| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1620/Э |
| Дугаар | 376 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., 17.1.2.4., 17.2.1., 17.3.1., 17.8.1., 10.1.2.1., 10.1.2.2., 10.1.2.6., 10.1.2.7., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 376
Б.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 421 дүгээр магадлалтай, Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд
Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 421 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 cap 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгуүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 590 дугаартай магадлалаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Б.А-г 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б.А нь
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ыг онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ыг бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, нийт 75 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “прокуророос Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Б.А-г онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хзсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Б.А-ыг тус тус шийтгэсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, нийт 75 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...миний бие өөрийн үйлдсэн хэргээ маргах зүйлгүй хэргээ хүлээсээр ирсэн. Хэрэгт маргаантай хулгайн 2 үйлдэл болон амьны хэрэгт маргаан байдаг. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийг шилжих шөнө үйлдсэн хүн амьны хэргийг өөрөө илчилсэн, харин гэрчийн мэдүүлэг өгсөн байхад яллагдагч болгон өөрчилсөн. Гарын үсгийг дууриалган зурсан. Мөрдөгч, ахмад н.Баттөмөр нь цагдан хорих төвөөс намайг түр хугацаагаар авч явах үед нь мөрдөгч ахмад Баттөмөрт үйлдээд илрээгүй хүн амьны хэрэг байгаа, гаргаж өгье гэж тохиролцоод надаас гэрчээр мэдүүлэг авсан. Хэргийн газар руу мөрдөгч, прокурор нарын хамт Хархорин, ханын материал, гэрийн шатсан буйр дээр очиж зураг авсан. Мөн дэлгүүрээс гар утас авч гарснаа хэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс дэслэгч цолтой алба хаагч ирээд яллагдагчаар татах тогтоолтой танилцуулна гэсэн. Би тэр тогтоолыг нь хараад ийм мэдүүлэг өгөөгүй, миний гарын үсэг биш байна гэж хэлэхэд надад хамаагүй гэж хэлсэн. Гэрчээр өгсөн мэдүүлэг, гарын үсэг дууриалган зурсан асуудлыг шалгуулахаар удаа дараа өргөдөл, гомдол гаргаж, өлсгөлөн хүртэл зарлаж үзсэн боловч ямар ч үр дүн гараагүй. Дараа нь Т.Мөнх-Амгалан прокурорт хүн шатааж алсан хэргийн талаараа мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлт гардаж авсан эсэх талаар хэлэлцэхэд би гэрчийн мэдүүлэг өөрчилсөн, гарын үсэг дууриаж зурсан асуудлаар хэлж байсан. Шүүх хуралдааны бичлэг зөөврийн диск дээр байгаа. Би өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэйгээр өдийг хүртэл өргөдөл, гомдол гаргаж ирсэн. Гэтэл прокурор хэт яллах талыг баримтлаж байна. Хэрэгт холбогдолтой гэрчээс тайлбар мэдүүлэг авах зорилгоор хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Анхан шатны шүүх маргаантай асуудлыг шийдвэрлэхийн оронд ял нэмж сонсгоод хэргийг буцаасан. Мөн н.Д нь өөрийн зооринд байхгүй байсан ногоог нэмж нэхэмжилсэн. н.О нь ямар хэмжээтэй ногоо байсан гэдгийг мэдсээр байж мэдүүлгээ өөрчилж, шүүх хуралдаан дээр их ногоо алдсан хүн мэт жүжиглэдэг. Хэрэгт авагдсан утасны жагсаалтыг шалгавал ил тод гараад ирэх боловч шалгаж өгөөгүй. н.Д, н.О нар нь үгсэн тохиролцоод үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхэмжилж байгааг дахин шалгуулах хүсэлтэй байгаа. Улсын өмгөөлөгч Сайнбилэг нь мэдүүлэг өгөх үед хамт байгаагүй талаараа шүүх хуралдаанд хэлдэггүй. Өмгөөлөгч Сайнбилэг, Ганбат нар сэтгэлээсээ хууль зүйн туслалцаа үзүүлсэн бол энэ хэргүүд үнэн зөвөөр шийдэгдэх боломжтой байсан. Өргөдлийг маань уншиж үзээд үнэн зөвийг тогтооно гэдэгт итгэж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгааг минь бүх насаар хорих ялыг хөнгөрүүлж, хугацаатай ял оногдуулж өгнө үү. Бусдад учруулсан хохирлыг барагдуулах чин хүсэлтэй болно” гэсэн байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.А нь хоёр хүний амь нас хохироосон, бусдыг эд зүйлийг хулгайлсан, залилсан, эд зүйлийг устгасан, гэмтээсэн нийт 10 үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь хэсгүүдэд зааснаар бүх насаар хорих ял оногдуулж, бусад зүйл хэсгээр оногдуулсан ялыг дээрх ялд багтааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нь мөрдөгчийн үйл ажилллагаатай холбогдуулж удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд мэдүүлэгт зурагдсан гарын үсэг шүүгдэгчийнх болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Амь хохирогч Б.Г-н хүзүүн тус газар хутгалж алсан хэрэгт мэдүүлэг авах үед Ц.О-г гэртээ унтаж байхад нь галдан шатаасан хэргээ илчилсэн бөгөөд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар тус гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөн бусад хулгайн үйлдлүүд нотлогдож тогтоогдсон, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн задгайд оршин суух Ц.О-г гэртээ унтаж байхад нь галдан шатааж алсан,
- 2019 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 в байрны жижүүрийн 0 тоотод 52 настай иргэн Б.Г-н хүзүүн тус газарт хутгалж алсан,
- 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хар хорин” худалдааны төвд иргзн Д.О-н цүнхнээс түрийвч, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 381.200 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санни таун” хотхоны 830 дугаар байрны 1 давхарт “Санни төв”-ийн 5а тоотод байрлах “Си Си Эм Жи” ХХК-ийн оффис буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн Р.А-н эзэмшлийн 5.500.000 төгрөгийг хулгайлан авсан,
- 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хар хорин” худалдааны төвд байх иргэн Н.Д-н эзэмшлийн хүнсний ногооны зоорь буюу агуулахад нэвтрэн орж, 22 шуудай монгол сонгино, 17 шуудай төмс, 6 шуудай байцаа, 4 шуудай хүрэн манжин, 6 хайрцаг сармис, 10 килограммтай сармис 3 ширхгийг хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр авч 1.925.500 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 08 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” Олон Улсын Худалдааны төвийн хашаан доторх агуулахаас 1.920.000 төгрөгийн барааг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
- 2018 оны 10 дугаар сарыи 8-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амины орон сууцны 1-13 тоот буюу орон байранд нэвтрэн орж, алтан ээмэг, бөпж, монетон бөгж, гинж, мөнгөн аяга, “Acer” загварын зөөврийн компьютер, үүргэвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.518.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зааныхан” нэртэй дэлгүүрт иргэн Б.Инээхүүгийн эзэмшлийн “Samsung S5” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 144,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёл Урлагийн их сургуулийн хойд талд байрлах цахилгаан дахин дамжуулах станцаас цахилгаан кабел холбож газар шорооны ажил хийж байх үедээ “захирал Мягмарцэнд цахилгаан утас авч яваарай гэсэн” гэж хуурч, 90 метр цахилгаан утсыг авч 895.500 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн задгай тоотод оршин суух иргэн Ц.О-н гэрийг санаатайгаар шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.
Хяналтын шатны шүүхэд Б.А нь гэрчийн мэдүүлэг өгсөн байхад мөрдөгч гарын үсгийг хуурамчаар зурж яллагдагчийн мэдүүлэг болгосон, улмаар ятгаж миний мэдүүлгийг өөрчлүүлсэн, прокурор нотлох баримтгүйгээр хэт яллах талыг баримтлаж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан, хохирогч гэх Н.Д, иргэний нэхэмжлэгч Д.О нар нь үгсэн тохиролцон үндэслэлгүй төлбөр нэхэмжилсэн, өмгөөлөгч нар хууль зүйн туслалцааг хангалттай хийж гүйцэтгээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан бүх насаар хорих ялыг хөнгөрүүлнэ үү гэх агуулгатай гомдлыг гаргажээ.
Шүүдэгчийн гомдлыг баталж түүний гарын үсэг хуурамчаар зурагдсан байх, хууран мэхлэх замаар мэдүүлэг авсан болохыг нотлон харуулах, иргэний нэхэмжлэгч Д.О шаардлагаа хэтрүүлэн нэхэмжилсэн байж болзошгүй талаарх ямар нэгэн баримт, энэ талаар шүүхээс тогтоосон үйл баримтад эргэлзээ төрүүлэх аль нэгэн үндэслэлийг шүүгдэгч гомдолдоо дурдаагүй, хэрэгт мөн энэ тухай авагдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг нэрлэн заасан байх бөгөөд эдгээрийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох буюу өөрчилнө.
Гэтэл шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлүүд нь дээрх тохиолдлуудын алинд нь ч хамаарахгүй байхаас гадна анхан шатны шүүхээс Б.А-д оногдуулсан бүх насаар хорих ялыг зайлшгүй хөнгөрүүлж, хугацаатай хорих ял болгон өөрчлөх хууль зүйн үндэслэл, нотолгоо, баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн, шүүх Б.А-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохируулж хуульд заасан ялыг сонгон оногдуулсан бөгөөд зарим гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүйгээс гадна мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан, шүүгдэгч Б.А-дхолбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчөөгүй байх тул тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Б.А-ын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.А-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 421 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН