Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 716

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ө.А, А.Т нарт холбогдох захиргааны хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.М , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х[1], нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц[2], хариуцагч Ө.А, А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга:

Нэхэмжлэгч “К” ХХК 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ[3]:

“... Тус компани нь 1996 онд барилга угсралт, засвар, барьцаалан зээлдүүлэх, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр өнөөдрийг хүртэл ажиллахдаа Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжуудад заасан үүргээ биелүүлж, холбогдох татварын тайлангуудаа цаг хугацаанд нь үнэн зөвөөр гаргаж байсан.

Энэхүү татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөр нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны барилгыг барих материалын худалдан авалттай холбоотой.

Манай компани нь уг барилгыг барихаар анх 322.361.615 төгрөгийн төсөвтэй, СХД/БУА/27/05-06-* тоот гэрээний дагуу гүйцэтгэхээр газар шорооны ажлыг эхлүүлтэл, тэрхүү төлөвлөсөн газар нь 6 метрийн гүнтэй ахуйн шуудайтай хогоор дүүргэсэн жалга байж таарсан. Иймд барилга барих байршлыг 30 метрээр зөөж мөн хоёр давхар барилгын суурийн батлагдсан зурагтай ажил дээр нэмж, таван давхар барилгын суурийн ажлыг хийн гэрээнд зааснаас илүү өртгөөр барилгыг барьж улсын комиссоор сайн дүнтэйгээр хүлээлгэн өгсөн. Тухайн үед НБЗА-ны хяналтын хүмүүст батлагдсан хөрөнгө нь хаана ч хүрэхгүй байгаа талаар хэлж гомдол гарган барилгын ажлыг зогсоох гэтэл танай хорооны барилгыг маш сайн гүйцэтгэж байгаа дараа жилийн хорооны барилга барих ажлыг танай байгууллагад тендергүйгээр шууд өгнө гэж биднийг хуурсан. Тус хорооны барилгыг хүлээлгэн өгснөөс хойш 4 сарын дараа хорооны барилгын батлагдсан өртөг нь 600 сая төгрөг болж бүх хорооны тендер ийм үнээр зарлагдсан байсан /2013 оны 03 дугаар сараас/.

Хорооны барилгыг барьж гүйцэтгэхэд манай байгууллага маш их хэмжээний /150 сая төгрөг/ алдагдал хүлээж, барьцаалан зээлдүүлэхийн бүх эргэлтийн хөрөнгө, өөрийн Баянгол дүүргийн . дүгээр хороо, .. дүгээр байрны .. тоот орон сууцыг хүртэл зарж борлуулан, ах дүү, аав ээжээс хүртэл зээл авч уг барилгыг өөрөө өрөнд орон байж сэтгэл гарган гүйцэтгэсэн.

Тэрхүү барилга нь тухайн үед баригдсан хорооны барилгуудаас хамгийн сайн баригдсан, чанар сайтай барилга гэж манай компанид СХД-ийн ИТХ-ын дарга, СХД-ийн Засаг дарга нарын гарын үсэгтэй өргөмжлөл хүртэл гардуулан өгч байсан.

Барилгын төсөвт өртөг нь уг барилгыг барихад хүрэхгүй байсан учир барилга барихад шаардагдах бараа материалыг стандартад нийцсэн хямд материал сонгох шаардлагатай болсон. Барилгын материалын борлуулалт хийдэг хүмүүстэй уулзаж явахдаа нэг залуутай уулзсан. Тэр танай бүх материалыг нийлүүлье, манай эгч урдаас барилгын материал татаж, барилгын компаниудад нийлүүлдэг гэж хэлсэн. Бид тэр залууд авсан бүх бараандаа НӨАТ-ын падаан авна гэж хэлээд үнэхээр тэгж чадна гэвэл танай байгууллагын гэрчилгээг Хан-Уул дүүргийн татварын хэлтсээр НӨАТ төлөгч гэдгийг шалгуулсны дараа гэрээ байгуулан материал захиалъя гэж тохирсон. Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс бидэнд НӨАТ-ын падааныг олгохдоо албан ёсоор хүсэлт гаргуулж, 10 ширхэгийг падаанаар олгож байсан ба дууссан үед бичилт хийсэн падааныг шалгаж үзээд дахин хүсэлт гаргуулснаар авдаг. Иймд НӨАТ-ын падааныг нарийн шалгуураар олгогддог гэж ойлгож байсан.

Мөн уг компаниудтай гэрээ байгуулахын өмнө Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Хан-Уул дүүргийн татварын нэг цэгийн татварын улсын байцаагч нарт аваачиж үзүүлж, шалгуулахад боломжтой, хууль зөрчсөн зүйл байхгүй гэсэн тул гэрээ байгуулан бараа материалыг нийлүүлж эхэлсэн.

“Барилгын материал нийлүүлэх гэрээ”-г /”ТҮ” ХХК, “Т” ХХК, “ТС” ХХК, “ТГЦ” ХХК-иудтай /тухайн үед байгуулж татварын хуулийн дагуу баримт падаан өгөх, хүлээх үүрэг, эдлэх эрхийн талаар харилцан тохиролцсоноор бараа материал бодитоор хийгдэж, боссон барилга нь одоо ч чанар сайтай байсаар байна. Тухайн үед санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлж НӨАТ-ын тайлангаа хуулийн дагуу үнэн зөвөөр нь, цаг хугацаанд нь гаргаж өгч байсан.

Гэтэл харьяа татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний татварын албаны дүрмийн 5.2.7-д нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон албан татвар, хураамж, төлбөрийн төлөвлөгөөний үзүүлэлт, биелэлтийн байдал, мэдээ, мэдээллийг цахим хэлбэр оруулах, судалгаа гаргах” гэж тус тус заасны дагуу заавар зөвлөгөөг өгч ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй хэрнээ, татвар төлөхөөс зайлсхийсэн мэтээр нөхөн татвар ногдуулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн дээр хэлсэнчлэн манай компанийн сар, улирал, жил бүрээр тайлангаа харьяа татварын хэлтэстээ хүлээлгэн өгч байсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Татварын алба, татварын улсын байцаагч нь тайланг хүлээн авахдаа дараахь шаардлага хангасан эсэхийг хянана”, 46.4-т “Татварын алба, татварын улсын байцаагч тайланг хүлээж авахдаа дор дурдсан үзүүлэлтүүдийг хянаж нягтална”, 46.5-т “Тайланг хүлээн авах үед илэрсэн зөрчлийг дараах байдлаар арилгуулна” гэж тус тус заасны дагуу тухайн үед татварын байцаагч нар ажлаа сайн хийж, зөрчлийн талаар тэр дор нь мэдэгдсэн бол манайх эдгээр байгууллагаас худалдан авалт хийхгүй байсан. /бүтэн 24 удаа тайлан хүлээн авсан/. Хэрэв ямар нэгэн хариуцлага хүлээх бол манай компани биш төсвөөс цалин авч, үүрэг хариуцлага хүлээж байгаа татварын улсын байцаагчид хариуцлага хүлээх ёстой.

Миний бие хуулийн дагуу татвар төлөх үүрэгтэйгээ мэдсэн ч заавал татвар, санхүүгийн талаар мэдлэгтэй байх үүрэг хүлээгээгүй.

Манай компанийн хувьд Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ”, 17.1.1-т “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрэхэ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авас” гэж заасны дагуу татварын улсын байцаагчтай уулзаж, НӨАТ-ын падааныг шалгуулсны дагуу гэрээ байгуулан НӨАТ-ын падаантай бараа материалыг худалдан авч, үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.1-т “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” гэж тус тус заасны дагуу үүргээ биелүүлж, холбогдох татварын тайлангуудаа үнэн зөвөөр нь, цаг хугацаанд нь гаргаж өгч байсан.

Гэтэл харьяа татварын хэлтсийн татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Татварын алба, татварын улсын байцаагч хууль тогтоомжоор тодорхойлсон татвар төлөх үүргээ биелүүлэхэд нь татвар төлөгчид тусалж дараахь үйлчилгээг үзүүлнэ”, 15.1.1-т “татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах”, 15.1.2-т “татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргээ тодорхойлох, тайлан, мэдээ гаргахтай холбогдсон заавар, аргачлал, гарын авлага, маягтаар хангах”, 15.1.4-т “татварын үүргээ биелүүлэхтэй холбогдсон асуудлаар татвар төлөгч хэсгээрээ буюу ганцаарчлан зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх, тийм зөвлөгөө өгөх” гэж тус тус заасны дагуу заавар зөвлөгөөг өгч ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй хэрнээ, барилгын материалыг бодитоор төлбөрийг нь төлөөд худалдаж авсан, түүгээр нь хийсэн ажил нь бодитоор, нүдэн дээр ил байсаар байхад худал тайлан гаргаж, татвар төлөхөөс зайлсхийсэн мэтээр нөхөн татвар ногдуулж байгаа нь хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна.

Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгчид тайлан гаргах, татварын хууль тогтоомжийг хэрхэн дагаж мөрдөх, татвараа хэрхэн тодорхойлох, баримт бүрдүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу хийж байгаа эсэх зэрэг асуудлаар зөвлөгөө, мэдээлэл, туслалцааг үзүүлж ажиллах хуулиар хүлээсэн үүрэгтэй атлаа тухайн үед нь үзүүлж, шалгуулахад болно, асуудалгүй гэж байсан баримтаа гэнэт 2 жил өнгөрсний дараа цагдаагаар шалгуулахаар дүгнэлт бичиж, улмаар 6 жилийн дараа акт тавих зэргээр нөхөн татвар ногдуулах ажиллагаа явуулж байгаа нь хуулийг ноцтойгоор зөрчсөн, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болж байна.

Нөгөө талаар Татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 230013923 дугаар актад дурдсанаар тус компанийн 2010, 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн гэсэн байх тул Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх ...” гэж заасны дагуу татварын хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн асуудлаар хяналт шалгалт хийж, нөхөн татвар тавьсан байна.

Үүний дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 006 дугаар тогтоолоор 47.179.250,0 төгрөгийн төлбөрөөс 160.931.955,0 төгрөгийн зөрчилд 16.093.195,5 төгрөгийн нөхөн татварыг хасч шийдвэрлэсэн боловч энэ хуулийн хүрээнд “ТҮ” ХХК-ийн 2011 оны 8849755 дугаарын падааны 4.300.000, "Т” ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8864409 дугаарын падааны 40.058.200, “Т с” ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8864601 дугаарын падааны 60.087.300 төгрөгийн НӨАТ-ын падаанаар нийт 104.445.500 төгрөгийн худалдан авалт хийсэн асуудал мөн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн болохыг дутуу тооцсон байна.

Тодруулбал Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно”, ҮТЕГ-ын даргын 2008 оны 192 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм’’-ийн 3.2.7-д “Акт, дүгнэлт нь хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, ХШАЭН-ийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох боловч татвар төлөгч зөвшөөрөхгүй, гарын үсэг зурах, тамга тэмдэг дарахаас татгалзвал акт, дүгнэлтийн талаар хаана, хэзээ гомдол гаргаж болохыг тайлбарлан, татвар төлөгчийг тайлбар өгсөн эсэхээс үл хамааран тэдгээрийг гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж тус тус зааснаас үзэхэд манай компани нь татварын улсын байцаагчийн актыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан тул энэхүү актыг гардаж авсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь хуульд нийцнэ.

Түүнчлэн НӨАТ нь сар бүрээр тайлан гаргаж, баталгаажуулдаг, дараа сарын тайлангаас өмнө татвар төлөгдсөн байх ёстой татвар тул Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.2-т “тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс”, 11.3.3-т “борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайлан гаргах өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж тус тус заасан хугацаанаас татварын хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор заасны дагуу 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хамаарах НӨАТ-ын падаанд буюу “ТҮ” ХХК-ийн 2011 оны 8849755 дугаарын падааны 4.300.000, “Т" ХХК-ийн 2011 оны 09 дүгэзр сарын 28-ны өдрийн 8864409 дугаарын падааны 40.058.200, “ТС” ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8864601 дугаарын падааны 60.087.300 төгрөгийн НӨАТ-ын падаанд хамаарах төлбөрийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

Татварын хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдэг нь нөхөн татвар, хүү, торгууль, алданги ногдуулж болох боломжит хугацаа дууссан гэж ойлгож байна. Хуульд заасан дээрх 5 жилийн хугацааг хэтэрсэн асуудалд манай компанийн зүгээс шалтгаалсан зуйл байхгүйн зэрэгцээ 5 жилээс хэтэрсэн асуудалд татвар ногдуулахгүй гэсэн хуулийн ойлголт гэж үзэж байна.

Иймээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 006 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 47.179.250,0 төгрөгийн төлбөрөөс 160.931.955,0 төгрөгийн зөрчилд 16.093.195,5 төгрөгийн нөхөн татварыг хасч шийдвэрлэсэн тул татварын улсын байцаагчийн актын энэ хэсэгт маргах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ө.А, А.Т нарын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 230013923 тоот актаас 310.860.500 төгрөгийн зөрчилд 31.086.050 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т-ын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн огноотой 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа[4]:

“Хан-Уул дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг 20379.. тоот регистрийн дугаартай, 9011146... дугаарын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, “К” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс 2011 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал хугацааны Нэмэгдсэн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд илэрсэн хий бичилттэй падааны зөрчлөөр бичсэн татварын улсын байцаагч О.П, Л.Д нарын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өрийн 230009 тоот дүгнэлтийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 169 дугаарын прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг үндэслэн олгосон (23/12)0341 тоот томилолтын дагуу 2016 оны 06 дугаар сарын сарын 27-ны өдөр татварын улсын байцаагч А.Т, Ө.А нар 230013923 тоот акт тогтоосон.

Тус прокурорын тогтоолд “К” ХХК-ийн захирал Ж.М нь Т, “ТС” ХХК, “ТГЦ” ХХК, “ТҮ” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан падаанууд дээр нийт 471,792,400.00 төгрөгийн борлуулалт хийсэн гэж хуурамч бичилт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, 47,179,240.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татварын талаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. гэж тогтоосон.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 215 дугаар зүйлийн 215.2.4 дахь хэсгийг удирдлага болгон:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 201526010224 дугаартай эрүүгийн хэргээс сэжигтэн Ж.М-т холбогдох “онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн: «35.3.Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй» заалтын дагуу нягталж үзээд:

Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар:

Татварын хяналт шалгалтаар нийт 471,792,400.00 төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: «18.1.Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:...18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;...18.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;... 18.1.14.хууль тогтоомжид заасан бусад үүрэг...» гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг дараах байдлаар зөрчсөнийг тогтоосон.Үүнд:

1. “Т” ХХК-ийн 2010 оны 03 дугаар сарын 25-ны 3288775 дугаартай падааны 1,636,300.00 төгрөгийн, 2010 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 3411980 дугаарын падааны 12,000,000.00 төгрөгийн, 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3411950 дугаарын падааны 16,000,000.00 төгрөгийн, 2010 оны          06 дугаар сарын 30-ны өдрийн 3288799 дугаарын падааны 27,295.600.00 төгрөгийн, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3288798 дугаарын падааны 39.000,000.00 төгрөгийн, 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3411913 дугаарын 29 500.000.00 төгрөгийн, 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3288845 дугаар падааны 35,500,000.00 төгрөгийн, 2011 онд 8849755 дугаарын падааны 4,300,000.00 төгрөгийн, “Т” ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8864409 дугаарын падааны 40,058,200.00 төгрөгийн, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8864498 дугаарын падааны 77,328,000.00 төгрөгийн, “ТС” ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 8864601 дүгээр падааны 60,087,300.00 төгрөгийн, 5483... дугаар регистрийн дугаартай “ТГЦ” ХХК-ийн 2011 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 9419711 дугаарын падааны 129,087,000.00 төгрөгийн хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нийт 471,792,400.00 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн «Худалдан авалт» хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан нь Монгол Улсын Нэмэгдсэн өрттийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: «...14.3.Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь... падаан...гүй бол уг албан татварыг хасч тооцохгүй.» гэж заасныг зөрчсөнийг Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 34 дүгээр зүйл заалтын дагуу Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд: «74.1 .Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:...74.1.4.тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх;...74.3.Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.», мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд: «4.3.Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.», 10 дугаар зүйлд «10.7.Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, » гэж заасныг үндэслэн:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар нийт 471,792,400.00 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр «Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан»-ийн «Худалдан авалт» хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан зөрчилд 47,179,240.00 төгрөгийн нөхөн татвар, 0.00 төгрөгийн торгууль, 0.00 төгрөгийн алданги ногдуулах.

2. Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 заалтыг үндэслэн 47.179,240.00 төгрөгийн нөхөн татвар, 0.00 төгрөгийн торгууль, 0.00 төгрөгийн алданги Нийт 47,179,240.00 төгрөгийн төлбөрийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн ГБ ХХК дахь 2105004120 тоот дансанд акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэхээр акт тогтоосон.

Улмаар Татвар төлөгч “К” ХХК-ийн захирал Ж.М-ын гомдлыг Нийслэлийн Татварын Газрын Дэргэдэх Маргаан таслах Зөвлөлд хэлэлцэж үзээд 2018 оны 0З дугаар сарын 02-ны өдрийн 006 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 230013923 тоот актаар тогтоосон 47,179,240.00 төгрөгийн төлбөрөөс 16,093,195.5 төгрөгийн төлбөрийг хасч, 31,086,050.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд “К” ХХК -ийн захирал Ж.М-ын гаргасан гомдлын талаар дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. “К” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс 2011 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацааны Нэмэгдсэн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд илэрсэн хий бичилттэй падааны зөрчлөөр бичсэн татварын улсын байцаагч О.П, Л.Д нарын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23000* тоот дүгнэлтийг бичсэн.

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 169 дугаарын прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг үндэслэн олгосон (23/12)0341 тоот томилолтын дагуу 2016 оны 06 дугаар сарын 1 сарын 27-ны өдөр татварын улсын байцаагч А.Т, Ө.А нар 230013923 тоот акт тогтоосон байгаа. Дээрхи татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг хуулийн хугацаандаа тогтоосон байдаг. Гэтэл татвар төлөгч хууль, хяналтын байгууллагаар гомдол гаргаж явж байгаад маш их хугацаа алдаж, татвар төлөх үүргээ биелүүлэхгүй байх хуулийн нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа нь төсөв бүрдүүлэх ажилд маш их хүндрэл учруулж, мөн татварын улсын байцаагчийн ажлын ачааллыг нэмэгдүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг хууль бус нөхцөл байдлыг үүсгээд байгаа нь харамсалтай байна.

2. Татвар төлөх хугацааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар Татварын Ерөнхий Хуулийн 11 дүгээр зүйл.Татварын Хөөн хэлэлцэх хугацаа

11.1. Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан байдаг боловч Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4. Татварын албанаас энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан мэдэгдэх хуудас гардуулсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа таслагдаж, цааш шинээр тоологдоно. ...11.6. Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно. гэж заасан. “К” ХХК нь татварын хяналт шалгалтанд 2012 оны 10 дугаар сард хамрагдахад мэдэгдсэн мэдэгдлээс эхэлж хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдсон. Татварын улсын байцаагч О.П, Л.Д нарын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өрийн 230009 тоот дүгнэлтийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 169 дугаарын прокурорын тогтоолоор... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энд эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Харин татвар төлөх асуудлыг хэрэгсэхгүй болгоогүй гэдгийн татвар төлөгчид тайлбарлаж, зөвлөгөө өгсөн.

Улмаар 2016 оны 06 дугаар сарын сарын 27-ны өдрийн татварын улсын байцаагч А.Т, Ө.А нарын тогтоосон 230013923 тоот акт гардуулсанаас, мөн Нийслэлийн Татварын Газрын Маргаан таслах Зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 006 тоот тогтоолоор, Татварын Ерөнхий Газрын Дэргэдэх Маргаан таслах Зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 35 тоот тогтоол зэрэг эрх зүйн баримт бичгээр татварын улсын байцаагчийн акт баталгаажин татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа таслагдаж, ТЕХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6 дугаар заалтын дагуу цааш шинээр тоологдож байгаа учир татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэсэн тайлбарыг хүргүүлж байна.” гэжээ.

Гурав. Гомдол гаргагч, хариуцагч талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ө.А, А.Т нарын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 230013923 дугаар актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т, Ө.А нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.

Анхан шатны шүүх дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:

Анх татварын улсын байцаагч О.П, Л.Д нараас нэхэмжлэгч компанийн 2010-2011 оны анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлийн болон хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн шалгалт хийж, шалгалтаар 2010 онд 160931.9 мянган төгрөг, 2011 онд 310860.5 төгрөг, нийт 471792.4 мянган төгрөгийн зөрчил илэрсэн тул улсын байцаагч нараас 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 230009 тоот дүгнэлт[5] гарган цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлжээ.

Дээрх дүгнэлттэй холбогдуулан компанийн захирал Ж.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор[6] холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

Хариуцагч улсын байцаагч Ө.А, А.Т нараас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 169 дүгээр тогтоол, Татварын хяналт шалгалт хийх удирдамж, хяналт шалгалтын томилолт[7]-ыг үндэслэн нэхэмжлэгч компанийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийг хэсэгчлэн шалгаж, маргаан бүхий 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 230013923 тоот актыг[8] гаргажээ.

Маргаан бүхий актаар[9] нэхэмжлэгч компани нь хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нийт 471,792,400.00 /дөрвөн зуун далан нэгэн сая долоон зуун ерэн хоёр дөрвөн зуу/ төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “худалдан авалт” хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн 47,179,240.0 төгрөгийн нөхөн татварыг нэхэмжлэгч компанид ногдуулжээ.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 006 дугаар тогтоол[10]-оор “Татварын ерөнхий хуулийн 11.1, 35.3, 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14.3, “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3, 10.1, 10.2 дахь заалтыг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 230013923 тоот актаар 471,792,500.0 төгрөгийн зөрчилд 47,179,250.0 төгрөгийн нөхөн татвар нийт 47,179,250.0 төгрөгийн төлбөр ногдуулснаас 160,931,955.0 төгрөгийн зөрчилд 16,093,195.5 төгрөгийн нөхөн татварыг хасч, 310,860,500.0 төгрөгийн зөрчилд 31,086,050.0 төгрөгийн нөхөн татвар нийт 31,086,050.0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр актыг өөрчилсүгэй” гэж тогтоожээ.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 35 дугаар тогтоол[11]-оор Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг тус тус баримтлан Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны 006 тоот тогтоолыг хэвээр баталжээ.

1.Нэхэмжлэгчийн маргаж байгаа “томилолтгүй шалгалт хийсэн” гэх үндэслэлийн тухайд:

Үндэсний татварын албаны 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн (23/12)0341 дүгээр “татвар хяналт шалгалт хийх томилолт”[12]-оор Татварын улсын ахлах байцаагч О.П, П.Д нарыг 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 4 хоногийн хугацаатай “К” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны  төлөвлөгөөт шалгалт хийлгэхээр томилжээ.

Татварын ерөнхий газрын дарга 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2017/01 дүгээр “Хяналт шалгалт хийх ажлын удирдамж”[13] баталжээ.

Үндэсний татварын албанаас 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т, Ө.А нарыг “К” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийхээр томилжээ.[14]

Дээрх томилолтуудыг үндэслэн хариуцагч улсын байцаагч нараас нэхэмжлэгч компанийн татвар, хяналт шалгалтыг хийж, акт үйлдсэн гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч талаас “томилолтгүй шалгалт хийсэн” гэж маргаж байгаа үндэслэл тогтоогдсонгүй.

2.Нэхэмжлэгчээс “акт хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэж маргаж байгаа үндэслэлийн тухайд:

Татварын ерөнхий хуулийн 11.6-д “Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.”гэж зохицуулжээ.

Маргаан бүхий актаас үзэхэд нэхэмжлэгчид ногдуулсан татвар нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан нөхөн төлүүлэхээр тогтоосон нөхөн татвар байна. Иймээс уг хуулийн заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэгчээс “падаан бичсэн хугацаа нь 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байхад үүнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр татварын байцаагчийн актыг гардаж авсан учир акт нь Татварын ерөнхий 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан 5 жил байх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

3.Нэхэмжлэгчээс “хий бичилттэй, хуурамч падааны талаар мэдэх боломжгүй байсан, үүнд нэхэмжлэгч буруугүй” гэж маргаж байгаа үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч компани нь “Т” ХХК-ийн 2010 оны 03 дугаар сарын 25-ны 3288775 дугаарын падаанаар 1,636,300.00 төгрөгийн, 2010 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 3411980 дугаарын падаанаар 12,000,000.00 төгрөгийн, 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3411950 дугаарын падаанаар 16,000,000.00 төгрөгийн, 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3288799 дугаарын падаанаар 27,295.600.00 төгрөгийн, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3288798 дугаарын падаанаар 39.000,000.00 төгрөгийн, 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3411913 дугаарын падаанаар 29 500.000.00 төгрөгийн, 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3288845 дугаарын падаанаар 35,500,000.00 төгрөгийн, 2011 онд 8849755 дугаарын падаанаар 4,300,000.00 төгрөгийн, “Т” ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8864409 дугаарын падаанаар 40,058,200.00 төгрөгийн, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8864498 дугаарын падаанаар 77,328,000.00 төгрөгийн, “ТС” ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 8864601 дүгээр падааны 60,087,300.00 төгрөгийн, “Т” ХХК /РД:5483.../-ийн 2011 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 9419711 дугаарын падааны 129,087,000.00 төгрөгийн хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нийт 471,792,400.00 /дөрвөн зуун далан нэгэн сая долоон зуун ерэн хоёр дөрвөн зуу/ төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “худалдан авалт” хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан зөрчил гаргасан гэдэг нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 03 дугаар сарын 30-ны 169 дүгээр тогтоол[15], уг тогтоолд зааснаар “К” ХХК-захирал Ж.М нь уг зөрчлийг хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, татварын тайлан[16], татварын тооцооллын жагсаалт,[17] падаан[18], кассын орлогын ордер[19], борлуулалтын дэвтэр, худалдан авалтын дэвтэр,[20], падааныг хуурамчаар бичүүлэн авсан байгууллагын тооцоо[21] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаангүй бол албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг нэхэмжлэгч компаниас зөрчиж нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй буюу хий бичилттэй падаануудыг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийсэн, нэхэмжлэгч компанийн төсөвт төлөх татвар нь буурсан гэж үзэхээр байна.

Үүний учир Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...татварыг нөхөн төлүүлж,...ногдуулна: тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх,”, 74.3-т “Энэ хуулийн 74.1-д заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд төлөөгүй татвар алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэж заасныг баримтлан нөхөн татвар ногдуулсан татварын улсын байцаагчийн акт нь үндэслэлтэй байна.

4.Нэхэмжлэгчээс “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан хугацаанд тайлангаа ил тодоор гаргаж, мэдүүлсэн учир уг хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй” гэж маргажээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, ...-ыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, ... тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, ...-д сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн ..., хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө.” гэж заажээ.

Нэхэмжлэгчээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргаж өгсөн гэдэг нь тогтоогдож байна.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгчийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу гаргаж өгсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргаж өгсөн тайлан нь дээр дурдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, ...-ыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан...” гэж заасан “нуун дарагдуулсан” албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар гэж үзэхээргүй байна.

Учир нь татварын улсын байцаагч О.П, Л.Д нараас нэхэмжлэгч компанийн 2010-2011 оны анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлийн болон хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн шалгалт хийж, шалгалтаар 2010 онд 160931.9 мянган төгрөг, 2011 онд 310860.5 төгрөг, нийт 471792.4 мянган төгрөгийн худалдан авалтын хий бичилттэй, хуурамч падаан бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулан аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг зайлсхийснийг тэмдэглэн, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 230009 дугаар дүгнэлт бичиж эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тайлан нь “албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, ...-ыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан...” бус харин “худалдан авалтын хий бичилттэй, хуурамч падаан бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулан аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг зайлсхийсэн”-тэй холбоотой  Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргаж өгсөн тайлан байна.

Иймээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу албан татвараас нэг удаа чөлөөлөх үндэслэлд хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн тайланд тусгасан орлого нь борлуулалтын орлого биш худалдан авалт, нөхөн төлүүлж байгаа татвар нь хасалт хийсэн татвар буюу авлага байна.

Иймээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч компанийн авлага үүсгэж байгаа, борлуулалтад бус худалдан авалтад хамаарах татвар нь энэ хуулиар албан татвараас чөлөөлөхийг хориглосон байгааг дурдах нь зүйтэй.

Нэгтгэн дүгнэхэд, татварын улсын байцаагч нарын актаар нэхэмжлэгч компанид нөхөн татвар ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг  зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч “К” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тодруулбал, хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул гомдол гаргагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Маргаан бүхий актад Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 006 дугаар тогтоол[22]-оор 310,860,500.0 төгрөгийн зөрчилд 31,086,050.0 төгрөгийн нөхөн татвар нийт 31,086,050.0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөлт орсон байгааг дурдах нь зүйтэй.

 

       3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг тус тус баримтлан “К” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ө.А, А.Т нарын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 23001392* тоот актаас 310.860.500 төгрөгийн зөрчилд 31.086.050 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т, Ө.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            А.С

 


[1]128/2018/0125/3 индекстэй  /Цаашид “Хэргийн” гэх/ хэргийн 2-р хавтас 65 дахь тал.

[2] Хэргийн 1-р хавтас 78 дахь тал.

[3] Хэргийн 1-р хавтас 1-6 дахь тал.

[4] Хэргийн 1-р хавтас 32-35дахь тал.

[5] Хэргийн 1-р хавтас 60 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 53 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 57 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 12-13 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 12-13 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 14-15 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 16 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 54 дэх тал

[13] Хэргийн 1-р хавтас 55 дахь тал

[14] Хэргийн 1-р хавтас 57 дахь тал

[15] Хэргийн 1-р хавтас 53 дахь тал

[16] Хэргийн 1-р хавтас 66-77 дахь тал

[17] Хэргийн 1-р хавтас 130 дахь тал

[18] Хэргийн 1-р хавтас 146-148 дахь тал

[19] Хэргийн 1-р хавтас 181 дэх тал

[20] Хэргийн 1-р хавтас 221-232 дахь тал

[21] Хэргийн 2-р хавтас 26, 34, 47, 49 дэх тал

[22] Хэргийн 1-р хавтас 14-15 дахь тал