Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2023/00145

 

Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Д.Батбаатар, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/00140 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 207/МА2023/00033 дугаар магадлалтай,

Аийн нэхэмжлэлтэй

“Э” ТӨҮГ-т холбогдох

Олговор, тэтгэмжид нийт 74,931,733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Аээс хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор, өндөр насны тэтгэврийн тэтгэмжид нийт 74,931,733 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/00140 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э” ТӨҮГ-аас 15,925,600 /арван таван сая есөн зуун хорин тав мянган зургаан зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ат олгож, нэхэмжлэлээс 59,006,133 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Э” ТӨҮГ нь нэхэмжлэлээс 55,562,600 төгрөгийн шаардлагыг биелүүснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,000 төгрөгийг төрийн сангаас буцаан олгож, хариуцагч “Э” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 515,391 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 207/МА2023/00033 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/00140 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Н нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,578 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Аээс давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжинд 452,981 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.1, 172.2.1 дэх заалтыг тус тус баримтлан энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. 2021.09.06-ны өдрийн шүүхийн шийдвэрт шүүгч Б.Б “хариуцагч нь Аийн ажил, албан тушаалыг хүлээлцэх талаар санал санаачилга гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болох нь тогтоогдож байна...” гэж дүгнээд, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 59.2 дахь заалтыг баримтлан Аийн нэхэмжилсэн ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан. Дараагийн удаад 2022.03.21, 2023.01.19-ний өдрийн шийдвэрт ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговрыг 2020.09.25-ны өдөр /тушаал гардан авсан/-өөр тасалбар болгон 3,404,200 төгрөг олгохоор шийдвэрлэж, ажил хүлээлцэхтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 59,006,133 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Ингэхдээ анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн, ямар нотлох баримтыг үндэслэл болгож, хэрхэн үнэлж буйгаа хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарлаж, шийдвэртээ бүрэн гүйцэд тусгаагүйгээс шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 59.2 эсхүл 59.3 дахь заалтын алийг нь хэрхэн хэрэглэсэн нь тодорхой бус, шүүхийн магадлал ойлгомжгүй байна. Эдгээр шүүхийн шийдвэрүүдэд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 59.2 дахь заалтыг хэрэглэсэн боловч нөхөн олговор олгох хугацааг тогтоохдоо мөн хуулийн 59.3 дахь заалтыг хэрэглэн өөрөөр тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульчлагдсан шаардлагыг хангахгүй байна. Хавтаст хэрэг нь нэг, хэрэглэх хууль тогтоомж нь нэг, хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх нь нэг... гээд тоочвол бүх зүйл нь яг адилхан байтал, ажил хүлээлцэх хугацааны олговрыг 2021.09.06 болон 2023.01.19-ний шүүх хуралдаанаар хоёр өөрөөр шийдвэрлэсэн. Шүүгчид хэргийг тал еэвэнгийн үлгэрээр бус, шударга ёсны зарчмаар гэм буруутай этгээдэд дангаар нь эдийн хариуцлага үүрүүлж, хуулиар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан этгээдийг хохиролтой нөхцөл байдалд үлдээхгүй байх нь шударга ёсны хэмжүүр болох учиртай. Нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлоо шударга шүүхээр хамгаалуулах хүсэл зоригийн илэрхийлэл хийгээд өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа шүүхийн шийдвэрийн гадна үлдэж, хөсөр хаягдсанд гомдолтой байна.

4.2. Шүүхийн шийдвэрүүдэд тусгагдсан нотлох баримт болон хууль хэрэглээний зөрүүтэй байдал.

Бүх шатны шүүхүүд Иргэний хуулийн 1.2-д заасан үндсэн зарчмуудыг удирдлага болгон иргэний хууль тогтоомжийг зөв хэрэглэснээр иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхол хамгаалагдана. Магадлалд “Э” ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5.2.14-т “хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардан авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дууссаны дараа баримт бичгээ хүлээн авах”, мөн 3.4.8-д “ажилтан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үед үйл ажиллагаандаа хэрэглэж байсан файл, бусад бичиг баримтууд, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зохих ёсоор хүлээлгэж өгөх” талаар тус тус заасан байх ба А нь дотоод журамд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /гэрчүүдийн тайлбар, баталгаат шуудангийн албан бичиг/ тогтоогдсон байна. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 59.3-т “Ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй” байхаар заасан тул ажил хүлээлцэх үеийн олговрыг нэхэмжилсэн хэмжээгээр олгох боломжгүй юм гэжээ. Хэрэв хэргийн бодит байдлыг бодит үйл баримтаар бус байгууллагын дотоод журмаар тогтоон шийдвэрлэж болно гэж үзвэл “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019.05.10-ний өдрийн А/376 дугаар тушаалаар батлагдсан “Э” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын үйл ажиллагааны журмын 3.1.1.4-т Гүйцэтгэх удирдлагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр цаг тухай бүр хангах, 3.1.4.9-д Удирдлагын баримт бичиг, тушаал, шийдвэр, албан даалгавар, ирсэн, явуулсан баримт бичиг, өргөдөл гомдол г.м-ийн шийдвэрлэлтэд хяналт тавих, заасан хугацаанд нь тайлан, мэдээ гаргах, мөн журмын 3.1.9-д тогтоосноор, баримт бичгээр тавьсан асуудлыг 1-30 хоногийн дотор шийдвэрлэхээр журамлагдсан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ЗХНБГ-ын ажилтан, албан тушаалтнууд буруугүй гэж үү? Хүний нөөцийн менежер Аийн ажил, албан тушаалаа хүлээлцэх буюу байгууллагын болон хувь хүний нууцтай холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөхөд хариуцагч талаас түүний ажил, албан тушаалыг зохих ёсоор хүлээлцэх тухай тодорхой шийдвэр гарсан байх урьдчилсан нөхцөл шаардагдах нь ойлгомжтой. Энэхүү урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх, ажил хүлээлцэх комисс томилох зэрэг эрх, үүрэг нь гагцхүү ажил олгогчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Уг тушаалд заасан хугацаа нэгэнтээ дууссаныг мэдсээр байж, ажил хүлээлцэх нөхцөл байдлыг гардан зохион байгуулах эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг ажил олгогчийн санаатай эс үйлдэхүй гэж үзэх нь үнэнд илүү нийцтэй, шударга баймаар. Нууцын зэрэглэл бүхий ажил, албан тушаалыг хүлээлцэх нь хүнсний дэлгүүрт ороод бараа сонгож авах лугаа чөлөөт үйлдэл, сайн дурын хэрэг биш. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч-ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулиар хууль зүйн үүрэг хүлээдэг. Энэхүү харилцааны нөгөө тал болох ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон шаардах эрх, ашиг сонирхол байгаа учраас ажил олгогч нь ажилтны эрх, ашиг сонирхлыг илтэд дордуулсан, эсхүл ажилтнаас хэт давуу эрхтэй байж болохгүй. Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангах зарчмыг тэнцвэржүүлэх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх ёстой. Гэтэл шүүхээс Ат ажил хүлээлцэх хугацааны олговрыг хэтэрхий бага хэмжээгээр олгохоор шийдвэрлэжээ. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай. “Э” ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулиас гадуур ажилтны хууль ёсны шаардах эрх, ашиг сонирхлыг дордуулан хязгаарлах ёсгүй. Хууль тогтоомж нь эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудын нийлбэр бөгөөд эдгээрийг хууль зүйн хүчин чадлын хувьд хууль ба хуульчилсан акт гэж хуваадаг.

ИЭЗ-н эх сурвалжийн тухайд Иргэний эрх зүйн харилцааг тухайлан зохицуулах /хуулийн хэм хэмжээг нөхөх/ зорилгоор Засгийн газраас ИЭЗ-н хэм хэмжээ агуулсан актыг Засгийн газрын тогтоол хэлбэрээр батлан гаргадаг. Гэвч Засгийн газрыг гаргасан аливаа акт нь ИЭЗ-н эх сурвалж болохгүй. ...төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан эрх зүйн актыг ИЭЗ-н эх сурвалж гэж үзэх боломжгүй.... /МУ-ын Иргэний хуулийн тайлбар. 2006 он. 19-р тал/ хэмээн тайлбарлажээ. Ийнхүү Засгийн газрын тогтоол хүртэл ИЭЗ-н эх сурвалжид тооцогдохгүй байхад энгийн нэгэн аж ахуйн нэгж, байгууллагын захирлын тушаалаар батлагдсан дотоод журмын заалтыг хуулиас дээгүүр үнэлж, ажилтны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөсөрдүүлснийг зөвтгөх аргагүй. Аливаа албан тушаалын эрх мэдлийг зэвсэг лугаа адилтган зүйрлэдэг. Зэвсэг бүхий хүнд илүү тодорхой, нарийн хууль дүрэм үйлчлэх учиртай. Ийм учраас хуулийн хэрэглээнд хууль тогтоомжийн үйлчлэх хүчин чадлын эрэмбэ дараалал тогтоож мөрддөг. Ямар ч аль байгууллагын дотоод журам дүрэм нь хуулиас давсан үйлчлэл, хүчин чадалтай байх ёсгүй. А өөрийн ажил хүлээлцэх хугацааны олговортой холбогдох тодорхой бус байдлыг арилгуулж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтанд олгогдсон эрхийг хүлээн зөвшөөрүүлэх иргэний эрх зүйн хамгаалалт хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрүүдэд ажил хүлээлцэх хугацааны олговрыг шүүх хүлээн зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 59.2 дахь заалтыг баримтлан хариуцагчаас 3,404,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, эсхүл эс хүлээн зөвшөөрч мөн хуулийн 59.3 дахь заалтаар нэхэмжлэлийн шаардлагаас 59,006,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосны аль нь болох нь тодорхой бус байна. Шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг Иргэний хуулийн 9.4.3-т зааснаар хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар хамгаалах учиртай. Ажил олгогч нь А-н ажил, албан тушаалыг зохих ёсоор хүлээлцээгүйд буруугүй болохоо шүүхэд нотолж чадаагүй. Магадлалд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, баталгаат шуудангийн бичигт Аийг ажил, албан тушаалаа хүлээлцээгүйд буруутгасан ямар ч уйл баримт тусгагдаагүй. Иймээс эдгээр нь шүүх Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 59.3 дахь заалтыг хэрэглэх нотолгооны үндэслэл болох ёсгүй бөгөөд хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхөн олговрыг ажилтанд бүрэн гүйцэд олгох хуульчлагдсан үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл огт биш.

ИЭЗ-н харилцаанд оролцогчид эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ хууль ёсны болон үнэнч шударга байх зарчмыг баримтална. Тус зарчмын гол зорилго нь ИЭЗ-н харилцаанд оролцогчдын зан байдлаас хамааралтай гарч болох зарим үр дагавраас иргэний эрхийг хамгаалахад оршино. Хуулийн этгээдийн хувьд түүнийг төлөөлөн ИЭЗ-н харилцаанд оролцож буй этгээдийн зан байдалд дээрх шаардлага тавигдана. ИЭЗ-н харилцаанд оролцогчдын үйлдэл, эс үйлдэхүй шударга, зүй ёсны үйлдэл мөн эсэхийг үнэнийг баримтлах замаар тогтоох ба энэ нь аливаа асуудал тодорхой журмаар хэрэгждэг учир маргалдагч талуудын хооронд нотлох үүргийг бий болгоно... /Иргэний хуулийн тайлбар. 2006 он. 54тал/ Ийнхүү хөдөлмөрийн гэрээний талууд болох ажил олгогч, ажилтан хоёулаа хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлснээ нотлох үүрэгтэй байна. Маргаан бүхий асуудал буюу ажил хүлээлцэх тухайд “Э” ТӨҮГ-аас авч хэрэгжүүлсэн бодит үйл баримт байхгүй учир шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт мөн байхгүй. Харин хариуцагчийн зүгээс Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гардуулж өгснөө санаатайгаар ажил хүлээлцэхтэй уялдуулан удаа дараа шударга бус зан байдал гаргаж байсан. Энэ тухай би нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар шүүхүүдэд олон удаа тайлбарласан боловч үүнийг үнэлж дүгнээгүй нь үнэн. Хариуцагчийн үг тайлбар, үйл баримт бүрийг нарийвчлан хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн, гагцхүү бодит үнэнийг тогтоох үүрэг бүхий шүүгчид харин ч тэдний гоомой тайлбарыг шүүхийн шийдвэр болгонд хуулбарлан давтсаар байгаа нь харамсалтай. Тухайлбал магадлалд ...байгууллагын зүгээс ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж авах талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж 2020.08.28, 2020.09.21-ний өдрүүдэд баталгаат шуудангаар гэрийн хаягаар хүргүүлсэн боловч А нь хүлээн авахаас татгалзаж буцааж байсан. 2020.09.25-ны өдөр тушаалаа гардаж авсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ хэмээн дүгнэсэн байна. Ийнхүү хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн бичмэл хуулбарууд болон “Э” ТӨҮГ-ын зарим хэлтэс, газрын дарга, бусад ажилтнуудын нэг талыг баримтлан гэрчилсэн гэрчийн мэдүүлэг, шуудангийн газрын тодорхойлолт бичиг зэргийг ажилтныг буруутгах бодит үйл баримт болгон тогтоож дүгнэн зөвтгөжээ.

Зохигчид ХХША-ны явцад ажлаас халагдсан тушаал гардуулсан эсэх болон гардан авсан цаг хугацааны талаар огт маргаагүй тул давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь ажил хүлээлцэх маргааны зүйлд хамааралгүй байна. Тэгээд ч ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал гардуулж өгөх, ажил хүлээлцэх хоёр нь эрх зүйн утга агуулгаараа хоёр өөр асуудал. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-д ажлаас халагдсан ажилтанд тушаал гардуулах болон түүнтэй холбогдох эрх зүйн үр дагавар бүхий зохицуулалт тусгагдаагүй. Харин уг хуулийн 43-р зүйлд ажил хүлээлцэх тухай журамлан, мөн хуулийн 59-р зүйлд үүнээс үүсэх эрх зүйн үр дагавар хуульчлагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Ерөнхий сайд 2004.10.27-ны өдөр 99 дугаар захирамж гаргаж, ажил хүлээлцэх байнгын бүрэлдэхүүн /албан тушаалын байдлаар/-тэй комисс томилсон байдаг. Тэрчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2015.07.29-ний өдөр ажил хүлээлцэх журам, ажил хүлээлцэх хуудасны заавар, тойрох хуудас зэрэг 3 хавсралт бүхий А/633 дугаар захирамж гарган журамлажээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд хүртэл өөрсдөө ажил хүлээлцэх журам боловсруулан гаргаж мөрддөг байна, тухайлбал “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.11.18-ны өдрийн А/09 тушаалаар ийм журам батлагджээ. Гэтэл ажлаас халагдсан ажилтанд тушаал гардуулах, ажил хүлээлцэх хоёрыг адилтган үзэж, тэдгээрийн эрх зүйн үр дагаврыг зааглан ялгаагүй шүүхийн шийдвэрүүд гаргасанд харамсаж байна.

4.3. Ажил хүлээлцээгүй эс үйлдэхүйтэй холбогдох хуулийн хэрэглээний тухайд.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлд ажлаас халах, ажил хүлээлцэх тухай тусгайлан зохицуулсан бөгөөд 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ, мөн хуулийн 59-р зүйлийн 59.1-д ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага олгоно. 59.2-т ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уг хугацааны олговрыг ажилтанд олгоно хэмээн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлын хамгаалалтыг хуульд илт тодорхой заажээ. Мөн зүйлийн 59.3-т ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй гэсэн хуулийн заалтыг хариуцагч тал хэлдэг. Гэвч Аийг тушаал гардан авснаас хойш ажлаа зохих ёсоор хүлээлцээгүйд буруутгах нэг ч нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй. Харин нэхэмжлэгчийн зүгээс ажил хүлээлцээгүй эс үйлдэхүйд өөрөө гэм буруугүй болохоо нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болон холбогдох тайлбарыг анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч тал үндэслэлтэйгээр эсэргүүцэн няцааж чадаагүй. Ийм учраас ИХШХШТХ-ийн 42-р зүйлийн 42.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажил хүлээлцээгүй эс үйлдэхүйд гэм буруугүй болохыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөнд тооцох боломжтой. ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах ёстой. Хуулийн эдгээр илт тодорхой заалтуудыг баримталбал хариуцагчийн ажил хүлээлцээгүй эс үйлдэхүйг зөвтгөсөн шүүхийн шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон гэж өмгөөлөгчийн хувиар үзэж байна. Хөдөлмөрийн эрх зүйн олговрын ангиллаар бол ажил хүлээлцэх хугацааны олговор нь баталгаат олговорт хамаарах бөгөөд ажил олгогч хүссэн ч, эс хүссэн ч ажилтанд зайлшгүй олгогдох ёстой.

Ажил олгогч ба ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь 2 талт гэрээ бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулагддаг. Гэсэн ч хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд холбогдох хэрэг маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ерөнхий ангийн зарим зохицуулалтыг зайлшгүй анхаарч үзэх учиртай. Иргэний хуулийн 194.1-д зааснаар үүргийн шинж чанарт харшлахгүй бол гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болно. Үүнийг гэрээний дагуу үүсэх үүргийн зохицуулалтад биш хуулийн дагуу үүсэх үүргийн зохицуулалтад цоорхой байгаа нөхцөлд хэрэглэнэ. Энд зохицуулалтын цоорхой байхыг угтвар нөхцөл болгож, гэрээний дагуу үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх асуудал гагцхүү энэ төрлийн зохицуулалтын цоорхой байгаа тохиолдолд л яригдана... /Иргэний хуулийн тайлбар. 2006 он. 656-р тал/ гэж тайлбарласан байна. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-д ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан ажилтанд тэтгэмж олгох, ажил хүлээлцэх хугацааны олговор олгох тухай журамласан боловч энэхүү үүргээ цаг хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүйн эрх зүйн үр дагаврыг энэ хуулиар зохицуулаагүй. Иймээс хуулийн дагуу үүсэх үүргээ цаг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй хариуцагчийн үүргийн гүйцэтгэл /эс үйлдэхүй/-тэй холбогдох маргааныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ерөнхий ангийн 16-р бүлэг буюу үүрэг гүйцэтгэх нийтлэг журмыг хэрэглэх учиртай. Аийн ажил, албан тушаалыг цаг тухайд нь, зохих ёсоор хүлээлцээгүй эс үйлдэхүйд “Э” ТӨҮГ-ын зарим удирдах албан тушаалтан /тухайлбал ЗХНБГ-ын дарга О.О/-ы хувийн зан байдал, хүсэл зориг, албан эрх хэмжээ нөлөөлж байгаа талаар нэхэмжлэгч удаа дараа тайлбарлаж байсан. Иргэний хуулийн 206-р зүйлийн тайлбарт ...энэ зүйлд заасан үүрэг гүйцэтгэх зарчим нь нийт ИЭЗ-н харилцаанд үйлчилнэ. Гэхдээ энэ зарчим. нь шүүгчид тодорхой нэг тохиолдолд хууль болон гэрээний үндсэн дээр үүсэх эрх зүйн үр дагаврыг өөрийн үзэл бодлоор “илүү шударга” эсхүл “илүү зүй зохистой” гэж шийдвэрлэх эрх дарх олгохгүй. Хуулийн энэхүү нэр томъёолол нь бусдын зайлшгүй хамгаалбал зохих ашиг сонирхлыг харгалзан /хүндэтгэн/ үзэх, мөн үнэнч шударга, зүй зохистой харьцах явдлыг хангах үүрэгтэй. Иргэний хуулийн 206-р зүйлийг хэрэглэх бүрт тухайн үүргийн харилцаанд оролцогчдын эрх, ашиг сонирхлыг ул үндэстэй харьцуулж үзэх шаардлагатай. Ингэхдээ зөвхөн объектив бус, мөн субъектив талын үр дүнг нь аль нэг талд ашигтайгаар урьдчилан шийдэлгүйгээр харгалзан үзэх ,нь зүйтэй. Ажил, албан тушаалын улмаас шударга ёсны зарчмыг зөрчсөн эсэхийг иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад гэрээний аль нэг тал түүнд тулгуурласан эсэхээс үл хамааран харгалзан үзэх шаардлагатай. Энэ нь үнэнч шударга байхын үндсэн шаардлага болохын хувьд зайлшгүй чухал юм... /Иргэний хуулийн тайлбар. 2006 он. 784-786, 789-р тал/ гэсэн байна.

ИЭЗ-н харилцаанд талуудын хооронд үүсэх үүргийн харилцаа гэрээний үндсэн дээр, эсхүл хуульд заасан үндэслэлээр үүссэн нь гол биш. Талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн, аль нэг тал нь үүргийн харилцаанд хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг зөрчигч нь гэм буруутай байх угтвар нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд хохирлыг нөхөн төлөх үүрэг үүснэ. Иймээс Аийн хувьд хариуцагч талаас ажил хүлээлцэх хугацааны олговор буюу хохирол нөхөн төлөхийг шаардаж эрхтэй байна. Энэхүү шаардах эрхийн талаар ... Иргэний хуулийн 219.1 дэх заалтыг үүрэг зөрчсөн бүхий л тохиолдолд хэрэглэх тул үүргээ ямар хэлбэрээр зөрчсөн нь ач холбогдолгүй. Хамгийн гол нь үүрэг гүйцэтгэгчийн харьцаа тухайн үүргийн харилцааны шаардлагад нийцэхгүй байх тэр бодит байдал нь л чухал... Үүрэг гүйцэтгэгч нь өөрт нь тодорхой бус эрхийн байдлыг зүгээр л өөрийн ойлголтоор шийдвэрлэж болохгүй... /Иргэний хуулийн тайлбар. 2006 он. 841, 843-р тал/ гэж тайлбарлажээ.

Түүнчлэн үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 222.7-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Мөн хуулийн 222.4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцах ёстой. Хохирол болон гэм хорын талаар тайлбарлахдаа ...Хохирол гэдэгт хэл ярианы хэвшсэн нийтлэг утгаар хэн нэгэн этгээд ямар нэгэн үйлдлийн үр дүнд өөрийн амьжиргааны зүйлээр, тухайлбал эрүүл мэнд, өмч хөрөнгө, нэр төр, алдар хүнд, эсхүл өөрийн чадвар чадавхиараа хохирол амсахыг ойлгодог... “Хохирол” гэдэг үг нь тухайн гэм хор хохирогчийн хувьд ашиггүй өөрчлөлтийн үр дүн, үр дагавар болохыг илэрхийлж байна. Иймд гэм хор, хохирол учирсныг гагцхүү өнгөрсөн, одоо үеийн нөхцөл байдлыг ашиггүй өөрчлөлт дагуулсан үйл явдал болоогүй бол бүрдэх байсан тэр нөхцөл байдалтай харьцуулах замаар тогтоодог... Энд гагцхүү эрх зүйн хувьд нөхөн арилгахуйц гэм хор, хохирлын асуудал хөндөгдөж буй эсэх нь голлох ач холбогдолтой байна... /Иргэний хуулийн тайлбар. 2006 он. 898-р тал/ гэжээ. Хариуцагч тал Аийг 2020.08.26-ны өдрийн тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнд 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээтэй тэтгэмж олгох шийдвэр гаргасан. Гэвч хариуцагчийн зүгээс Аийн удаа дараагийн хүсэл зоригийн илэрхийллийг үл тоомсорлон 2023.01.15-ныг хүртэл хуулиар хүлээсэн үүрэг /тэтгэмж олгох/-ээ огт гүйцэтгээгүй, түүний ажил албан тушаалыг зохих ёсоор хүлээлцээгүй, А өнөөг хүртэл ажил, албан тушаалаа зохих ёсоор хүлээлцээгүй нь нэхэмжлэгчээс өөрөөс нь огт шалтгаалаагүй. Тэрээр ийнхүү ажил олгогчийн /магадгүй хэн нэгэн эрх мэдэлтний/ атгаг санаа зорилгын золиос болж, эдийн засгийн болоод сэтгэл санааны давхар хор хохирол амсаж байгаа нь үнэн. Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2020.08.26-ны өдөр гаргасан хариуцагч тал, ажил хүлээлцэх хугацаа өдий болтол сунжирсанд ажил олгогч буруугүй болохоо шүүхэд нотолж чадаагүй.

Гэм хор, хариуцлага хүлээх үндэслэлийн талаар ...Учирсан гэм хорыг нөхөн арилгах үүрэгтэй хуулиар холбогдсон, энэ утгаараа хариуцлага хүлээх үндэслэлтэй нөхцөл байдал бүрэлдсэн бол үүний улмаас бий болсон буюу учирсан гэм хорыг нөхөн арилгах ёстой хэмээн хууль тогтоодог... Гэм хорыг нөхөн арилгах үүрэг бүхий этгээдийн хүлээх хариуцлагыг зохимжтой хэмжээнд хязгаарлах өөр нэг арга бол энэ төрлийн гэм хор, хохирлыг нөхөн төлөх нь хариуцлага хүлээлгэх хэм хэмжээний зорилгоор, эсхүл гэм хорыг нөхөн арилгахыг гэрээгээр хүлээсэн үүргээр ногдуулсан тохиолдолд холбогдох уг гэрээний хамгаалах үүрэг зорилгоор баталгаажсан байх явдал байдаг. Ийнхүү үзэх иш үндэс нь хуулийн дагуу эсхүл гэрээгээр хүлээсэн аливаа үүрэг хариуцлага ямагт тодорхой эрх ашиг, ашиг сонирхолд үйлчилж байдаг бөгөөд гагцхүү энэхүү хамгаалагдсан эрх ашигт учруулсан гэм хорыг гэм хор учруулагч этгээдэд хамааруулан тооцох ёстой гэсэн эргэцүүлэл байна. Харин хамгаалагдсан эрх ашиг, ашиг сонирхол гэдэг нь аль нь болохыг тухайн гэрээний агуулга, зорилтыг, гэм хорыг нөхөн арилгах үүргийг хуулиар тогтоосон тохиолдолд хариуцлага хүлээлгэх хэм хэмжээний зорилгыг тайлбарлах замаар тогтоох ёстой... Зарчмын хувьд гэм хор учруулагчийн үйлдэл шууд, эсхүл бусад нөхцөл байдлын улмаас дам хэлбэрээр учруулсан эсэхээс үл хамааран гэм хорыг арилгах үүрэг бий болдог. Ямар нөхцөл байдал эцсийн дүнд гэм хорыг учруулсан нь ач холбогдолгүй байна. Харин гэм хор арилгах үүрэг үүсгэх гол нөхцөл нь нэгэнт учирч, илэрхий болсон гэм хор ба гэм хор учруулагчийн үйлдэл хоёрын хоорондох шалтгаант холбоо хэт холдож, гэм хор учруулагчид аливаа хариуцлага ногдуулах боломж алдагдаагүй байх явдал байдаг. Энд дурдсан эхний нөхцөл байдал бий болсны шалтгаан нь гэм хор учруулагчийн үйлдлийн тухайд ямар ч ач холбогдолгүй байхаар бол дээрх нөхцөлийг өгөгдсөн гэж үзнэ... /Иргэний хуулийн тайлбар. 2006 он. 902-905-р тал/ хэмээн тайлбарлажээ. Хохирол нөхөн арилгахтай холбогдох гэм хор, хариуцлагын асуудал нь хохирол бий болоход үүрэг бүхий этгээд буруутай байхтай шалтгаант холбоотой. Тухайн этгээдийн үйлдэл нь бодитойгоор эрх зүйн журам зөрчиж байвал, өөрөөр хэлбэл, эрх зүйд харшлах үйлдэл хийсэн ба энэхүү үйлдлийг хийснээр, эсхүл эс хийснээр ямар үр дагавар гарч болохыг урьдчилан мэдэж байсан буюу мэдэх бололцоотой байсан, үр дагавраас нь зайлсхийх боломжтой байсны төлөө буруутгаж болохоор байвал гэм буруутайд тооцогдох учиртай.

Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө. Иргэний хуулийн 229-р зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Хэргийн хариуцагч тал Аийн ажлаас халагдсаны тэтгэмжээ авах удаа дараагийн хүсэлт, өргөдөлд 2023.01.15-ны өдрийг хүртэл нэн тоомжиргүй хандаж, ажил хүлээлцэх хугацааг сунжруулсан учир шалтгаанаа зөвтгөж, шүүхэд өөрсдийн гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй. Иймээс Ат хуулийн дагуу олгогдох ёстой мөнгөн хөрөнгийг тодорхой бус учир шалтгаанаар удаан хугацаагаар саатуулсан “Э” ТӨҮГ-ыг түүний эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Хэрвээ Ат анхны шүүх хурал /2021.01.07/-ын дараа ажлаас халагдсаны тэтгэмжийг хариуцагч тал үндсэн цалингаар нь тооцоод олгосон бол тэрээр 202,3.01.15-ныг хүртэл найман оронтой тоогоор хэмжигдэх мөнгөөрөө бизнес эрхэлж, өндөр ашиг орлого олохгүй гэхэд бэлэн мөнгөө арилжааны банкинд хадгалуулаад долоон оронтой тоогоор хэмжигдэх хэмжээний хүүгийн орлого олох боломжтой байсан. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахал болон дайн бүхий нөхцөл байдлын улмаас 2020.08.26-ны өдрөөс хойш Монгол улсад юмны үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш унаж, мөнгөний инфляци нүүрлэж буй нь нийтэд илэрхий бөгөөд нотлох шаардлагагүй үнэн. Үүнтэй холбогдуулан Аийн “Э” ТӨҮГ-аас өнөөг хүртэл авч чадаагүй тэтгэмжүүдийн үнэ цэнэ ямар хэмжээгээр сар, өдөр тутамд буурсаар байгааг шүүх анхаарч үзвэл зохилтой.

4.4. Магадлалыг өөрчлүүлэх тухай санал, дүгнэлт.

Аийн ажил, албан тушаалыг зохих ёсоор хүлээлцэхгүй байгаа эс үйлдэхүйг тэрээр олон удаагийн шүүх хуралдаан дээр “Э” ТӨҮГ-т ажилладаг, нэхэмжлэгчтэй хувийн тааламжгүй харилцаа бүхий зарим удирдах албан тушаалтны башир арга, атгаг санаатай холбогдуулан тайлбарлаж байсан. 2021.01.07-ны өдрийн шүүх хурлаас хойш Ат ядаж ажлаас халагдсаны болон өндөр насны нэмэгдэл тэтгэмжийг өгсөн бол тэрээр ажил хүлээлцэх хугацааны олговрыг энэ өдрийг хүртэл нэхэмжилснээр маргаанаа дуусгавар болгох асуудал 2021,09.06-ны шүүх хуралдаан дээр яригдаж байсан. Гэвч хариуцагч талаас үүнийг шийдвэрлэх ямар нэгэн санал санаачилга гаргаагүй. Эдгээр нь Аийг хариуцагчаас ажил хүлээлцэх үеийн нөхөн олговорт 62,410,333 төгрөг нэхэмжлэх нөхцөл байдлыг бий болгосныг дурдах нь зүйтэй болов уу. Би өмгөөлөгчийн хувиар үйлчлүүлэгчийнхээ санал, хүсэлтийг харгалзан үзэж, “иргэнд хуулиар хориглогдоогүй бүхэн зөвшөөрөгдөх” зарчмыг баримтлан анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдэд түүний нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин тайлбарлаж байсан.

Ажил олгогчийн зүгээс ажилтны ажил, албан тушаалыг зохих ёсоор хүлээлцээгүй эс үйлдэхүй, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмж болон бусад нэмэгдэл тэтгэмжийг цаг хугацаанд нь олгоогүй зэрэг үүргийн зөрчлийн улмаас А 2020.08.26-ны өдрөөс 2021.01,07-ны өдрийг дуустал ямар нэгэн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжгүй эдийн засгийн хор хохирол амсаж байсан нь бодит үнэн. Иймд иргэний шүүх Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 58.2 дахь заалт болон иргэний хууль тогтоомжийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь ханган шийдвэрлэхгүй гэхэд, ядаж өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ажилтны дээрх хугацааны хор хохирлыг арилгахуйц хэмжээгээр ажил хүлээлцэх хугацааны олговрыг нөхөн олгох шийдвэр гаргавал ИЭЗ-н үүргийн харилцааны зарчим болон дээр дурдсан хууль зүйн үндэслэл, тайлбарт нийцнэ. Ажил хүлээлцэх хугацааны олговрыг 2020.08.26-наас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021.01.07-ны өдрийг хүртэлх 4 сар 7 ажлын өдрөөр, Аийн дундаж цалин хөлс болох 3,404,200 төгрөгөөр тооцоход 14,740,828 төгрөг болж, нэхэмжлэлийн нийт үнийн дүн 82,824,828 төгрөг болж багасна. Эрх зүйн зарчмын дагуу ИЭЗ-н харилцаанд оролцогч эрх бүхий этгээдийн шаардах эрх нь үүрэг бүхий этгээдийн үүрэгтэй тэнцвэртэй \эквивалент шинжтэй\ байх учиртай Үүнийг харгалзан үзэж би хуульчийн хувиар, ажил олгогч нь ажилтны эрх, ашиг сонирхлыг илтэд дордуулсан, эсхүл ажилтан нь хэт давуу эрхтэй байх нь шударга ёсны зарчимд төдийлөн нийцтэй бус хэмээх хууль зүйн дүгнэлт гаргаж байна.

Монгол үндэстний онцлог байдлаар Орхон аймаг дэндүү цөөхөн хүн амтай, “Э” ТӨҮГ нь энэ хотдоо байтугай улсдаа хамгийн том, цалин хангамж сайтай үйлдвэр бөгөөд Эрдэнэтэд амьдардаг бүх хүмүүсийн ажиллахыг хүсдэг мөрөөдлийн аж ахуйн нэгж, байгууллага билээ. Энэхүү бодит нөхцөл байдал болон нэг орон нутгийн оршин суугчдын хоорондын шууд ба дам хамаарал, нөлөөллөөс ангид байдлаар гомдлыг хүлээн авч, хэргийг ИХШХШТХ-ийн 176-р зүйлд заасны дагуу хяналтын журмаар хэлэлцэн, чин шударгаар эцэслэн шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж энэхүү гомдлыг гаргалаа.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзэж, Монгол улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль болон бусад иргэний хууль тогтоомжид заасан хууль дээдлэх үндсэн зарчмаар “хууль бол ярьдаггүй шүүгч” хэмээх афоризмын дагуу Аийн ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговортой холбогдох маргааныг зохих журмаар хянан шийдвэрлэж, магадлалд хууль ёсны өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Б.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг баримтлан гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т тус тус зааснаар хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

5.1. Хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд.

Монгол Улсын дээд шүүхийн 2022.10.28-ны өдрийн 001/ХТ2022/01010 дугаартай тогтоолын хянавал хэсгийн 13 дахь хэсэгт: “...ажил олгогч ажлаас чөлөөлөгдөх үеийн тэтгэмжийн хэмжээг тогтооход нэг сарын үндсэн цалинг хэмжих нэгж болгон тогтоосныг хоёр шатны шүүхээс “...Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, ажилтны эрхийг дордуулсан...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадсангүй. Учир нь Хөдөлмөрийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан нь ажил олгогч ажилтныг эдгээр үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө хамгийн багадаа нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох агуулгыг илэрхийлсэн гэж үзнэ. Иймд үүнээс дээш хэмжээгээр тэтгэмж олгох үед тэтгэмжийн хэмжээг хэрхэн тодорхойлох нь хөдөлмөрийн дотоод журам, бусад баримт бичигт заасантай уялдах боломжтой. Маргаан бүхий тохиолдолд “Э” ТӨҮГ-ын хамтын гэрээнд ажлаас халагдсаны тэтгэмжийг хуульд заасан хугацаанаас илүү буюу ажилтны 20 сарын үндсэн цалингийн хэмжээгээр тодорхойлсон нь хууль зөрчөөгүй, ажилтны эрх ашгийг дордуулаагүй гэж үзнэ” гэж дүгнэсэн.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын дээд шүүхийн дээрх дүгнэлтийг анхаарч үзэлгүйгээр “Э” ТӨҮГ-ын Хамтын гэрээний заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, ажилтны эрх, ашгийг дордуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг зөрүүтэйгээр тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж, 18 дугаар зүйлийн 18.2-т “Энэ хуулиар ажилтанд олгосон баталгааг илүү нөхцөлөөр хамтын гэрээнд тогтоож болно” гэж тус тус зохицуулсан.

“Э” ТӨҮГ-ын Захиргаа нь ажилтны төлөөлөл болсон Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой 2 жил тутам Хамтын гэрээ хэлэлцээрийг байгуулан ажилласаар ирсэн бөгөөд “Э” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8 дугаар бүлгийн 8.11.5-д “Үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно” гэж заасан.

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд “Э” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-ний 8 дугаар бүлгийн 8.11 дэх заалт нь ажилтны эрх ашиг сонирхлыг хөндсөн бус, ажилтанд хуульд зааснаас илүү нөхцөлөөр тэтгэмж олгох тухай Захиргааны зүгээс Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой байгуулсан хамтын тохиролцоо юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 8 дугаар зүйлд Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах үндсэн зарчмыг тусгасан ба 8.1.5-т “хамтын гэрээ, хэлэлцээрт тусгах саналаа чөлөөтэй сонгож хэлэлцэх” гэж, 15 дугаар зүйлийн 15.4-т “Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана”, 15.5-т “Бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрх зүйн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй” гэж заасан бөгөөд “Э” ТӨҮГ-ын Хамтын гэрээ нь тус хуулийн зохицуулалтын дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнаар хянагдан баталгаажсан хууль ёсны гэрээ юм.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийхдээ “Э” ТӨҮГ-ын Хамтын гэрээний дээрх заалт нь Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдөж байгаа ба ажил олгогч буюу хариуцагч байгууллага нь тэтгэмж олгох сарыг урт хугацаагаар тооцсон байгаа боловч олгох тэтгэмжийн хэмжээг хуульд зааснаас доогуур буюу үндсэн цалингаас тооцож олгохоор хамтын гэрээнд заасан нь ажилтны эрх ашгийг дордуулсан...” гэж дүгнэсэн.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан нь ажил олгогч ажилтныг эдгээр үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө хамгийн багадаа нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж хэмжээний тэтгэмж олгох ёстой бөгөөд үүнээс дээш хэмжээгээр тэтгэмж олгох үед тэтгэмжийн хэмжээг талууд /ажил олгогч болон ажилтны төлөөлөл/ хуульд нийцүүлэн /Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 18 дугаар зүйлийн 18.2-т заасан/ харилцан тохиролцож тогтоох боломжтой юм.

Өөрөөр хэлбэл хуульд дундаж цалин хөлсөөр олгох талаар зохицуулсан хэдий ч хуулийг дээрдүүлсэн, ажилтны эрх ашгийг илүү нөхцөлөөр хангах талаар тохиролцсон тус үйлдвэрийн газрын Хамтын гэрээ хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна. Энэхүү зохицуулалтыг Хамтын гэрээгээр зохицуулаагүй байсан бол ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч Ат 2, 3, 4 ... гэх мэтчилэн хэдэн ч сарын дундаж цалин хөлстэй тэнцэх- хэмжээний тэтгэмж олгох боломжтой байсан бөгөөд энэ тохиолдолд ажилтны эрх зүйн байдал одоогийнхоос дордох байсныг дурдах нь зүйтэй.

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар.

Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалд: хариуцагч “Э” ТӨҮГ нь нэхэмжлэгч Ат ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөх, ажил хүлээлцэх талаар удаа дараа мэдэгдэж, хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хэрэгжүүлж байсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүх ажил олгогчийн буруу биш гэж дүгнэсэн атлаа ажил хүлээлцэх үеийн нөхөн олговорт 1 сарын дундаж цалин хөлс гэх /нэхэмжлэгчийн өөрийн тогтоосон, холбогдох журмын зохицуулалтыг баримтлаагүй 3,404,200 төгрөг/-ийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт болсон болно.

Тухайлбал, “Э” ТӨҮГ болон түүнээс эрх олгогдсон холбогдох албан тушаалтнууд нь тушаалыг гардуулах, танилцуулах, ажил хүлээлцэх талаар холбогдох дүрэм, журамд нийцсэн бүхий л арга хэмжээг авсан бөгөөд тушаалыг гардан авахаас үндэслэлгүйгээр татгалзаж байсан ажилтанд өөр ямар байдлаар тушаалыг гардуулж өгөх, ажил хүлээлцэх байсан нь ойлгомжгүй юм. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаал гарсан талаар тушаал гарсны маргааш буюу 2020.08.27-ны өдрөөс эхлэн мэдсэн, мэдсэн даруйдаа тушаалыг гардан авах, ажил хүлээлцэхээс эрс татгалзаж байсан /энэхүү үйл баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан камерын бичлэг, эрх бүхий ажилтнаас хүргүүлсэн мессеж, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн 2020.12.11-ний өдрийн 25/373 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар хүргүүлсэн ажилтан Аийн цаг бүртгэлийн мэдээлэл, баталгаат шуудан үйлчилгээний газрын албан бичиг, шуудан хүргэгчийн хүлээн авахаас татгалзсан тул буцаасан гэх бүртгэл, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог/ бөгөөд тус үйлдвэрийн газарт хүний нөөцийн чиглэлээр 31 жил ажилласан ажилтны хувьд ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш ямар ажиллагаа хийгддэг, тушаалыг хэрхэн гардуулдаг, ажил хэрхэн хүлээлцэх талаар маш сайн мэдэх хүн юм.

Гэвч энэхүү нөхцөл байдалд 2 шатны шүүх ажилтны буруутай үйлдлээс үүдэн ажил хүлээлцээгүй гэж зөв зүйтэй дүгнэсэн атлаа тушаалыг яаж, хэрхэн гардуулах боломж, нөхцөл ажил олгогчид байсныг харгалзан үзэлгүй, зөрүүтэй дүгнэлт гаргаж 1 сарын олговор олгохоор шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж тус тус зохицуулсан.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, зөрчилдсөн аливаа дүгнэлт агуулаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ба шүүхээс гарч буй шийдвэр нь зохигчоос бүрдүүлж, цуглуулсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүхээс хэрхэн үнэлж, дүгнэж байгаа талаар дурдсан байхыг хууль тогтоомжоор шаарддаг.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт зөрчилтэй дүгнэлт гаргаж /ажил олгогчийн буруутай нөхцөл байдал байгаагүй гэж дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан ямар нотлох баримт, хуулийн ямар зохицуулалтыг үндэслэн ажил олгогчоос 1 сарын олговор гаргуулах гэж байгаа үндэслэлээ тодорхой дурдалгүй/ хариуцагчаас хүргүүлсэн нотлох баримтуудыг хэрхэн үнэлж 1 сарын олговор олгохоор шийдвэрлэсэн талаар дурдаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн болно. Энэхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэстэй байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан Аийн “Э” ТӨҮГ-т ажиллаж байх үеийн дундаж болон үндсэн цалин хөлсний талаарх тооцооллыг 2 байдлаар гаргаж, хэрэгт нотлох баримтаар хүргүүлсэн.

Ажилтны дундаж цалин хөлсийг тооцох журмыг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Мэргэжил, албан тушаалын тариф-мэргэшлийн лавлах зохиох аргачлал, мэргэжил, албан тушаалын нэрийн нэгдсэн жагсаалт, хөдөлмөрийн норм, норматив тогтоох болон дундаж цалин хөлс тодорхойлох журмыг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасныг баримтлан Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталсан байдаг. Тус журмын 9-т “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна” гэж тус тус заасан. (Энэхүү журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар дахин шинэчлэн баталсан байдаг)

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хууль тогтоомж болон холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан журмыг зөрчиж, нэхэмжлэгч талаас гаргасан (дээрх хууль тогтоомж, журмыг үндэслээгүй буюу өөрийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичиглэлд үндэслэн өөрөө тооцоолсон гэх) тооцооллыг шүүхийн шийдвэр болон магадлалын үндэслэл болгон хэрэглэж, хариуцагч талаас холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагад нийцүүлэн гарган хүргүүлсэн тооцоолол /2 дугаар х.х-ийн 74 болон 235-р хуудас/-ыг харгалзаж үзээгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт гаргаж, хэрэглэвэл зохих хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журмыг хэрэглээгүй, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанд цугларч хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн гаргаагүй, хуулийн илтэд тодорхой заалтуудыг зөрчсөн зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Б.Нандинчлуун нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.06.07-ны өдрийн 001/ШХТ2023/00665 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч А нь хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан ажлаас чөлөөлөх тушаал гарснаас ажил хүлээлцэх үеийн олговор, ажлаас чөлөөлөгдөх үеийн тэтгэмжийн хамт нийт 74,931,733 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ: “...ажил олгогч 2020.08.26-ны өдрийн Б/1483 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаас ажлаас чөлөөлж, 2020.09.04-ний дотор ажил хүлээлцэх талаар тушаалд заасан боловч тушаалыг гардуулж өгөөгүй, өнөөдрийг хүртэл ажил хүлээлцээгүй. Ажил хүлээлцсэн хугацааг ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд тооцох тул тушаал гарсан 2020.08.26-ны өдрөөс шүүх хуралдаан товлогдсон 2022.03.04-ний өдөр хүртэлх ажилгүй байсан 18 сар 7 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт 62,410,333 төгрөг гаргуулахаар,

Мөн би тус үйлдвэрт 31 жил ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний 8.11.5-д заасны дагуу олгогдох 20 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож 68,084, 000 төгрөгийн хамт нийт 130,494,333  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг шүүхэд хянагдах явцад хариуцагч байгууллагаас 55,562,600 төгрөгийг миний цалингийн дансанд шилжүүлсэн байх тул цалингийн олговорт шилжүүлсэн гэж үзэж, олговор нэхэмжилсэн шаардлагаас дээрх үнийн дүнг хасаж үлдэх 6,847,733 төгрөг дээр тэтгэмжийн 68,084,000 төгрөгийг нэмж, нийт 74,931,7333 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилж байна...” гэж тайлбарласан,

Хариуцагч тайлбартаа: “...ажил олгогчоос нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр 2020.08.27-ны өдрөөс түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан, нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг гарсан өдөр нь мэдсэн боловч тушаалыг хүлээж авах, ажил хүлээлгэж өгөх талаар удаа дараа мэдэгдэхэд өвчтэй байгаа, эмнэлэгт үзүүлж байгаа үндэслэлээр тушаалыг гардаж авахаас татгалзаж байсан тул ажил олгогчоос түүний утсанд, мэйл хаягаар, мөн хүний нөөцийн газраар дамжуулан оршин суугаа хаягаар нь тушаалыг хүргүүлсний эцэст 2020.09.05-ны өдөр  тушаалыг гардаж авсан, ...улмаар ажлын өрөөг нь суллаж, хувийн эд зүйлсийг лацдаж, баталгаажуулан баталгаат шуудангаар оршин суугаа газарт нь хүргүүлсэн. Ажилтан ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж авах, холбогдох тооцоог хийж дуусгах, ажил хүлээлцэхээс санаатай татгалзаж, тушаалыг хүлээж авахгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй тул тушаал гарснаас хойш ажил хүлээлцэх хугацааны олговор нэхэмжилсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. ...А нь үйлдвэрт 31 жил ажилласан тул Хамтын гэрээнд зааснаар 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг зөрчөөгүй, ...нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх: “...нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020.09.25-ны өдөр гардаж авсан боловч ажлаа хүлээлцэх талаар санаачилга гаргаагүй нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй тул ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2020.08.26-ны өдрөөс тушаал гардаж авсан 2020.09.25-ны өдрийг хүртэлх хугацааг ажил хүлээлцэх үеийн хугацаанд тооцож,олговорт 3,404,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д энэ хуулийн ...40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж зохицуулсан. “Э” ТӨҮГ-ын Хамтын гэрээний тэтгэмж олгох заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалттай зөрчилдөж, тэтгэмжийг дундаж цалин хөлснөөс  биш үндсэн цалингаас тооцож олгохоор зохицуулсан нь ажилтны эрх, ашгийг дордуулсан гэж үзнэ. ...иймд ажилтны сарын дундаж цалин хөлс болох 3,404,200 төгрөгийг 20 сарын хугацаагаар тооцож, тэтгэмжид 68,084,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 55,562,600 төгрөгийг төлсөн тул зөрүү /68,084,000-55,562,600/ 12,524,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийт 15,925,600 /12,524,400+3,404,200/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь нэхэмжлэлээс 55,562,6000 төгрөгийг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

10. Хоёр шатны шүүх ижил шийдвэр гаргасан боловч хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаар гаргасан зохигчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шаардлагад нийцсэн гэх үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

11. Нэхэмжлэгч А нь “Э” ТӨҮГ-т холбогдуулан ажлаас халах тушаал гарсан өдрөөс ажил хүлээлгэн өгөх /шүүх хуралдаан товлогдсон 2021.03.04-ний өдөр/ хүртэлх ажилгүй байсан хугацааны 18 сар ажлын 7 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт 62,410,333 төгрөг гаргуулахаас ажил олгогч 55,562,600 төгрөгийг өгсөн тул үлдэх 6,847,733 төгрөгийг, мөн ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаатай холбогдуулан 20 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 68,084,00 төгрөгийг, нийт 74,931,733 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчийн хооронд Хөдөлмөрийн эрх зүйн маргаан үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасныг залруулалгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргээ бүрэн биелүүлээгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй гэж үзнэ. 

11.1. Нэхэмжлэгч Д.Алтантүлхүүр ажил олгогчийн 2020.08.26-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн боловч ажил олгогч ажлыг хүлээж аваагүй тул шүүх хуралдаан товлосон 2021.03.04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 18 сар, ажлын 7 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт 62,410,333 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хэрэг шүүхэд хянагдах явцад ажил олгогчоос ажилтныг өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаатай холбогдуулан нэг удаагийн тэтгэмжид 55,562,600 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн ба нэхэмжлэгч нь дээрх үнийн дүнг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт суутгаж тооцно гэж тайлбарлан, нэхэмжлэлийн энэ шаардлагыг багасгасан гэх боловч хариуцагчаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгө энэ шаардлагад хамаарахгүй тул шүүх нэхэмжлэлийн нийт шаардлагын хэмжээг багасгаж өөрчилсөн гэж үзнэ.   

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн  сүүлчийн өдрийн ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэжээ.

Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2020.08.26-ны өдрийн ажил олгогчийн тушаалыг 2020.09.25-ны өдөр ажилтанд гардуулсан бөгөөд ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гардаж авсан боловч ажил үүргээ хүлээлгэж өгөөгүй, ажлын байранд хүрэлцэн ирэхгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй тул ажил олгогч түүний ажлын өрөөг суллаж, ажилтны хувийн эд зүйлийг лацдаж, баталгаат шуудангаар оршин суух хаягт нь хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар ажил олгогч ажил хүлээлгэн өгөх хугацааг ажлаас чөлөөлсөн шийдвэрт заах ба 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.

Аийг ажлаас чөлөөлсөн тушаалд түүний ажил хүлээлгэн өгөх хугацааг 2020.09.04-ний өдөр гэж тухайлан заасан боловч ажилтан тушаалыг 2020.09.25-ны өдөр гардаж авсан атлаа энэ хугацаанаас хойш ажил хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул ажилтны тушаал гардаж авсан 2020.09.25-ны өдрийг ажил хүлээлгэн өгсөн өдрөөр тооцож, энэ өдрөөс ажлаас халагдсан гэх үндэслэлээр 2020.08.26-аас 2020.09.25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,304,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, ажил олгогч ажил хүлээж аваагүй тул ажлаас халагдсан гэж үзэхгүй, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэлд заасан хугацаагаар тооцож олгуулах агуулгатай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг, мөн ажилтан ажлаас чөлөөлсөн тушаалыг авахаас санаатайгаар зайлсхийж тушаалыг гардаж аваагүй, улмаар ажлын байранд ирж ажлаа хүлээлгэж өгөөгүй тул ажил олгогч ажлыг хүлээж авах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байхад түүнд тушаал гардаж авах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулсныг зөвшөөрөхгүй гэх хариуцагч талын гомдлыг тус тус хангахгүй.

11.2. А нэхэмжлэлийн дараах шаардлагаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч байгаа үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул 20 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг Хамтын гэрээнд заасан үндсэн цалингаас бус Хөдөлмөрийн хуульд заасан дундаж цалин хөлснөөс тооцож, нийт 68,084,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж зохицуулсан.

 Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул хуулийн дээрх зохицуулалтад хамаарч, ажил олгогч нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар тухайн аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулсан тохиролцоог хамтын гэрээ гэж тодорхойлсон.

“Э” ТӨҮГ-ын Захиргаа Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8.11.5-д тус үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно гэж тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь тус үйлдвэрийн газарт 31 жил ажилласан тул тэрээр 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байна.

Хамтын гэрээний дээрх тохиролцоо Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар олгох тэтгэмжээс ажилтанд илүү ашигтай, ажилтны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангаж байна гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчаас Аийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хамтын гэрээнд заасан журмыг баримтлан тэтгэмжийн хэмжээг тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн зөрчсөн гэж үзэхгүй.

Гэрээнд үндсэн цалин гэж заасан боловч тэтгэмж тооцох сарын хэмжээг хуульд зааснаас илүү хэмжээгээр тогтоосон нь хуулийн агуулга, зорилгыг зөрчөөгүй.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар тухайлан заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмжийн доод хэмжээг нэг сарын дундаж цалин хөлснөөс тооцохоор тодорхойлсон байна гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн хувьд Хамтын гэрээнд зааснаар 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах үндэслэл бүрдсэн нь хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангагдсан, эрх, ашиг сонирхлыг нь дордуулаагүй байх тул ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед түүнд олгох тэтгэмжийг үндсэн цалингаас тооцохоор ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн тохиролцсон тохиролцоог өөрчилж, дундаж цалин хөлснөөс тооцох үндэслэлгүй.

Иймд тэтгэмжийг дундаж цалин хөлснөөс тооцож олгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, харин хэрэг шүүхэд хянагдах явцад ажил олгогчоос нэхэмжлэгчийн 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй.

11.3. Иймд нэхэмжлэгч Ат ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш ажил хүлээлцэх хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,404,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

12. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчийг тэтгэмжийн мөнгө шилжүүлсэнтэй нь холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж өөрчилсөн байхад энэ хэмжээгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байх бөгөөд хоёр шатны шүүхийн дээрх алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц, шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй тул хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой.

Дээр дурдснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 207/МА2023/00033 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/00140 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан “Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч “Э” ТӨҮГ-аас 3,404,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71,527,533 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “...515,391 төгрөгийг...” гэснийг “...69,417 төгрөгийг...” гэж, Тогтоох хэсгийн “3, 4” гэсэн заалтын дугаарыг “2, 3”  гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Дын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Н нарын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Э” ТӨҮГ-аас 2023.04.10-ны өдөр төлсөн 237,578 төгрөгийг, нэхэмжлэгч Аээс 2023.06.23-ны өдөр төлсөн 452,981 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ЗОЛЗАЯА

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                      Д.БАТБААТАР

                                                                                                    Н.БАЯРМАА

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД