Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 208/МА2022/00010

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК,

 Хариуцагч Ц.*******т холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдах худалдах авах гэрээний үүрэг 15.780.000 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагч Ц.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.*******, хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

******* ******* ХХК-тай 2015 онд Ц.******* нь орон сууц гэрээний захиалгын гэрээ байгуулж 45.78м2 тайлбай бүхий орон сууцыг 1м2-н үнийг 1000000 төгрөгөөр бодож нийт 45.780.000 төгрөгийг төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авах урьдчилгаа төлбөр болох 30 хувь буюу 15780000 төгрөгийг төлөх байсан. Гэтэл ******* тухайн үед 15.780.000 төгрөг байхгүй учраас банкны зээл авахад урьдчилгаа төлсөн гэсэн баримтыг гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг ******* удаа дараа компани захиргаанд гаргаж өгсөн байдаг.

Харин Ц.******* нь урьдчилгаа мөнгийг 60 сарын хугацаанд буюу 5 жилийн хугацаанд төлж барагдуулъя гэсэн хүсэлтээ гаргаад тэр хүсэлтээ нотариатчаар батлуулаад өгсөн байдаг.

Энэ хүсэлтийг компани хүлээж аваад нийгмийн чинь асуудлыг шийдэж өгье. Энэ төлбөрийг бүрэн төлж дуустал 350.000 төгрөгөөр хөлслөх гэрээ хийсэн. Энийг ******* өөрөө хүлээн зөвшөөрч хүсэлт бичгээр гаргасан байгаа. Энэ 350000 төгрөгөө урьдчилгаа төлсөн мөнгөнөөсөө тооцож өгч байна гэсэн хүсэлт гаргасан.

Одоо 15.780.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Хэрхэн яаж нэхэмжлээд байгаа үндэслэл нь юу бэ гэхээр бид хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад заагдсан төлбөрийг хасаад тооцохоор нийт 4 жилийн хугацаа буюу 45 сарын хугацаа байгаа. Ингээд тооцоод үзэхээр 350000 төгрөгөөр тооцоод үзэхэд 15750000 төгрөг болж байгаа. Иймд орон сууцны урьдчилгаа төлбөр болох 15870000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа:

Би *******-******* ХХК-ийн надаас 2 өрөө байрны урьдчилгаанд төлөх 15,780,000 төгрөгийг төлөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус компанид манайх байрны урьдчилгаа төлбөрт 20,143,200 төгрөг төлсөн. нийт 45,780,000 төгрөгөөр байрыг худалдан авах, худалдан авагч болох нөхөр Ц.Ганбат, эхнэр Ц.******* бид байрны урьдчилгаанд 30%-г өөрсдөө төлж, 70%-г нь банкны зээлээр төлөхөөр тус тус тохиролцсон юм. Тухайн үед тус байранд орсон бараг бүх айлууд ийм нөхцөлөөр гэрээ байгуулж байсан бөгөөд бэлэн 15,000,000 төгрөг урьдчилгаанд төлөх эдийн засгийн боломж бидэнд байгаагүй тул урьдчилгааны мөнгийг 2018 оны 10 дугаар сарыг хүртэл цувуулж төлсөөр *******-жөү ХХК-ийн гаргаж өгсөн баримтаар манайх 20,143,200 төгрөг урьдчилгаанд төлж 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авч бүгд 50,143,200 төгрөг төлсөн.

Хэрэгт анх байгуулсан гэрээ авагдаагүй, 2018 онд гэрээнд тамга тэмдэг байхгүй тул тамга даруулна гэсэн шалтгаанаар бидэнд байсан анхны гэрээний хувийг хураан авсан ба 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөр шинэ гэрээ боловсруулан авчирч нөхөр Ц.Ганбатаар гарын үсэг зуруулсан байсан. Энэ гэрээндээ өмнөх гэрээнд байгаагүй хэд хэдэн заалт шинээр нэмсэн байсан. Үүнд гэрээний 2.1-д 1м2 талбайн үнийг нэмэгдүүлэн 1,100,000 төгрөгөөр, гэрээний нийт үнийг 50,358,000 төгрөг болгосон. Мөн гэрээний 3.1.10-т гэрээний 2.3-д заасан хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд хуваарь он, сар өдөргүй, төлөх хэмжээ зэргийг тогтоогоогүй орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөөс орон сууц хүлээн авсан өдрөөс эхлэн тооцож сар бүр 250,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгана, гэрээний 4.2-т 200,000 төгрөг түрээсийн төлбөрт суутгана зэргийг худалдагч тал зөвхөн өөрсдийн санаачилгаар нэмсэн. Үүнийгээ бататгах гэж мөн Ц.******* надаар урьдчилгаа төлбөр болох 15,780,000 төгрөгийг 60 сарын дотор *******-жөү ХХК-д төлж барагдуулна. 2019 оноос эхлэн жил бүр 3,000,000 төгрөг төлнө гэсэн тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулсан.

Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Р.Мөнхтуул нь тус компанийн ажилтан СӨХ хариуцдаг байсан, ашиг сонирхлын зөрчилтэй гэрчээр өөрийн компанийн эрх ашгийг хамгаалуулсан мэдүүлэг өгүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидэнд ипотекийн зээлд хамрагдах гэж илүү мөнгө төлөх ямар ч шаардлага байгаагүй, тэртээ тэргүй гэрээнд зааснаар урьдчилгаа 30%-г өөрсдөө төлсөн баримттай ба 70%-г банкны зээлээр төлөхөөр тохирсон, банк 70%-г санхүүжүүлсэн нь баримтаар нотлогдоно. Гэтэл байрны төлбөрийг бүрэн төлж 3 жил болсны хойно ийм нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна гэв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******ээс байрны урьдчилгаа төлбөр 12,280,000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч *******жөү ХХК-д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282380 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ээс 211430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******жөү ХХК-д буцаан олгож,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 3500000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай гэр бүл тус компаний барьсан орон сууцаас 45.78 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тус компаний захирал Лянхуатай захиалан бариулах гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр урьдчилгаанд 30%-г өөрсдөө төлж, 70%-г нь банкны зээлээр төлөхөөр тус тус тохиролцсон юм.

Урьдчилгаанд төлөх 15,000,000 төгрөг шууд төлөх эдийн засгийн боломж бидэнд байгаагүй тул урьдчилгааны мөнгийг 2018 оны 10 дугаар сарыг хүртэл цувуулж төлсөөр *******-******* ХХК-ийн гаргаж өгсөн баримтаар манайх 20,143,200 төгрөг урьдчилгаанд төлж 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авч бүгд 50,143,200 төгрөг төлсөн байгаа болно.

Бид нарын байгуулсан гэрээнд орон сууцыг хөлслөх түрээслэх ямар ч тохиролцоо байгаагүй, зөвхөн урьдчилгаа төлбөрөө 60 сарын хугацаанд төлөх тохиролцоо байсан юм.

Урьд байгуулсан гэрээгээ хураан авч 3 жилийн дараа буцаан өгөхдөө өөр заалт оруулсан байна. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг дүгнээгүй хэргийг шийдсэнд гомдолтой байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг талууд харилцан тэгш эрх, үүрэгтэйгээр нотлох үүрэг хүлээнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч тал нотлох баримтаа ирүүлээгүй гэж дүгнэсэн атлаа 12.000.000 төгрөгийг хасаад шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Талууд гэрээгээ дүгнээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд хоорондоо хүсэл зоригоо илэрхийлж 350.000 төгрөгөөр тохирч, эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулж нотариатаар батлуулсан. Захиалагч хүсэл зоригоо илэрхийлсэн учраас бид Захиалгаар бариулах гэрээ-ний үндсэн дээр төлбөрөө бүрэн төлөх хүртэл 350.000 төгрөгөөр тохирч гэрээг байгуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд анх ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргахдаа 5.700.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 7.100.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Яагаад ийм нэхэмжлэл гаргасан юм бол гээд нотлох баримтуудыг шалгахад ипотекийн 30 хувийг гаргахын тулд заавал урьдчилгаа төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлагыг банк шаарддаг. Үүнийг хангахын тулд ******* ******* ХХК-нд мөнгө төлсөн талаарх баримт бүрдүүлээд урьдчилгаа мөнгөө төлсөн 70 хувийг гаргуулъя 30.000.000 төгрөг гэсэн байдлаар хандсан юм болов уу гэж ойлгож байна.

Гэтэл хамгийн сүүлд буюу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* ******* ХХК-нд Ц.*******ийн зүгээс хүсэлт гаргасан байдаг. Энэхүү хүсэлтдээ ...урьдчилгаа төлбөр болох 15.780.000 төгрөгийг 60 сарын дотор ******* ******* ХХК-нд төлж барагдуулна. 2019 оноос эхлэн гурав гурван саяар төлнө... гэсэн баталгааг гаргасан байдаг. ...Хариуцагч талаас Мөнхтуулын данс руу мөнгөө шилжүүлсэн гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн. Гэтэл гэрээний нөхцөлөөр компанийн данс руу хийх ёстой гэж заасан. Өөр хүний данс руу шилжүүлсэн эсэхээ хуулийн байгууллагаар шалгуулах боломжтой. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХКомпани нь хариуцагч Ц.*******т холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 15.780.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.******* нь гэрээний үүргээ биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу орон сууцны төлбөр дутуу төлөгдсөн 15.780.000 төгрөг... гэж тодорхойлсон атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц.******* нь урьдчилгаа мөнгийг 60 сарын хугацаанд буюу 5 жилийн хугацаанд төлж барагдуулъя гэсэн хүсэлт гаргаж нотариатчаар батлуулаад өгсөн, хариуцагчаас орон сууцны төлбөрт төлсөн 15.780.000 төгрөгийг тохиролцсоны дагуу төлсөн үүнийг нь хариуцагчийн орон сууц хөлслөх гэрээний үүрэгт шилжүүлсэн... гэж тайлбарлажээ.

Дээрхи нэхэмжлэгчийн тайлбараас хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол нь зөрүүтэй байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй, хэргийн үйл баримт талуудын маргаанд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулахад нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг хэн төлөөлж оролцсон, гэрээг хариуцагч Ц.******* болон түүний нөхөр Ц.Ганбат нарын хэнтэй нь байгуулсан, Орон сууцны урьдчилгаанд хэдэн төгрөг төлөх, төлбөрийг ямар хугацаанд, хэдий хэмжээгээр хэрхэн төлөх талаар талууд тохиролцсон, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хариуцлага хэрхэн тооцохоор тохирсон зэрэг хэргийн үйл баримт болон тухайн хэргийн хариуцагчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад шүүх тодруулах ажиллагаа хийгээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Мөн зохигчдоос маргаантай холбоотой бичгийн баримтууд шүүхэд ирүүлсэн байхад тухайн баримтуудад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн эрх зүйн байдал тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс тухайн хэрэгт зохих дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн байх ба шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т зааснаар нэхэмжлэлд /хх-ийн 31/ хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэж баталгаажуулаагүй, мөн хуралдаан даргалагч хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаан явуулах боломжгүй нөхцөл үүсэж тус шүүхийн ерөнхий шүүгч нь Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан тухай захирамж гаргасан байх боловч захирамжийнхаа үндэслэл болсон Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хэрэгт хавсаргаагүй байгааг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц.*******ээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 211.430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН