Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00857

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00857

 

 

 

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/01000 дугаар шийдвэртэй,

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 788,808,444 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Г.Б-ийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

хариуцагч болон гуравдагч этгээд Б.Б-, Б.У- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүн, гуравдагч этгээд Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтанзул, гуравдагч этгээд Б.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж, гуравдагч этгээд Б.А-, Б.Ц- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хажидмаа, түүний өмгөөлөгч Х.Ариунаа, гуравдагч этгээд Б.У-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Т ХХК нь манай байгууллагаас 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ЗГ08292018 тоот зээлийн гэрээ болон БГ08292018 тоот барьцааны гэрээ, 11-1258022 тоот барьцаалбар байгуулан 500,000,000 төгрөгийг 2,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Т ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, Б.Доржийн гудамж 65/5 тоот хаягт байрлах 4053,28 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Мөн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дээрх барьцааг дахин барьцаалан ЗГ05092018 тоот зээлийн гэрээ, БГ05092019 тоот барьцааны гэрээ, 11-1427047 тоот барьцаалбар байгуулан 100,000,000 төгрөгийг 2,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсний хөлс 13,000 төгрөг, 2 зээлийн гэрээний үүрэгт 788,808,444 төгрөг, нийт 788,821,444 төгрөгийг Т ХХК- аас гаргуулж өгнө үү.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Т ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан.

Зээл авснаас хойш 500,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд нийт 362,912,667 төгрөгийг, 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нийт 2 удаагийн төлөлтөөр 25,848,987 төгрөгийг тус тус төлсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 350,150,815 төгрөгийг, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 125,186,729 төгрөгийг, нийт 475,337,544 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Зээл авах үед дуусаагүй барилгын үнэлгээг 2,000,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж байсан. Барилгыг улсын комисс хүлээн авч 100 хувийн ашиглалтад орсноор үнэлгээ нь 3 дахин өсдөг. Тухайн барилгад нийт 49 айл оршин сууж, үйлчилгээний талбайд 3-4 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тохиолдолд тухайн иргэдийн эрх ашиг шууд хөндөгдөхөд хүрээд байна. Иймд хэргийн бодит нөхцөл байдал болон барьцаа хөрөнгийн үнэ өссөн, олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж, хохирол учирч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд Г.Б-ийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга: Миний бие хариуцагч Т ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 01 дугаар бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Улмаар тус гэрээгээр Т ХХК нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Тулга хотхон 65/5 байрны 2 дугаар орцны 4 давхарт *** тоот 51.77 м.кв, 2 өрөө орон сууцыг барьж миний өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. Миний бие гэрээний дагуу орон сууцын захиалгын төлбөрт 49,181,500 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд гэрээнд заасан хуваарийн дагуу буюу гэрээг байгуулахдаа 42,000,000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөр 7,181,500 төгрөгийг төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд намайг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

4. Бие даасан шаардлагад нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Барьцааны гэрээ байгуулах үед орон сууцыг урьдчилгаа өгч гэрээ байгуулсан, бартераар өгч байгаа эсэхийг хариуцагчаас асууж тодруулахад бартераар өгөх санаа байгаа одоогоор гэрээ байгуулсан зүйл байхгүй гэж хэлж байсан. Орон сууц 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтад орсон бөгөөд ашиглалтад орсны дараа 3-5 айлын орон сууц худалдахад манайд зээлээ төлөх бүрэн боломжтой байсан. Хариуцагч зээлээ бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах боломжтой болно. Төлбөрөө бүрэн төлсөн айлуудын ордерыг шилжүүлэх боломжтой.

 

5. Бие даасан шаардлагад хариуцагчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Г.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Тулга хотхоны 65/5 дугаар байрны 35 тоот хаягт байрлах 51,77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авч, төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан. Г.Б- нь одоо тус орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд орон сууцны өмчлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрч байна.

 

6. Гуравдагч этгээд Э.Х-, Б.Б-, Б.У-, Б.А-, Б.Ц- нарын татгалзал, тайлбарын агуулга: Гуравдагч этгээд нар нь Т ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан, гэрээний дагуу төлөх төлбөр тооцоо байхгүй. Гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан шударга эзэмшигч юм.

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байгаа болохоор бидний эрх зөрчигдөж орон сууцны гэрчилгээ гарахгүй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хэрэгсэхгүй болгож, бидний өмчлөх эрхийг тогтоож өгнө үү.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-с 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ08292018 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ05092018 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 788,808,444 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь эх, Б.Доржийн гудамж, 65/5 тоот хаягт байрлах, 4,053.28 м.кв талбайтай барилгыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-ийг Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Тулга хотхон, 65/5 байр, 2 дугаар орц, 4 давхар, 35 тоот хаягт байрлах, 51.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 4,330,220 төгрөг, гуравдагч этгээд Г.Б-ийн 403,858 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,734,071.72 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 6.28 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 4,330,220 төгрөг, гуравдагч этгээд Г.Б-т 403,858 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн 2.1.3-т Зээлийн үндсэн хүүгийн хэмжээ 30 хоногт: 2,6% гэж, 2.3-т Зээлийн хүү, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэх зохицуулалт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг гэрээнд тусгасан гэж үзэхээргүй байна.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг шүүх анхаараагүй, нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтэрсэн зээлийн хүүд нэхэмжилж байгаа 244,835,951 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүд 43,580,453 төгрөгийг нэхэмжилж байгаа нь зээлийн гэрээний хугацаанд тооцогдсон хүүгийн үлдэгдэл 8,458,675 төгрөг байгаагаас 5 дахин их, 2019 оны 05 дугаар сарын 09-ний зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүд 12,350,520 төгрөгийг нэхэмжилж байгаа нь зээлийн гэрээний хугацаанд тооцогдсон үндсэн хүүгийн үлдэгдэл 26,926,578 төгрөгийн 45,8 хувьтай тэнцүү байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээл тус бүрийн хүүг тооцоолохдоо зээлийн үлдэгдэлээс биш, авсан зээлийн дүнгээс зээлийн нийт хугацаанд тогтмол хэмжээгээр тооцсон нь буруу юм. Шүүхийн буруу тооцолтын үр дүн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болсон бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн үндсэн хүүтийн үлдэгдэл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гэх ойлголтуудыг ялгамжтайгаар тайлбарлаагүй, тус бүрийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаарддагыг хангахгүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн зүгээс бие даасан шаардлага гаргахад шүүх хүлээн аваагүй бөгөөд дахин гаргах боломжоор хангаагүйг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

 

9. Гуравдагч этгээд Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Т ХХК болон Гандарис-Орд ХХК-д орон сууцны үнийг бүрэн төлж өөрсдийн орон сууцыг шудрагаар эзэмшиж байгаа гудавдагч этгээдүүд болон оршин суугчдын эрхийг зөрчиж байна.

Шүүх хуралдаан болохоос өмнө Б.Б- би бие даасан шаардлага гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлсөн байхад Э.Х-, Б.Б- нарыг шүүх хуралдаан дээр хүсэлт гаргасан мэтээр тайлбар хийж, тэдгээрийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан атлаа шийдвэрт ...гуравдагч этгээд нар нь барьцааны гэрээ болон орон сууц захиалгын гэрээг байгуулсан цаг хугацаатай холбоотойгоор барьцааны гэрээ хэрэгжих үндэслэлтэй эсэх талаар... бие даасан шаардлага гаргаагүй тул энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй гэж тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж, эрх зүйн байдлыг дордуулсан.

Мөн миний өмгөөлөгч өвчтэй шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар холбогдох бичмэл нотлох баримтыг тухайн шүүгчид өгсөн байхад өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Ипотекийн үүрэг гүйцэтгүүлэгч А ББСБ ХХК нь Т ХХК ипотекийн эрхтэй, тус барилгын өмчлөгч мөн болохыг нотолж чадаагүй. Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, биелэгдэх боломжтой эсэх зэрэгт хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

Иргэн Э.Х-, Б.Б- нартай эрх зүйн байдал нь адилхан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-ийг орон сууцны өмчлөгөөр тогтоосон атлаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Б.Б- болон бусад шудрагаар орон сууц эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.

 

10. Гуравдагч этгээд Б.У-гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Б.У- нь гуравдагч этгээдээр оролцох, нэхэмжлэл гаргах, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Б.У-гийн бие даасан шаардлага гаргасан болоод, гаргасан хүсэлтийг хангаагүй мөн хүсэлт гаргах талаар хүсэл зоригоо илэрхийлсээр байтал шүүх хүлээж аваагүй нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Б.У- нь Т ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, тус барилгын 1 давхарын үйлчилгээний талбайг худалдан авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг талбайг үйлчилгээний зориулалтаар тохижуулж, ашиглаж байгаа бөгөөд уг хэргийг шийдвэрлэхэд түүний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байх тул бие даасан шаардлага гаргаж, гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй байсан хүсэл зоригыг үл харгалзан хүлээж аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эдлэх эрх, ашиг сонирхол хөндөгдсөн.

Түүнчлэн өмгөөлөгч авах хүсэл зоригоо илэрхийлсээр байтал өмгөөлөгч авах эрхээр хангаагүй.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Б.У-гийн орон сууц эзэмшигчийн эрхээр хангаж, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өгнө үү.

 

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч болон гуравдагч этгээд нарын гомдолд гаргасан тайлбарын агуулга: Улсын Дээд шүүхийн 2006 оны 53 дугаар тогтоолын 2.4-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг тайлбарласан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зээлийн гэрээний 2.3, 2.4, 2.5-д нэмэгдүүлсэн хүү тооцох мөн зээлийн хугацаа хэтэрхэд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй гэх агуулгаар гэрээнд тусгасан учраас хүү болон зээлийн хугацаа хэтэрсэн хугацааны хүү авах боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал Монгол банкны зээлийн хүү тооцох аргачлалын дагуу 452,000,000 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн тооцсон баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Анх орон сууцыг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь манайд барьцаалсан. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгаа. Хэрэв шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа явуулах зарчмын дагуу явагдана. Т ХХК нь тухайн барилгыг барьцаалахад орон сууц захиалгын гэрээний талаар яригдаагүй. Анхан шатны шүүх хуралдаан 3-4 удаа хойшилж байсан бөгөөд гуравдагч этгээдүүдэд бие даасан шаардлага гаргах боломж хангалттай байсан. Гуравдагч этгээд Б.Баянмөнх өмгөөлөгч өвчтэй гэж хэлсэн боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Т ХХК нь зээлээ төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжтой..

 

12. Гуравдагч этгээд нар давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга: Тайлбаргүй.

 

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд нарын гомдолд гаргасан тайлбарын агуулга: Тайлбаргүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 788,808,444 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Тулга хотхон, 65/5 байраар хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд Г.Б-, Э.Х-, Б.Б-, Б.А-, Б.Ц-, Б.У- нар эс зөвшөөрч маргасан.

Гуравдагч этгээд Г.Б- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Тулга хотхон, 65/5 байр, 2 дугаар орц, 4 давхар, 35 тоот хаягт байрлах, 51.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч болон хариуцагч нар эсэргүүцээгүй байна.

 

3. Гуравдагч этгээд Б.Б- 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бие даасан шаардлага гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 387,627 төгрөгийг төлсөн, гуравдагч этгээд Э.Х- нь мөн өдөр бие даасан шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт өгсөн боловч улсын тэмдэгтийн хураамжийг Амьд судар гэх хуулийн этгээд төлсөн байна. Анхан шатны шүүх тэдгээрийн бие даасан шаардлагыг шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2022/05462 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзахдаа улсын тэмдэгтийн хураамж дутуу, буруу төлсөн гэх үндэслэлийг зааж, мөн өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр үйлджээ. Анхан шатны шүүх нь гуравдагч этгээд Б.Б-, Э.Х- нарыг бие даасан шаардлага гаргах боломжоор хангаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамж зохих хэмжээгээр төлөгдөөгүй алдааг залруулах боломж олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан тэдгээрийн эрхийг эдлүүлээгүй, хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох зарчмыг алдагдуулжээ. Иймд энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2022/003739 тоот захирамжаар Б.У- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэж, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг мөн өдөр танилцуулсан байх ба тэрээр анхан шатны шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд тайлбар гаргах, бие даасан шаардлага гаргах боломжтой байсан, энэ талаар тэрээр шүүх хуралдаан дээр хүсэлт гаргаагүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй гэж үзнэ.

 

Шүүх хуралдаанд Э.Х-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч холбогдох баримтгүй, мөн энэ талаар Э.Х-аас гомдол гаргаагүй. Гуравдагч этгээд Б.Б- нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон боловч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд орох хүсэлт гаргаагүй тул холбогдох давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Анхан шатны шүүхээс гуравдагч этгээд Б.Б-ийн эрхийг зөрчсөн байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүхийн материаллаг эрх зүйн дүгнэлттэй холбоотой нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/01000 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Тулга консракшн ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,725,305 төгрөгийг, гуравдагч этгээд Б.Б- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг, гуравдагч этгээд Б.У- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,118,100 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА