Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00955

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00955

 

 

МТ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00925 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч МТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М ХХК-д холбогдох,

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4,546,605 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.М, Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч МТ ХХК нь М ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 4,546,605 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М ХХК-ийн зүгээс өөрсдийн дулааны шугам хоолойд засвар, шинэчлэлийн ажил хийх нэрийдлээр компанийн аж ахуйн хашааг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр техникээр шууд хүч түрэн эвдэн нурааж компанийн өмчид халдан хохирол учруулсан. Эвдэрсэн хашааг дахин босгоход шаардагдах зардлыг үнэлгээний байгууллагаар гаргуулахад 4,546,605 төгрөг болсон тул 4,546,605 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

М ХХК нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан 0121 тоот гэрээний дагуу 5А магистралын Т-519 салаа шугамаас дулааны эрчим хүчээр хангагддаг хэрэглэгч байгууллага юм. Тус компанийн өмч 2-219 голчтой дулааны шугам 5А төв магистралаас Хос өргөө ХХК-ийн хажуугаас Алтай хотхоны хорооллын дундуур дамжин өнгөрдөг бөгөөд энэхүү шугамын ихэнхийг өнгөрсөн жилүүдэд шинэчилсэн. Гэвч МТ ХХК нь тухайн шугам дээр хашаа барьж шугам шинэчлэх ажилд саад болсоор байсан. Нийслэлийн газар зохион байгуулалтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас холбогдох хүмүүс шалгалтаар ирж МТ ХХК нь Газрын тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийг зөрчиж шугам сүлжээ бүхий газар дээр хашаа, байгууламж барьсан болохыг тогтоосон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хууль тогтоомж, холбогдох дүрэм журмыг зөрчиж барьсан хашаа, байгууламжийг нураах шийдвэрийг гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөллийг байлцуулан МТ ХХК-ийн барьсан хашааг нурааж шугамын засварын ажлыг хийх гэтэл Алтай хотхоныг барьсан Тайгам алтай ХХК-ийн гэрээт хамгаалагчид хашааг бүслэн хамгаалж, хашааг нураахад саад болсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Хэрэгсэхгүй болгох саналтай байна. Учир нь М ХХК-аас маш олон төрлийн бичиг баримтыг илгээгээд байхад МТ ХХК ямар ч арга хэмжээ аваагүй. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нураасан гэх өдрийг буруу хэлсэн. Тэгэхээр нураасан гэсэн нь тодорхойгүй.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4,546,605 төгрөг гаргуулах тухай МТ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 87,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон гэрчийн мэдүүлэг, үнэлгээ, тухайн хашаа нураах үед бэхжүүлж авсан гэрэл зураг, санхүүгийн баримтууд зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй, хариуцагч талын татгалзлыг нотолсон нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчсөн.

Хариуцагч М ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах манай компанийн аж ахуйн хашааг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шугамын засвар хийх нэрийдлээр нураан бусдын өмчид дур мэдэж халдан 4,546,605 төгрөгийг хохирол учруулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

МТ ХХК-ийн газарт нэвтэрч орохын тулд Тайгам алтай ХХК-ийн эзэмшлийн барьж байгуулсан Алтай хотхоны хашаагаар дамжиж орох ёстой. Газар чөлөөлүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд ямар нөхцөл байдлаар саад учирсан гэхээр Алтай хотхоны хашаагаар нэвтэрч орж чаддаггүй байсан. Тэгэхээр нэвтэрч орж чадахгүй этгээдүүд бусдын хашааг нураах боломжгүй. Мөн фото зураг гаргаж өгсөн боловч хэзээний ямар зураг болох нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр манай шугам байгаа. Алтай хотхоны барилгын хог хаягдал хаягдсантай холбоотойгоор шугам янзалж чадахгүй нөхцөл байдал байгаа. Хашаа болон барилгын хог зайлуулах шаардлагыг удаа дараа тавьсан. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр арга хэмжээ авахгүй бол нураах талаар мэдэгдсэн болохоос биш нураасан үйл ажиллагаа явуулаагүй. Анхан шатны шүүх үйл баримтын хүрээнд бусдын хашааг нурааж эд материалын хохирол учруулсан гэм буруутай үйл ажиллагаа, шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч МТ ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 4,546,605 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Хэрэгт дараах баримт авагджээ. Үүнд:

4.а. МТ ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, нэгж талбарын 1681210096 дугаар бүхий 7729 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй байх бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр уг газар эзэмших эрхийг Грийтголд ХХК-д шилжүүлэх гэрээ байгуулж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан байна.

5. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хариуцагчийн дулааны шугам байрлаж байгаа талаар хариуцагч тайлбарлажээ.

 

Хариуцагч нь дулааны шугамаа засварлахын тулд нэхэмжлэгчийн хашаанд нэвтрэн орох шаардлага тавьж байсан талаар тайлбарлажээ.

 

6. Нэхэмжлэгч нь техникийн хүчээр хүч түрэн хашааг нурааж, засварлаж шинэчилнэ гэсэн шугам хоолойгоо ч янзалсан зүйлгүй, 20 гаруй метр газар ухаад, манай компанийн хашааг эвдээд тэр чигт нь орхиод явсан гэсэн бол хариуцагч хашааг эвдээгүй гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл үйл баримтыг тодруулаагүй, маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

7.а. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасан.

 

7.б. Нэхэмжлэгч МТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гэх 4,546,605 төгрөг нь гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь хашааг сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргийн алинд хамаарч байгааг тодруулах нь зүйтэй юм.

 

8. Талууд гэм хор учруулсан эсэх асуудлаар маргаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байна.

 

9. Хэрэгт С.Доржнямыг гэрчээр асуусан байх бөгөөд тэрээр МТ ХХК-ийн захирлын хүүхэд буюу нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй хамаарал бүхий этгээд байна.

 

9.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох хэдий ч тус зүйлд заасан гэрчээс мэдүүлэг авах журам зөрчигдсөн, гэрч С.Доржнямаас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар байдлыг тодруулсан нь тодорхойгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэх бөгөөд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй байдаг. Хэргийн 47 дугаар талд авагдсан баримтын тал нь уншигдахгүй, эргэлзээтэй баримт байна. Уг баримтыг хариуцагч тал иш татаж, Мэргэжлийн Хяналтын газраас хууль зөрчиж шугам сүлжээ бүхий газар дээр хашаа, байгууламж барьсан болохыг тогтоож, барьсан хашаа, байгууламжийг нураах шийдвэрийг гаргасан талаар тайлбарласан байна.

 

10. Хариуцагч нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөллийг байлцуулан МТ ХХК-ийн барьсан хашааг нурааж шугамын засварын ажлыг хийх гэтэл Алтай хотхоныг барьсан Тайгам алтай ХХК-ийн гэрээт хамгаалагчид хашааг бүслэн хамгаалж, хашааг нураахад саад болсон талаар тайлбарласан ч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоос нотлох баримтыг зөв харьцуулан үнэлээгүй гэх гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00925 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

  ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД