Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 215/МА2022/00014

 

 

“ӨАБ” ХХК-ний

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2022/00163 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр баг “ӨАБ” ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-т холбогдох,

 

Халдварт өвчний улмаас устгасан 36 гахайны үнэ 60.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ӨАБ” ХХК нь 2012 оноос гахайн аж ахуйг Есөнбулаг сумын Харзат багийн Хөх дэнж буюу хуучнаар Чулууны үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд 10 сум, Есөнбулаг сумын 30 гаруй өрхийг гахайжуулсан байдаг. Манай компанийн гахайжуулсан зорилго нь төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдээ ажилтай орлоготой болгох хууль тогтоомжийн дагуу ажилласан болно.

 

Тухайн үед гахайжсан айл өрхүүдийн ажил хөдөлмөр эрхэлж өрхийн орлого нэмэгдэж манай компани баярлаж байсан. Манай аж ахуй байнгын маллагаатай, гахайчинтай, ажилчинтай мал эмнэлэг, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дор үйл ажиллагаагаа явуулж жилд 20 тонн тэжээлээр тэжээдэг байсан. Манайх махны чиглэлийн өндөр ашиг шимтэй гахайг Улаанбаатар хотоос авчирч өсгөж борлуулан ашиг шимтэйгээр аймгийн төвийн ард иргэд, ресторан, баар, Ховд аймгийн ресторанууд, Улаанбаатар хотоос нэг гахайг амьдаар нь 500,000 төгрөгт ирж ачиж аваад явдаг ханш тогтсон байсан. 7-8 сартай гахай ийм ханшанд хүрдэг байсан. Надаас уламжилж аймгийн төвийн гахайжсан хүмүүсийн орлого нэмэгдэж надад баярладаг байсан. Би Солонгос улсын гахайны үйлдвэрт ажиллаж байгаад ирж, урд Чулууны үйлдвэрийг авч гахай өсгөсөн. Аймгаас намайг дэмжиж зээл өгч байсан. Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтарч хөтөлбөрийн дагуу ажилласан. Манай компани ажиллаж эхэлснээс хойш мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын газар гэх зохих ёсны бүх байгууллагатай хамтран заавар зөвлөгөөний дагуу байнга хяналт тавин шалгалттай ажилладаг байсан.

 

Манай компани гахайчинтай, гахайчнаа байнга цалинжуулж ажилладаг байсан. Мөн вакцин тарилгад бүрэн хамрагдаж, мал эмнэлгийн үйлчилгээ авдаг гурвалсан гэрээтэй малын эмчтэй байсан. Гахай нь холимог идэштэй амьтан. Зуны цагт Чулууны үйлдвэрийн ар талд гаргаж бэлчээрлүүлдэг. Манай гахай хог руу явдаггүй байсан. Стандартын дагуу ажилладаг, амт чанар сайтай махны шинжилгээнд тэнцсэн учир баар, ресторан аваад хэвшсэн байсан. Гахайны мах ресторанд талх шиг хэрэгтэй байнга борлогддог байсан. Гэвч дэлхийд дэгдээд байгаа гахайн мялзан гэдэг аюулт өвчин бид бүгдийг тойроогүй гахайнууд өвчилж, мал эмнэлэг онц байдал зарлаж, бүх гахайг өвчтэй эрүүлгүй устгалд оруулсан. Манай компани нь гол үйл ажиллагаагаа зогсоож хүнд байдалд орсон. Өнөөдрийг хүртэл нөхөн олговор төр засгаас мал эмнэлэг, хорио цээрийн хуулийн хүрээнд олдох байлгүй гэж харж байна.

 

Тус компанид 36 толгой гахай буюу 60.400.000 төгрөгийн хохирол учирсан. Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газрууд хуралдаж, онц байдал тогтоож улсын ахлах байцаагч С.Б, Есөнбулаг сумын улсын байцаагч З.Ё, О.Э нар өдөр бүр гахайг хянаж тоолж, үхсэн гахайг булж, ажлын тайлан гаргаж ажиллаж байсан нь үнэн болно. Захирамж тайлангийн 1 хувийг авья гэхээр өгдөггүй байсан аяндаа хэрэг мандахаар бэлэн байгаа гээд өгөөгүй. Мал амьтдын Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т Мал амьтдыг зайлшгүй шаардлагаар устгах гэж өвчтэй болон халдварын голомтод байгаа халдвар тараах нь тогтоогдсон мал амьтныг холбогдох журам зааврын дагуу бүрэн устгахыг ойлгоно, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал амьтныг тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгох тухай заасан байна.

 

Иймд 36 гахайны 60.400.000 төгрөгийг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү. Аймгийн давж заалдах шатны шүүх хариуцагчаар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрыг татах нь зүйтэй гэж үзсэн тул Есөнбулаг сумын ЗДТГ-т холбогдуулан гаргалаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Улсын байцаагч З.Ё нь мал эмнэлгийн газрыг хариуцсан ерөнхий байцаагч ажлын хэсгээ ахалдаг. Жилийн эцсийн тооллого болон түүвэр тооллогод хамрагдсан гол бичиг баримт нь байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-аас гоц халдварт өвчний улмаас устгасан 23 гахайн нөхөн төлбөрт 49.590.000 /дөчин есөн сая таван зуун ерөн мянга/ төгрөгийг гаргуулан “ӨАБ” ХХК /РД: .......... /-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10.810.000 /арван сая найман зуун арван мянган/ төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459.950 /дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-аас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох 405.900 /дөрвөн зуун таван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ӨАБ” ХХК /РД: ..... /-д олгож ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2022/00163 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд хэргийн үйл баримтыг буруу тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул тус шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх тус хуулийг ноцтойгоор зөрчиж, хэргийн үйл баримтад урьдаас дүгнэлт хийж, улмаар хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2022/00163 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

“ӨАБ” ХХК нь 2012 оноос гахайн аж ахуйг Есөнбулаг сумын Харзат багийн Хөх дэнж буюу хуучнаар Чулууны үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд 10 сум, Есөнбулаг сумын 30-аад өрхийг гахайжуулсан байдаг. Манай компанийн гахайжуулсан зорилго нь төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих иргэдээ ажилтай орлоготой болгох хууль тогтоомжийн дагуу ажилласан болно. Тухайн үед гахайжсан айл өрхүүдийн ажил хөдөлмөр эрхэлж, өрхийн орлого нэмэгдэж манай компанид баярлаж байсан. Манай аж ахуй байнгын маллагаатай, гахайчинтай, ажилчинтай, малын эмчтэй, мал эмнэлэг, мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтан дор үйл ажиллаагаа явуулж, жилд 20 тн тэжээлээр тэжээдэг байсан.

 

Мөн вакцин тарилга туулгалтанд бүрэн хамрагдаж ирсэн. Мал эмнэлгийн гурвалсан гэрээтэй ажиллаж байсан. Махны чиглэлийн өндөр ашиг шимтэй гахайг Улаанбаатар хотоос авчирч өсгөж борлуулан ашиг шимтэйгээр аймгийн төвийн ард иргэд, ресторан баар, зэргэлдээх Ховд аймгийн ресторанууд, Улаанбаатар хотоос 1 гахайг амьдын жингээр 500.000 төгрөгөнд ирж ачиж аваад явдаг ханш тогтсон байсан. 7-8 сартай гахай ийм ханшинд хүрдэг байсан. Би Солонгос улсад гахайн аж ахуй дээр ажиллаж байгаад ирсэн. Аймгийн Хаан банкнаас зээл авч гахай өсгөсөн. Гахай холимог идэштэй амьтан. Зуны цагт Чулууны үйлдвэрийн ар голд гаргаж бэлчээрлэдэг. Өвлийн цагт байнгын маллагаатай. Хогийн цэг рүү явдаггүй. Стандартын дагуу ажилладаг, амт чанар сайтай, махны шинжилгээнд тэнцсэн учир баар ресторан аваад хэвшсэн байсан. Гахайн мах ресторанд талх шиг хэрэгцээтэй байнга борлогддог. Дэлхийд дэгдээд байгаа гахайн мялзан гэдэг аюулт өвчин гарч гахайнууд өвчилж, мал эмнэлгийн онц байдал зарлаж бүх гахайнуудыг өвчтэй эрүүлгүй устгалд оруулсан. Манай компаний гол үйл ажиллагаа зогсож хүнд байдалд орсон. Өнөөдрийг хүртэл нөхөн олговор төр засгаас мал эмнэлэг хорио цээрийн хуулийн хүрээнд олдох байлгүй гэж харж байна.

 

Тус компанид 36 толгой гахай буюу 60.400.000 төгрөгийн хохирол учирсан. Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын тамгын газар онц байдал тогтоож улсын ахлах байцаагч С.Б, Есөнбулаг сумын улсын байцаагч Ё, О.Э нар өдөр бүр гахайг хянаж тоолж, үхсэн гахайг булж, ажлын тайлан гаргаж ажиллаж байсан нь үнэн болно.

 

Захирамж, тайлангийн 1 хувийг авъя гэхээр өгдөггүй байсан аяндаа хэрэг мандахаар бид нар бэлэн байгаа гээд өгөөгүй. Мал амьтадын Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т заасан “Мал амьтдын зайлшгүй шаардлагаар устгах гэж өвчтэй болон халдварын голомтод байгаа халдвар тараах нь тогтоогдсон мал амьтаныг холбогдох журам зааврын дагуу бүрэн устгахыг ойлгоно”. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т "Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал амьтаныг тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90% тэнцэх нөхөн олговор олгох” тухай заасан байна.

 

Иймд 36 гахайны 2022 оны 03 дугаар сарын 18-ны шүүхийн шийдвэрээр өвчний учир устгасан 23 гахайн нөхөн төлбөрт 49.590.000 /дөчин есөн сая таван зуун ерэн мянга/ төгрөгийг Есөнбулаг сумын тамгын газраас гаргаж өгнө үү. Шүүхийн шийдвэр иргэн миний талд үнэн зөв гарсан. Өмнө нь Онцгой байдлын газар, аймгийн Санхүү төрийн санд хандаж байсан. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Санхүү төрийн санд нэхэмжилсэн шүүхийн шийдвэр иргэн миний талд гарсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр Есөнбулаг сумын Тамгын газраас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Тухайн үед ажил хариуцаж байсан Есөнбулаг сумын тамгын газрын ажлын хариуцлаггүйгээс болсон гэж үзсэн. Иймд би шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үнэн зөв гарсан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйгээс талуудын маргааны үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч “ӨАБ” ХХК нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-т холбогдуулан гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан 36 гахайны үнэ 60.400.000 /жаран сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ: “...жилийн эцсийн тооллого болон түүвэрт хамрагдсан тухай бичиг баримт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “ӨАБ” ХХК-ний төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ...” биелүүлээгүй байна.

 

Нотлох баримтаар хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын “Гахайн мялзан өвчинтэй тэмцсэн тухай” ажлын тайланд гахай маллагч Д.Б-ын 36 гахай үзлэгт хамрагдаж, 6 гахайг устгаж, 30 гахай хорио цээрийн дэглэмд байгаа талаар уг тайланд тусгаж, гахай бүхий иргэдтэй уулзаж, тэдний зөвшөөрлийг авсны үндсэн дээр нөхөн төлбөр олгохгүй гэдгийг тайлбарлаж устгал хийгдсэн талаархи баримт хэрэгт авагджээ. /х/х-ийн 26-29 дүгээр тал/

 

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “...Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйгээс мал амьтны өвчин гарсан бол нөхөн төлбөр олгохгүй...” байхаар хуульчилжээ.

 

Мөн “ӨАБ” ХХК нь Мал эмнэлгийн үзлэг шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хэрхэн хамрагдаж байсан талаар Мэргэжлийн хяналтын газраас холбогдох хуулиуд болон “Гахайн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэврийн нийтлэг журам”-ын хэрэгжилтийг шалгаад /мялзан, ёлом, цусан халдварт/ зэрэг халдварт өвчний тарилга, туулгалтыг хийлгээгүй зөрчил илэрсэн талаар зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг нэхэмжлэгчийн төлөөлөгчид хүргүүлж байсан байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 36 гахай устгасан гэж маргаж “Цэргийн булаг” Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн гахай устгасан акт гэх бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үхсэн гахай 13, нядалсан гахай 6, хорио цээрийн дэглэмд байгаа гахай 17 гэсэн мал эмнэлгийн улсын ахлах байцаагч С.Б-ын гаргасан судалгаан дээр бүгд 36 гахай устгасан гэж гараар бичсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлохгүй байна.

 

Маргааны үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “...Цэргийн булаг Мал эмнэлгийн нэгж нь устгал хийдэг байгууллага биш бөгөөд “ӨАБ” ХХК-тай гэрээгээр ажилладаг эрх ашиг нэг аж ахуйн нэгж тул 36 гахай устгасан гэж худал тодорхойлолт гаргасан...” гэх тайлбар нь үндэслэл бүхий болох нь гахайн мялзан өвчинтэй тэмцсэн тухай ажлын тайлангаар тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2022/00163 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 405.900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.Э

                  ШҮҮГЧИД                                Ш.Б 

                                                                           Т.Ж