Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2022/00063

 

 

 

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2022/00063

 

 

П.*******ийн нэхэмжлэлтэй,

******* ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/00419 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ТӨҮГ-т холбогдох,

******* ТӨҮГ-аас тэтгэмжийг 20 сарын дундаж цалингаар тооцож 68.084.000 төгрөг, ажил хүлээлцэх үеийн олговор 18 сар 7 өдрийн 62.410.333 төгрөг, нийт 130.494.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Б.Нандинчулуун нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Б.Нандинчулуун, нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1989 оноос эхлэн ******* ТӨҮГ-т хүний нөөцийн менежерээр 31 дэх жилдээ ажиллаж, энэ хугацаанд өөрийн мэдлэг мэргэжил, ур чадвар болон оюун санааны бүхий л нөөц баялгаа өөрийн үйлдвэрийн хөгжил дэвшил, ажиллагсдын сайн сайхан бүхний төлөө харамгүй зориулж, үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг боловсруулах, хөгжүүлэх, хэрэгжүүлэх үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Миний хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь үнэн. Гэвч намайг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн учир би 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргасан юм. Уг гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтээр нэг удаа хойшлогдож, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр товлогдсон. Гэтэл шүүх хуралдаан болохоос өмнө ******* ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нандинчулуун нь миний биеэ үзүүлж эмчлүүлж байсан эмч Оюундэлгэр, Бурмаа нарыг ажил дээрээ дуудан ирүүлж Ц.*******т 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эмнэлгийн хуудас олгосон учир тэднийг ажлаас нь хална гэж заналхийлсэн байна. Үүний улмаас ******* ТӨҮГ-т шууд харьяалагддаг сувиллын эмнэлгийн эмч нар над руу утасдаж эмнэлэг дээр ирж уулзахыг хүссэн. Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сувилал дээр очиж эмч нартай уулзахад тэд намайг шүүхэд гаргасан гомдлоо татаж аваач гэж уйлан хайлан надаас гуйсан. Би эх хүний хувьд өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалахдаа, ******* ТӨҮГ-ын эрх мэдэл бүхий зарим хүмүүсийн атгаг санаа, ариун бус хүслээ хэрэгжүүлэх далбаан доорх эгэл жирийн эмч нарын ажил амьдрал, хувь заяаг хохироох хэлмэгдүүлэлтийн оролцогч болохыг хүсээгүй учир аргагүй нөхцөл байдлын улмаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр буюу шүүх хуралдаан болохын өмнөх өдөр гомдлоосоо татгалзсан. Дашрамд хүний амь нас, эрүүл мэндийг хариуцахаар андгай тангараг өргөсөн эмч нар гэм буруугүй болох нь нотлогдох цаг хугацаа хол биш гэдэгт би итгэл үнэмшилтэй байна. Би өмнөх гомдолдоо Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн ******* ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, улмаар намайг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг шаардаж байсан. Харин дээр дурдсан нөхцөл байдлын улмаас энэхүү шаардлагыг би дахин гаргаж, бусдын ахуй амьдрал хувь заяанд толбо суулгахыг хүсэхгүй байна. Иймээс би хариуцагчийн гаргасан 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалын 1 дэх хэсэгт зааснаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрч, уг тушаалын бусад хэсэгт байгаа хууль зөрчсөн үг, үйлдлийг шүүхийн журмаар засуулахаар нэхэмжилж байна. Ажил олгогч уг тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг үүрэгт ажлаас чөлөөлж, миний ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний дотор хүлээлцэхээр захирамжилсан. Гэвч ажил олгогчийн зүгээс миний ажлыг хүлээлцэх талаар идэвхтэй санал санаачилга өнөөг хүртэл гаргаагүй. Ийм учраас би одоогоор хийж байсан ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тушаалд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг хариуцагч надад олгоогүй хэвээр байна. Ийнхүү ажил олгогчийн буруугаас өнөөг хүртэл ажил хүлээлцээгүй байгаа учир Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчоос ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор болох 14 543 977 /арван дөрвөн сая таван зуун дөчин гурван мянга есөн зуун далан долоо/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнийг өөрийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажсан цалин хөлсөөр тооцсон ба миний ******* ТӨҮГ-т ажилласан сүүлийн нэг жилийн цалин хөлсний нийлбэр дүн 38.783.9487 нэг сарын дундаж цалин хөлс 3 231 995 төгрөг байна. Иймд миний ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх 4 сар 15 хоногийн хугацаанд нийт 14 543 977 төгрөг болж байна. Мөн түүнчлэн намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн...40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд ...дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасантай зөрчилдөж байна. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ажил олгогчоос олгох тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дундаж цалин хөлсний хэмжээгээр бодуулж авах буюу ******* ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчлөхдөө:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй. Хуулийн энэ заалтыг баримтлан би ажлаас халагдсаны тэтгэмжээ дундаж цалин хөлсөөр тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөн, тэтгэмжийг бодит үнийн дүнгээр тооцоолон гаргаж, 20 сарын дундаж цалин хөлс буюу 68.084.000 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжилж байна. Би өнөөгийн байдлаар ажил, албан тушаалаа зохих ёсоор хүлээлцээгүй, улмаар ажлаас халагдсаны тэтгэмжээ аваагүй байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтлан ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговрыг хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан 2020.08.26-ны өдрөөс шүүх хуралдаан товлогдсон өдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 4 хүртэлх хугацаагаар сунгаж, нийт 18 сар 7 ажлын өдрөөр тооцоолж 62.410.333 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иймд нийт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 130.494.333 төгрөгийг ******* ТӨҮГ-аас гаргуулах шүүхийн шийдвэр гаргаж миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох тооцооллыг өөрийнхөө шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцсон. Энэ нотлох баримт нь зохих ёсоор нотариатчаар гэрчлэгдсэн бөгөөд сар бүрийн цалин хөлсний тооцоолол, бичилтийг хэргийн хариуцагч ******* ТӨҮГ-ын нягтлан бодогч болон Орхон аймгийн НДХ-ийн байцаагч нар тухай бүрт нь өөрсдийн тамга тэмдгээр баталгаажуулсан учир тооцооллын маргаан гарах үндэслэл байх учиргүй. Сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005.05.05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримталсан. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдон 2022.01.01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ний өдрийн А\192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам мөрдөгдөж байгаа. Хуучин шинэ аль аль журамд ажлаас халагдсаны дараах тэтгэмжийг ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор яг адилхан журамласан байх тул тооцооллын ялгаа зөрүү гарах учиргүй. Би эрхэлж байсан ажил, албан тушаалаа зохих ёсоор хүлээлцэж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогчоос авах ёстой, ажлаас халагдсаны тэтгэмж болон бусад нэмэгдэл тэтгэмжээ цаг тухайд нь бүрэн гүйцэд авч байхын тулд хэргийн хариуцагчид олон удаа санал хүсэлт гаргасан. Гэвч хариуцагчийн зүгээс миний удаа дараагийн санал санаачилгыг хүлээн авч, асуудлыг шийдвэрлэх талаар ямар ч үйл ажиллагаа огт явуулахгүй, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үл тоомсорлосон эс үйлдэхүйд би маш их гомдолтой байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Б.Нандинчулуун нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14 543 977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: "*******" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаартай тушаалаар ажилтан П.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1. 43.2 дахь заалтуудад тус тус зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс цуцалсан. "*******" ТӨҮГ нь ажилтан П.*******т түүний 99351903 дугаарын гар утсанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон ажил хүлээлцэж өрөө тасалгаагаа хүлээлгэн өгөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэтэл ажилтан П.******* нь эмнэлэгт үзүүлж байгаа, өвчтэй байгаа гэх шалтгааны улмаас тушаалыг гардан авахаас эрс татгалзаж байсан тул ажил олгогчоос дээрх нөхцөл байдлыг үндэслэн *******" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.15-д заасны дагуу ажилтны хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдсэн оршин суугаа хаяг руу хүргүүлсэн. Ингээд ажилтан П.*******ийн хаягийн дагуу баталгаат шуудангаар 2020 оны 08 дугаар сарын 28, 9 дүгээр сарын 21-ний өдрүүдэд удаа дараа хүргүүлсний эцэст тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан байдаг. Нэхэмжлэгч П.******* нь *******" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/1483 тушаалыг гардан авсны дараагаар шүүхэд хандан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ерөнхий захирлын дээрх тушаалыг хүчингүй болгож, эмнэлгийн акттай байх хугацаа дууссан өдрөөс эхлэн шинээр гаргуулах, дээрх хугацааны тэтгэмжийг нөхөн олгох, өндөр насны тэтгэмжийг 20 сарын дундаж цалингийн хэмжээгээр бодож олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх, хуульд заасан эрх үүргийн хүрээнд ажиллагаа явуулахад нэхэмжлэгч нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, цуглуулсан, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байх магадлалтай нөхцөл байдал үүссэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хууль бус нотлох баримтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон. Дээрх нөхцөл байдлыг олж мэдсэн, нэхэмжлэгч хуурамчаар баримт бичиг үйлдсэн эмч, эмнэлгийн ажилтнууд хоорондоо зөвшилцөж, нэхэмжлэгч тал сайн дураараа нэхэмжлэлээсээ татгалзаж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2021/00043 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр ярьж, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагдсан учир нотлох баримтын хэмжээнд хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу? *******" ТӨҮГ нь нэхэмжлэгч П.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн өдрөөр дуусгавар болгож, түүний албан өрөөг суллаж, хувийн эд зүйлийг нь лацдаж, баталгаажуулан баталгаат шуудангаар оршин суух хаягт нь хүргүүлсэн. "*******" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.14-т "Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардан авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дуусгасны дараа баримт бичгээ хүлээн авах" үүрэгтэй талаар тусгасан байдаг. Иймд ажилтан П.*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалаа гардан авах, холбогдох тооцоогоо хийж дуусгаж ажил хүлээлцэхээс санаатайгаар татгалзаж, үйлдвэрийн газраас төлбөр нэхэмжилж буй үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмж олгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: *******" ТӨҮГ-ын Захиргаа нь ажилтны төлөөлөл болсон Үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо 2 жил тутам "Хамтын гэрээ" хэлэлцээрийг байгуулан ажилласаар ирсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж зохицуулсан. "*******" ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх "Хамтын гэрээ-ний 8 дугаар бүлгийн 8.11.5-д "Үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно" гэж заасан. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд "*******" ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх "Хамтын гэрээ"-ний 8 дугаар бүлгийн 8.11 дэх заалт нь ажилтны эрх ашиг сонирхлыг хөндсөн бус, ажилтанд хуульд зааснаас илүү нөхцөлөөр тэтгэмж олгох тухай Захиргааны зүгээс Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан хамтын тохиролцоо юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг олгохоор тусгасан хэдий ч нэг сар олгох уу, эсхүл түүнээс дээшээ хугацаа гэдэгт ямар хугацаа хамаарах талаар нарийвчлан зохицуулаагүй. Харин Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан дээрх зохицуулалтыг дагаж мөрдөх нарийвчилсан зохицуулалт нь Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан Хамтын гэрээний зохицуулалт болно. Иймд дээрх гэрээний дагуу Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалаар ажилтан П.******* нь үйлдвэрийн газарт 31 жил 03 сар ажилласан тул 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ"-ний 8.11.5- зааснаар 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, Н.Энхболд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

П.******* нь өөрийн илтэд санаатай үйлдлээр, зориудаар нөхцөл байдлыг бий болгон 31 жил ажилласан үйлдвэрээсээ ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговорт 62 410 333 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаал, үйлдвэрийн газрын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу ажилтны үндсэн цалингаас тооцон, 20 сарын тэтгэмж олгох боломжтой. Хариуцагчийн хариу тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүх хуралдаанаас гаргаж өгөх болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

******* ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Хүний нөөцийн албанд Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байсан П.******* нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Ажил, албан тушаалаа хүлээлгэн өгөх талаар ЗХНБГ-ын орлогч дарга Н.Энхболдод ямар нэгэн хүсэлт, өргөдөл өгч байгаагүй, өөрөө биечлэн уулзаагүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/00419 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* ТӨҮГ-аас 71.488.200 төгрөг гаргуулан П.*******т олгож, нэхэмжлэлээс 59.006.133 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.000 төгрөгийг буцаан олгож, хариуцагч ******* ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 515.391 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 21-д Хариуцагч нь ... тушаалыг гардуулах гэсэн боловч П.******* нь өөрийн илтэд санаатай үйлдлээр, зориудаар нөхцөл байдлыг бий болгосон. 2020.08.27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажил, албан тушаалаа хүлээлгэн өгөх талаар ЗХНБГ-ын орлогч дарга Н.Энхболдод ямар нэгэн хүсэлт. өргөдөл өгч байгаагүй, өөрөө биечлэн уулзаагүй... гэдэг хэмээн хариуцагчийн тайлбарыг хуулбарлан бичжээ. Шүүгч. Б.Хишигдаваа хариуцагчийн энэ тайлбарын үнэн худлыг шүүж дүгнэхгүйгээр дурдаад өнгөрсөн нь тун ойлгомжгүй байна. Би өмгөөлөгчийн хувиар анхан шатны шүүхэд 2022.02.21-нд гаргасан тайлбартаа \2Х-24х\ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ИХШХШТХ-ийн 6.5 болон 25.2.1-д илт тодорхой заасан үүргээ зөрчин шүүхэд худлаа тайлбар хүргүүлж байгааг анхааруулсан билээ. Гэтэл П.*******ийг ажил, албан тушаалаа хүлээлцээгүй эс үйлдэхүйд буруутгах нэг ч нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй үнэн байдалд анхан шатны шүүх ямар ч үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна. Байгууллагын нууцын зэрэглэл бүхий чухал бичиг баримтыг хариуцдаг ажилтны ажил, албан тушаалыг хүлээлцэх нь түүнд зөвхөн тушаал гардуулснаар дуусгавар болох учиргүй. Түүнчлэн хэргийн зохигчид тушаал хүлээн авсан эсэх тухай огт маргаагүй. Цааш нь үндэслэх хэсгийн 22-т "******* ТӨҮГ -ын дотоод журам болон П.*******ийн хөдөлмөрийн гэрээнд бичигдсэн ажилтны үүргийг дээрхтэй мөн адилаар ямар ч үнэлэлт дүгнэлтгүйгээр дурдсан байна. П.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2020.08.26-ны өдрийн Б\1483 дугаар тушаал\1Х-6х\-ын 3 дахь хэсэгт П.*******ийн ажлыг 2020.09.04-ний өдрийн дотор хүлээлцэх, ээлжийн амралт болон бусад тооцоог хийж дуусгахыг ЗХНБГ\О.Отгонбаяр\ .Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс\Ц.Мөнхболд\-т даалгасугай гэжээ. П.******* өвчний улмаас уг тушаалыг гардан авч чадаагүй учир, тэрээр өөрийн шууд удирдлага болох Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьдад мессеж бичиж өөрөө хүсэж, тушаалыг 2020 09.25-нд шуудангаар авсан. Ийнхүү тушаалд заасан ажил хүлээлцэх хугацаа өнгөрсөн хойно тушаалыг ажил I анд гардуулснаа ажил олгогч МЭШ СЗИИ МЗДЭЖ байсан. Хүний нөөцийн менежер П.*******ийн ажил , албан тушаалаа хүлээлцэх буюу байгууллагын нууцын зэрэглэл бүхий бичиг баримтыг хүлээлгэн өгөхөд хариуцагч талаас түүний ажил, албан тушаалыг зохих ёсоор хүлээлцэх тухай тодорхой шийдвэр гарсан байх урьдчилсан нөхцөл шаардагдах нь ойлгомжтой. Энэхүү урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх, ажил хүлээлцэх комисс томилох зэрэг эрх, үүрэг нь гагцхүү ажил олгогчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Хариуцагч байгууллагын ерөнхий захирлын 2019.05.10-ний өдрийн А\376 дугаар тушаал\1 х-83х\-аар батлагдсан ******* ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын үйл ажиллагааны журмын 3.1.1.4-т Гүйцэтгэх удирдлагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр цаг тухай бүр хангах\1Х-85х\, 3.1.4.9-д Удирдлагын баримт бичиг тушаал, шийдвэр, албан даалгавар, ирсэн, явуулсан баримт бичиг, өргөдөл гомдол г.м\-ийн шийдвэрлэлтэд хяналт тавих, заасан хугацаанд нь тайлан, мэдээ гаргах \1Х-85х-ын ард\ , мөн журмын 3.1.9-д тогтоосноор, баримт бичгээр тавьсан асуудлыг 1-30 хоногийн до-тор шийдвэрлэх Х-87х\-ээр журамлагдсан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ЗХНБГ-ын ажилтан. албан тушаалтнууд буруугүй гэж үү? Уг тушаалд заасан хугацаа нэгэнтээ дууссаныг мэдсээр байж, ажил хүлээлцэх нөхцөл байдлыг гардан зохион байгуулах эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг ажил олгогчийн санаатай эс үйлдэхүй гэж үзэх нь үнэнд илүү нийцтэй, шударга болно. Байгууллагын нууцын зэрэглэл бүхий ажил, албан тушаалыг хүлээлцэх нь хүнсний дэлгүүрт ороод бараа сонгож авах лугаа чөлөөт үйлдэл, сайн дурын хэрэг биш. Иймээс өнөөг хүртэл ажил хүлээлцээгүй эс үйлдэхүйд П.*******ийг буруутгах хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 25-д П.*******т өөрийнх нь өрөөнд байсан хувийн хэрэглэлүүдийг нь баталгаат шуудангаар хүргүүлсэн байхад энэ цаг хугацаанаас хойш өөрөө ажлаа хүлээлцэх талаар санаачилга гаргаагүй байгаа нь ажилтныг зөвтгөж, ажил олгогчийн буруу байсан гэх үндэслэлгүй гэжээ. Энд шүүгч Б.Хишигдаваа 11 нүүр хуудас бүхий шийдвэртээ ядаж ийм нэгэн дүгнэлт бичсэнд талархууштай боловч энэхүү үнэлэлт дүгнэлт нь хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй байгаа нь харамсалтай. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаан дээр П.*******ийн хариуцагчид хаягласан ажил хүлээлцэх тухай мессежнүүд \2Х-36,37х\, түүний шууд удирдлага байсан Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьдтай ярихыг хүссэн, авагдаагүй утасны дуудлага, ерөнхий захирал Х.Бадамсүрэнд шуудангаар илгээсэн ажлаа хүлээлцэж, тэтгэмжээ авах тухай өргөдөл \2Х.38-41х\ зэрэг нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан. Эдгээр удаа дараагийн үйлдлүүд нь чухамдаа шүүгчийн дээр дурдсан цаг хугацаанаас хойш болж өнгөрсөн юм. Гэтэл шүүгч Б.Хишигдаваа энэ бүхнийг санаатай эсхүл санамсаргүй байдлаар умартаж нэхэмжлэгчийг буруутган улмаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаагүй нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.3-т Шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байна. Үндэслэх хэсгийн 26-д ажил хүлээлцэх үеийн олговрыг П.*******ийн тушаалаа гардан авсан өдрөөр тасалбар болгон ... нэхэмжлэлээс 59.006.133 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн \1999 оны\ 43-р зүйлд ажлаас халах, ажил хүлээлцэх тухай тодорхой зохицуулалт бий. Энэ зүйлийн 43.2-т зааснаар ажилтан ажлаа хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ. Мөн зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд ... хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. ' ******* ТӨҮГ нь өнөөг хүртэл П.*******ийн ажил, албан тушаалыг зохих ёсоор хүлээлцээгүй хэвээр байгаа бөгөөд Б\1483 дугаар тушаалд заасан 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ч мөн адил олгоогүй байна. П.*******ийн 2020.10.14-ний өдөр шүүхэд гаргасан гомдлыг 2021.01.07-ны өдөр хэлэлцэн хариуцагчийн хуульд нийцээгүй хүсэлтээр хэргийг хэрэгсэхгүй болгож, захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн. Үүнээс хойш хариуцагч хүссэн бол, П.*******ийн ажлаа хүлээлцээд улмаар ажлаас халагдсаны болон өндөр насны нэмэгдэл тэтгэмжээ авъя гэсэн хүсэлт, өргөдлийг цаг тухайд нь шийдвэрлэх нөхцөл боломж хангалттай байсан. Хариуцагч түүнд ажлаас халагдсаны тэтгэмжийг нь тушаал ёсоороо ядаж үндсэн цалингаар нь тооцоод өгчихсөн бол нэхэмжлэгч үндсэн ба дундаж цалингийн зөрүүний асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл боломж ч бас байсан. Харамсалтай нь хариуцагч тал дээрх боломжуудыг ашиглаж, П.*******т мөнгө санхүүгийн аятай таатай нөхцөл байдал бий болгох хүсэл зоригийн илэрхийлэл огт гаргаагүй нь үнэн. Үүнийг П.******* олон удаагийн шүүх хуралдаан дээр *******' ТӨҮГ-т ажилладаг. нэхэмжлэгчтэй хувийн тааламжгүй харилцаа бүхий зарим удирдах албан тушаалтны башир арга, атгаг санаатай холбогдуулан тайлбарлаж байсан. Энэ асуудал нь П.*******ийг хариуцагчаас ажил хүлээлцэх үеийн нөхөн олговорт 62 410 333 төгрөг нэхэмжлэх нөхцөл байдлыг бий болгосныг дурдах нь зүйтэй болов уу. Хөдөлмөрийн тухай хуульд \1999 оны\ ажил хүлээлцэх хугацааг ажилтан тушаалаа гардаж авсан өдрөөр тасалбар болгох тухай нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй. Иймд П.*******ийн ажлаас халагдсан өдрийг Хөдөлмөрийн тухай хуульд илт тодорхой зааснаар 43.2 заалтыг баримтлан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Хэн нэгэн этгээдийн хариуцах үүрэг нь хуульд зааснаар эсхүл гэрээний улмаас үүсдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 1999 оны 59-р зүйлийн 53.1-д ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага олгоно, 59.2-т ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уг хугацааны олговрыг ажилтанд олгоно гэж тус тус зааснаар, нэхэмжлэгчид ажил хүлээлцэх хугацааны олговор олгох хуульчлагдсан үүрэг ******* ТӨҮГ-т үүссэн нь гарцаагүй үнэн. Иргэний хуулийн 206-р зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч энэхүү үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Иргэний хуул.ийн 208-р зүйлийн 208.1 заалтаар бол хариуцагч нөхөн олговор олгох үүргийг хуульд заасан хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т заасан ажлаас халагдсан өдөр хүртэлх хугацаанд олгох нь хууль тогтоомжид харшлахгүй байна. Иргэний хуулийн 16-р бүлэгт тусгагдсан үүрэг гүйцэтгэх нийтлэг зохицуулалтын дагуу мөн хуулийн 215-р зүйлийн 215.2-т зааснаар үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй. П.*******ийг ажил, албан тушаалаа зохих ёсоор хүлээлцээгүйд буруутгах ямар ч нотлох баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй. Яагаад гэвэл хариуцагчийн зүгээс ажил хүлээлцэх талаар гаргасан санал санаачилга, үйл баримт байхгүй. Ийм нотлох баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй учир шүүгч Б.Хишигдаваа шийдвэртээ үнэлэлт дүгнэлт бичих боломжгүй нь бодит үнэн. Харин 2021.09.06-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгч Б.Бямбасүрэн хариуцагч нь П.*******ийн ажил, албан тушаалыг хүлээлцэх талаар санал санаачилга гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болох нь тогтоогдож байна... гэж дүгнээд П.*******ийн нэхэмжилсэн ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговор 14.543.977 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийцэж байсан юм. Үүнээс хойш ажлаа хүлээлцэж, тэтгэмжүүдээ авах талаар П.******* ажил олгогчид олон удаа, янз бүрийн арга хэлбэрээр хандсаныг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа.\2Х.36-41х\ Харин хариуцагчийн зүгээс ямар нэгэн санаачилга гаргаж, П.*******ийн хүсэлт, өргөдөлд хариу өгөөгүй үл тоомсорлосон хэвээр байгаа нь харамсалтай. Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч ******* ТӨҮГ хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч\П.******* учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна. П.******* өнөөг хүртэл ажил. албан тушаалаа зохих ёсоор хүлээлцээгүй нь нэхэмжлэгчээс өөрөөс нь огт шалтгаалаагүй. Тэрээр ийнхүү ажил олгогчийн \магадгүй хэн нэгэн эрх мэдэлтний\ атгаг санаа зорилгын золиос болж, эдийн засгийн болоод сэтгэл санааны давхар хор хохирол амсаж байгаа нь бас үнэн. 2021.01,07-ны өдрийн шүүх хурлаас хойш П.*******т ядаж ажлаас халагдсаны болон өндөр насны тэтгэмжийг өгсөн бол тэрээр ажил хүлээлцэх хугацааны олговрыг энэ өдрийг хүртэл нэхэмжилснээр маргаанаа дуусгавар болгох асуудал 2021,09.06-ны шүүх хуралдаан дээр яригдаж байсан. Ажил хүлээлцэх хугацааны олговрыг 2020.08.26-аас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021.01.07-ны өдрийг хүртэлх 4 сар 7 ажлын өдрөөр, П.*******ийн дундаж цалин хөлс болох 3.404.200 төгрөгөөр тооцоход 14.740.828 төгрөг болж нэхэмжлэлийн үнийн дүн багасахаар байна. Гэхдээ ******* ТӨҮГ-ын зарим албан тушаалтан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг биш. харин олны өмнө шүүмж мэдүүлсэн ажилтнаа далдуур хохироож, хариу барихыг илүү чухалчилж байгаа мэт нөхцөл байдал харагдаж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэх нь зүйтэй болов уу. П.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2020.08.26-ны өдөр гаргасан хариуцагч тал. ажил хүлээлцэх хугацаа өдий болтол сунжирсанд ажил олгогч буруугүй болохоо шүүхэд нотолж чадаагүй. Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.1-д ... үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн гэж үзнэ, 222.3. Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл \эс үйлдэхүй\-ийн хариуцлагыг хүлээнэ, 222.4. Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна... 222.7. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ. Иймд шүүх иргэн П.*******т Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулиар олгогдсон эрхийг Иргэний ХуулиЙН 3-р зүйлийн 9.4.1 -д зааснаар хүлээн зөвшөөрч, 9.4.3-т заасны дагуу ******* ТӨҮГ-ын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэн, П.*******ийн хариуцагчаас шаардсан ажил хүлээлцэх хугацааны олговрыг бүрэн гүйцэд гаргуулах шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах шүүхийн үндсэн зорилгод нэн нийцтэй. Түүнчлэн хавтаст хэрэг нь нэг, хэрэглэх хууль тогтоомж нь нэг, хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх нь нэг .... гээд тоочвол бүх зүйл нь яг адилхан байтал, ажил хүлээлцэх хугацааны олговрыг 2021.09.06 болон 2022.03.21-ний шүүх хуралдаанаар хоёр өөрөөр шийдвэрлэжээ. Үүнийг шүүгчийн субьектив нөхцөл байдалтай холбож үзэхээс өөрөөр тайлбарлах аргагүй байна. Иргэний хэргийн шүүхийн шүүгчид тал еэвэнгийн үлгэрээр бус шударга ёсны зарчмаар гэм буруутай этгээдэд дангаар нь эдийн хариуцлага үүрүүлж, хуулиар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлдэг байваас, шүүхийн хараат бус байх, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн зарчмууд хэрэгжин улмаар шүүхийн нэр хүнд өсөж дээшлэх учиртай Иргэний хуулийн 497-р зүйлийн 497 1-д зааснаар бусдын ....эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл \эс үйлдэхүй\-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө Иргэний хуулийн 229-р зүйлийн 229 1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Хэргийн хариуцагч тал П.*******ийн ажлаас халагдсаны тэтгэмжээ авах удаа дараагийн хүсэлт, өргөдөлд нэн тоомжиргүй хандаж байсан учир шалтгаанаа зөвтгөж, шүүхэд өөрсдийн гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй нь үнэн. Иймээс П *******т хуулийн дагуу олгогдох ёстой мөнгөн хөрөнгийг тодорхой бус учир шалтгаанаар удаан хугацаагаар саатуулсан ******* ТӨҮГ-ыг түүний эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Хэрвээ П.*******т анхны шүүх хурал \2021.01.07\-ын дараа ажлаас халагдсаны тэтгэмжийг хариуцагч тал үндсэн цалингаар нь тооцоод олгосон бол тэрээр найман оронтой тоогоор хэмжигдэх мөнгөөрөө бизнес эрхэлж, өндөр ашиг орлого олохгүй гэхэд бэлэн мөнгөө арилжааны банканд хадгалуулаад долоон оронтой тоогоор хэмжигдэх хэмжээний хүүгийн орлого олох боломжтой байсан. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахал болон дайн бүхий нөхцөл байдлын улмаас 2020.08.26-ны өдрөөс хойш Монгол улсад юмны үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш унаж, мөнгөний инфляц нүүрлэж буй нь нийтэд илэрхий бөгөөд нотлох шаардлагагүй үнэн. Үүнтэй холбогдуулан П.*******ийн *******" ТӨҮГ-аас өнөөг хүртэл авч чадаагүй тэтгэмжүүдийн үнэ цэнэ ямар хэмжээгээр сар, өдөр тутамд буурсаар байгааг шүүх анхаарч үзвэл зохилтой. Дээр дурдсан нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлээр П.******* хариуцагчаас илүү ихийг шаардах эрхтэй боловч, тэрээр энэ бүхнийг нэмж нэхэмжлээгүй. Гэтэл анхан шатны шүүхийн Б.Хишигдаваа шүүгч, хууль тогтоомжоор журамлагдсан ажил, албан тушаал хүлээлцэх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхээ умартсан хариуцагчийн ажил хүлээлцэх хугацааны олговор болох П.*******ийн шаардсан 2022.03.04-ний өдрийг хүртэлх нэхэмжлэлийн шаардлагаас 59 006 133 төгрөгийг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх илт тодорхой заалттай зөрчилдөж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, дурдагдсан хууль зүйн үндэслэлүүдийг баримтлан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.21-ний өдрийн 142\ШШ2022\00419 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... нэхэмжлэлээс 59.006.133 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг ИХШХШТХ-ийн 167-р зүйлийн 167.1.3-т зааснаар хүчингүй болгож, мөн зүйлийн 167.1.2-т зааснаар энэ хэсэгт хариуцагчаас 130.494.333 \нэг зуун гучин сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга гурван зуун гучин гурван\ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, Н.Энхболд нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт хийж, ажилтны буруугаас ажил хүлээлцээгүй байна гэж дүгнэсэн атлаа тушаал гардан авсан өдөр буюу 2020 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл хугацааны нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн, түүнчлэн хуулийг буруу тайлбарлаж, ******* ТӨҮГ-ын Хамтын гэрээ нь тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, ажилтны эрхийг дордуулсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал:Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговрын асуудлаар: *******" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтуудад тус тус зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс цуцалсан. ******* ТӨҮГ нь ажилтан П.*******т түүний 99351903 дугаарын гар утсанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон ажил хүлээлцэж өрөө тасалгаагаа хүлээлгэн өгөх талаар удаа дараа мэдэгдсэн. /Гэрч Д.Намбаржумаа, Б. Одгарьд нарын мэдүүлгээр нотлогддог. /Гэтэл ажилтан П.******* нь эмнэлэгт үзүүлж байгаа, өвчтэй байгаа гэх шалтгаан хэлж, улмаар тушаалыг гардан авахаас эрс татгалзаж байсан тул ажил олгогчоос дээрх нөхцөл байдлыг үндэслэн *******" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.15-д заасны дагуу П.*******ийн хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдсэн оршин суугаа хаяг руу хүргүүлсэн. /Баталгаат шуудангаар хүргүүлсэн талаарх мэдээллийг өмнөх хэрэгт баримтуудыг эх хувиар нь өгсөн байсан учир тухайн хэргээс татан авч хэрэгт хавсаргуулсан/Ингээд ажилтан П.*******ийн хаягаар баталгаат шуудангаар 2020 оны 08 дугаар сарын 28. 9 дүгээр сарын 1, 7, 21-ний өдрүүдэд удаа дараа хүргүүлсний эцэст тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан. 2020 оны 09 сарын 07-ны өдрийн шуудан хүргэгчийн бүртгэлээс харахад авахаас татгалзсан үндэслэлээр буцсан байсан. (энэ талаарх холбогдох баримтууд хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан болно) Энэхүү нөхцөл байдалд ******* ТӨҮГ-ын буруутай буюу тушаал гардуулах ажиллагаа хийгдээгүй гэж үзэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 83 дугаар зүйлийн 83.4-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно'' гэж заасан. Харин өмнөх Хөдөлмөрийн тухай хуульд тушаалыг гардуулах талаар нарийвчлан зохицуулаагүй болно. ******* ТӨҮГ-ын зүгээс тушаалыг танилцуулах, ажил хүлээлцэх талаар боломжит бүхий л арга хэрэгслээр өөрийн Хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу холбогдох ажиллагааг бүрэн хийсэн. Харин П.******* нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй' гэх, "*******" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.14-т заасан Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардан авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дуусгасны дараа баримт бичгээ хүлээн авах үүрэгтэй" гэх, Хөдөлмөрийн гэрээний 3.4.8-т Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байр өөрчлөгдөх үед ажил, үйл ажиллагаандаа хэрэглэж байсан файл, бусад бичиг баримтууд, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зохих ёсоор хүлээлгэн өгөх нь ажилтны үүрэг байна" гэх заалтуудыг тус тус хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэгжүүлэх аливаа оролдлого хийгээгүй болно. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 59 дүгээр зүйлийн 59.3-т Ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй" гэж заасан. Иймд тушаал гардан авах, ажил хүлээлцэх талаар ямарваа нэгэн идэвхтэй үйлдэл хийж өөрийн Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг биелүүлэлгүйгээр, ажил олгогчоос санаачилсан тушаал гардуулах, ажил хүлээлцэх идэвхтэй үйлдлийг өөрийн илтэд санаатай үйлдлээр няцааж, зориудаар дээрх нөхцөл байдлыг бий болгож татгалзаж байсан ажилтны үйлдлийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа ажил хүлээлцэх үеийн олговрыг түүний тушаал гардан авсан өдрөөр тасалбар болгон нэг сарын дундаж цалин 3.404.200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хамтын гэрээний асуудлаар: ******* ТӨҮГ-ын Захиргаа нь ажилтны төлөөлөл болсон Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой 2 жил тутам "Хамтын гэрээ" хэлэлцээрийг байгуулан ажилласаар ирсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хамтын гэрээ' гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж зохицуулсан. ******* ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ-ний 8 дугаар бүлгийн 8.11.5-д Үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно гэж заасан. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд *******" ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ"-ний 8 дугаар бүлгийн 8.11 дэх заалт нь ажилтны эрх ашиг сонирхлыг хөндсөн бус, ажилтанд хуульд зааснаас илүү нөхцөлөөр тэтгэмж олгох тухай Захиргааны зүгээс Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой байгуулсан хамтын тохиролцоо юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг олгохоор тусгасан. Харин нэг сар олгох уу эсхүл түүнээс дээш хугацаа гэдэгт ямар хугацаа хамаарах талаар нарийвчлан зохицуулаагүй бөгөөд Хамтын гэрээгээр зохицуулж болох харилцаа юм. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан дээрх асуудлыг шийдвэрлэхдээ ажилтны эрх зүйн байдлыг дээшлүүлж, Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой байгуулсан Хамтын гэрээгээр зохицуулсан. Энэхүү зохицуулалтыг Хамтын гэрээгээр зохицуулаагүй байсан бол ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг баримтлан П.*******т 2, 3, 4 ... гэх мэтчилэн хэдэн ч сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох боломжтой байсан бөгөөд энэ тохиолдолд ажилтны эрх зүйн байдал одоогийнхоос дордох байсныг дурдах нь зүйтэй. Үйлдвэрийн газар нь өөрийн санхүүгийн бололцоондоо тулгуурлан ажилтнуудын нийгмийн асуудалд бодитой дэмжлэг болж чадах зохицуулалтыг хамтын гэрээндээ жил бүр тусгаж ирсний нэг нь энэхүү өндөр насны тэтгэвэрт гарах үед нь олгодог тэтгэмжийн асуудал юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 8 дугаар зүйлд Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах үндсэн зарчмыг тусгасан ба 8.1.5-т хамтын гэрээ, хэлэлцээрт тусгах саналаа чөлөөтэй сонгож хэлэлцэх" гэж, 15 дугаар зүйлийн 15.4-т Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана, 15.5-т Бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй гэж заасан бөгөөд ******* ТӨҮГ-ын Хамтын гэрээ нь түс хуулийн зохицуулалтын дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнаар хянагдан баталгаажсан хууль ёсны гэрээ юм. Иймд дээрх гэрээний дагуу 8.11.5-т заасны дагуу үйлдвэрийн газарт 31 жил 03 сар ажилласан ажилтанд 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалаар олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болж, ийм жишиг тогтоовол *******" ТӨҮГ-т Хамтын гэрээ байгуулагдсан цагаас (2000 оноос) хойших тэтгэвэрт гарсан бүх ахмадууд дундаж цалин хөлсөөр тооцуулж тэтгэмж авахаар шүүхэд хандах магадлалтай бөгөөд бидний тооцооллоор 2019-2021 он хүртэл 548 ахмад настан (2019 онд 201, 2020 онд 162, 2021 онд 185) Хамтын гэрээний энэхүү зохицуулалтын дагуу тэтгэмж авсан байна. Тиймээс *******" ТӨҮГ-ын Хамтын гэрээний тус зохицуулалт хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар зөв зүйтэй дүгнэж хийж, бодитой шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Дээд шүүхийн практикаас харахад Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу дундаж цалин хөлсөөр олгох тэтгэмжийг Хамтын гэрээгээрээ үндсэн цалингаар олгосон ажил олгогчийн шийдвэрийг ажилтны эрхийг дордуулаагүй тул зөв зүйтэй гэж дүгнэсэн хэд хэдэн тогтоол байдгийг shuukh.mn сайтаас харж болох бөгөөд 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-82.1.4-т дэх заалтуудад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг үндсэн цалин хөлсөөр олгохоор тусгасан бөгөөд 82.3-т зааснаар хуульд заасан уг хэмжээг Хамтын гэрээ, хэлэлцээрээр нэмэгдүүлэн олгож болох талаар заасан болохыг дурдах нь зүйтэй. Шүүхээс дундаж цалин хөлс тооцсон аргачлалын талаар: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж заасан. Харин Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгын 101 дүгээр зүйлийн 101.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж зохицуулснаар ажилтны ээлжийн амралтын цалинг цалин хөлсний бүрэлдэхүүнд оролцуулан тооцох болсон. Нэхэмжлэгч талаас тооцоолон гаргасан гэх дундаж цалин хөлс тооцоолсон аргачлал нь ажилтны ээлжийн амралтын цалинг оролцуулан тооцсон дүн юм. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 8-т Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоохдоо хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дунджийг тодорхойлоход энэ журам хамаарахгүй, 9-т Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна гэж тус тус заасан. ******* ТӨҮГ-аас тус журмыг баримтлан дундаж цалин хөлсийг тооцоолон олгодог атал нэхэмжлэгч талын гаргасан тооцооллын дагуу шийдвэрлэсэн нь дээрх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан дундаж цалин хөлс тооцсон аргачлал нь Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг зөрчсөн байна. Нэхэмжлэл хүлээн авсан асуудалд: Нэхэмжлэгч П.*******ийн 2020 оны 10 сарын 14-ний өдөр гаргасан Нэхэмжлэл болон 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрүүдэд гаргасан нэхэмжлэлүүд агуулгын хувьд ижил шаардлагатай байгааг шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй. Тухайлбал: Нэхэмжлэгч нь 2020 оны 10 сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг үүрэгт ажлаас чөлөөлөх хугацааг эмнэлгийн акттай байх хугацаа дууссан өдрөөс эхлэн шинээр дахин гаргах, ингэхдээ эмнэлгийн акттай байсан хугацааны тэтгэмжийг нөхөн олгох, өндөр насны тэтгэмжийг 20 сарын дундаж цалингаар бодож олгуулахыг үүрэг болгох гэж шаардсан. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2020 оны 12 сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодотгон гаргасан хариу тайлбарт ... тушаалыг хүчингүй болгуулах, хариуцагчид ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн П.*******ийг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тушаал гаргах, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар гомдол гаргагчид ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргахдаа П.*******ийн шаардсанаар ажлаас халагдсаны тэтгэмжийг дундаж цалин хөлсөөр тооцож олгохыг үүрэг болгох... гэж шаарджээ. Гэтэл нэхэмжлэгчийн одоогийн шаардлагад ... ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан өдрөөс буюу 2020 оны 08 сарын 26-ны өдрөөс анхан шатны шүүх хуралдаан товлогдсон өдөр буюу 2022 оны 03 сарын 04-ний өдөр хүртэлх байдлаар тооцож, 62.410.333 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 20 сарын дундаж цалин 68.084.000 төгрөг нийт 130.494.333 төгрөг гаргуулах гэжээ. Иймд нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасан үндэслэл байгаа буюу өмнө тухайн асуудлаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүхийн тогтоол, захирамж байгаа үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байсан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр атал ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2021/00043 тоот шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй" гэж дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгчийн захирамж бол шүүхийн шийдвэрийн адил хүчинтэй, шүүхийн шийдвэрийн дугаар авагддаг. Гэтэл шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа мэт нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлтэй адил шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авсанд гайхаж байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ сайн дураараа татгалзаагүй, хариуцагч талын дарамт шахалтын дунд хийгдсэн гэж маргаж байгаа хэдий ч үндсэн нэхэмжлэлийн шаардлага зөрүүтэй талаар тайлбарладаггүй. Шүүхэд зориудаар хуурамч нотлох баримт гаргаж, түүнээсээ үүдэлтэй нөхцөл байдлыг тооцоолон шүүхийн үйл ажиллагаанд зориудаар саад хийж, нэхэмжлэлийг хүлээн аваагүй тохиолдолд суулт хийх, өлсгөлөн зарлах гэх мэт башир аргаар тэмцэх талаар айлган сүрдүүлж, хууль зөрчсөн, шийдвэр гаргуулсанд гомдолтой байна. Шүүх хөндлөнгийн нөлөөнд үл автаж, зөвхөн хуульд нийцүүлэн шийдвэр гаргах зарчим, үзэл санаа алдагдаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, өмнө шийдвэрлэгдсэн хэргийг дахин анхан шатны журмаар шийдвэрлэсэн буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/00419 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Б.Нандинчулуун нар давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ дараах 2 агуулгаар гаргасан байна. 1.Хариуцагч тал нь ажил хүлээлцэх талаар ямар ч идэвх санаачилга гаргаагүй, үүргээ гүйцэтгээгүй бөгөөд шүүхэд худлаа тайлбар хүргүүлсэн гэх үндэслэлийн тухайд: ******* ТӨҮГ-ын зүгээс тушаалыг танилцуулах, ажил хүлээлцэх талаар боломжит бүхий л арга хэрэгслээр өөрийн Хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу холбогдох ажиллагааг бүрэн хийсэн. Энэ талаарх бүх нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Харин нэхэмжлэгч П.******* нь тушаал гардан авах, ажил хүлээлцэх талаар ямарваа нэгэн идэвхтэй үйлдэл хийж, өөрийн Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг биелүүлэлгүйгээр, ажил олгогчоос санаачилсан тушаал гардуулах, ажил хүлээлцэх идэвхтээ үйлдлийг өөрийн илтэд санаатай үйлдлээр няцааж, зориудаар дээрх нөхцөл байдлыг бий болгож татгалзаж байсан үйлдлийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж үзэж байгаа болно. 2-рт: Ажил олгогч нь ажилтны ажлаас халагдсаны тэтгэмжийг одоог хүртэл өгөөгүй байгаа гэх үндэслэлийн тухайд: *******"' ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 сарын 26-ны өдрийн Б/1483 дугаартай тушаалаар П.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 сарын 27-ны өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд тус тушаалын 2 дахь заалтаар үйлдвэрийн газарт 31 жил 3 сар ажилласан П.*******т ******* ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8.11.5 дахь заалтын дагуу 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. Бид анхан шатны шүүх хуралдаанд дээрх тушаалын дагуу П.*******т 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоход бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн бөгөөд хариуцагч талын энэхүү тайлбар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт баталгаажсан. П.*******ийн үндсэн цалин 2.778.130 төгрөг бөгөөд уг мөнгөн дүнг 20 сараар тооцож, 55.562.600 төгрөгийн тэтгэмжийг *******" ТӨҮГ-аас олгоход бэлэн болно. Гэвч нэхэмжлэгч П. ******* нь одоог хүртэл тус үйлдвэрийн газарт ирж, өр авлагын асуудлаар тооцоо нийлж, тойрох хуудсыг баталгаажуулалгүйгээр эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэж байгаа учир бид дээрх мөнгөн дүнгээр тэтгэмжийг олгоогүй байгаа болно. Нэхэмжлэгч нь тус үйлдвэрийн газарт ирж, тойрох хуудсаар тооцоо нийлсэн тохиолдолд Ерөнхий захирлын тушаалд заагдсаны дагуу олгох 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өнөөдөр ч олгох боломжтой. Ажилтнаас шалтгаалсан дээрх үйлдлийн улмаас тэтгэмжийг олгоогүй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч П.******* нь ******* ТӨҮГ-т холбогдуулан ажил хүлээлцэх үеийн олговор 14.543.977 төгрөг гаргуулах, ******* ТӨҮГ-аас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэх хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, ******* ТӨҮГ-аас тэтгэмжийг 20 сарын дундаж цалингаар тооцож 68.084.000 төгрөг, ажил хүлээлцэх үеийн олговор 18 сар 7 өдрийн 62.410.333 төгрөг нийт 130.494.333 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч байгууллага , нэхэмжлэлээс 20 сарын тэтгэмжийг үндсэн цалингаар тооцож олгохыг зөвшөөрч, нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж маргасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч П.******* нь ******* ТӨҮГ-т хүний нөөцийн хэлтэст хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийн 38.1.2., 40.1.3.,43 дугаар зүйлийн 43.1., 43.2., 40 дүгээр зүйлийн 40.1.3., дахь заалт ******* ТӨҮГ-ын захиргаа Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 8.11.5. дахь заалтуудыг баримтлан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч П.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуульд /1999 оны/ өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 1 сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан байдаг тул 20 сарын тэтгэмжийг хуульд нийцүүлэн сарын дундаж цалин хөлсөөр бодон 68.084.000 төгрөгөөр нэхэмжилнэ. Одоо болтол ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т ажилтны ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэхээр заасан тул ажил хүлээлцэх үеийн нөхөн олговрыг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 18 сар 7 хоногийн 62.410.000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон ба хариуцагч нэхэмжлэгчийн энэ шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ******* ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоо 2 жил тутам хамтын гэрээ хэлэлцээрийг байгуулдаг. 2020-2021 оны онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 8.11.5.-д үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь 1 удаа олгоно гэж заасны дагуу 20 сарын тэтгэмжийг үндсэн цалингийн хэмжээгээр тооцон олгоход татгалзахгүй, нэхэмжлэгч П.*******т ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гардуулж өгөх гэсэн боловч биеэр ирж аваагүй, гэрийнх нь хаягаар баталгаат шуудангаар 2 удаа явуулахад эхний удаа аваагүй, дараагийн хүргэлтээр авсан. Ажлаа хүлээлцэх талаар удаа дараа мэдэгдэхэд ирээгүй, комисс томилж өрөө тасалгааг онгойлгож, өрөөнд байсан хувийн хэрэглэлүүдийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Өөрөө ажлаа хүлээлцэхгүй байгаад байгууллагын буруу байхгүй ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор олгох боломжгүй гэсэн тайлбар гарган татгалзаж мэтгэлцсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ******* ТӨҮГ-ын ерөнхий захирлын Б/1483 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.*******ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба ******* ТӨҮГ-аас 31 жил 3 сар ажилласан тул 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заажээ. Тухайн тушаалыг гардуулж өгөх, албан тасалгаагаа хүлээлгэж өгөх талаар байгууллагын захиргаанаас удаа дараа мэдэгдэж байсан боловч П.******* нь эмнэлэгт үзүүлж өвчтэй байгаа гэх шалтгаанаар тушаалыг гардаж авахаас татгалзаж байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдсэн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь тогтоогдсон байна. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 09 дүгээр сарын 21-ний өдрүүдэд баталгаат шуудангаар хүргүүлж, хүлээж аваагүй буцаж байсан нь баталгаат шуудангийн албан бичгээр нотлогдож байх ба 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тушаалыг нэхэмжлэгч П.******* гардан авчээ.

Нэхэмжлэгч П.******* ******* ХХК-ийн ерөнхий захирал нарын хооронд байгуулсан ******* ХХК-нд ажиллах тухай хөдөлмөрийн гэрээний /2012.03.27-ны өдрийн 2/32 дугаар/ 3.4.8.-р зүйлд ажилтан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байр өөрчлөгдөх үед ажил үйл ажиллагаандаа хэрэглэж байсан файл, бусад бичиг баримтууд, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зохих ёсоор хүлээлгэж өгөх, ******* ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5.2.14.-т хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардан авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дуусгасны дараа баримт бичгээ хүлээн авах тухай ажилтны үүргийг тус тус заасан байх ба нэхэмжлэгч П.******* нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 59 дүгээр зүйлийн 59.3.-т ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй гэж зааснаар нэхэмжлэгч П.*******т ажил хүлээлцэх үеийн олговрыг олгох боломжгүй байна.

Шүүх тушаалыг нэхэмжлэгч П.*******ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан өдрөөр тасалбар болгон 1 сарын дундаж цалин хөлс 3.404.200 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2.-т ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уг хугацааны олговрыг ажилтанд олгоно гэж заасан ба хариуцагч ******* ТӨҮГ нь нэхэмжлэгч П.*******т ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөх, ажил хүлээлцэх талаар удаа дараа мэдэгдэж байсан хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хэрэгжүүлж байсан нь тогтоогдсон, шүүх ажил олгогчийн буруу байсан гэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6., 40.1.1., 40.1.2., 40.1.3.-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 1 сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан ба хариуцагч ******* ТӨҮГ, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээнд 30 буюу түүнээс дээш жил бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь 1 удаа олгоно гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалттай зөрчилдөж байх тул хуульд заасан зохицуулалтыг үндэслэн 20 сарын тэтгэмжийг дундаж цалингаар тооцон олгосон нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хэдийгээр хариуцагч байгууллага тэтгэмж олгох сарыг урт хугацаагаар тооцсон байгаа ч олгох тэтгэмжийг хуульд нийцүүлж тогтоох ёстой гэсэн үндэслэлээр дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Б.Нандинчулуун нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/00419 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Б.Нандинчулуун нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, Н.Энхболд нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515.391 төгрөг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, анхан шатны шүүхээс давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжийг давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан тул улсын тэмдэгтийн хураамж 452.981 төгрөгийг нэхэмжлэгч П.*******ээс гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ