Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0431

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0431

Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Д нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Д, Х.Т, П.С, О.О, нэхэмжлэгч Ц.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгч З.О өмгөөлөгч Б.О, гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Д, гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0232 дугаар шийдвэртэй, Б.Д, Х.Т нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0232 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. г, д, ж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 32 дугаар зүйлийн 32.3.2-т заасныг тус тус баримтлан Ц.А, Б.Д, О.О, Х.Т, П.С, З.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн “Э г” ХХК-д холбогдох 83 м.кв газрыг хүчингүй болгож, орц гарц гаргах асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгажээ.

Гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн захирал Д.Дн давж заалдах гомдолдоо: “ ... Өмнө 2 шатны шүүхээр иргэн П.С, Б.Д карын нэхэмжлэлийг хангах шаардлагагүй гэж шүүх тогтоол гаргасан байсан. Захиргааны хэргийг анхан шатны шүүх 2016.05.13 өдрийнхуралдааны№3163 тоот захирамж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0697 дугаар магадлалаар хавтаст хэрэг дэх нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шийдвэр гаргасаар байтал дараагийн анхан шатны шүүх шал өөр шийдвэр гаргаж байна.

Дараагийн анхан шатны шүүх тэс ондоо шийдвэр гаргаж байгаа нь хуулийг болон нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Тэгтэл мөн дахин анхан шатны шүүхэд шинээр нотлох баримтыг нэхэмжлэх тал юу ч гаргаж өгөөгүй байтал шүүх 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4720 тоот захирамжаар өдөр шөнө мэт ондоо шийдвэр гаргаж болохгүй биздээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчиж захиргааны хэргийг үүсгэсэн.

Иргэн П.С, Б.Д нарын нэхэмжлэл нь хууль бус ба А4 байрны иргэдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа. Нэхэмжлэгч талын эрх ашиг зөрчигдөж байгаа гэдгийг нотлоогүй байж гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироож байгаад маш их гомдолтой байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэсэн заалтыг зөрчиж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй гэдгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2 “Захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” заалтаас харагдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж заажээ. Гэтэл иргэн П.С Б.Д нар нь нэхэмжлэлдээ орц гарц гаргах тухай бичээгүй зөвхөн Нийслэлийн Засаг даргын 22 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай байсан. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0232 дугаар шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, зарим хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан, А4 байрны оршин суугчдад зориулсан орц гарц гэж бичсэн нь илт хууль зөрчсөн болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслээгүй. Нэхэмжлэгч нар Цэцэг төвийн хууль ёсны газар эзэмших гэрээнээс болж ямар ч хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөөгүй бөгөөд хэрэв хөндөгдсөн бол энэ тухай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасныг зөрчсөн байна. Тухайн 83м2 газар нь Цэцэг төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал үүрэгтэй газар. Учир нь энэхүү газарт тус худалдааны төвийн өдөр шөнийн харуулын байр, дүүргийн ТҮК-с ачилт хийхэд зориулсан хог төвлөрүүлэх цэг болон Онцгой байдлын газрын шаардлагын дагуу барилгын галын шат, инженерийн шугам сүлжээ бүхий эд зүйлс байрлаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байсан. Нэхэмжлэгч тал нь тус маргааны хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нийт хоёр удаа солиод байна. Хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай цугласан байдаг ба үүгээр хэний зөв хэний буруу гэдэг нь тодроод ирэх цагт нэхэмжлэлийн шаардлагын дахин өөрчилсөн. Энэ нь А4 байрны иргэдийн эрх ашиг хохироод байгаа гэдэг боловч яаж хохирч байгаагаа өөрсдөө тайлбарлаж чаддаггүй. Шүүхийн тогтоолыг уншсан болон бичгээр гарсан шийдвэр нь агуулгын хувьд өөр байсан. Шүүгч шүүхийн танхимд шийдвэр уншихдаа “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 тоот захирамжийн “Э г” ХХК-д нэмж эзэмшүүлсэн газрын холбогдох 83м2 газрыг хүчингүй болгосугай” гэж уншсан бөгөөд 128/ШШ2018/0232 дугаар бүхий шийдвэр дээр бичсэн шиг орц гарц гаргах талаар нэг ч үг дурдагдаагүй бөгөөд Орц гарц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй байсан. Энэ нь илт хууль зөрчсөн акт гаргаж байна. Мөн тус газарт авто замын болон явган орц гарц гаргана гэж байгаа нь хэрэгжих боломжгүй. Энэ талаар хэргийн материалд авагдсан холбогдох байгууллагуудын дүгнэлт, нотлох баримтуудаас харагдана

Гуравдагч этгээд болох “Э г” ХХК нь ямар ч хууль зөрчөөгүй байхад эрх ашиг хохирч байна. “Э г” ХХК нь Газрын тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтууд, хуулийн дагуу өөрт оноогдсон эрх үүрэг хариуцлагыг сахин биелүүлэн хуулийн дагуу газраа эзэмшсэн билээ. Нэхэмжлэгч тал буюу А4 байрны нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, эрх ашиг нь зөрчигдөж байгаа нь нотлогдоогүй байхад манай эзэмшил газраас 83м2 талбайг чөлөөлж өгөх нь хуулийн үндэслэлгүй юм. Үүгээрээ манай компаний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Тус газарт Цэцэг төвийн аж ахуй, засвар үйлчилгээ хийх хаалгууд байдаг ба цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрч томоохон хэмжээний хохирол учруулахаар байна.

Энэхүү хэрэг нь гурван шатны шүүхээр дамжсан бөгөөд 2016 оны 05 сард үүссэн ба анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхдаа маш олон тооны нотлох баримт, тайлбарууд, фото зургаар гаргасан нотлох баримт, холбогдох байгууллагуудаас ирсэн тодотгол тодорхойлолтууд, зай хэмжээтэй холбоотой шинжээчийн дүгнэлт зэрэг нь хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Тухайлбал: Авто замын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Нийслэлийн газрын алба, Улаанбаатар дулааны сүлжээ, Ус сувгийн удирдах газар зэрэг төрийн байгууллагуудаас нотлох баримтууд цугласан болно.

П.С нарын нэхэмжлэлтэй гурван шатны шүүхээр дамжаад дахин анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа энэхүү хэргийг шүүх үнэн шударгаар шүүж эцэслэн шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо: “ ... Даргалагч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3,106.3.12-т заасныг удирдлага болгон “нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн “Э г” ХХК-д нэмж эзэмшүүлсэн газрын холбогдох 83 м.кв хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж байна” гэж уншсан бөгөөд “Орц гарц гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй байсан. Гэвч бичгээр шүүхийн шийдвэрийг гаргахдаа “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэсэн мэтээр бичиж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 дэх заалтыг нэмж бичсэн байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдааны дараа бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагын “орц гарц гаргуулах” хэсгийг шийдвэрлэсэнгүй гэдэг асуудлыг өөр хоорондоо, шүүгчийн туслахтай хэлэлцэж байсан. Шүүх хуралдаан дээр яаж уншигдсан, шийдвэрлэгдсэн тэр агуулга, хүрээнийхээ дагуу шүүхийн шийдвэр бичгээр гарах ёстой гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0232 дугаар шийдвэр хууль ёсны бөгөод үндэслэл бүхий болоогүй гэдэг нь тогтоогдож байх тул гомдлын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхболд давж заалдах гомдолдоо: “ ... Орц гарц хааж, “Э г” ХХК-д газар эзэмших эрх олгосон гэх үндэслэлийн тухайд, Маргаан бүхий газраар 1980 оноос хойших баримтын хүрээнд хэзээ ч орц гарц байгаагүй гэдэг нь тогтоогдсон. Мөн хууль болон холбогдох стандартын дагуу энэхүү газраар орц, гарц гаргах боломжгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд удаа дараа тодорхойлж, шүүхэд болон хэргийн оролцогчдод албан бичгээр хариу өгсөн байдаг. А-4 байрны оршин суугчид хойд талаараа орц, гарцтай болно. Гэтэл анхан шатны шүүх энэхүү газрыг орц, гарц байсан, байх ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Нийтийн эдэлбэр газар, зам талбай байсан газрыг “Э г” ХХК-д эзэмшүүлсэн гэх үндэслэлийн тухайд, Энэхүү газар нь нийтийн эдэлбэр газар биш гэдгийг холбогдох байгууллагууд тодорхойлсон бөгөөд хэзээ ч нийтийн эдэлбэр газар байгаагүй гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцалтай газрыг эзэмшүүлсэн гэх үндэслэлийн тухайд, Инженерийн шугам сүлжээ бүхий газар газар эзэмших эрх олгохыг хязгаарласан хуулийн хориглосон зохицуулалт байдаггүй. Харин ч эсрэгээрээ шүүх энэ газар дээр орц, гарц байх ёстой гэж шийдсэнээрээ инженерийн шугам сүлжээ бүхий газар дээгүүр хатуу хучилттай зам тавигдах, улмаар автомашин, хүнд даацын механизм явах боломжийг нээж, инженерийн шугам сүлжээг гэмтээх, олон иргэн, байгууллагын эрх ашгийг зөрчих үндсийг тавьлаа. Шүүхээс хийсэн газрын үзлэгээр цэвэр бохир ус, дулааны хоолой нь ердөө 20 хүрэхгүй см-ийн гүнд байгааг харж болно.

Генератор байрлуулсан нь дуу чимээ ихтэй, амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэх үндэслэлийн тухайд, Энэхүү генератор нь “Макс центр” ХХК тодруулбал Бургер кинг рестораны цахилгаан тасарсан үед ажилладаг төхөөрөмж бөгөөд 79,4 цаг л ажилласан болох нь баримтаар, үзлэгээр тогтоогдсон. Бидний зүгээс энэхүү генераторыг зайлуулах боломжтой гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлж байсан. Генератор нь хэзээ ч зөөж, тээвэрлэх боломжтой төхөөрөмж10 бөгөөд энэхүү төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой газрын эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд бүгд үгүйсгэгддэг бөгөөд нэхэмжлэгч 6 иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий акт буюу “Э г” ХХК-ийн эзэмшил газрын улмаас хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй гэдэг нь илэрхий байна.

Шүүхийн шийдвэрийн “...”Э г” ХХК-д үндэслэлгүйгээр 117 м.кв газар нэмж эзэмшүүлсэн байна” гэх дүгнэлт нь дараах байдлаар үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэхуулийн зорилтньхүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцаагзохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасны дагуу шүүх хамгийн түрүүнд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үү, хөндөгдсөн үү гэдгийг шалган тогтоож, хөндөгдсөн бол маргаан бүхий актын үндэслэл, хууль зүйн болон формаль шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгөх байдлаар хэргийг шийдвэрлэх зарчимтай. Өөрөөр хэлбэл өөрийнх нь эрх зөрчигдөөгүй, захиргааны акт ямар нэг байдлаар өөрт үр дагавар учруулаагүй байхад аливаа захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай маргах эрхийг хуулиар олгоогүй. Нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад шүүх ямар нэг байдлаар актын талаар дүгнэж, шийдвэр гаргах шаардлагагүй байсан.

Нэхэмжлэгч “Э г” ХХК /хуучин нэр “Кактус” ХХК/ нь нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар 0.08 га газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд зургаас харахад А-4 байр болон Цэцэг төвийн хоорондын маргаан бүхий газар нь хамаарч байна. Улмаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 352 дугаар захирамжаар” газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа газрын хэмжээг 766 м.кв хэмээн буруу тодорхойлж, улмаар “Э г” ХХК-аас удаа дараа хүсэлт гаргасны дагуу маргаан бүхий 2009 оны 22 дугаар захирамжаар 883 м.кв болгон зөвтгөснийг шүүх “шинээр, нэмж газар эзэмшүүллээ” гэж дүгнэсэн нь буруу юм. Эдгээр захирамжуудтай хамааралтай кадастрын зургуудаар А-4 байр болон Цэцэг төвийн барилгын хоорондын газар “Э г” ХХК-ийн эзэмших хэсэгт хамаарч байгаа нь бүрэн тодорхойлогдоно.

Маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулж байсан “Н м” ХЭАА-ын 1996 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1063 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газар, үл хөдлөх хөрөнгө буюу гутал засварыг 2008 онд худалдаж авч байсан17. Өөрөөр хэлбэл хууль ёсоор, 1996 оноос хойш ашиглаж байсан газрыг бид худалдаж аваад, зохих журмын дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа бидний тухайн газрын эрхийг үгүйсгэж, орц гарц гаргах асуудлыг шийдвэрлэ хэмээн нийслэлийн Засаг даргад даалгасан байгаа нь үндэслэлгүй болно. Ийнхүү худалдаж авсан гэдгийг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрдөг бөгөөд, шийдвэртээ энэ тухай дурдсан байна.

Газрын кадастрын мэдээллийн санд маргаан бүхий газар нь хэний ч эзэмшил, ашиглалтад байгаагүй мэтээр дүрслэгдсэн нь анх кадастрын мэдээллийн сан бий болгохдоо сансраас, нисдэг тэрэгнээс зураг авч, түүнийхээ дагуу мэдээллийн санд оруулдаг байсантай холбоотой. Тийм ч учир “Т” ХХК, “Э г” ХХК-ийн кадастрын зургийг цэцэг төвийн суурийн хэмжээгээр оруулсан байдаг18. Тиймээс бидний зүгээс кадастрын зургийн алдаа гэж үүнийг үздэг,

Шүүхийн шийдвэрийг нэг мөр хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх боломжгүй, ойлгомжгүй, хэргийн бүх оролцогчийн хувьд эргэлзээ бий болгосон. Шүүх 83 м.кв газрыг хасаж, 800 м.кв хэмжээгээр “Э г” ХХК-ийн газар эзэмших эрхийг үлдээхдээ яг аль хэсгийг хасах талаар, тухайлбал хасагдаж буйгазрын эргэлтийн цэг, хязгаарыг тодорхойлж өгөөгүй. Ийнхүү шийдвэрлэхдээ “Э г” ХХК үндэслэлгүйгээр 83 м.кв газрыг нэмж эзэмшжээ гэж дүгнэсэн бөгөөд Цэцэг төвийн баруун, урд, зүүн талд энэхүү хэмжээ нь нэмэгдсэн эсэхийг тогтоолгүй шийдвэрлэсэн. Цэцэг төвийн хойд талд газрын хэмжээ нэмэгдсэн гэж шууд үзэх үндэслэл, баримт байдаггүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэдэг нь тогтоогдож байна. Иймд гомдлын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А давж заалдах гомдолдоо: “ ... Нэхэмжлэгч иргэд болох Б.Д, О.О, Х.Т, П.С, Ц.А нарын иргэд нэхэмжпэлийн шаардлагаа нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн “Э г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилж иргэн З.Ойдовын тухайд анхны шаардлага хэвээр буюу нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжийн “Э г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орц гарц чөлөөлөх ажиллагаа хийхийг Засаг даргад даалгах шаардлагатай байсан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрээ танилцуулахдаа иргэн З.О нэхэмжлэлийн шаардлагын орц гарц чөлөөлөх ажиллагаа хийхийг даалгах шаардлагыг шийдвэрлэсэн шийдвэрийг танилцуулаагүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 хэмээн шийдвэрээ танилцуулж сонсгосон атлаа шүүхийн шийдвэртээ тусган бичсэн байгаа нь тус хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дах хэсэг зөрчигдөхөд хүрч байна.

Анх маргаан зөвхөн генератор байрлуулсанаас үүдэлтэй бөгөөд шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн зүгээс уг генераторыг газраас зайлуулах боломжтой талаар илэрхийлсэн, уг газар нь хашаатай байсан талаар хавтаст хэрэгт нотлох баримтууд байгаа, тухайн газарт орц гарц гаргах боломжгүй талаар дүгнэсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт байсаар байхад зөвхөн авто зам гаргах боломжгүй харин орц гарц гаргах боломжтой хэмээн нотлох баримтыг дутуу үнэлж шийдсэн байна.

2001 оноос Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “Кадастрын зураглал ба газрын кадастр” төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2005-2006 онд уг төслийн хүрээнд тоон кадастрын мэдээллийн санг үүсгэсэн байдаг. Ийнхүү кадастрын мэдээллийн санг үүсгэхдээ нийслэлийн Засаг даргын 2001 оны 564 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газрын талбайн хэмжээнээс зөрүүлэн бүртгэсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан К ХХК-ийн баталгаат хэмжээг тогтоосон акт буюу гар зураг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/550 дугаар бүхий албан бичигт Улаанбаатар хотын 2005-2007 оны агаарын зурагт Цэцэг төвийн барилга болон А4 орон сууцны хооронд газрыг хашаалсан байна  гэх албан бичгүүдээр  нотлогдож байхад анхан  шатны  шүүх нийслэлийн Засаг даргыг үндэслэлгүйгээр газар нэмж олгосон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд болон хариуцагчийн давж заалдах гомдлоор хүчингүй болгож, өөрчлөх үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар “К” ХХК-д 776 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх үед нэхэмжлэгч иргэдийн оршин суудаг А4 байрны урд талд тулгаж эзэмшүүлсэн, “К” ХХК нь “Э г” болж нэрээ өөрчилсний дараа 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр газрыг бодитой хэмжээгээр эзэмших хүсэлт гаргасны дагуу 2009 оны 22 дугаар захирамжаар газрын кадастрын зурагт тусгагдсан бодит хэмжээ болох 883 м.кв-аар эзэмшүүлжээ. Энэ нь анх олгогдсон газрын хэмжээг нэмэгдүүлж, нэхэмжлэгч нарын байшинд тулган эзэмшүүлээгүй, анхнаасаа байршил нь нэхэмжлэгч нарын орон сууцанд тулгаж эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан газрын баталгаат хэмжээ тогтоосон актаар үйлдсэн зураглал, кадастрын зураг, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй байна.

Гэвч хариуцагч дээрх захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч нарын амьдардаг А4 дүгээр нийтийн зориулалттай орон сууцны байшин нь урд талдаа цонхтой байдлыг харгалзан үзэж, урьд нь уг байрны урд хананаас залгуулан худалдаа, үйлчилгээний зориулалтаар “К” ХХК-д эзэмшүүлсэн алдаатай захирамжаа засалгүй, мөн тухайн байдлаар нь бодитой хэмжээг тогтоож эзэмшүүлсэн байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч иргэдийн буюу урд талдаа цонхтой байрны өмчлөгч нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй юм.

Учир нь “худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн газартаа мөн зориулалтаар барилга байгууламж барихыг үгүйсгэхгүй бөгөөд хэрэв барилга байгууламж барих ашиг сонирхол байхгүй бол анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 83 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтийн эзэмшилд үлдээсний улмаас гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алины ашиг сонирхлыг харгалзан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжийн “Э г” ХХК-д эзэмшүүлсэн 883 м.кв газрын 83 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтийн эзэмшилд үлдээхээр шийдвэрлэснийг буруу гэж үзэх боломжгүй байна.  

Харин нэхэмжлэгч  нар нь дээрх захирамжийн улмаас орц, гарц хаагдсан гэх боловч авто зам байхаар төлөвлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн фото зургууд, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, орон зайн зураг, шинжээчийн зураг, Бага тойруугийн хуучин барилгыг буулгах оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн төлөвлөлт, “К” ХХК-ийн болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Авто замын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тайлбар, албан бичгүүдээр тогтоогджээ.

Мөн “гуравдагч этгээдийн барилгын хойд талд цахилгаан генератор байрлуулсан нь дуу чимээ ихтэй, оршин суугдын эрүүл, тайван орчинд амьдрах эрхийг зөрчиж байна” гэж нэхэжлэгч нар тайлбарлах боловч энэ асуудал нь газар эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны акттай холбоогүй, ердийн харьяаллын шүүхээр шийдвэрлүүлэх асуудал болох талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсээр байхад гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “хэзээ ч зөөж, тээвэрлэх боломжтой төхөөрөмж бөгөөд энэхүү төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой газрын эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх гомдол ойлгомжгүй байх тул шүүх хүлээн авах боломжгүй байна.

Гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн “...нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн ...” гэх гомдлын үндэслэлийн тухайд 2008 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А4 байрны СӨХ-ны удирдлага, иргэд уулзахад зөвхөн байрны оршин суугчдын хогны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар СӨХ болон зарим оршин суугчдын хооронд уулзалт болсон нь уг уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.  

Өөрөөр хэлбэл тухайн уулзалтын протоколоор А4 орон сууцны оршин суугчид болох нэхэмжлэгч нар “Э г” ХХК-д тухайн орон сууцны урд талын цонхтой хэсгээр тулгаж газар эзэмшүүлсэн болохыг мэдсэн гэж үзэхээргүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэлгүй юм.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо “...даргалагч шүүгч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг нэмж бичсэн ... “орц гарц гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй...” гэжээ.

Шүүх бичгээр гаргасан шүүхийн шийдвэрт уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэрийн үндэслэлд “... орц, гарц шууд гаргахыг даалгаагүй, харин орц гарц гаргах эрх нь Засаг даргад хамаарах асуудал учраас нэгэнт маргаан бүхий актын 83 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тухайн газрыг нийтийн эзэмшилд үлдсэний дараа түүнийг орц гарц болгох боломжтой эсэхийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн захирал Д.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Б.М болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн захирал Д.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Б.М нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР       

                        ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ