Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2019/0591/З |
Дугаар | 230 |
Огноо | 2020-06-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 230
“М а а” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Д.Мөнхтуяа,
Шүүгчид: Г.Банзрагч,
М.Батсуурь,
Б.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоол нь хууль бус байх тул хүчингүй болгуулах”
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0024 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 214 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг нарыг оролцуулан,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0024 дүгээр шийдвэр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “М а а” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоол нь хууль бус байх тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 214 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн зүгээс уг хэм хэмжээний актыг “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд” бүртгэгдээгүй, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд” нийтлэгдээгүй гэж үзэн маргаагүй. Мөн ийнхүү бүртгэгдэж, нийтлэгдсэн л бол тухайн хэм хэмжээний акт хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, ийнхүү бүртгэгдэж, нийтлэгдэх нь хэм хэмжээний актын хувьд нэг л хуулиар тогтоосон шалгуур бөгөөд ийнхүү бүртгэгдэж нийтлэгдсэн хэм хэмжээний акт нь хууль зөрчсөн тохиолдолд тухайн хэм хэмжээний актыг хүчингүй болгохгүй байх үндэслэл болохгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн тухайн акт захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдсэн эсэх асуудалд анхаарал хандуулан шийдвэрлэж байгаа нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална.” гэж заасан. Тухайн хэм хэмжээний актыг хуулиар эрх олгосон этгээд баталсан эсэхийг зөвхөн “3ахиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд” бүртгэгдсэн эсэх захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд” нийтлэгдсэн эсэхээр тодорхойлох боломжгүй. Үүнийг тодорхойлохын тулд хуулиар эрх олгосон эсэх асуудалд зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай. Суурь үнэлгээнд үндэслэн газрын төлбөрийн хэмжээг тогтоох хуулиар эрх олгосон этгээд нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Засгийн газар юм. Тодруулбал, Засгийн газар газрын төлбөрийн хэмжээг тогтоох бөгөөд ийнхүү тогтоосон төлбөрийн хэмжээг өсгөж бууруулах хууль зүйн боломж байгаа юм. Ийнхүү өсгөж бууруулах итгэлцүүрийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3 дахь заалтад зохицуулжээ.
5. Засгийн газрын 2018 оны 182 тоот тогтоолоор хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг тогтоохдоо түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь байхаар тогтоосон нь Газрын төлбөрийн хуулиар тогтоосон газрын төлбөрийн хэмжээг тогтоох дээд, доод хязгаартай адил байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Баянзүрх дүүргийн газрын төлбөрийн хэмжээг тогтоогоогүй байна. Энэ тохиолдолд тухайн эрх хэмжээ нь сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд шилжинэ гэсэн үг биш билээ. Маргаан бүхий захиргааны акт батлах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.2-7.4.6, 7.4.8, 7.4.10-7.4.14, 7.4.16-д заасан болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.3-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно.” гэж заасан бөгөөд уг зүйлийн 7.4.11-д “газрын төлбөр” гэж тусгагдсан байна.
6. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын төлбөрийн хэмжээг тогтоох эрхтэй байхаар байгаа юм. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоол нь итгэлцүүрийг бус шууд газрын суурь үнэлгээнд үндэслэн газрын төлбөрийн хэмжээг тогтоосон нь хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн, хуулиар эрх олгоогүй байхад хэм хэмжээний актыг батлан гаргасан гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, тодорхой тогтоосон (өсгөж, бууруулах) газрын төлбөрийн хэмжээ байхгүй, мөн тогтоосон итгэлцүүргүйгээр Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээний хязгаарт багтаан шууд газрын төлбөрийн хэмжээг тогтоосон нь хуулиар эрх олгоогүй хэм хэмжээний актыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан гэж үзэх үндэслэл болж байгаа. Дээрх хууль тогтоомжид заасан зохицуулалтад дүгнэлт хийлгүй зөвхөн “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд” бүртгэгдсэн эсэх, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн эсэхээр дүгнэж шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээлээ.
8. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “д”, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаар”-ыг тогтоосон; нэхэмжлэгчээс “...итгэлцүүрийг бус, шууд суурь үнэлгээнд үндэслэн газрын төлбөрийн хэмжээг тогтоосон нь хууль бус, ...хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн, хуулиар эрх олгоогүй байхад хэм хэмжээний акт гаргасан” гэж маргажээ.
9. Шүүхүүд маргааны үйл баримтад холбогдуулан Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
10. Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно”, 6 дугаар зүйлийн 1-д “газрын төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжийг дараахь байдлаар тооцож тодорхойлно: ...3/ энэ хэсгийн 1, 2-т зааснаас бусад газрын төлбөрийг нэг га газрын суурь үнэлгээний хувиар”, 7 дугаар зүйлийн 1-д “ газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр дараахь хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтооно:”, 7 дугаар зүйлийн 1-ийн 3/ “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан ...газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд, газрын суурь үнэлгээ, түүнд үндэслэн газрын төлбөрийг Засгийн газар тогтоох ба газрын төлбөрийг тооцох нэгж буюу нэг га газрын суурь үнэлгээнд тооцож хэрэглэсэн хувиар /0.1%-1.0% хүртэл/ газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоохоор заажээ.
11. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, 1 га газрын суурь үнэлгээ”-г баталсан ба уг тогтоолын холбогдох заалтыг энэ маргаанд холбогдуулан авч үзвэл, худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай бөгөөд газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн 6 дугаарт хамаарах газрын хувьд нэг га газрын суурь үнэлгээг 960,000 төгрөгөөр тогтоожээ.
12. Мөн, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж зааснаар, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар хуралдаанаар хэлэлцэж, “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолыг батлан гаргахдаа “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл /бүс/ -ийн зааг, хязгаар”-ыг нэгдүгээр, “газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утга”-ыг хоёрдугаар, “хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоо утга”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсан; маргааны үйл баримтад холбогдох заалтын хувьд, Засгийн газрын 182 дугаар тогтоолоор 1 га газрын суурь үнэлгээтэй тэнцүү хувиар 1 га газрын төлбөр нь 960,000 төгрөгөөр тогтоогдсонд нийцүүлж, итгэлцүүрийн тоон утгыг “1.00” гэж илэрхийлсэн нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан гэж дүгнэсэн шүүхүүдийн дүгнэлт зөв байна.
13. Түүнчлэн, итгэлцүүрээр, 1 м.кв газрын төлбөр 960 төгрөг болохыг заасныг газрын төлбөр шууд тогтоосон байна гэж үзэх боломжгүй ба Засгийн газрын 182 дугаар тогтоолоор 1 га газрын суурь үнэлгээнээс 1 га газрын төлбөр нь 1.0 хувиар /итгэлцүүр/ тооцогдсон агуулгынх нь хүрээнд“итгэлцүүрийн тоон утгыг “1.00” гэж илэрхийлсэн гэж үзэхээр байх тул, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “ ...Засгийн газрын 182 дугаар тогтоолоор нэг га газрын төлбөрийн хэмжээг тогтоохдоо түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь байхаар тогтоосон нь Газрын төлбөрийн хуулиар тогтоосон дээд, доод хязгаартай адил байна, ...Засгийн газраас Баянзүрх дүүргийн газрын төлбөрийн хэмжээг тогтоогоогүй байна, энэ тохиолдолд тухайн эрх хэмжээ дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжинэ гэсэн үг биш” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
14. Түүнчлэн, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх дараахь татвар орон нутгийн татварт хамаарна:”, 7.14.11-д “газрын төлбөр”, 8 дугаар зүйлийн 8.1-д “татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал,түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно”, 8.5 -д “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.2-7.4.6, 7.4.8, 7.4.10-7.4.14, 7.4.16-д заасан болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.3-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно” гэж тус тус зааснаар газрын төлбөр нь орон нутгийн татварт хамаарах бөгөөд хувь хэмжээг тогтоох эрх хэмжээ аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байна.
15. Харин, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т газрын төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтоохоор, Татварын ерөнхий хууль, Газрын төлбөрийн тухай хуульд “газрын төлбөрийн хэмжээг тогтоох эрхтэй” субъектийг зөрүүтэй заасан, энэ тохиолдолд, илүү нарийвчлан зохицуулсан нь Газрын төлбөрийн тухай хууль байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэх”-ээр заасны дагуу Газрын төлбөрийн тухай хуулийг шүүх хэрэглэнэ, иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...хуулиар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын төлбөрийн хэмжээг тогтоох эрхтэй, /байхад/ Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоол нь ...хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн, хуулиар эрх олгоогүй байхад хэм хэмжээний акт гаргасан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй юм.
16. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М а а” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.