс худалдан авсан Төв аймгийн Заамар сумаас ирэх замдаа эвдэрсэн гурван машинд өөрсдийн зүгээс гаргасан тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний зардал 36,230,000 төгрөгийг М.*******оос гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.******* сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6, 232.8, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.*******, М.*******, М.******* нараас 17,900,000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж М.*******од олгож, үлдэх 12,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.*******оос 11,075,000 төгрөг гаргуулан М.*******, М.*******, М.******* нарт тэнцүү хуваан олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 25,155,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар М.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******, М.*******, М.******* нараас 17,900,000 төгрөгийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 247,450 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 339,100 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 11,075,000 төгрөгийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 192,150 төгрөгийг нэхэмжлэгч М.*******оос гаргуулан М.*******, М.*******, М.******* нарт тэнцүү хуваан олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

1. Нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байдалд гомдол саналгүй ба харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11.075.000 (арван нэгэн сая далан таван мянга) төгрөгийг хангаж шийдвэрлэсэн гомдолтой байгаа болно.

 

2. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсгийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй бөгөөд үүнд нэхэмжлэгч тал гомдолтой байгаа болно. Хэрвээ, 2018 оны 9 дүгээр :сард шилжүүлсэн авто машинуудыг эвдрэл гэмтэлтэй, доголдолтой байсан гэж үзвэл хариуцагч нар хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.

Гэвч худалдан авагчид хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй явсаар М.*******ыг нэхэмжлэл гаргасны дараагаар буюу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, тэдгээр нь хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаагаа алдсан гэх дүгнэлтэд хүргэж байна.

 

3. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 29 тоот шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, тус шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч нараас шалтгаалаагүй үйл баримтаас болж гэрээний үүргээ зөрчиж, алданги 30.000.000 төгрөг төл гэж шаардаад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч талаас 15.000.000 төгрөгөөр тохиролцож эвлэрье гэж шаардахад бид татгалзах зүйлгүй гэж анхан шатны шүүхэд тайлбарлаж байсан. Энэхүү маргаан 4 жил гаруй хугацаанд хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хэн хэндээ хохиролгүй гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

1.    Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч М.*******, М.*******, М.******* нарт худалдах худалдан авах гэрээний үүрэг, алданги нийт 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, эд хөрөнгийн доголдлын улмаас учирсан хохирол 36.230.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. / 1-р хав-1-2, 65-66ху/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нартай 2018 оны 11 сарын 19-ний өдөр гэрээ байгуулан 31-52 УНИ улсын дугаартай HINO FS3FKBS 0 маркийн, 26-50 УНИ улсын дугаартай HINO FS3FKBSD 0 маркийн, 27-30 УНГ улсын дугаартай HINO PROFIA 0 маркийн хүнд ачааны зориулалт бүхий автомашинуудыг худалдах, машины төлбөрийг хэсэгчлэн 2019 оны 04 сарын 01-ний өдрийн дотор төлөх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр харилцан тохирч машинуудыг хүлээлгэн өгсөн. Хариуцагч нар төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн. Одоо үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны алданги 29.800.000 төгрөг нийт 30,000.000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүүлэн хуваан гаргуулна... гэж тайлбарласан.

Зохигчдын хооронд 2018 оны 11 сарын 19-ний өдөр хүнд даацын автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээний дагуу худалдагч нь автомашинуудыг хариуцагч нарын эзэмшилд шилжүүлсэн, худалдан авагч нар нь машиныг хүлээн авч улмаар түүний үнийг төлж байгаа үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Иймд талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдагч автомашиныг худалдан авагч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул худалдан авагч нарт төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Талууд гэрээндээ анз төлөхөөр тохиролцон гэрээг бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгчээс анз гаргуулахаар шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн гаргуулахаар шаардсан анзын хэмжээг тодорхой хувиар багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т заасан заалттай нийцжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн талаар зохигчдын хэн аль нь гомдол гаргаагүй тул зохигчид үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж шийдвэрийн тухайн хэсэгт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

2. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч нарын зүгээс ...нэхэмжлэгч М.*******оос тээврийн хэрэгслийг хүлээн авч Төв аймгийн Заамар сумаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу ирэх замдаа эвдэрсэн. Тэгээд нэхэмжлэгчид энэ тухай мэдэгдсэн. Автомашинд доголдолтой явах эд анги болон бусад үйлчилгээний зардал 36,230,000 төгрөг зарцуулсан тул түүнийг нэхэмжлэгчээс гаргуулахаар... сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх бол нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх ба шийдвэрийнхээ үндэслэлийг ...хэргийн нөхцөл байдлаас үзэхэд баталгаат хугацаа тогтоосон эсэх нь тодорхойгүй боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж зааснаар баталгаат хугацааны дотор гол доголдлыг /машины мотор дуугарсан, тахир гол хугарсан/ илрүүлсэн гэж үзэх буюу худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан... гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар хариуцагч нар /худалдан авагч/ нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх шаардлага гаргах эрхтэй.

Хэргийн үйл баримтаар хариуцагч нар нь тээврийн хэрэгслүүдийг нэхэмжлэгчээс Төв аймгийн Заамар сумд хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу авч ирэх замд тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн, энэ талаар зохигчид хоорондоо ярилцсан, улмаар 2018 оны 10 сард тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн болох нь хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргасан баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч худалдан авагч нар нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-т зааснаар тээврийн хэрэгслийг хүлээн авахаас татгалзах эрхтэй байсан боловч хүлээн авсан байх тул тээврийн хэрэгслийг хүлээн авах үедээ түүний доголдлын талаар мэдсэн боловч хүлээн авснаар хариуцагч нар нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Өөрөөр хэлбэл доголдолтой эд хөрөнгө буюу явах эд ангийн /кроп, тахир гол гэх мэт / эвдрэлтэй тээврийн хэрэгсэл болохыг мэдсээр байж хүлээн авсан үйлдэл нь тухайн хөрөнгийн доголдлыг хүлээн зөвшөөрсөн, худалдан авагч нь хөрөнгийн эрсдэлийг өөрөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал үндэслэлтэй байх тул түүний давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхийг заасан бол  254.7-д эд хөрөнгийн баталгаат хугацааг хэрхэн тоолох талаар зохицуулсан байх ба тухайн хэргийн хувьд гэрээний талууд эд хөрөнгийн талаар баталгаат хугацаа тогтоогоогүй тул зохигчдын хооронд үүссэн эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн эсэхэд тухайн зохицуулалт хамаарахгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаатай холбоотой шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийн хэсэгт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилсан төлсөн тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 255.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.*******, М.*******, М.******* нарын тээврийн хэрэгслийн засварын зардал 36,230,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

3 дахь заалтыг:

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 -д зааснаар нэхэмжлэгч М.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******, М.*******, М.******* нараас тэмдэгтийн хураамж 247,450 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 339,100 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэж, тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН Top of Form

 

Bottom of Form