Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00320

 

Э.Оргилын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00954 дүгээр шийдвэр,

           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар магадлалтай,

 

Э.Оргилын нэхэмжлэлтэй,

НШГА-д холбогдох,

 

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Э.Оргилын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Оргил, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорчимэг, Б.Бадрах, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 248 дугаар захирамжаар “Ориент инвест” ББСБ-д 212.616.000 төгрөг төлөх болсон. Уг зээлийг авахдаа өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-02 тоот 133.9 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 39-19 тоот 4 өрөө орон сууцыг барьцаалсан ба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал өгсөөр байтал анх өгсөн үнэлгээний 50 хувиар бууруулан 119.800.000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь миний хуулиар олгогдсон эрхүүдийг ноцтой зөрчиж байна. Дээрх гомдлоо ахлах гүйцэтгэгч Д.Анхтуяад гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүй тул шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэннадмид шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 248 дугаар захирамжаар Э.Оргилоос 212.616.000 төгрөг гаргуулж “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э.Оргилын анхны албадан дуудлага худалдааны үнэлгээтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02245 дугаар шийдвэрээр хэлэлцэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Э.Оргилын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт харилцан тохиролцсон үнийн 70 хувиар тооцож анхны дуудлага худалдаа хүчин төгөлдөр явагдсан. Үнэлгээ бол үнэн зөв байсан гэж Улсын Дээд шүүхийн тогтоолоор хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. Тийм ч учраас Иргэний хуулийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа явуулах тохиролцсон үнэ буюу тогтоосон үнийн 50 хувиар тооцож 1 м.кв-ыг 2.000.000 төгрөгөөр тооцож явуулах нь зөв юмаа гэж үзэж Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа. Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хугацаа дууссан, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд үнэ бүхий, үнэ нь мэдэгдэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан 70.200 төлдөг. Тэрнээс бол энэ үнэлгээ нь тодорхой зүйлд улсын тэмдэгтийн хураамжийг бодох ёстой тул дутуу төлсөн гэж үзэж байгаа тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00954 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Э.Оргилын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Э.Оргилын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00954 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар магадлалыг хүчингүй болгуулах,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөрт хураан авсан Улсын бүртгэлийн Ү-2204010539 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол. 39-02 тоот 133.9 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010542 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-19 тоотыг 4 өрөө орон сууцуудын үнийг бууруулан албадан дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байх тул 2 дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах талаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч намайг ажлаар БНХАУ явсан байхад минь буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүх хурал болсон мөн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бас л намайг хуралд оролцох боломжгүй байгаа талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнхзул мэдэгдэн хурлыг хойшлуулах талаар хүсэлт гаргасаар байтал хуралдаж 82 дугаар магадлал  гаргасанд  гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч Э.Оргилын “...2 дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 248 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э.Оргил нь “Ориент инвест” ББСБ-д 212.616.000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39 дүгээр байрны 2 тоотын 133.9 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, мөн байрны 19 тоотын 119.8 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүгчийн захирамжид 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан боловч төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй байна.

 

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар тооцон тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т заасан.

 

Хариуцагч нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарын тохиролцсон үнэ болох 1 м.кв-ыг 2.000.000 төгрөгөөр тооцон, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, хоёр дах дуудлага худалдааны үнийг харилцан тохиролцсон үнийн 50 хувиар тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

 

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00954 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Оргилын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ