Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00942

 

 

 

 

 

 

 

 

 

Т.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/00587 дугаартай шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төрийн банк ХХК,

Хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох,

 

Гэм хорын хохиролд 35,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцэгсүрэн, түүний өмгөөлөгч И.Хонгор, хариуцагч Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Т.О- нь эцэг Ц.Төмөрбаатартай хамтран 48,120,840 төгрөгийг 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар хадгалуулахаар 1131014889 дугаартай хадгаламжийн данс бүхий Платинум мөнгөн хадгаламжийн гэрээ-г Монгол шуудан банктай байгуулсан. 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар тухайн дансанд 68,510,905 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Мөн сарын 25-ны өдөр 34,309,205 төгрөгийн зарлага гарч, 34,201,700 төгрөг үлдсэн. Дараа нь 25,000,000 төгрөгийг авч, 9,465,265 төгрөг үлдсэн, мөнгөө авах гэсэн боловч, банкны удирдлагаас тус банкны тооцооны 1 дүгээр төвийн эрхлэгч О.Чулуунчимэг гэмт хэрэгт холбогдсон тул өгөх боломжгүй, энэ хэргийг шийдвэрлэсний дараа өгөх боломжтой гэх байдлаар тайлбарласан. Тухайн үед Монгол шуудан банкны 1 дүгээр тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан О.Чулуунчимэг нь бидний зөвшөөрөлгүйгээр хадгаламжийн данснаас олон удаагийн шилжүүлэг, зарлагын гүйлгээ хийж байсныг мэдээгүй. Хадгаламж эзэмшигч нь хадгалуулсан мөнгөө гэрээний дагуу Монгол шуудан банкнаас гаргуулж авах эрхтэй. Талийгаач эцэг Ц.Төмөрбаатар өв хөрөнгөөс хууль ёсны өв залгамжлагч болох эхнэр Ч.Цэцэгсүрэн, хүү Т.Оюунбаяр нар нь татгалзаж Т.О- нь өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах эрхтэй болсон. Дээрх 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хадгаламжийн данс дахь 9,465,265 төгрөгийг 11 жил 04 сарыг 2.1 хувийн хүүгээр тооцож үзэхэд 2019 оны 05 дугаар сарын байдлаар 35,300,000 төгрөг болж байна.

Монгол шуудан банкыг Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу өөрчлөн байгуулж Монгол банкны Ерөнхийлөгчийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №252, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар Монгол шуудан банкны актив, пассив хөрөнгө, тэдгээртэй холбоотой ажил үйлчилгээг Хадгаламж банкинд шилжүүлсэн.

Монгол шуудан банк ХХК-ийн банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, хүчингүйд тооцож, Хадгаламж банк ХХК-нд Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаатайгаар авсан байдаг. Харин Банкны тухай хуулийн 48.2., 55 дугаар зүйл болох холбогдох хэм хэмжээг үндэслэн "Хадгаламж банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилон, эрх хулээн авагчаас санал болгосны дагуу тус банкны тодорхой актив, пассив херөнгийг салбар, нэгжийн хамт Төрийн банк ХХК-д шилжүүлсэн. Иймд "Монгол шуудан банк" ХХК-ийн буюу түүний эрх хүлээн авсан Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хулээн авагч болон Төрийн банк ХХК ХХК-аас 35,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

.

2.Хариуцагч Төрийн банк ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/157 тоот "Албадан татан буулгах тухай" тушаалаар Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаж, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 тоот тушаалаар банкны эрх хулээн авах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэж, эрх хүлээн авагчийг томилсон байдаг. Төрийн банк ХХК нь эрх хүлээн авагчтай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 002/2013БЭХА/154 "Актив, хөрөнгө шилжүүлэх гэрээ", 007/2013БЭХА/164 тоот "Шаардах эрх шилжүүлэх гэрээ"-ээр Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг шилжүүлэн авсан. Иймд Төрийн банк ХХК нь Ц.Төмөрбаатар болон Т.О- нартай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний эрх, үүргийг Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн аваагүй тул хадгаламжийн гэрээний үүргийг хариуцах этгээд биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 9,508,831 төгрөг байсан гэх Монголшуудан банкны 1131036123 тоот дансны эзэмшигч нь Т.О- биш бөгөөд тухайн дансны хадгаламжийн гэрээ, дэвтэр зэрэг баримт байдаггүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийг үндэслэн нэхэмжилж байгаа нь өөрт өвлөгдөөгүй буюу шилжиж ирээгүй эрхийг хэрэгжүүлж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас хариу тайлбарын агуулга:

Манай зүгээс нэхэмжлэлтэй холбоотойгоор, Ц.Төмөрбаатарын нэр дээрх зээлийн болон хадгаламжийн дансанд, дансны бүртгэлээс шүүлт хийж үзэхэд Ц.Төмөрбаатарын эзэмшлийн хадгаламжийн данс шилжиж ирээгүй, мөн Т.О- нарын 1131014869 тоот хадгаламжийн дансны үлдэгдэл болох 9,508,831 төгрөг Монгол шуудан банк ХХК-иас Хадгаламж банк ХХК-д шилжин ирээгүй, харин 10000027305 дугаар дансанд бүртгэлтэй 24,692,869 төгрөгийн үлдэгдэлтэй зээл шилжиж ирсэн байдаг.

Ц.Төмөрбаатарын нэр дээр 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1131014869 тоот данс нээсэн байдаг. Энэ хадгаламжаас тодорхой хэсгийг удаа дараа авч, 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 34,467,265 төгрөгийг бэлнээр авснаар хадгаламжийн дансы үлдэгдэл 0 төгрөг болсон байдаг. Үүний дараа 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1131036123 тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 9,508,831 төгрөгийг түр данс болох 1100000102 тоот данс руу Ц.Төмөрбаатар, хадгаламж хааж шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, мөн өдөр Ц.Төмөрбаатарын нэр дээр бүртгэлтэй гэх 1100649919 тоот данс руу хадгаламж барьцаалсан зээл төлүүлэв гэсэн утгатайгаар зарлага гаргаснаар хадгаламжийн дансыг тэглэсэн байдаг.

Хадгаламж банкны хувь нийлүүлэгчдийн хурал, Монгол шуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10-05/07 дугаартай тогтоол болон 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө тэдгээрийн шаардах эрх шилжүүлэх гэрээгээр, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хадгаламжийн үлдэгдэл 9,465,265 төгрөг шилжиж ирээгүй, өмнө нь зээлийн төлбөрт суутгагдаж тооцогдсон байсан. Эдгээрээс үзэхэд, Монгол шуудан банк ХХК нь Хадгаламж банк ХХК-д зарим актив, пассив хөрөнгөө шилжүүлээгүй байх үеийн 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн төлөлт байх бөгөөд Хадгаламж банк ХХК-д шилжиж ирээгүй актив, пассив хөрөнгөтэй холбоотой аливаа эрх үүргийг Хадгаламж банкны эрх хүлээн авагч хариуцах эрх зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байхаар зохицуулсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол тэр тухай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 498 дугаар зүйлийн 498.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 9,465,265 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О-т олгож, нэхэмжлэлээс 25,834,735 төгрөг гаргуулах тухай шаардлагыг болон Төрийн банк ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 166,394 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О-т олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5а. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Хадгаламж эзэмшигч Ц.Төмөрбаатар, Т.О- нарын 1131014869 тоот дансны үлдэгдэл болох 9,467,265 төгрөгийг Монгол шуудан банк ХХК-иас Хадгаламж банк ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол шуудан банк ХХК болон Хадгаламж банк ХХК-ийг нэгдсэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5б. О.Чулуунчимэгийг Хадгаламж банк ХХК-д шилжиж ажилласан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад түүнийг Хадгаламж банк ХХК-д ажиллаж байсан мэтээр дүгнэсэн нь хэргийн үйл баримтыг буруу тогтоосон. Мөн Ц.Төмөрбаатарын хадгаламжийн үлдэгдэл 9,465,265 төгрөгөөр О.Чулуунчимэгийн авсан зээлийг төлүүлж, дансыг хаасан тул Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2006 онд Монгол шуудан банк ХХК-д 1 жилийн хугацаагаар мөнгөө хадгалуулсан. 2008 онд 68,510,000 төгрөг байснаас мөн оны 01 дугаар сарын 25-ны өдөр 34,309,000 төгрөг авсан. Монгол шуудан банк ХХК-аас тус банкны хадгаламж эзэмшигч н.Төмөрбаатар, Т.О- нар нь 4869 тоот хадгаламжийн данстай, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 34,201,000 төгрөгийн үлдэгдэлтэй нь үнэн болно гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Тухайн хадгаламжнаас мөнгө авч болохгүй, зөвхөн хадгаламж нээлгэсэн салбараас мөнгө авдаг байсан учраас тухайн данснаас 6123 тоот данс руу 25,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Хадгамламжийн дансанд 9,469,000 төгрөг үлдсэн. Архиваас баримт гаргуулж авсан. 2006 онд хадгалуулсан мөнгөө одоо болтол авч чадахгүй байна. Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч нь н.Чулуунчимэгээс хохирлын мөнгийг авч байгаа, мөн Монгол шуудан банк ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2.Нэхэмжлэгч Т.О- нь хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч, Төрийн банк ХХК-д тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 35,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 182/ЕШ2022/00463 дугаартай захирамжаар Т.О-ийн нэхэмжлэлтэй, Төрийн банк ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 35,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ж.Цэнгэл, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Х.Дашдэчмаа, Б.Цолмон нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна. /3хх 40/

4.Хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 587 дугаартай Т.О-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ж.Цэнгэл, бүрэлдэхүүнд шүүгч Х.Дашдэчмаа, Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүн гэж бичигджээ. /3хх 42/ Шүүхийн 182/ШШ2022/00587 дугаартай шийдвэрт шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ж.Цэнгэл, шүүгч Х.Дашдэчмаа, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй оролцсоноор тусгагдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрт бичигдэн, ёсчлогдсон байна. /3хх 66, 81/

4.а.Энэ тохиолдолд дээрх тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 182/ЕШ2022/00463 дугаартай захирамжаар албажуулсан шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Дашрамд дурдахад анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжид нэг хариуцагчийн нэрийг орхигдуулж бичсэнийг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/00587 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД