| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 106/2019/0141/Э |
| Дугаар | 314 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 23.2.1., 23.3.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 314
С.З, Б.Э, Г.Н
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, шүүгдэгч С.З-н өмгөөлөгч П.Гансүх, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 907 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 257 дугаар магадлалтай, С.З, Б.Э, Г.Н холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Н-н гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, С.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамж мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Г.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Прокуророос шүүгдэгч С.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч С.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийгжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан шүүгдэгч С.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журампан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Г.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж” шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Н гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би бага насны 2 хүүхэдтэйгээ подволд оршин суудаг бөгөөд одоо 7 сартай жирэмсэн. С.З нь дахин гэмт хэрэг хийж, одоо 7 үйлдэл дээр яллагдагчаар татагдсан. Миний хувьд 2 үйлдэлд нь хамт байсан тул яллагдагчаар татагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэснийг үндэслэн дээрх хэргүүдийг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэнэ гэж заасны дагуу шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгч Г.Сүхээ хэлсэн саналдаа “Г.Н-н үйлдсэн хэргүүдийг нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байна” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч С.З-н өмгөөлөгч П.Гансүх хэлсэн саналдаа “Г.Сүхээ өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсээн гэм буруутайд тооцож, хуульд заасан хэмжээнд ял оногдуулсан. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдож, гэм буруугаа хүлээсэн. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч Г.Н аль дүүрэгт, ямар зүйл ангиар яллагдагчаар татагдсан баримт хэрэгт байхгүй учир түүний хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Г.Н-н гаргасан гомдлыг үндэслэн С.З, Б.Э, Г.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч С.З нь иргэн Б.Л-н өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр байрны 70 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10 сая төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана гэж хуурч, Б.Э-н үйлдсэн хуурамч Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, бодит байдлыг нуух замаар “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тойргийн нотариатын гадна 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.Э-с 9,000,000 төгрөг бэлнээр,
иргэн Т.Б-н өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 78а байрны 906 тоот 2 өрөө орон орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10 сая төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана гэжхуурч, Б.Э-н үйлдсэн хуурамч Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, бодит байдлыг нуух замаар “Орон сууцыг хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тойргийн нотариатад гэрээ байгуулан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Л.О-с 8.000.000 төгрөгийг банкны дансаар, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1.700.000 төгрөгийг бэлнээр нийт 9.700.000 төгрөгийг,
Б.Э нь өөрийгөө С.З-н нөхөр, энэ байр нь С.З-н өмчлөлийн байр гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн О.У-н өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон орон сууцыг “өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10 сая төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана” гэж Б.Э-н үйлдсэн хуурамч Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.М-с 15.000.000 төгрөг бэлнээр тус тус шилжүүлэн авсан,
шүүгдэгч С.З, Б.Н нар нь бүлэглэж 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 510 дугаар байрны 38 тоот иргэн Т.Ө-н өмчлөлийн орон сууцыг 1 сарын хугацаагаар түрээслэн авч улмаар Зар.мн цахим зарын сайтад тухайн орон сууцыг түрээслүүлнэ гэж зар байрлуулж Г.У-д 4 сарын хугацаагаар түрээслэхээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.800.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 210.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийгжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан шүүгдэгч С.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журампан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Г.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Түүнчлэн, прокуророос шүүгдэгч С.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Н нь хяналтын шатны шүүхэд “...С.З нь энэ гэмт хэргээс гадна дахин 7 үйлдэлтэйгээр гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан. Миний бие С.З-н дээрх үйлдлүүдийн 2 үйлдэлд нь хамт байсан тул мөн адил яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Тиймээс эрх зүйн байдлыг маань дээрдүүлж, эдгээр гэмт хэргүүдийг нэмж нэгтгэн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгоно уу” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
2015 онд батлагдан 2017 оны 7 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдсөн шинэ Эрүүгийн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохыг шударга ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөл гэж үзсэн хууль тогтоогчийн санаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд тусгагджээ.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна. Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой байдгийг үгүйсгэхгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдохгүй тохиолдолд хууль сахиулагч, прокурор нарын хувьд хязгаарлагдмал бөгөөд хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй ч үйлдсэн бүх гэмт хэргээ хүлээж илчлэх байдлаар бүх хэрэгтээ яллагдагчаар татагдан нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжих байдлаар эрх зүйн байдлаа дээшлүүлэх хууль зүйн боломж гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамааралтай байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял хөнгөрүүлэх, чөлөөлөх болон дээрхийн адил бусад байдлаар эрх зүйн хөнгөлөлт үзүүлэх нь шинэ Эрүүгийн хуульд суурь зарчим болж тусгагдсан билээ.
Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэгжүүлсэнд тооцогдоно. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг гагцхүү хөнгөрүүлэх зорилгоор нэгэнт хүчин төгөлдөр болж биелэгдэж буй шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсвэл өөрчилж хэргүүдийг нэгтгэн дахин хэлэлцэх зохицуулалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй, хуульчлагдаагүй болохыг анхаарах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Н нь давж заалдах шатны шүүх дээр өмнөх зарим үйлдлээ илчилж нэгтгэн шалгуулах, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүхийн шатанд тэдгээрийг шалгаж тогтоох, хэрэгт нэгтгэх процессын эрх хэмжээ шүүхэд олгогдоогүйгээс гадна энэ талаарх шүүгдэгчийн мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар батлагдаагүй тохиолдолд худал мэдүүлэг өгсөнтэй нь холбогдуулан эрүүгийн хариуцлагад татах боломжгүй шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар үнэлэн хэргийг нэгтгүүлэхээр прокурорт буцаах үндэслэл гэж хүлээж авах бас боломжгүй юм. Энэ нөхцөл байдлын улмаас давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хүсэлтийг нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэсэн, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Н-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 907 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 257 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН