Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00696

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.А , Б.Б-  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/00615 дугаартай шийдвэрт

Нэхэмжлэгч С.А , Б.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.М-т холбогдох

Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 1-48 байр, 34 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204018700 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцаас Н.С д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр С.А , Б.Б нарыг тогтоолгох, уг орон сууцны ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, хариуцагчийн өмгөөлөгч С.Цацралтуяа, нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.А , Б.Б нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие С.А нь 1973 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Н.С гийн 3 дахь охин болж мэндэлсэн. Миний эцэг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 1-48 байр, 34 тоот, 2 өрөө орон сууцыг өмч хувьчлалаар авсан бөгөөд түүнээс хойш гэр бүлийн хамт амьдарч байсан. 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эцэг Н.С өвчний улмаас нас барсан. Эцэг Н.С нас барах хүртэл нь миний хүү Б.Б цуг амьдарч байсан.

Гэтэл Н.Мөнхцэцэг нь эцгийг маань өнгөрөөд 10 хоногийн дараа талийгаач эцэгтэй чинь гэрээ байгуулсан гэж хэлээд манай гэрийнхнийг байрнаас гарган тус орон сууцанд амьдарч эхэлсэн байсан. Хариуцагч Н.Мөнхцэцэг нь талийгаач эцэгтэй маань тохиролцсон гэх хашаа байшинг бидэнд өгөөгүй, ямар ч төлбөр мөнгө төлөөгүй. 2021 оны 06 дугаар сард банкинд ажилладаг найзаасаа Н.С болон Г.М- нарын хооронд ямар ч гэрээ байхгүй, одоог хүртэл орон сууцны өмчлөгч нь талийгаач эцгийн маань нэр дээр бүртгэлтэй байгааг би мэдсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны лавлагаа авахад тус орон сууц нь талийгаач эцэг Н.С болон хариуцагч Г.М- нарын нэр дээр бүртгэлтэй байсан. Нэхэмжлэгч нар нь талийгаач Н.С гийн хууль ёсны өвлөгч тул маргаан бүхий 2 өрөө орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар тойргийн нотариатч, Монголын Нотариатчдын танхимд хандахад хүсэлтийг огт хүлээн аваагүй, Г.М-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул шүүхэд ханд гэсэн. Иймд уг 2 өрөө орон сууцаас Н.С д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр С.А , Б.Б нарыг тогтоож, уг орон сууцыг зах зээлийн ханшаар 100,000,000 төгрөгөөр үнэлж, үүний ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.М-ийн хариу тайлбарын агуулга: Миний бие нөхөр н.Тэгшжаргалын хамт 1997 онд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 2 дугаар гудамжны 2А тоот хашаа байшинг 1,200,000 төгрөгөөр худалдан авч, 2006 он хүртэл амьдарч байсан. 2006 оны эхэн үед миний найз Х.Жаргал хэлэхдээ С.А гийн аавынх нь байр хувьчлалд орох гэтал цахилгааны, ашиглалтын олон жилийн өртэй хураагдах гээд байна, чи Н.С , С.А нарт тус болчих гэсэн. Ингээд орон сууцны хэрэглээний зардалд гурван сая гаран төгрөгийг төлсөн. Уг орон сууцанд Н.С , зээ хүү Б.Б тэйгээ амьдардаг байсан. Би бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд Цагдаагийн Академийн арын албаны дарга н.Цэдэн-Иш гэдэг хүнд хүлээлгэж өгөхөд ...нэг хүний нэр дээр байр хувьчилдаггүй, чи өөрийнхөө нэрээ оруул гэж хэлээд миний нэрийг оруулсан. Би Н.С гуайтай ярилцаж тохирсон ёсоор өөрийн амьдарч байсан хашаа байшингаа С.А гийн хэлснээр дүү С.Энхжаргалд хүлээлгэж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монголын Нотариатчдын Танхимын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 893 тоот албан бичигт 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нас барсан Н.С /УХ29031876/ эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн болон гэрээслэлийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй гэсэн байсан. Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд болсон үйл явдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Г.М- нь маргаан бүхий орон сууцын хууль ёсны өмчлөгч хэрхэн болсон талаар, мөн шударга өмчлөгч болох нь нотлогдож байна. Иймд Иргэний хэргийн 75 дугаар зүйлийн 75.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.М-т холбогдох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 1-48 байр, 34 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204018700 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны Н.С д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр С.А , Б.Б нарыг тогтоолгох, уг орон сууцны ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С.А , Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4а.Анхан шатны шүүх Г.М-ийг шударга өмчлөгч мөн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Маргаан бүхий орон сууцыг өмч хувьчлалаар авсан. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй гэж заасан. Гэтэл гэр бүлийн гишүүн бус этгээд болох Г.М- орон сууцыг хувьчлан авсан байдаг. Хариуцагч нь уг орон сууцыг 100 хувь өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй талаарх баримт хэрэгт авагдсан. Мөн хариуцагч нь Н.С г маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан талаар нуусан, эрх бүхий байгууллагад хандаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Хариуцагч нь хууль ёсны өвлөгч эсэх талаар маргаагүй, маргах эрх бүхий этгээд биш байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

4б.Нэхэмжлэгч Б.Б нь Н.С гийн зээ хүү болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, мөн Н.С г нас барахаас өмнө хамт амьдарч байсан талаар хариуцагч тал маргадаггүй. Мөн гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, гэрийнхээ хажууд байдаг сургуульд сурч байсан гэх сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар хамт амьдарч байсан гэдэг нь давхар нотлогддог.

4в.Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ С.А г хууль ёсны өвлөгч мөн гэж дүгнэсэн атлаа Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дууссан гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нотлох үүргээ хэрэгжүүлэхээр н.Бадамхандыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч тал анх маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг орон сууцны өмчлөгч Н.С гийн өвлөгчөөр тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь Г.М-ийг уг орон сууцны шударга өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Маргаан бүхий үйл баримт нь 2006 онд болсон буюу нэхэмжлэлийн шаардлага гаргахаас 15 жилийн өмнө болсон. Анхан шатны шүүх бичгийн хэлбэрээр тохиролцсон хэлцэл байхгүй боловч гэрч н.Жаргал, н.Энхжаргал нарын мэдүүлгээр маргаан бүхий орон сууцны ашиглалттай холбоотой төлбөр, тооцоог төлж барагдуулаад, өөрийн өмчлөлийн хашаа, байшинг өгөөд орон сууцад орохоор тохиролцсон гэдэг нь тогтоогдож байна гэж үндэслэлтэй дүгнэсэн. Өвлөгч этгээдүүд нь тухайн цаг хугацаандаа хуулийн дагуу өвлөх эд хөрөнгөтэй холбоотой хүсэлтээ холбогдох хууль журмын дагуу зохих байгууллагад гаргаагүй болох нь тогтоогдсон. Н.С гийн зээ хүү Б.Б гийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тэргүүн ээлжийн өвлөгч нар байгаа тохиолдолд, 2 дугаар ээлжийн өвлөгч гэх ойлголт гарахгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

6.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянав.

 

7.Нэхэмжлэгч С.А , Б.Б нар нь хариуцагч Г.М-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 1-48 байр, 34 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204018700 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцнаас Н.С д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, ногдох хэсэгт 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр үндэслэлээ бид талийгаач эцэг Н.С болон Г.М- нар хоорондоо гэрээ байгуулж, орон сууцны гэрчилгээг Н.Мөнхцэцэгийн нэр дээр шилжүүлсэн гэж ойлгож байсан, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны лавлагаа авахад орон сууцны гэрчилгээ талийгч эцэг болон Г.М- нарын нэр дээр бүртгэлтэй байгааг мэдсэн гэж тайлбарласан байна.

 

8.Хариуцагч татгалзлын үндэслэлээ хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх талаар өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байсан гэж тайлбарлажээ. /хх-1-2, 26-30, 97, 142/

 

9.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно гэж заасан. Талууд өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааны талаар маргаж байгаа тохиолдолд шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх талаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах ёстой. Анхан шатны шүүх тухайн маргаанд хамаарах дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа заасан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийг хэрэглэж, нэхэмжлэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

10.Түүнчлэн, нэхэмжлэгч тал 2021 оны 6 сард орон сууцны гэрчилгээ Н.С гийн нэр дээр байгааг мэдсэн гэх үйл баримтын талаар Н.Бадамхандаас гэрчийн мэдүүлэг авахуулах, хариуцагч тал маргааны зүйл болох орон сууцны зах зээлийн үнэ цэнийг шинжээч томилж тогтоолгох хүсэлтийг тус тус гаргасан байна. /хх-125-127, 133/ Анхан шатны шүүх хүсэлтийн үндэслэл тодорхой бус гэх үндэслэл заан дээрх хүсэлтүүдийг хангахгүй орхисон нь /хх-130, 135/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэнтэй нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх хүсэлтийн талаар зохигчдоос тодруулж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулаагүй нь дээрх хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй тул гэрчээс мэдүүлэг аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

11.Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дах хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

12.Иймээс маргааны үйл баримт болон материаллаг эрх зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс өгөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/00615 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 790,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Ч.ЦЭНД