Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00923

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00989 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.И - ХХК-д холбогдох,

Орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б-э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б -, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие Б 2016 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Дархан-Уул аймгийн 11 дүгээр баг, 9 давхрын 62 тоот 62,7 м.кв 2 өрөө байрыг 62,700,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж, 20 м.кв авто зогсоолыг гэрээний дагуу бариулж байр, зогсоолоо хүлээж авсан. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байрандаа орсон. Байрны мөнгө бүрэн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор буцаан олгосон. Байранд орсныхоо дараа Ласти интернэйшнл ХХК 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 10 дугаар байрны 63 айлын зориулалтын дагуу ашиглах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосны дагуу ашиглах мэдэгдлийг хүлээж аваад үл хөдлөх хөрөнгийн газар хандсан. Үл хөдлөх хөрөнгийн газар хандахад нийтээрээ нэгдсэн журмаар байраа 100 хувь төлсөн айлуудын улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн. Гэрээний тусгай нөхцлийн 2.1 дэх заалтын дагуу 33 хувь төлөөд албан ёсны өмчлөгч гэж ойлгож байгаа, дараа нь 100 хувь төлсний дараа ямар нэг барьцаанд тавиагүй, давхар худалдаагүй гэж мэдэгдэх байсан үүргээ биелүүлээгүй. Өнөөдрийг хүртэл орон сууц болон автомашины зогсоолыг ашиглаж байгаа учир хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Г.Б-э Л.И - ХХК- нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Орон сууц, авто зогсоолыг бариулах гэрээг нэхэмжлэгч өөрөө зөрчсөн, гэрээний дагуу тухайн худалдан авагч улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан, манай компанийн удирдлагууд давхцалтай гэрээ хийгдсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нотлогддог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар иргэн Н.Б гийн нэр дээр байрыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө гэрээг зөрчиж улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б гийн тайлбарын агуулга: 2016 онд анх байгуулсан гэрээний дагуу 7,800 м.кв талбайнаас 2,667 м.кв орон сууцыг өөрийн нэр дээр барьцаанд авсан. Барьцаалсан үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн. Л.И - ХХК гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулж, Хан-Уул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 1 жил болсон. Энэ хугацаанд Л.И - ХХК-ийн зүгээс Г.Б-э гэх хүн гэрээтэй байна гэж надад мэдэгдээгүй гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар хариуцагч Ласти интернэйшнл ХХК-д холбогдох, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хороолол, 10 а байр, 36 тоот, 62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хороолол, Ласти таун 144 айлын орон сууцны 05 тоот 20 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Б-ийг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709,400 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 569,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн 11-р баг, 9 давхарын 62 тоот 62.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 62,700,000 төгрөгөөр, авто зогсоолын хамт худалдаж авсан. Тухайн байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг хэрэглэх ёстой байсан. Би уг орон сууцыг захиалан бариулсан байхад анхан шатны шүүх намайг орон сууцны өмчлөгч биш гэж дүгнэсэн. Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гол үндэслэл гэрээний зүйл нь үр дүн байна Ажил гүйцэтгэгч нь гэрээний үүргээ гүйцэтгэсэн бол түүнийгээ захиалагчийн өмчлөлд шилжүүлэх ёстой. Уг орон сууцыг барьж дуусгаад миний өмчлөлд шилжүүлэх ёстой байтал надад мэдэгдэлгүй бусдын өмчлөлд шилжүүлсэн нь хууль бус юм. Иргэний хуулийн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд зааснаар би өмчлөх эрхтэй этгээд байтал хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд хуулийн дагуу өмчлөх эрхтэй этгээд болохыг тогтоож өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

7.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Д.Б гийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгө түүнийг өмчлөх эрхтэй холбоотой улсын бүртгэлийг хөтлөх харилцаатай холбоотой холбогдох журамд заасны дагуу шинээр баригдаж байгаа орон сууцны захиалагч нарын хувьд урьдчилан захиалагч нарын нэрсийн жагсаалтыг бүртгэлийн байгууллагад хүргүүлэх ёстой. Энэхүү жагсаалтад Г.Б-ийн нэр орсон байсан гэж хэрэгт авагдсан баримтад нийцээгүй тайлбарыг хэлж байна. Харин бүртгэл хийгдсэнээс хойш 2020 онд Дархан-Уул аймгийн Засаг даргад хандаж бүртгэлийн байгууллагад шилжүүлсэн дотор Г.Б-ийн нэр байдаг. Энэ үед өмчлөх эрх Д.Б гийн өмчлөлд шилжсэн байсан. Д.Б болон Л.И - ХХК нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн хэрэгжилт биелэгдээгүй учраас шүүхийн журмаар шийдвэрлүүлсэн. Эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн хүрээнд өмчлөх эрх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Д.Б гийн өмчлөлд шилжсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримт буюу бүртгэлийн баримтаар нотлогдоно. Бусдын хууль ёсны өмчлөлд бүртгэлтэй байгаа хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага нь хуульд нийцэхгүй. Учир нь бүртгэлээр хийгддэг эрхийн баталгаажилттай холбоотой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болсон гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч эрх зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах замаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ласти интернэйшнл ХХК-д холбогдуулан орон сууцны болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч өөрөө гэрээ зөрчиж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж тайлбарлан маргажээ.

3.Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 020 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ нэртэй гэрээний дагуу Ласти интернэйшнл ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр багт баригдаж буй Ласти таун хотхоны 9 давхар орон сууцны А блок, 1 дүгээр орцны 36 тоот дахь 62.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б.Б-ийн эзэмшилд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн, Б.Б-ийн хувьд орон сууцны үнэ болох 62,700,000 төгрөг төлөх үүргээ 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүрэн гүйцэтгэсэн үйл баримтыг хэргийн нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-187-191, 227-228/ Харин талуудын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчийн барьж буй орон сууцны зориулалттай барилгаас 62.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон байна.

4.Дээрх гэрээ хүчин төгөлдөр учир талуудын хэн аль нь гэрээний үүргээ гүйцэтгэхийг нөгөө талаасаа шаардах эрхтэй.

Хариуцагч компани нь гэрээний 2.3-т заасан орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг баталгаажуулахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгөх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогджээ.

Гэвч маргааны зүйл болох орон сууц нь гуравдагч этгээд Д.Б гийн өмчлөлд бүртгэгдсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ бүрэн гүйцэтгэхийг шаардах боломжгүй болжээ.

Тодруулбал, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээгээр Д.Б нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэртЛ.И ХХК-ийн барих гэж буй 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулах,Л.И ХХК-ийн хувьд оруулсан хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон ашгийг буцаан өгөх нөхцлийг тус тус харилцан тохиролцсон байх ба гэрээнд 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хх-81-95/ Улмаар 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16/001/01 дугаартай барьцааны гэрээ байгуулж, дээрх орон сууцны зориулалттай барилгаас 2,667.22 м.кв талбай буюу 46 айлын орон сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-94-95/ Талууд гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг эвлэрлүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэж, Ласти интернэйшнл ХХК нь 2,500,000,000 төгрөг Д.Б д өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсаныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаартай захирамжаар баталгаажуулжээ. /хх-97, 98-99/

Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны дугаар бүхий 1423.42 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Д.Б гийн өмчлөлд бүртгэсэн байна. /хх-100/ Энэ бүртгэлд маргааны зүйл болох 36 тоот орон сууц багтжээ. Уг бүртгэл үнэн, зөв болохыг тогтоосон захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байна. /хх 210-213, 214-223/ Дээрх үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад нэхэмжлэгч Б.Б нь өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн заасантай нийцэхгүй юм.

Харин дээрх 36 тоот 62.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэд шилжүүлсэн төлбөр, учирсан хохирлоо хариуцагч Ласти интернэйшнл ХХК-аас нэхэмжлэгч Б.Б шаардахад энэ магадлал саад болохгүй.

5.Авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 144 айлын орон сууцны 05 тоотод байрлах 20 м.кв талбай бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хариуцагч тайлбар ирүүлээгүй байна.

6.Хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, талуудын тайлбар зэрэг баримтуудаар худалдагч Ласти интернэйшнл ХХК нь 20 м.кв автозогсоолыг худалдагч Б.Б-ийн эзэмшилд шилжүүлсэн, худалдагчийн хувьд гэрээний үнэ 16,000,000 төгрөг төлж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч шаардах эрхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг гэж буруу хэрэглэсэн байна. Шийдвэрийн энэ хэсэгт зохигчид гомдол гаргаагүй хэдий ч давж заалдах шатны шүүхээс алдааг залруулан дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцнэ гэж үзлээ.

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Авто зогсоол захиалгаар бариулах гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний 3.5-д зааснаар хариуцагч Ласти интернэйшнл ХХК нь нэхэмжлэгч Б.Б д автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй өгөх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ. Иймд уг үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00989 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 183 дугаар зүйлийн 183.1 гэснийг хасч, 109.1-д зааснаар гэснийг 109.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 144 айлын орон сууцны 05 тоотод байрлах 20 м.кв талбай бүхий автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгөхийг хариуцагч Л.И ХХК-д, хуульд заасан журмын дагуу 05 тоот авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Б-ийг бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт тус тус даалгасугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД