Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 214

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч                   Б.Мөнхтуяа,    

Шүүгчид:                                  М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                        Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:       Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “...татварын улсын байцаагч Ө.Авдулмулек, А.Түмэнжаргал нарын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 230013923 тоот актаас 310,860,500.0 төгрөгийн зөрчилд 31,086,050.0 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0716 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагч Ө.Авдулмулек, А.Түмэнжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн нарыг оролцуулан, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0716 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг тус тус баримтлан “К” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ө.Авдулмулек, А.Түмэнжаргал нарын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 230013923 тоот актаас 310,860,500.0 төгрөгийн зөрчилд 31,086,050.0 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Түмэнжаргал, Ө.Авдулмулек нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К” ХХК-ийн төлөөлөгч Ж.Мэндбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...а/Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Үндэсний татварын албаны 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн /23/12/0341 дугаартай “татварын хяналт шалгалт хийх томилолт”-оор татварын улсын ахлах байцаагч О.Пүрэвсүрэн, П.Даваа нарыг 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 4 хоногийн хугацаатай “К” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд төлөвлөгөөт шалгалт хийхээр томилж, Татварын ерөнхий газрын дарга 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2017/01 дүгээр “Хяналт шалгалт хийх ажлын удирдамж” баталж, Үндэсний татварын албанаас 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр татварын улсын байцаагч А.Түмэнжаргал, Ө.Авдулмулек нарыг “К” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалтын байдалд хэсэгчилсэн шалгалт хийхээр томилсон бөгөөд дээрх томилолтуудыг үндэслэн хариуцагч улсын байцаагч нараас хяналт шалгалтыг хийсэн нь тогтоогдож байх тул томилолтгүй шалгалт хийсэн гэх үндэслэлгүй...” гэж, харин давж заалдах шатны шүүхээс энэ талаар “...ажлын ачаалал зэргээс шалтгаалан тухайн дурдсан хугацааны дараа акт гарсан явдлыг эхнээсээ ямар нэгэн томилолтгүй шалгалт явуулсан гэж үзэх үндэслэлгүй, хяналт шалгалт бол хуулийн дагуу явагдсан, гагцхүү гаргасан акт нь хугацаа хоцорч бичигдсэн байна” гэж тус тус дүгнэж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.2.6, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1-д заасныг буруу үнэлж дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

4. Учир нь, хэрэгт авагдсан дээр дурдсан татварын хяналт шалгалт хийх томилолт, удирдамжуудаас үзэхэд татварын улсын ахлах байцаагч О.Пүрэвсүрэн, П.Даваа нарт олгосон томилолт бөгөөд үүний дагуу 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 230009 дугаартай дүгнэлт гарган цагдаагийн байгууллагад хүргүүлсэн, түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2017/01 дүгээр “Хяналт шалгалт хийх ажлын удирдамж” нь цаг хугацааны хувьд маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаас хойш батлагдсан, хяналт шалгалтын хамрах хугацаа нь ч 2012-2015 оныг хамарч байгаа, нэхэмжлэгч компанид чиглээгүй, ерөнхий байдлаар баталсан, мөн Үндэсний татварын албанаас 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр татварын улсын байцаагч А.Түмэнжаргал, Ө.Авдулмулек нарыг “К” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалтын байдалд хэсэгчилсэн шалгалт хийхээр томилсон томилолт нь татварын хэлтсийн дарга нь гарын үсэг зурж баталгаажуулаагүйн дээр 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 4 хоногийн хугацаатай, сунгалт нь 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл буюу 365 хоногоор сунгасан, өөр сунгалт байхгүй байх тул маргаан бүхий татварын улсын байцаагчийн актыг гаргах үед удирдамжийн хугацаа нэгэнт дууссан, хүчин төгөлдөр хяналт шалгалтын удирдамж, томилолтгүй байсан болох нь нотлогдож байна.

5. Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны үндсэн зарчмын хүрээнд 2014 онд дуусгавар болсон удирдамж, томилолтоор 2016 онд хяналт шалгалт хийснийг хуульд нийцнэ гэж тайлбарлаж байгаа давж заалдах болон анхан шатны шүүхүүд нь хуулийг маш үндэслэлгүйгээр буруу тайлбарлан хэрэглэж байх ба хариуцагч татварын улсын байцаагч А.Түмэнжаргал, Ө.Авдулмулек нарыг хяналт шалгалтаа 2012, 2014 оноос эхэлсэн гэж үзэж, ажлын ачааллын улмаас 2 жилийн дараа актаа гаргасан нь зөв мэтээр шүүхүүдээс тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүйн зэрэгцээ бодит байдал дээр хариуцагч татварын улсын байцаагч нарын хэн нь ч 2012, 2014  онд нэхэмжлэгч компанид хяналт шалгалтыг хийгээгүй, 2016 оноос л хяналт шалгалт эхэлсэн болохыг ялгаж салгаж дүгнэж чадаагүй байна.

6. б/Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6-д заасан 5 жил байх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлгүй” гэж, харин давж заалдах шатны шүүхээс “...хуулийн энэхүү заалт нь татварын хяналт шалгалт явуулах үед хамаарах, өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч хяналт шалгалтаа явуулж байх тухайн үед уг 5 жил нь өнгөрөөгүй байх ёстой гэдгийг тогтоосон хугацаа гэж үзэх боломжтой” гэж тус тус дүгнэсэн нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6-д тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэж байна. Учир нь, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх...”, 11.6-д “Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно” гэж заасан байх бөгөөд уг захиргааны хэргийн маргаан бүхий татварын улсын байцаагчийн актын тухайд хэзээ хүчин төгөлдөр болсон болохыг хэрэгт авагдсан маргаан бүхий актын төгсгөл хэсгээс харж болохоор байна.

7. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7.13-т зааснаас үзэхэд актыг татвар төлөгчид гардуулан өгснөөр хүчин төгөлдөр болохоор зохицуулсан байх бөгөөд маргаан бүхий татварын улсын байцаагчийн актад нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр нь актыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан байх тул энэ өдрөөс акт хүчин төгөлдөр болсон байна. Иймээс Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх зөрчилд хамаарах бөгөөд маргаан бүхий татварын улсын байцаагчийн актад дурдагдсан 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарах бүх НӨАТ-ын падаантай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс үндэслэлтэй, зөв дүгнэж чадаагүй, хэрэгт авагдсан “Тэсрэлтзэв” ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 008849755, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 008864409, “Түмэн хишиг сайхан” ХХК-ийн 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 008864601 дугаар падаантай худалдан авалтуудтай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацаа нь маргаан бүхий татварын улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болох үед дуусгавар болсон байсан байх тул шүүхээс Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6-д тус тус заасны дагуу хасаж тооцох боломжтой байтал дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

8. в/Анхан шатны шүүхээс “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу гаргаж өгсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргаж өгсөн тайлан нь дээр дурдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан...” гэж заасан нуун дарагдуулсан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар гэж үзэхээргүй байна, учир нь татварын улсын байцаагч О.Пүрэвсүрэн, Л.Даваа нараас хийсэн...шалгалтаар ...татвар ногдох орлогоос хасч, татвар ногдох орлогыг бууруулан  ...татвараас зайлсхийсэн..., энэ нь татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан бус, харин ...татвар ногдох орлогоос хасч, татвар ногдох орлогыг бууруулан ...татвараас зайлсхийсэн...” гэж дүгнэжээ. Мөн “...нэхэмжлэгч компанийн тайланд тусгасан орлого нь борлуулалтын орлого биш худалдан авалт нөхөн төлүүлж байгаа татвар нь хасалт хийсэн татвар буюу авлага байна, нэхэмжлэгч компанийн авлага үүсгэж байгаа, борлуулалтад бус худалдан авалтад хамаарах татвар нь энэ хуулиар албан татвараас чөлөөлөхийг хориглосон байна” гэж тус тус дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй нь үндэслэлгүй.

9. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ “...нэхэмжлэгч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу НӨАТ-ын тайлангаа 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргаж өгсөн гэдэг нь тогтоогдож байна... мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг дарагдуулсан ...гэж заасан нуун дарагдуулсан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар гэж үзэхээргүй... нэхэмжлэгч компанийн тайланд тусгасан орлого нь борлуулалтын орлого биш худалдан авалт, нөхөн төлүүлж байгаа татвар нь хасалт хийсэн татвар буюу авлага байна гэсэн нь мөн л хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.3.1, 5.3.4-т зааснаас үзэхэд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө нуун дарагдуулсан буюу бууруулан тайлагнасан байсныгаа дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө энэ хуулийн дагуу шинээр, зөвтгөн тайлагнасан болон аливаа татвараас чөлөөлөгдөхөөр заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар нэхэмжлэгч компанид ногдуулж байгаа нөхөн татвар нь НӨАТ бөгөөд борлуулалт хийсэн гэх “Тэсрэлтзэв”, “Тэсрэлт гал цог”, “Түмэн хишиг сайхан”, “Төгсүчинбэр” ХХК-иуд нь борлуулалт хийгээгүй тул НӨАТ-т төлөх ёстой байсан татварыг нэхэмжлэгч компаниар нөхөн төлүүлэхээр буюу энэхүү татварт төлөх ёстой байсан албан татварын нуун дарагдуулж, орлого олсон гэж үзэхээр байхад үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс борлуулалт биш, худалдан авалт байна, нуун дарагдуулсан татвар биш гэж үзэж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг буруу тайлбарлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

10. Шүүхээс дүгнэсэн “...нуун дарагдуулсан бус бууруулсан, борлуулалтын орлого биш худалдан авалт, нөхөн төлүүлж байгаа татвар нь хасалт хийсэн татвар буюу авлага...” учраас чөлөөлөгдөхгүй гэж тайлбарлаж байх боловч энэ тохиолдолд хэрэв зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол татвар ногдох орлого болон орлогоос бусад татвар ногдох зүйлийн хэмжээг бууруулах замаар нуун дарагдуулсан гэж үзэхээр байхад түүнийг ялгаж салгаж чадаагүй байна. Хэрэв анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэрт дээр дурдсанаар борлуулалт бус худалдан авалт гэж үзэх юм бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар борлуулагч нь НӨАТ төлөгч байна гэж заасныг зөрчиж, манай компанид нөхөн татвар тавьсан татварын улсын байцаагчийн актыг зөвтгөж байгаа хуулийг ноцтойгоор зөрчиж, үндэслэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгчийн хувьд ямар ч төрлийн татвар төлөх үүрэгтэй байсан түүнийгээ энэхүү хуулийн хүрээнд шинээр тайлангаа гаргаж, ил болгосон тохиолдолд татвараас нэг удаа чөлөөлөх, мөн хуульд зааснаар эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхийг хориглохоор заасныг зөрчиж, татварын улсын байцаагчийн акт тавьсан гэж үзэхээр байна. Түүнчлэн мөн хуульд зааснаар шинээр гаргасан тайлангаар илүү төлөлт, авлага үүсгэхийг хориглох, мөн нотлох баримт болгон ашиглахыг хориглох заалтууд нь энэхүү хэрэгт хамааралгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс илүү төлөлт үүсгэж, авлага үүсгэж, байгаа асуудал байхгүй ба гаргасан тайланг нь буцаагаад татвараа нуусан, татвараас зайлсхийсэн гэж нотлох баримт болгон өөрийнх нь эсрэг ашиглахгүй гэх агуулгаар хуульчилсныг буруу тайлбарлан хэрэглэж байна.

11. г/ …хэрэгт авагдсан баримтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг нэхэмжлэгч зөрчөөгүй болох нь тогтоогддог ба хэрэгт бүх НӨАТ-ын падаан болон худалдах, худалдан авах гэрээ, мөнгө, бараа материалыг хүлээн авч, хүлээлгэн өгсөнтэй холбоотой орлого, зарлагын баримтууд, мөн худалдан авсан нэхэмжлэгч компани, худалдсан компаниудын татварын тайлангууд зэрэг маш олон баримтууд авагдсан байдаг. Эдгээр баримтуудыг анхан шатны шүүхээс яагаад хуурамч, худлаа баримтууд гэж дүгнэсэн нь тодорхойгүй бөгөөд ийнхүү дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч компанийн хувьд НӨАТ-ын тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн зүйл байхгүй, барилгын бараа материалыг худалдсан компани нь манай компанид НӨАТ шингэсэн бараа материалыг худалдсан болохоо илэрхийлж, тайлангаа гаргасны дагуу НӨАТ-ын тухай хуульд зааснаар энэхүү татварыг төлөх үүрэг нь худалдан борлуулсан компаниудад үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч компани нь худалдаж авсан бараа материалаараа бодитойгоор бүтээн босголтоо хийгээд, ажил гүйцэтгэсэн болох нь нотлогддог, мөн хуульд заасан үүргээ биелүүлж цаг тухай бүрт нь татварын тайлангуудаа гаргаж байсан.

12. д/Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэхэмжлэгч компанийн захирал Ж.Мэндбаяр өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн... энэхүү прокурорын тогтоолтой хэн ч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, нөгөө талаар бодит байдал дээр ямар үйл явдал болсон бэ гэдэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал... нэхэмжлэгч нь нэр бүхий компаниудаас худалдан авалт хийсэн гэх боловч дээрх аж ахуйн нэгжүүд нь ямар ч худалдан авалт хийгээгүй болохоо илэрхийлжээ” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

13. Учир нь, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн, нэхэмжлэгч компанийн захирал Ж.Мэндбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлбөр төлөхөө илэрхийлсэн асуудлыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй ба гагцхүү хууль зөрчиж, нуун дарагдуулсан татвараа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан хугацаанд, тухайн хуулийн үйлчлэлд хамаарах татвараа ил болгож тайлагнаснаар дээрх нөхөн төлөхөө илэрхийлсэн, хүлээн зөвшөөрсөн нуун дарагдуулсан татвар буюу хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасны дагуу тайлангаа гаргасан тул уг хуулийг дагуу чөлөөлөгдсөн гэж үзэж маргаж байхад шүүхээс энэхүү хуулийг хэрэглээгүй, хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Хяналтын шатны  шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

15. Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ө.Авдулмулек, А.Түмэнжаргал нар “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 230013923 дугаар актаар “К” ХХК-ийг, нэр бүхий компаниудын хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нийт 471,792,400.0 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “худалдан авалт” хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан зөрчил тогтоож, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.7-д заасныг тус тус үндэслэн 47,179,240.0 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан; нэхэмжлэгчээс “...падааныг урьдчилан шалгуулсны дагуу гэрээ байгуулан нөат-ын падаантай бараа материал худалдан авсан, татварын улсын байцаагч нар нь заавар, зөвлөгөө өгч ажиллах хуульд заасан үүргээ биелүүлээгүй, ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад төлбөрийн акт тавьсан нь хууль бус” гэж  маргажээ.

16. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг 2012 онд шалгаж, татварын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 230009 дугаар дүгнэлт бичигдсэн, уг дүгнэлтийн дагуу эрх бүхий байгууллагаас тус компанийн захирал Ж.Мэндбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан “онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэрэгт 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж, хохирол төлөхөө илэрхийлсэн гэдгээр эрүүгийн хэргийг нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон; нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 006 дугаар тогтоолоор татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж 2010 оны падаануудад холбогдох 160,931,955.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 16,093,195.5 төгрөгийн төлбөрийг хасч, уг актад өөрчлөлт оруулсан  үйл баримтууд тогтоогджээ.

17. Хэргийн оролцогчид “акт”-аар тогтоосон төлбөрөөс хасагдсан дүнтэй маргаагүй, гомдол гараагүй учир хяналтын шатны шүүхээс энэ асуудлаар дүгнэлт хийхгүй.

18. Зөрчил үйлдэх үед үйлчилж  байсан 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “К” ХХК нь  2011 онд “Тэсрэлтзэв”, “Түмэнхишигсайхан”, “Тэсрэлтгалцог” ХХК-иудын санхүүгийн тамга, тэмдэг бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тодорхойлсон нийт 310,860,500.0 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “худалдан авалт” хэсэгт тусгасан боловч тус падаануудаар тодорхойлогдох борлуулалтыг эдгээр компаниуд нь бодитойгоор хийгээгүй буюу падаан “хий бичилттэй” болохыг, “К” ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр нь татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт эрүүгийн журмаар шалгагдаад, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.

19. Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх компаниудаас “бодитой” худалдан авалт хийгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тодорхойлсон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар нэгэнт тогтоогдсон энэ тохиолдолд, улсын байцаагч нараас тухайн үйл баримтуудад холбогдох санхүүгийн баримтуудыг нягтлан үзсэнээр “зөрчил”-ийг дахин тогтоож, нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь акт үйлдэх үед мөрдөж байсан Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн  35 дугаар зүйлийн 35.3-т “энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэнд нийцсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай, Татварын  ерөнхий хуульд нийцээгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

20. Түүнчлэн,Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил...” байхаар, 11.3-т “энэ хуулийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг дараахь байдлаар тоолж эхэлнэ:”, 11.3.2-т “тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 16 дугаар зүйлийн 16.1-д “албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана:” гэж тус тус заасан, энэ тохиолдолд 2011 оны 7 дугаар сарын 08, 2011 оны 9 дүгээр сарын 20, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тус тус тодорхойлсон зөрчилд татвар нөхөн ногдуулж болох 5 жилийн хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “акт” үйлдэх үед өнгөрөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарах бүх НӨАТ-ын падаантай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгааг шүүхүүд зөв дүгнээгүй” гэх гомдол үндэсгүй байна.

21. Мөн, 2012 онд татварын хяналт шалгалтаар илрүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дүгнэлт бичигдэж, улмаар эрүүгийн хэрэг үүсгэгдэж, мөрдөн байцаалтын ажиллагаагаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн энэ тохиолдлын хувьд 2015 оны 8 дугаар сарын  07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр албан татвар ногдох орлогоо ил тод болгож мэдүүлсэн гэж үзэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдолд дурдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөх мөн боломжгүй.

22. Эдгээр үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К” ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэрэндагвын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.