Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00815

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00815

 

 

 

ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/00650 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ххх ХХК-ийн хариуцагч ххх ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан

Зээлийн гэрээний үүрэгт 1,273,594,831.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгч ххх ХХК, хариуцагч ххх ББСБ ХХК нарт холбогдуулан гаргасан

2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 215/01 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, прокурор Б.Ичинхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч ххх ББСБ ХХК нь ххх ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 215 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1,000,000,000 төгрөгийг сарын 2.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Иймд ххх ББСБ ХХК-аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 228,955,980 төгрөг нийт 1,228,955,980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ххх ББСБ ХХК нь ххх ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000,000 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, эргэн төлөлт нь сар бүр зээлийн хүү төлөх, үндсэн зээлийг хугацааны эцэст буюу 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлөх нөхцөлтэй зээлсэн. Зээлийн хүүг 2018 оны 07 дугаар сараас хойш төлөөгүй тул ххх ХХК-ийн ажилтнуудтай уулзаж зээлээ төлж барагдуулах, гэрээ хэлцэл хийх талаар ярилцсан. ххх ББСБ ХХК нь зээлийн хүүг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлж, үүнээс хойш зөрчилгүйгээр хугацаандаа зээлээ төлнө гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хх ХХК-ийн татгалзлын агуулга: ххх ББСБ ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ххх ХХК-тай 215 тоот зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хх ХХК-ийн захирал М.А нь компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороонд байршилтай нэгж талбарын 148005/00 дугаарт бүртгэлтэй, ГД-000000 дугаар гэрчилгээтэй 000 м.кв талбай бүхий эзэмшил газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, 000 дугаар гэрчилгээтэй 0000 м.кв талбайтай барилгын 0000 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 215/01 тоот барьцааны гэрээ байгуулсан.

Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д заасны дагуу барьцааны гэрээ нь их хэмжээний хэлцэлд тооцогдох ба мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалуулах тухай хэлцэл хийх бол нийт хувьцаа эзэмшигчид санал нэгтэйгээр шийдвэр гаргасан байх ёстой. ххх ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 215/01 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэлтэй тул уг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй.

Мөн хх ХХК нь ххх ХХК, ххх ББСБ ХХК-ийн хоорондын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 215 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагчид олгогдсон зээлийн мөнгөн хөрөнгөөс авч ашиглаагүй. ххх ББСБ ХХК-ийн төлөх ёстой зээлийн эргэн төлөлтийг хх ХХК-ийн хөрөнгөөр хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй тул барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хх ХХК-ийн бие даасан шаардлагын агуулга: хх ХХК-ийн компани нь 3 хувьцаа эзэмшигчтэй, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тус компанийн 100 хувийн хувьцааны 5 хувийг М.А , 49 хувийг Б.С 46 хувийг Б.Ц нар тус тус хууль ёсны дагуу өмчлөх болсон ба 5 хувийн хувьцаа эзэмшигч М.А нь 2016 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Тэрээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьцаа эзэмшигч Б.С Б.Ц нарын зөвшөөрөл, хамтран гаргасан шийдвэргүйгээр 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ххх ХХК-тай 215/01 тоот барьцааны гэрээ байгуулж дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 1,000,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалуулах тухай хэлцэл хийхдээ нийт хувьцаа эзэмшигчид санал нэгтэйгээр шийдвэр гаргасан байх ёстой. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбарын агуулга: хх ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр ххх ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд тавих эрхийг М.А д олгосон хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг үндэслэн барьцааны гэрээг хуульд заасны дагуу байгуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл болно. Иймд хх ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбарын агуулга: 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр М.А д хх ХХК-ийн хөрөнгийн зээлийн барьцаанд тавих эрх олгосон ба үүнээс 20 хоногийн дараа шилжүүлсэн. Сүүлд хх ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын ээлжит бус хурлын шийдвэрийг хүчингүй болгосон нь ххх ХХК-аас зээл олгосноос хойш болсон учраас хэрэгт хамааралгүй. Иймд бие даасан шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7. Прокурорын тайлбарын агуулга: ххх ХХК нь төрийн өмчит хувьцаат компани бөгөөд тус компаниас авсан зээлээ хариуцагч эргэн төлөөгүй байна. ххх ХХК болон ххх ББСБ ХХК-уудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Мөн хх ХХК-ийн эд хөрөнгийг ххх ББСБ ХХК тус зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ххх ББСБ ХХК-аас 1,095,147,756 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 178,447,085 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ххх ББСБ ХХК-д холбогдох барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороонд байршилтай нэгж талбарын 148005/0069 дугаарт бүртгэлтэй, ГД-000 гаар гэрчилгээтэй 000 м.кв талбай бүхий эзэмшил газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, 00 дугаар гэрчилгээтэй 0000 м.кв талбайтай барилгын 0000 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ххх ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу нэхэмжлэгч ххх ХХК, хариуцагч ххх ББСБ ХХК-д холбогдох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хх ХХК-ийн шаардлагаар 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 215/01 тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч ххх ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,227,940 төгрөг, гуравдагч этгээд хх ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,200,000 төгрөгөөс 5,157,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ххх ББСБ ХХК-аас 5,633,688 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус 2,578,975 төгрөг, улсын төсвөөс 42,050 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэжээ.

 

9. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, хуурамч нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн.

9.а."ххх ББСБ" ХХК болон хх ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хх ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороонд байршилтай нэгж талбарын 148005/0069 дугаарт бүртгэлтэй, ГД-00 дугаар гэрчилгээтэй 000 м.кв талбай бүхий эзэмшил газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, 00 дугаар гэрчилгээтэй 0000 м.кв талбайтай барилгын 0000 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээг хуульд заасны дагуу нотариатаар гэрчлүүлж, барьцаалагч нарт хууль болон холбогдох журам түүнээс үүсэн гарах үр дагварыг тайлбарлуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг улсын бүртгэлт бүртгүүлж, барьцаалбар хийлгэж баталгаажуулсан.

Зээлдүүлэгч "ХХХ банк" ХХК болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Х.Ц нар нь хх ХХК-ийн дүрэмд зааснаар 5 хувийн хувьцаа эзэмшигч М.А , 49 хувийн хувьцаа эзэмшигч О.Э , 46 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Я нарын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04/17 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, "ххх ББСБ" ХХК болон хх ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан болох гүйцэтгэх захирал М.А , Б.Б нарын хооронд хийгдсэн хүчин төгөлдөр итгэмжлэл, "ххх ББСБ" ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг тус тус үндэслэж барьцааны гэрээг байгуулж, гэрээнд хх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А , "ххх ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нар үүрэг хүлээж гарын үсэг зурж, нотариатчаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

9.б.Гуравдагч этгээд хх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй Ц.О хх ХХК-ийг үүсгэн байгуулсан, компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч О.Э нь түүний төрсөн хүүхэд, 46 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Я нь түүний төрсөн дүү бгөөд тэд гэр бүлийн гишүүд юм. Мөн "хх" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.С Ц.О гийн эхнэр байдаг бөгөөд тэд урьдаас үгсэн тохиролцож, шүүхийн байгууллагыг төөрөгдөлд оруулах замаар хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль эөрчиж нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хуурамч хэлцэл хийж шүүхэд хуурамч бичиг баримтыг бүрдүүлж өгсөн байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг нягтлан тогтоох үүргээ биелүүлэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлж хууль бус шийдвэр гаргасан.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэж.

 

10. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

10.а. хх ХХК нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд дээрх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэгдэж байх хугацаанд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 182/ШШ2019/01500 дугаар шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргуулсан.

Тус хэрэгт шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэгч талаас Б.С хариуцагчаар хх ХХК-ийн гүйцэтгэх захирал М.А , хамтран хариуцагчаар хх ХХК, гуравдагч этгээдээр О.Э нар оролцож, бодит байдлыг илтэд санаатайгаар гуйвуулан тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд маргаагүй зөвшөөрөх байдлаар хэргийн оролцогч нар нь урьдчилан үгсэн тохиролцож, энэ хэрэгт нотлох баримтаар ашиглах зорилготойгоор зохиомол шийдвэр гаргуулсан нь илэрхий байдаг. Энэ тус шийдвэрт хэргийн оролцогч нар давж заалдах гомдол гаргаагүйгээр нотлогддог.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01500 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж, улмаар хх ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

10.б.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хх ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт 5 хувийн хувьцаа эзэмшигч М.А , 49 хувийн хувьцаа эзэмшигч О.Э , 46 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Я нарын гарын үсэг, компанийн тамга, тэмдгээр баталгаажсан байна гэж зөв дүгнэсэн атлаа О.Э , Ц.Я нарын гарын үсгийг хуурамчаар М.А нь дуурайлган зурсан байна гэх Чингэлтэй дүүргийн шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрт хөтлөгдөж өөрийн дүгнэлтийг үгүйсгэсэн, нөгөө талаар дээрх хоёр хувьцаа эзэмшигчийн гарын үсгийг хуурамч болохыг тогтоосон баримт, шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байтал зохиомол шүүхийн шийдвэрийг нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзсэн нь алдаатай шийдвэр гаргасан хүргэсэн.

Хэргийн 2 дугаар хавтасны 220 дугаар талд гуравдагч этгээд хх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О гийн анкет авагдсан бөгөөд гэр бүлийн мэдээлэл хэсэгт эхнэр Б.С охин О.Э гэж бичсэнээр тэдний нэг гэр бүлийн хүмүүс болох нь тогтоогддог.

Улмаар 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээгээр хх ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Э нь өөрийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг төрсөн ээж Б.С-т шилжүүлсэн талаар гэрээнүүд нотлох баримтаар авагдсан. Мөн Ц.О гийн төрсөн дүү Ц.Я нь хх ХХК-ийн эзэмшлийн 46 хувийн хувьцааг Б.С-ийн ээж Б.Ц д бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн байдаг.

хх ХХК өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын зээлийн барьцаанд байршуулах хүсэл сонирхлыг хэргийн үйл баримттай холбон тайлбарлаагүй, үүнтэй холбоотой баримтыг нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан.

Гуравдагч этгээд хх ХХК нь "ХХХ банк" ХХК-аас олгосон зээлээс авч ашиглаагүй гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий барьцаа хөрөнгө нь ... банк ХХК-ийн зээлийн барьцаанд байсан бөгөөд зээлийн үлдэгдэл 218,000,000 төгрөгийг "ххх ББСБ" ХХК төлж барагдуулсан тохиолдолд танай зээлийн барьцаанд байршуулахыг зөвшөөрөх болзолтойгоор 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тохиролцоо, итгэмжлэл хийгдэж улмаар зээлээ бүрэн төлүүлсэн.

хх ХХК-ийн ... банк ХХК-д төлөх зээлийн өр төлбөрийг барагдуулсан тухай гүйлгээний баримтыг шүүх нотолгооны ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс гуравдагч этгээдийн хөрөнгөө барьцаалуулах замаар бусдад төлөх зээлийн өр төлбөрөөс чөлөөлөгдсөн болохыг шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг "барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай... гэх агуулгаар өөрчилж өгнө үү.

 

11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын тайлбар: Нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч зээлдэгчээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаалагч нь барьцаалуулагчаас шаардах ёстой болохоос зээлдэгчээс энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй, үндэслэлгүй.

хх ХХК-ийн 2017оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр буюу барьцаанд тавихыг зөвшөөрсөн шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.

Тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон, хууль бус гэдгийг тогтоосон, хуурамчаар үйлдсэн гэдгийг нотолсон баримтгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэжээ.

 

12. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хариуцагчийн давж заалдах гомдлын тайлбар: ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй ххх ББСБ ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хх ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.С-ээс хх ХХК болон ххх ББСБ ХХК холбогдуулж ххх ББСБ ХХК-д олгогдсон итгэмжлэл, хх ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гарсан тухай захирамжийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэ хэрэгт ххх ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч тайлбар өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хх ХХК-д олгогдсон итгэмжлэлийн хугацаа нь дууссан, хэрэгжээгүй итгэмжлэл байгаа учир нэхэмжлэгч Б.Сонинчимэг нэхэмжлэлийн шаардлагаа татан авч тухайн маргаан хянан шийдвэрлэгдсэн.

Тус маргаан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгааг ххх ХХК болон ххх ББСБ ХХК мэдэж байсан атлаа тус хэрэг маргаанд бид нарын ашиг сонирхол хөндөгдөж байна гэж хүсэлт гаргаагүй атлаа өнөөдрийн шүүх хуралдаанд энэ асуудлыг ярьж байна. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарт мэдэгдэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдсан гэдэг нь үндэслэлгүй.

Б.С Ц.О нар нь гэр бүлийн харилцаатай байж болох ч тухайн үед компанийн хувьцаа эзэмшигчээр Б.С Б.Ц , М.А гэх хүмүүс байсан. Эдгээр хүмүүс Компанийн тухай хуульд заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх гэж байгаа тохиолдолд санал нэгтэйгээр шийдвэр гаргасан байх ёстой байсан.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өмнөх хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэр нь шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус гэж тогтоогдсон. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шийдвэр гараагүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг харгалзан үзэж хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

13. Прокурор гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул өөрчлөлт оруулна.

 

2. Нэхэмжлэгч ххх ХХК нь хариуцагч ххх ББСБ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,273,594,831.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хх ХХК-ийн өмчлөлийн барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч 1,095,147,756 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хх ХХК-ийн өмчлөлийн барьцааны хөрөнгөөр хангуулах хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ххх ХХК нь 1,000,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.20 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохигчид тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны хх7-9/

 

4. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ххх ХХК нь ххх ББСБ ХХК, хх ХХК-тай барьцааны гэрээ байгуулж, хх ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороонд байршилтай нэгж талбарын 148005/0069 дугаарт бүртгэлтэй, ГД-00 дугаар гэрчилгээтэй 000 м.кв талбай бүхий эзэмшил газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, 00 дугаар гэрчилгээтэй 0000 м.кв талбайтай барилгын 0000 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь талуудын тайлбар болон хэргийн 1 дүгээр хавтасны 10-12 дугаар тал дахь баримтаар тогтоогдсон байна.

 

4.а.Зохигчдын хооронд 2017 оны 07 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу уг хэлцлүүдийг хүчинтэй болсон гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

 

4.б.Зээлдэгч ххх ББСБ ХХК нь зээлийн гэрээгээр тохиролцсон зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй нь зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5,2.1.6 -д заасан үүргээс гадна Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд зээлдүүлэгч ххх ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч ххх ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул хариуцагч ххх ББСБ ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцнэ.

 

4.в.Хариуцагч ххх ББСБ ХХК нь зээлийн эргэн төлөлтөд 5,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,100,147,756 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хасаж 1,095,147,756 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 178,447,085.59 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5. Бие даасан шаардлагын талаар шүүхийн шийдвэр үндэслэл муутай байна.

 

5а. Нэхэмжлэгч ххх ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гуравдагч этгээд хх ХХК эс зөвшөөрч, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу ххх ББСБ ХХК-д олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гарган маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийн 4 дүгээр хавтасны 36-38 дугаар талд авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01500 дугаар шийдвэрийг үндэслэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болсон байх ба давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

5.б. хх ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар тус компанийн өмчлөлийн нэр бүхий хөрөнгүүдийг ххх ББСБ ХХК-ийн ххх ХХК-аас авч буй 1,000,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, гүйцэтгэх захирал М.А д компанийн итгэмжлэлээр төлөөлөн зээлийн барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон байна. /хэргийн 1дүгээр хавтасны 138/

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01500 дугаар шийдвэрээр хх ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04/17 тоот хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосон нь ххх ХХК, ххх ББСБ ХХК болон хх ХХК-уудын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 215/01 тоот барьцааны гэрээг бүхэлд нь үгүйсгэх, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардах эрх буюу барьцаалагчийн эрхийг хөндөхгүй. Энэ талаар зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй. /9б, 10а/

 

5.в.Дээрх шүүхийн шийдвэрээр хх ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг шийдвэрлэсэн болохоос хх ХХК-аас Максимус капиал ББСБ ХХК-д 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэл болон уг итгэмжлэлээр төлөөлөн хийсэн хэлцэл, түүний үр дагаварт шууд хамаарах шийдвэр шүүх гаргаагүй байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 137 дугаар тал/

 

Гуравдагч этгээд хх ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар М.А д эрх олгогдоогүй байхад хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдэж, гарын үсэг зурж, уг тогтоолыг үндэслэн банкны өмнө төлөөлөх эрхтэй мэт ойлголт төрүүлэн барьцааны гэрээг байгуулсан нь тус компанийн эрх ашгийг зөрчсөн гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

 

Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хх ХХК нь гүйцэтгэх захирал М.А д барьцааны гэрээ байгуулахад төлөөлөх бүрэн эрх олгосныг хүчингүй болсон буюу өөрчлөлт орсон бол анх бүрэн эрх олгосон хэлбэрээр гуравдагч этгээдэд мэдэгдэж, төлөөлөл дуусгавар болох ёстой. Өөрөөр хэлбэл, ххх ББСБ ХХК-ийг ххх ХХК-тай барьцааны гэрээ байгуулахаас өмнө хх ХХК-ийг төлөөлөх эрхгүй болохыг хэлж ойлгуулах, энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд уг өөрчлөлтийг гуравдагч этгээдийн хувьд хэлцэл хийх үедээ мэдэж байсан, мэдэх ёстой байснаас бусад тохиолдолд талууд ашиглахыг хориглоно гэснийг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн, хэрэгт хх ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тухайн үеийн тогтоол авагдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тогтоолыг сүүлд хүчингүй болгосон нь барьцааны гэрээг хүчингүй болгох, барьцааны гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

5.г.Дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хх ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу ххх ББСБ ХХК-д олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

 

Харин нэхэмжлэгч ххх ХХК нь ххх ББСБ ХХК, хх ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзэх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. /9а/

 

5.д.Иймд зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан өөрчлөлт оруулна.

 

6.Хэрэв Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс нэхэмжлэхэд энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/00650 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ххх ББСБ ХХК нь үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороонд байршилтай нэгж талбарын 148005/0069 дугаарт бүртгэлтэй, ГД-00 дугаар гэрчилгээтэй 000 м.кв талбай бүхий эзэмшил газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, 00 дугаар гэрчилгээтэй 0000 м.кв талбайтай барилгын 0000 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс төлбөрийг гаргуулан ххх ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ххх ХХК, хариуцагч ххх ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан гуравдагч этгээд хх ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 215/01 тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтын 5,633,688 төгрөг гэснийг 5,703,888 төгрөг гэж өөрчлөн, нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус 2,578,688 төгрөг, гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ххх ХХК, хариуцагч ххх ББСБ ХХК-уудын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ