Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00951

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00951

 

Ч.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00720 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Мын нэхэмжлэлтэй хариуцагч П.Лд холбогдох

6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давгажанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давгажанцан нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Ч.М нь П.Лтэй 2019 оны 11 дүгээр сард танилцсан. П.Л нь Монгол Улсаас гадаад руу мах экспортолдог 10 гаруй компани байгаа, нэг компани нь миний хамаарал бүхий компани юм. Би хэд хоногоос Хүнс хөдөө аж ахуйн яамны хүмүүстэй Хонгконг руу явах гэж байгаа. Хонгконг явж махны квот олж ирнэ надад 10,000,000 төгрөг өгчих гэж гуйсан. Тухайн үед хариуцагч нь Нийслэлийн засаг дарга Амарсайханы туслах байсан гэж тайлбарладаг. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Циркийн хажуу талд Мөнхболд, Түдэвболд нартай уулзаад маргааш Хонгконг руу явах гэж байгаа 10,000,000 төгрөг өгчих гэсэн учраас тэр өдрөө 1,100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Мөнхболд ирж надаас 9,800,000 төгрөгийг аваад хариуцагч П.Лгийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 10,000,000 төгрөгийн буцааж шаардахад 3,500,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн, үлдэх 6,500,000 төгрөгийг төлөөгүй. Махны квот олж өгнө гэдэг байдлаар хууль бусаар, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад 10,000,000 төгрөгийг авсан. Иймд үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуянгийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд махны квот авах, махны квотыг авахад туслах гэсэн асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-аас махны квот олдоогүй, учир нь БНХАУ нь Монгол Улсаас авч байгаа махаа лабораторийн шинжилгээнд оруулаад бүх тохироог Хятадын компанитай хийгээд Монголоос тэр хэмжээгээр нь квот олгодог. Манай хүн өөрийн таньдаг хүнээрээ дамжуулаад махны квотыг авъя гэсэн яриа хийсэн, гэхдээ Хонгконг руу яваад цаашаа Шиндаун руу очоод махны квот авъя гэж тайлбарлаад ингэж явахад зардал хэрэгтэй 10,000,000 төгрөг орчим хэрэгтэй гэж хэлэхэд нэхэмжлэгч зардлыг төлнө гэдэг байдлаар хүлээн зөвшөөрч мөнгө шилжүүлсэн. Ажилдаа дэмжлэг үзүүлж зардалд 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо энэ мөнгөө нэхэмжилж байгаа нь бидний буруутай үйл ажиллагаанаас болоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар хариуцагч П.Лгээс 6,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Мд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Лгээс 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Мд олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуянгийн давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ...шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.1-т заасан нийтээр хүлээсэн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн хэлцэл үүссэн хэмээн дүгнэжээ. Гэтэл дээрх шийдвэр нь хуульд заасан ямар зан суртахууны хэм хэмжээг зөрсөн эсэх нь тодорхойгүй байна. Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг хаахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Үүнээс үзэхэд талуудын хоорондын харилцаа нь хууль зөрчөөгүй болох нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн талуудын хооронд үүссэн харилцаа нь хуульд нийцсэн харилцаа бөгөөд нэхэмжлэгч дээрх мөнгийг сайн дураараа өгсөн болох нь хэргийн 26 дугаар талд авагдсан мэдүүлгээс тодорхой харагдана. Шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйл заасан зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу талуудын хооронд болсон харилцааг зөвөөр тодорхойлох үүрэг хүлээдэг. Иймээс шүүхийн Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр шаардах эрхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг, болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давгажанцангийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Прокурорын байгууллага хууль зөрсөн талаар дүгнэлт гаргадаг эрх бүхий байгууллага биш харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьдаг. Уг хэрэг гэмт хэргийн шинжгүй байна гэх агуулгаар хаасан. Хууль зөрчсөн талаар дүгнэлт өгөөгүй. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо талуудын хооронд зуучлалын гэрээ эсвэл даалгаврын гэрээний харилцаа үүссэн уг гэрээг ямар төрлийн гэрээ болохыг шүүх дүгнээгүй. Хариуцагчийн төлөөлөгч махны квот олж өгөх эрх бүхий субъект биш гэж тайлбарласан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн хэлцэл тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, харин хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч П.Лд холбогдуулан 6,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч махны квот олж өгнө гээд хариуцагчаас 10,000,000 төгрөг авсан. Мөнгийг буцаан шаардахад 3,500,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн үлдэгдэл 6,500,000 төгрөгийг төлөөгүй. Иймд үлдэгдэл мөнгийг нэхэмжилнэ гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Ажилд дэмжлэг үзүүлж зардалд 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо энэ мөнгөө нэхэмжилж байгаа нь бидний буруутай үйл ажиллагаанаас болоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан байна.

5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан П.Лгийн Хаан банк ХХК-ийн орлогын маягт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч П.Лд 10,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нэхэмжлэгчид 3,500,000 төгрөгийг өгсөн асуудлаар зохигчид маргаагүй. /хх.3, 23-32/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийсэн байна, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заажээ.

7. Хариуцагч П.Л ...Махны квотыг олж ирэхийн тулд Хятад Улс руу явах 10,000,000 төгрөгийн зардлыг Ч.М төлнө гэж хүлээн зөвшөөрч мөнгө шилжүүлсэн гэх тайлбараа нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

8. Хэрэгт авагдсан нотлох баримт талуудын тайлбараас үзэхэд хариуцагч П.Л нь махны квот олгодог эрх бүхий этгээд биш байх тул хариуцагчийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлээгүй хэмжээний үнийн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэв.

9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт хийснийг залруулах боломжтой болно.

10. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00720 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д... гэснийг ...492 дугаар зүйлийн 492.1.1-д... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 126,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ц.ИЧИНХОРЛОО