Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 791

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, А.Ц, улсын яллагч Б.Г, хохирогч Б.Б, шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д.Д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нүүрс борлуулах цэгийн амралтын байрны шүүгээнд байсан орлогын 645.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “…Би үйлдвэр дээр цуг ажилласан. Тухайн үед 48 гараад 48 амардаг байсан. Би 01 дүгээр сарын 17-ны өглөө ажлаас буусан. Миний ээлжин дээр нүүрс буух байсан ч буугаагүй. Би гэртээ хариад унтаж байхад шөнө залгаж нүүрс буусан. Өглөө нүүрсээ хагалья гэхээр нь би маргааш өглөө нь 08-09 цагийн үед ажил дээр очсон. Намайг очиход Н.Баатарчулуун унтаж байсан учир сэрээсэн. Би босооч гэхэд жоохон халамцуу байсан. Би 0.33 гр архи авч өгсөн. энэ архинаас Н.Б 2 хундагыг өгч бусдын өөрөө авсан. Нүүрс хагалах хүмүүс ирж нүүрсээ хагалж орой болсон. Би 17 цаг өнгөрч байхад маргааш өглөө ажилтай өнөөдөр эрт явна тооцоогоо эрт хий гэж хэлсэн. Мөнхбаяр, Н.Баатарчулуун бид гурав манаачийн өрөөнд байсан. Мөнхбаяр болон Н.Баатарчулуун нар жоохон маргалдсан. Би болиулаад бид гурав гарсан. Гаднаас нүүрс шуудайд хийж оруулаад пийшиндээ нүүрсээ хийсэн. Гар нүүрээ угаах гээд ус халаахаар пийшин дээр тавьсан. Зуухан доор архи нууж хийдэг. Нуусан архинаасаа уудаг байсан. Энэ талаар тэнд ажилладаг бүх хүмүүс мэднэ. Тухайн архинаас 2-3 хундага ууж шилээ гадаа гаргаж хаясан. Би Гэрлээ, Өлзий хоёр дээр очиж тамхи байна уу гэж асуусан. Дотор тамхи байгаа гэхээр нь орж шүүгээнээс тамхи авсан. Гадаа гараад тамхи татаж байхад Н.Баатарчулуун мөнгөө хаячихлаа гэж хэлсэн. Би хаана хаяихсан юм бэ гэж асуухад сүүлд орон дээр тавьсан санагдаж байна гэсэн. Би Отгоог дуудаж камераа шүүлгэ гэж хэлсэн. Камер шүүж үзээд намайг орсон байна гэж хэлсэн. Тухайн үед 3 удаа орсон нь үнэн. Чулуун бид хоёр байнга орж гардаг. Хаяа нүүрс савлах гэж ажил дээр очихоороо орж сууж нуусан архинаасаа хааяа 1 хундагийг ууж мөн тамхи татдаг байсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Би мөнгийг нь аваагүй. Надаас хойш хэдэн хүн орсоныг нь мэдэхгүй. Мөнгө тавьж байхыг нь хараагүй. Хэдэн төгрөг байсан нь хүртэл эргэлзээтэй байгаа.” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б. мэдүүлэгдээ: “…Тухайн үед Н.Б ажилд гарч байсан. Баатарчулуунаас 665.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Тухайн орлого нь миний мөнгө юм. Энэ 665.000 төгрөг нь тооллого хийхэд дутсан мөнгө. Үүнээс Н.Баатарчулуун 20.000 төгрөг авсан гэж хэлж хасуулж байгаа. Н.Б, Д.Д нар тус бүр 48 гараад амардаг. Би 2 хоноод тооцоогоо хийдэг. Энэ мөнгийг тухайн үед гарч байсан Н.Б өгөх ёстой байсан. Нийт өгөх мөнгө болох 1.000.000 төгрөгөөс дутсан мөнгө нь 665.000 төгрөг юм. Тухайн үед камерын бичлэг үзэхэд Д.Доржпүрэв ах 3-н удаа орж гарсан. Түүнээс өөр хүн орж гараагүй учир Д.Д авсан гэж үзэж байна. Тэрнээс хойшхи бичлэг нь хэрэггүй гээд цагдаа таслаад авсан.” гэв.

Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б өгсөн мэдүүлэг /хх-н 46-47/, хохирогч Н.Б мэдүүлэг /хх-н 24/, гэрч Д.Э мэдүүлэг /хх-н 25/, гэрч Н.Б мэдүүлэг /хх-49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 17/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/, камерийн бичлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас шүүгдэгч Д.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нүүрс борлуулах цэгийн амралтын байрны шүүгээнд байсан орлогын 645.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Д.Д энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...”, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд гэм буруутай этгээдийн санаатай үйлдлийн улмаас хор уршиг заавал учирсан байх ёстойг тодорхойлсон байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...” гэж идэвхтэй үйлдэл байхаар заасан байна. Гэтэл шүүгдэгч Д.Д хувьд хохирогч Б.Б эд хөрөнгийг хэрхэн яаж нууцаар, хууль бусаар авсан нь тодорхойгүй, хохирогчийн эд хөрөнгийг авч байгаа гэх идэвхтэй үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл, тэмдэглэл /хх-3,4/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б өгсөн мэдүүлэг /хх-н 11-13,24/, гэрч Д.Э мэдүүлэг /хх-н 25/, гэрч Н.Б мэдүүлэг /хх-48-49/, бичиг баримттанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 28-36/, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-45/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-9/, камерийн бичлэг зэргээр хангалттай нотлогдохгүй байна гэж үзэв.

Учир нь прокуророос Д.Д “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нүүрс борлуулах цэгийн амралтын байрны шүүгээнд байсан орлогын 645.000 төгрөгийг хулгайлсан...” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүйн гадна хохирогч Б.Б, гэрч Н.Б, гэрч Д.Э нарын мэдүүлгүүд болон бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг яллах талын гол нотлох баримт болгон хэлэлцүүлсэн боловч энэ нь дараах баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б өгсөн: “...Тухайн үед намайг мөнгө тоолж байхад Насанбат, савлагч М хоёр байсан. ...Н л ганцаараа уг манаачийн өрөө рүү орж юм аваад гарч байсан. Маргааш нь тооцоо хийхэд 500.000 төгрөг дутсан байсан. Хэдэн төгрөг тоолсоноо санахгүй байна.  ” гэх мэдүүлэг /хх-н 11/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Б өгсөн: “...мөнгө хийснээс хойш өрөөнд Насанбатаас өөр хүн ороогүй.,...нүүрс савлаж байсан 10 орчим хүн байсан. Мөнхбаяр одоо хаана байгааг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Д яллагдагчаар өгсөн: “...Б, М хоёр байсан. М мөнгөө орон дээр тоолж байсан.,...Гаднаас нүүрс оруулж ирж зууханд хийчихээд буцаж гарч ус оруулж гал дээр тавьчихаад зуухны урд тонгойгоод архинаас уусан., ...Гэрлээ, Өлзий 2 дээр очиж тамхи байна уу гэсэн чинь Б дотор тамхи байгаа гэхээр нь орж тамхи аваад гарч тамхилаад гадаа юм яриад байж байхад мөнгө алга болчихлоо гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 41-42/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...Би мөнгийг аваагүй, надаас хойш орсон хүний бичлэг байхгүй. Хэдийд алга болсонг нь мадэхгүй” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б “...олон хүн нүүрс шуудайлж байдаг. Өрөө онгорхой л байдаг. Тэр өдөр Н.Б ээлжтэй өдөр байсан. Тэгээд тэр орлогын мөнгөө надаа өгөх байсан учир би хохирсон. Мөнхбат гэж одоо хаана байгааг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг зэргээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг шүүгдэгч Д.Д хэзээ, яаж үйлдсэн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ хэнд учирсан зэрэг нь нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл прокуророос яллаж буй шүүгдэгч Д.Д үйлдэл, хохирогч Б.Б учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд прокуророос шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.