Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2021/00785

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: О аймаг, Б сум, Х баг, 00 дүгээр хороо 00 дугаар байранд оршин суух, П.А /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,  

            Хариуцагч: О аймаг, Б сум, Х баг Е байр “Э” ТӨҮГ /регистрийн дугаар /-т холбогдох

            Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14,543,977 төгрөг гаргуулах, “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б\1483 дугаар тушаалд заасан “үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй” гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гэрч Д.Н, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1989 оноос эхлэн “Э” ТӨҮГ-т хүний нөөцийн менежерээр 31 дэхь жилдээ ажиллаж, энэ хугацаанд өөрийн мэдлэг мэргэжил, ур чадвар болон оюун санааны бүхий л нөөц баялагаа өөрийн үйлдвэрийн хөгжил дэвшил, ажиллагсдын сайн сайхан бүхний төлөө харамгүй зориулж, үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг боловсруулах, хөгжүүлэх, хэрэгжүүлэх үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Миний хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь үнэн. Гэвч намайг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн учир би 2020 оны 10-р сарын 14-ний өдөр шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргасан юм. Уг гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтээр нэг удаа хойшлогдож, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр товлогдсон. Гэтэл шүүх хуралдаан болохоос өмнө “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н нь миний биеэ үзүүлж эмчлүүлж байсан эмч О, Б нарыг ажил дээрээ дуудан ирүүлж П.А-т 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эмнэлгийн хуудас олгосон учир тэднийг ажлаас нь хална гэж заналхийлсэн байна. Үүний улмаас “Э” ТӨҮГ-т шууд харъяалагддаг сувиллын эмнэлгийн эмч нар над руу утасдаж эмнэлэг дээр ирж уулзахыг хүссэн. Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сувилал дээр очиж эмч нартай уулзахад тэд намайг шүүхэд гаргасан гомдлоо татаж аваач гэж уйлан хайлан надаас гуйсан. Би эх хүний хувьд өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалахдаа, “Э” ТӨҮГ-ын эрх мэдэл бүхий зарим хүмүүсийн атгаг санаа, ариун бус хүслээ хэрэгжүулэх далбаан доорх эгэл жирийн эмч нарын ажил амьдрал, хувь заяаг хохироох хэлмэгдүүлэлтийн оролцогч болохыг хүсээгүй учир аргагүй нөхцөл байдлын улмаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр буюу шүүх хуралдаан болохын өмнөх өдөр гомдлоосоо татгалзсан. Дашрамд хүний амь нас, эрүүл мэндийг хариуцахаар андгай тангараг өргөсөн эмч нар гэм буруугүй болох нь нотлогдох цаг хугацаа хол биш гэдэгт би итгэл үнэмшилтэй байна. Би өмнөх гомдолдоо Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б\1483 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, улмаар намайг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг шаардаж байсан. Харин дээр дурдсан нөхцөл байдлын улмаас энэхүү шаардлагыг би дахин гаргаж, бусдын ахуй амьдрал хувь заяанд толбо суулгахыг хүсэхгүй байна. Иймээс би хариуцагчийн гаргасан 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалын 1 дэх хэсэгт зааснаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрч, уг тушаалын бусад хэсэгт байгаа хууль зөрчсөн үг, үйлдлийг шүүхийн журмаар засуулахаар нэхэмжилж байна. Ажил олгогч уг тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг үүрэгт ажлаас чөлөөлж, миний ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний дотор хүлээлцэхээр захирамжилсан. Гэвч ажил олгогчийн зүгээс миний ажлыг хүлээлцэх талаар идэвхтэй санал санаачлага өнөөг хүртэл гаргаагүй. Ийм учраас би одоогоор хийж байсан ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тушаалд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг хариуцагч надад олгоогүй хэвээр байна. Ийнхүү. ажил олгогчийн буруугаас өнөөг хүртэл ажил хулээлцээгүй байгаа учир Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчоос ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор болох 14,543,977 /арван дөрвөн сая таван зуун дөчин гурван мянга есөн зуун далан долоо/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнийг өөрийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажсан цалин хөлсөөр тооцсон ба миний “Э” ТӨҮГ-т ажилласан суүлийн нэг жилийн цалин хөлсний нийлбэр дүн 38,783,9487 нэг сарын дундаж цалин хөлс 3,231,995 төгрөг байна. Иймд миний ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх 4 сар 15 хоногийн хугацаанд нийт 14,543,977 төгрөг болж байна. Мөн түүнчлэн намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн...40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасантай зөрчилдөж байна. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ажил олгогчоос олгох тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дундаж цалин хөлсний хэмжээгээр бодуулж авах буюу “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б\1483 дугаар тушаалд заасан “үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй” гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэг. Ажил хүлээлцэх уеийн нөхөн олговор 14,543,977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: "Э" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаартай тушаалаар ажилтан П.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт. 43 дугаар зүйлийн 43.1. 43.2 дахь заалтуудад тус тус зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс цуцалсан. "Э" ТӨҮГ нь ажилтан П.А-т түүний 00000000 дугаарын гар утсанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон ажил хүлээлцэж өрөө тасалгаагаа хүлээлгэн өгөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэтэл ажилтан П.А нь эмнэлэгт үзүүлж байгаа. Өвчтэй байгаа гэх шалтгааны улмаас тушаалыг гардан авахаас эрс татгалзаж байсан тул ажил олгогчоос дээрх нөхцөл байдлыг үндэслэн “Э" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.15-д заасны дагуу ажилтны хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдсэн оршин суугаа хаяг руу хүргүүлсэн. Ингээд ажилтан П.А-ийн хаягийн дагуу баталгаат шуудангаар 2020 оны 08 дугаар сарын 28, 9 дүгээр сарын 21-ний өдрүүдэд удаа дараа хүргүүлсний эцэст тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан байдаг. Нэхэмжлэгч П.А нь “Э" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/1483 тушаалыг гардан авсны дараагаар шүүхэд хандан 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Ерөнхий захирлын дээрх тушаалыг хүчингүй болгож, эмнэлгийн акттай байх хугацаа дууссан өдрөөс эхлэн шинээр гаргуулах, дээрх хугацааны тэтгэмжийг нөхөн олгох, өндөр насны тэтгэмжийг 20 сарын дундаж цалингийн хэмжээгээр бодож олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх, хуульд заасан эрх үүргийн хүрээнд ажиллагаа явуулахад нэхэмжлэгч нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, цуглуулсан, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байх магадлалтай нөхцөл байдал үүссэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хууль бус нотлох баримтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон. Дээрх нөхцөл байдлыг олж мэдсэн, нэхэмжлэгч хуурамчаар баримт бичиг үйлдсэн эмч, эмнэлгийн ажилтнууд хоорондоо зөвшилцөж, нэхэмжлэгч тал сайн дураараа нэхэмжлэлээсээ татгалзаж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2021/00043 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр ярьж, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагдсан учир нотлох баримтын хэмжээнд хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу? “Э" ТӨҮГ нь нэхэмжлэгч П.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн өдрөөр дуусгавар болгож, түүний албан өрөөг суллаж, хувийн эд зүйлийг нь лацдаж, баталгаажуулан баталгааг шуудангаар оршин суух хаягт нь хүргүүлсэн. "Э" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.14-т "Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардан авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дуусгасны дараа баримт бичгээ хүлээн авах" үүрэгтэй талаар тусгасан байдаг. Иймд ажилтан П.А-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалаа гардан авах, холбогдох тооцоогоо хийж дуусгаж ажил хүлээлцэхээс санаатайгаар татгалзаж, үйлдвэрийн газраас төлбөр нэхэмжилж буй үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмж олгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Э" ТӨҮГ-ын Захиргаа нь ажилтны төлөөлөл болсон Үйлдвэрчний Эвлэлийн холбоотойгоо 2 жил тутам "Хамтын гэрээ" хэлэлцээрийг байгуулан ажилласаар ирсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог байгуулсан тохиролцоог хэлнэ гэж зохицуулсан. "Э" ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх "Хамтын гэрээ”-ний 8 дугаар бүлгийн 8.11.5-д "Үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно" гэж заасан. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд "Э" ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх "Хамтын гэрээ"-ний 8 дугаар бүлгийн 8.11 дэх заалт нь ажилтны эрх ашиг сонирхлыг хөндсөн бус, ажилтанд хуульд зааснаас илүү нөхцлөөр тэтгэмж олгох тухай Захиргааны зүгээс Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой байгуулсан хамтын тохиролцоо юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг олгохоор тусгасан хэдий ч нэг сар олгох уу эсхүл түүнээс дээшээ хугацаа гэдэгт ямар хугацаа хамаарах талаар нарийвчлан зохицуулаагүй. Харин Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан дээрх зохицуулалтыг дагаж мөрдөх нарийвчилсан зохицуулалт нь Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой байгуулсан Хамтын гэрээний зохицуулалт болно. Иймд дээрх гэрээний дагуу Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26- ны өдрийн Б/1483 дугаар тушаалаар ажилтан П.А нь үйлдвэрийн газарт 31 жил 03 сар ажилласан тул 2020-2021 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ"-ний 8.11.5- зааснаар 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.А нь хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14,543,977 төгрөг гаргуулах, “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б\1483 дугаар тушаалд заасан “үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй” гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийг хэсэгчилэн хангав.

Нэхэмжлэгч 1989 оноос эхлэн хариуцагч “Э” ТӨҮГ-т хүний нөөцийн менежерээр 31 дэхь жилдээ ажиллаж байгаад “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтууд “Э” Төрийн өмчит үйлдвэрийн гарзын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8.11.5 дахь заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлжээ.

Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаал гарсан 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч эмнэлэгт үзүүлж, өвчтэй байсан гэх үндэслэлээр уг тушаалыг гардан авахаас татгалзсан байх тул ажил олгогчоос дээрх нөхцөл байдлыг үндэслэн түүний оршин суугаа хаяг руу баталгаат шуудангаар 2020 оны 08 дугаар сарын 28, 09 дүгээр сарын 21-ний өдрүүдэд хүргүүлж, нэхэмжлэгч тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан болох нь хэрэгт авагдсан талуудын нотлох баримт, тайлбараар тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь дээрх тушаалыг гардаж аваад 2020 оны 10-р сарын 14-ний өдөр шүүхэд хандаж “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, улмаар эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтээр нэг удаа хойшлогдож, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр товлогдсон байх ба 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсан тул 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2021/00043 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болжээ.

Үүний дараа нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд дахин хандаж “Э” ТӨҮГ-т холбогдуулан “Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14,543,977 төгрөг гаргуулах, “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалд заасан “үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй” гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШЗ2021/00459 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, нэхэмжлэгч энэхүү захирамжинд гомдол гаргаж тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай  тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШЗ2021/00459 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.

Ийнхүү захирамж хүчингүй болсон тул шүүх П.А-ийн гаргасан “Э” ТӨҮГ-т холбогдох Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14,543,977 төгрөг гаргуулах, “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалд заасан “үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй” гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч ажил хүлээлцээгүй тухайд “Ажил олгогч уг тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг үүрэгт ажлаас чөлөөлж, миний ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний дотор хүлээлцэхээр захирамжилсан. Гэвч ажил олгогчийн зүгээс миний ажлыг хүлээлцэх талаар идэвхтэй санал санаачлага өнөөг хүртэл гаргаагүй. Ийм учраас би одоогоор хийж байсан ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тушаалд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг хариуцагч надад олгоогүй хэвээр байна. Ийнхүү ажил олгогчийн буруугаас өнөөг хүртэл ажил хулээлцээгүй байгаа учир Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчоос ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор болох 14,543,977 /арван дөрвөн сая таван зуун дөчин гурван мянга есөн зуун далан долоо/ төгрөгийг гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.   

Түүнчлэн нэхэмжлэгч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн суүлийн нэг жилийн цалин хөлсний нийлбэр дүн 38,783,9487 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг 3,231,995 төгрөг гэж тооцон ажил хүлээлцэх үеийн нөхөн олговорыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх 4 сар 15 хоногийн хугацаагаар бодож нийт 14,543,977 төгрөг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч мөн хариуцагчийг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн...40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд....дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасантай зөрчилдөж байна. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ажил олгогчоос олгох тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дундаж цалин хөлсний хэмжээгээр бодуулж авах буюу “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалд заасан “үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй” гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгахыг шаардаж байна.  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалаар ажилтан П.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт,43 дугаар зүйлийн 43.1,43.2 дахь заалтуудад зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, нэхэмжлэгч П.А-т түүний 00000000 дугаарын гар утсанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон ажил хүлээлцэж өрөө тасалгаагаа хүлээлгэн өгөх талаар удаа дараа мэдэгдсэн гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч П.А-ийн гаргасан нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн өдрөөр дуусгавар болгон түүний албан өрөөг суллаж, хувийн эд зүйлийг нь лацдаж, баталгаажуулан баталгаат шуудангаар оршин суух хаягт нь хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч одоог хүртэл П.А-т ажил хүлээлцэх мэдэгдлийг албан ёсоор хүргүүлж гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдаагүй болох нь тогтоогдож байна.     

Иймд ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 4 сар 15 хоногийн хугацааны нийт 14,543,977 төгрөгийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Харин “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалд заасан “үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй” гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж зохицуулжээ.

“Э” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-ний 8 дугаар бүлгийн 8.11.5-д “Үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нэг удаа олгоно”гэж заажээ. 

“Э” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан энэхүү хамтын гэрээнд өөрчлөлт ороогүй хүчин төгөлдөр байх бөгөөд “Э” ТӨҮГ-н нийт ажилтнуудад адил тэгш үйлчлэх ёстой тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагын дагуу  нь “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалд заасан “ үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй” гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.   

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2-д заасныг баримтлан “Э” ТӨҮГазраас ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14.543.977 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-т олгож, “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалд заасан “үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй” гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.А-с 260,570 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, хариуцагч “Э” ТӨҮГ-аас 230,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН