| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 188/2020/0033/Э |
| Дугаар | 281 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 281
Т.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Г.Ганбаяр, Ш.Оюумаа, Ц.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгч Э.Бэлгүүнзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 296 дугаар магадлалтай, Т.М-д холбогдох 190301540459 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Г.Ганбаяр, Ш.Оюумаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Т.М-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-с 231,270 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.М-д олгож, хохирогч Ц.М нь эмчилгээ хийлгэсэн болон цаашид эмчилгээтэй холбогдуулан гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.М-с нэхэмжлэх эрхтэйг дурдаж” шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр, Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тогтоож чадаагүй буюу хангалттай үндэслэлгүйгээр Т.М-г гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн. Шүүх Т.М-н шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг авч, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн. Шинжээч эмч Ө.Сарангэрэл хүний биед үзлэг хийж дүгнэлт гаргахдаа хохирогчийг биеэр үзээгүй, шалтгаанаа түүнийг эмнэлгээс гарсан байсан гэж тайлбарласан атал шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон. Хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан Яаралтай тусламжийн төвийн эмчийн бичиг, 81 дүгээр талд авагдсан Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн бичиг зэргийг хуульд заасан үндэслэлийн дагуу цуглуулж, бэхжүүлээгүй атал гэм буруутайд тооцох нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь ноцтой зөрчил болсон. Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан прокурорын тогтоол байгаа мэт харагдах боловч хэрэгт уг тогтоол байхгүй. Мөн прокурор С.Оюунжаргалын 232 дугаартай даалгаврын зарим заалт биелэгдсэн эсэх нь хэргээс харагдах боломжгүй байдаг. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтээр явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон байхад уг асуудалд дүгнэлт өгөөгүй бөгөөд энэхүү хэрэгтэй хамтатган шийдвэрлэх нь зүйтэй. Гэтэл шүүх дээрх тодорхойгүй нөхцөл байдлыг эцэслэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн байна.
Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоол, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь ноцтой зөрчил юм. Хэргийн газарт хэмжилтийн бүдүүвч зураг, хохирогчийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй. Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас харахад автомашин болон хохирогч нарын явсан чиглэлийн дагуу хохирогч унасан харагдаж байна. Гэтэл хохирогчийн мэдүүлгийг үндэслэж хойшоо унасан байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчил юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Энэ нь Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалтыг үнэлсэн атлаа 2 дахь заалтыг ямар үндэслэлээр үнэлээгүй талаар тайлбарлаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл мөрдөгч, прокурор нь зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулсан. Шүүгдэгч Т.М-н дүү Т.Цээсүрэн, хадам эгч Ч.Нандингарав нараас түүний хувийн зан байдлыг тодруулсан мэдүүлэг авсан. Энэ нь цагаатгах нотлох баримтад бус хөнгөрүүлэх нөхцөлд хамаарах юм. Тухайн гэмт хэрэг гарах үед хохирогч талын насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан атлаа шүүгдэгчийн хүүхдээс мэдүүлэг аваагүй нь хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулаагүй. Гэмт хэрэг гарсан гэх газар нь шороон гадаргуутай, эвдрэлтэй, зорчих хэсгийн хойд талаар газар шорооны ажил явагдаж байсан. Явган зорчигч нь газар шорооны ажил хийгдэж байсан эвдрэлтэй газраар бус замын эсрэг талаар явах боломжтой байсан эсэхийг тодруулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийн прокурорт буцааж өгнө үү. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах болгон өөрчилж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа мөн шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тогтоогоогүй учир шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй. Мөн хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй, бүх талаас нь хөтөлбөргүй тогтоож чадаагүй. Миний үйлчлүүлэгч Т.М хохирогчийг хөл муутай хүн байсан учир цаад шороо руу унахаас сэргийлж сигналдаж дохио өгсөн гэдгийг хэлсэн. Тиймээс уг хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор судлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат хэлсэн саналдаа “Нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа нөгөөг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэрчийн үүргийг заасан бөгөөд насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй. Бусад өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.М тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж бусдын эрүүл мэнд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хүлээж авах үндэслэлгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Г.Ганбаяр, Ш.Оюумаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Т.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
Шүүгдэгч Т.М нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцагааны 6 дугаар гудамж 1а тоот хашааны хойд замд “Тоёота приус” маркийн 94-16 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх прокуророос Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Анхан шатны шүүх Т.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Г.Ганбаяр, Ш.Оюумаа нарын зүгээс “Т.М-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангахгүй, явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, бүдүүвч зураг, хохирогчийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, мөрдөгч, прокурор нь зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулсан, хохирогчийг унахаас сэргийлж сигналдаж дохио өгсөн” гэх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаалгах агуулга бүхий гомдлыг тус тус гаргажээ.
Анхан шатны шүүх яаралтай тусламжийн төвийн эмчийн дүгнэлт, Гэмтэл, согог судлалын Үндэсний төвийн үзлэгийн бичиг, хохирогчийн өвчний түүхийн хуулбар, Шүүх эмнэлгийн шинжээчийн 10740 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 392 дугаартай дүгнэлт болон гэрч Одмаа, насанд хүрээгүй гэрч Ц.Амаржаргал, Ц.Буянзаяа нарын тогтвортой мэдүүлэгт тулгуурлан шүүгдэгчийн гэм бурууг үндэслэлтэй зөв тогтоосон байх бөгөөд эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр Т.М-н үйлдэлд өгсөн шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ш.Оюумаагийн дуут дохио өгөхөд хохирогч Ц.М нь өөрөө цочоод унасан гэх гомдлын тухайд хэрэг учрал болсон өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа тохиолдож, улмаар орон сууц, гэр хорооллын доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг хэвийн хэмжээнээс илүү ачаалласны улмаас тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн зорчих зам талбай тодорхой хэмжээнд хязгаарлагдсан байхад шүүгдэгч Т.М-н дуут дохио гаргасан үйлдэл нь Замын Хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.12-т заасан “Дуут дохиог зөвхөн дараах тохиолдолд хэрэглэж болно” гэх заалтад хамаарахгүй буюу энэ заалтыг мөн зөрчсөн гэж үзэхээр байна.
Хэдийгээр гомдолд Т.М нь хохирогч Ц.М-г мөргөөгүй, дуут дохио өгөхөд өөрөө унасан гэж буй боловч автомашины зүгээс хохирогчийн биед хүч үйлчилснийг яаралтай тусламжийн төвийн эмчийн “...баруун хөл гадна дээд хэсгээрээ эмзэглэлтэй, ясны цууралт хугарал байж болзошгүй” гэх дүгнэлт, Гэмтэл, согог судлалын Үндэсний төвийн “...өвдөгний үений бэхэлгээ зүүх” гэсэн үзлэгийн бичиг зэрэг нотлох баримтууд нотлож шүүгдэгчийн гомдлын тухайн хэсэг няцаагдаж байна.
Шүүгдэгч Т.М болон түүнд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй нэр бүхий өмгөөлөгч нарын хувьд гэм буруугийн талаар маргасаар ирсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, тэнсэх, албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн хувьд хязгаарлагдмал байгааг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Г.Ганбаяр, Ш.Оюумаа нарын гаргасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхийг хүссэн агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 296 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Г.Ганбаяр, Ш.Оюумаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН