Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1045

 

Д.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

хохирогч Б.Бы өмгөөлөгч А.Э,

цагаатгагдсан этгээд Д.Д,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1391 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ю.Батсүхийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 23-ны 96 дугаар улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Б.Бы өмгөөлөгч А.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Дт холбогдох эрүүгийн 1806008780609 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Д.Д, 1972 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../,

Д.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нүүрс борлуулах цэгийн амралтын байрны шүүгээнд байсан орлогын 645.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Д.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Дт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Дт холбогдох эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ю.Батсүх бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “... Хэрэгт гэрч Н.Быг хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан мөрдөн шалгах ажиллагаа байдаг боловч прокурорын тогтоолоор хүчингүй болгож, иргэн Б.Быг хохирогчоор тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь хууль зүйн үндэслэлтэй ба нүүрс борлуулах цэгийн эзэн нь буюу алдагдсан мөнгөний эзэн Б.Б юм.

Хохирогч Б.Б, гэрч Н.Б, Д.Энарын мэдүүлгээр хохирогчид учирсан бодит хохирол нь 645.000 төгрөг болох нь тогтоогддог.

Мөн яллах дүгнэлтийн хавсралтад 645.000 төгрөгийн хохирол учирсан гэж бичсэн байхад анхан шатны шүүх цагаатгах тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “... яллах дүгнэлтэд 665.000 төгрөгийн хохирол учирснаар бичигдсэн. ...” гэсэн байгаа нь ойлгомжгүй байна.

Камерийн бичлэгт Н.Б нь 18 цаг 57 минут 03 секундэд шүүгээн дээр орлогын 645.000 төгрөгөөс тавьсан болох нь тогтоогдож байх бөгөөд 19 цаг 14 минут 13 секундэд Н.Б уг мөнгөө тус байран дотор хайж эхэлсэн ба мөнгө алга болсон гэх хугацаанд тэрээр шүүгээг түгжээгүй болно. Мөн тус шүүгээ нь нүүрс борлуулах цэгт хонож байгаа ажилчдын ойр зуурын эд зүйлээ хийх зориулалттай бөгөөд тус шүүгээг цоожтой, цоожгүй байсан, мөнгө хадгалах зориулалттай байсан эсэх нь хэргийн шийдвэрлэлт болон зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Н.Б шүүгээнд мөнгө хийснээс хойш мөнгөө хайж эхэлсэн хүртэл 17 минут 10 секундын хугацаанд Д.Д нь 4 удаа тус нүүрс борлуулах цэгийн байранд орсон ба 2 удаад нь халаасандаа эд зүйл хийж байгаа бичлэг хэрэгт авагдсан. Энэ нь мөнгө алдагдсан хугацаа, Д.Дийн шүүгээнээс эд зүйл авч халаасандаа хийсэн үйлдэл нь нэг цаг хугацаанд давхцаж байгаа, мөн тухайн үед Н.Б, н.М нар нь орж ирсэн боловч мөнгө байгаа шүүгээнд огт ойртоогүй болох нь тогтоогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгддэг, хулгайлах гэмт хэрэг үйлдэж буй хүн камертай гэдгийг мэдсээр байж мөнгөө илээр авч халаасандаа хийхгүй нь ойлгомжтой, харин шүүгдэгч Д.Д нь хоёр удаагийн үйлдлээрээ халаасандаа эд зүйл авч хийхдээ камерт харуулахгүй, нуун далдлан халаасандаа хийж байгаа бичлэг авагдсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Д нь “тамхи авч амандаа хийгээд, 00-ын цаас тасалж аваад, дахиж гараа оруулан асаагуур авч халаасандаа хийж гарсан” гэж мэдүүлдэг боловч камерийн бичлэгт Д.Д шүүгээн дээрээс тамхи авч, үл таних эрэгтэй хүнтэй тамхилсан, тус үл таних эрэгтэй хүн нь шүүгээн дээрээс асаагуур авч өөрийн тамхийг асааж, дараа нь Д.Дийн тамхийг асааж өгч байгаа бичлэг авагдсан. Д.Дт өөрт нь асаагуур байх ёстой ба энэ нь Д.Дийг шүүгээн дотроос асаагуур авч гараагүй болохыг нотолж байна.

Д.Д нь эд зүйл авч халаасандаа хийхдээ хяналтын камерт харуулахгүй, нууж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” идэвхитэй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогч Б.Бд 645.000 төгрөгийн шууд хохирол учирсан нь гэмт үйлдэл, хор уршгийн шууд шалтгаант холбоог тодорхойлж байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодитойгоор үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулснаар шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1391 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Ю.Батсүхийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт хохирогч Б.Бы мэдүүлэг, гэрч Н.Бы мэдүүлэг, нүүрс борлуулах цэг дээрх хяналтын камерийн бичлэг зэрэг Д.Дийг гэм буруутайг нотлох 3 баримт байгаа. Н.Б шүүгээнд мөнгө хийснээс хойш мөнгөө хайж эхлэх хүртэл 17 минут 10 секундын хугацаанд тус байранд 3 хүн орж ирсэн байдаг бөгөөд Д.Д нь 4 удаа тус нүүрс борлуулах цэгийн байранд орсон ба 2 удаад нь халаасандаа эд зүйл хийж байгаа бичлэг хэрэгт авагдсан. Энэ нь мөнгө алдагдсан хугацаа, Д.Дийн шүүгээнээс эд зүйл авч халаасандаа хийсэн үйлдэл нь нэг цаг хугацаанд давхцаж байгаа, мөн тухайн үед Н.Б, н.М нар нэг нэг удаа орж ирсэн боловч мөнгө байгаа шүүгээнд огт ойртоогүй. “Хулгайлах” гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгддэг, хулгайлах гэмт хэрэг үйлдэж буй хүн камертай гэдгийг мэдсээр байж мөнгөө илээр авч халаасандаа хийхгүй нь ойлгомжтой, харин шүүгдэгч Д.Д нь хоёр удаагийн үйлдлээрээ халаасандаа эд зүйл авч хийхдээ камерт харуулахгүй, нуун далдлан халаасандаа хийж байгаа нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Д нь “тамхи авч амандаа хийгээд, 00-ын цаас тасалж аваад, дахиж гараа оруулан асаагуур авч халаасандаа хийж гарсан” гэж мэдүүлдэг. Гэтэл хэрэг учрал болоод дууссаны дараа Д.Д нь тус байранд дахин орж, шүүгээн дээрээс тамхи авч, үл таних эрэгтэй хүнтэй тамхилсан, тус үл таних эрэгтэй хүн нь шүүгээн дээрээс асаагуур авч өөрийн тамхийг асааж, дараа нь Д.Дийн тамхийг асааж өгч байгаа бичлэг авагдсан. Д.Дт өөрт нь асаагуур байх ёстой байтал дахин шүүгээн дээрээс асаагуур авч байгаа үйлдэл нь тухайн хэрэг учрал болох үед шүүгээн дотроос асаагуур авч гараагүй болохыг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

Хохирогч Б.Бы өмгөөлөгч А.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй. Тухайн өдрийн амралтын байрны камерийн бичлэгт Н.Б орлогоо 18:57:03 цагт шүүгээнд хийж байх бөгөөд 19:14:13 цагаас эхлэн мөнгөө хайж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 17 минутын дотор мөнгө алга болсон. Энэ хугацаанд Д.Д тус байранд 4 удаа орсон ба түүнээс 2 удаа мөнгөтэй шүүгээнд ойртон хэд хэдэн удаа гараа оруулж, эд зүйл авсан нь бичигдсэн.

Гэтэл шүүхээс Д.Дийн халаасандаа хийсэн зүйлийг асаагуур хэмээн зөвхөн өөрийнх нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай дүгнэлтийг заагаагүй тул шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Мөнгө алга болсон цаг хугацаа Д.Дийн мөнгөтэй түмбүүшигнээс эд зүйл авсан цаг хугацаатай таардаг бөгөөд гэрч Н.Б, хохирогч Б.Б нарын мэдүүлгээр Д.Д түмбүүшигнээс мөнгө авсан нь нотлогдож байхад зөвхөн яллагдагчийн өөрийнх нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслэж түмбүүшигнээс авсан зүйлийг асаагуур хэмээн дүгнэсэн байна.

Түүнчлэн, амралтын байр камертай гэдгийг яллагдагч мэддэг бөгөөд мөнгө гэдгийг камерийн бичлэгт харагдуулахгүйгээр авч буй нь түүний үйлдлээс тодорхой байх бөгөөд энэхүү үйлдэл нь хулгайн гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар бусдын өмчлөлийн зүйлийг авах үндсэн шинжийг агуулсан.

Мөн шүүгээнд зөвхөн Д.Д олон удаа ойртож эд зүйлс авсан бөгөөд өөр хүн ойртоогүй болох нь камерийн бичлэгт тодорхой байхад шүүхээс хангалттай баримтаар нотлогдоогүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

Гэмт үйлдлийн улмаас 645.000 төгрөгийн хохирол учирсан байхад шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн шүүхийн шийдвэрт Н.Бы орлогын мөнгөө алдсан байхад хохирогчоор Б.Быг тогтоосон нь хохирогчийг буруу тогтоож, хохирогч, гэрчийн байр солигдсон хэмээн дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг тул тус гэмт хэргийн хохирогч нь хулгайд алдагдсан зүйлийн өмчлөгч байх нь тодорхой. Тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Б нь нүүрс борлуулах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд орлого нь түүний хуулийн дагуу олж авч байгаа өмч хөрөнгө юм. Харин нүүрсээ борлуулахдаа Н.Б, Д.Д зэрэг хүмүүсийг хөлслөн ажиллуулдаг бөгөөд тэдгээр борлуулагч нар нь өмчлөгч болохгүй юм. Гэтэл шүүхээс хулгайн гэмт хэргийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн этгээдийг хохирогч биш гэж үзэж байгаа нь илт үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1391 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би тухайн мөнгийг аваагүй. Нүүрс борлуулах цэгийн ажилчдын байранд орохдоо зуухны ард тавьсан архийг уусан. Мөн шүүгээн дээр тавьсан тамхи, 00-ын цаас, асаагуур авсан. Сүүлд гадаа тамхи татаад зогсож байтал Н.Б ирээд мөнгө алга болсон гэдэг асуудал ярьсан ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр Д.Дт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Дт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу Д.Дийн холбогдсон хэрэгт хэнд, хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй, энэ хэргийн хохирогчийг зөв тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эрх, үүргийг эдлүүлэх шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, мөнгө нь Н.Бых, Н.Б нь анх мөнгө алдагдсан гэж гомдол гаргасан, гэтэл хохирогчоор Б.Быг тогтоосон нь ойлгомжгүй, мөн 645.000 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч энэ нь ямар баримтаар тогтоогдсон нь тодорхойгүй, гэрч Д.Энхтайваны мэдүүлэг /хх-25/ болон бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28-36/ зэрэг хэрэгт авагдсан гар тооцоо нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Мөн хэргийн газраас хураан авсан хяналтын камерийн бичлэгт Н.Б нь халааснаасаа мөнгө гарган хоёр хэсэг болгон гартаа барьж байгаад, нэг хэсгийг нь буцааж халаасандаа хийсэн үйл явдал бичигдсэн байх ба Н.Б нь халаасандаа хэдэн төгрөг буцааж хийсэн талаар тодорхой баримт байхгүй, энэ талаар тогтоогоогүй зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд хохирлыг бүрэн тогтоосон гэж үзэх үндэслэлгүй юм.

 Түүнчлэн, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй байна.

Учир нь, хулгайлагдсан гэх мөнгийг шүүгээн дотроос авсан уу, шүүгээн дээрээс авсан уу гэх зэрэг хэргийн нөхцөл байдлыг үндэслэлтэй тогтоогоогүй төдийгүй хэргийн газрын үзлэг хийгээгүй атлаа яллах дүгнэлтэд шүүгээн дотроос авсан мэтээр бичиж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1391 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Дт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн, анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1330 дугаартай, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2337 дугаартай шүүгчийн захирамжуудаар яллагдагчийг шүүхэд хоёр удаа шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байгааг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1391 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Дт холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл Д.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ  

           ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН