Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 727

 

Д.Дт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Ганбулган,

            Шүүгдэгч Д.Д,

            Нарийн бичгийн дарга Б.Ариунзаяа нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 791 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Бы гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Ганбулганы бичсэн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 79 дугаартай эсэргүүцлээр Д.Дт холбогдох эрүүгийн 1806008780609 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Д нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрс борлуулах цэгийн амралтын байрны ширээний шүүгээнд байсан орлогын 645.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Тангад овогт Дамчаагийн Д.Дт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

            Хохирогч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Б.Б миний бие Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт түлээ нүүрс худалдан борлуулдаг юм. 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн үйл ажиллагаа явуулдаг түлээ нүүрсний амралтын байрны шүүгээнээс орлогын мөнгө болох 645.000 төгрөгийг хулгайд алдсан. Хулгайн гэмт хэрэг нь хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын өмчлөлийн зүйлийг авсан байхыг ойлгодог. Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолд дурьдсанаар Д.Д нь “мөнгийг авсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж үзсэн байна. Хэрэгт авагдсан камерын бичлэгээр Д.Д нь амрах байр луу 3 удаа орж, гарч харагдаж байгаа бөгөөд ийнхүү байр луу орж гарч байхдаа авсан байх боломжтой. Өөр хүн уг байр луу орсон, гарсан зүйл байдаггүй. Тэр бүү хэл Д.Д нь надад “би хохирлыг чинь бэлэн төлөх боломжгүй байна. Монгол гутал өгье, эсвэл хонь ямаа зараад өгье” гэдэг байсан нь энэ мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж би ойлгож явсан. Шүүхийн цагаатгах тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж үзсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байдаг. Харин хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Д.Д нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нотлогдож байхад шүүх хэргийн бодит байдлыг авч үзэлгүй зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 791 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...”  гэжээ.

 

                Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан хохирогч Б.Бы “Тэгээд 20 минутын дараа очоод камер шүүж үзэхэд Насанбат ах авч байгаа бичлэг харагдаж байсан. Тэгэхээр нь би “та л авчихсан байна шүү дээ, камерын бичлэг дээр Баатарчулууныг мөнгө хийснээс хойш та л ганцаараа 3 удаа орж, гарч шүүгээнд ойртож байна” гэсэн чинь би наанаас чинь тамхи авсан, мөнгө аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгэхээр нь цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх 46/, гэрч Н.Баатарчулууны “2018 оны 1 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, нүүрс борлуулах цэгийн манаачийн өрөөнд сууж байгаад орлогоо тушаахаар бэлдэж, халаасанд цугларсан мөнгөнүүдээ дэвсгэртүүдээр ялгаж, бүхэл мөнгөнүүдээ тумбочканд хийсэн. Тэгээд мөнгөө мартаж гараад хэсэг хугацааны дараа орж ирээд мөнгөө авах гэсэн чинь байхгүй байсан. Хяналтын камерын бичлэг үзэхэд мөнгө янзлаад хийснээс хойш алга болсныг мэдэх хүртэл Насанбат л /Д.Д/ ганцаараа уг манаачийн өрөөнд орж тумбочка хэсэг дээр ирж юм аваад халаасандаа хийж байгаа бичлэг байгаа юм” /хх 49/ гэх мэдүүлгүүдийг өгсөн байна. Хяналтын камерын бичлэгт “Н.Баатарчулуун нь 18 цаг 57 минут 03 секунтэд шүүгээн дээр орлогын мөнгөө тавьсан, 19 цаг 14 минут 13 секунтэд тус өрөөнд орлогын мөнгөө хайж эхэлсэн болох нь тогтоогддог. Мөн хугацаанд Д.Д нь 18 цаг 59 минут 28 секунтэд хувинтай зүйл барьж орж ирээд 19 цаг 00 минут 15 секунтэд гарч явсан, 19 цаг 01 минут 43 секунтэд орж ирээд шүүгээний урдуур тонгойж байгаад шүүгээнээс ямар нэгэн зүйл авч зүүн халаасандаа хийсэн, 19 цаг 01 минут 54 секунтэд дахин тонгойж байгаад 19 цаг 02 минут 01 секунтэд шүүгээний хажуу талаас тортой эд зүйл аваад гарсан, 19 цаг 04 минут 15 секунтэд Д.Д нь данх барьсан орж ирээд 19 цаг 04 минут 24 секунтэд гарсан, 19 цаг 04 минут 55 секунтэд Д.Д орон дээр сууж байгаад 19 цаг 05 минут 39 секундэд Д.Д гарсан, 19 цаг 06 минут 59 секунтэд Д.Д орж ирээд шүүгээ рүү тонгойж тамхи авч буцааж тавиад дахин гараа явуулж, 00-н цаас авч тастаж аваад буцааж тавиад дахиж шүүгээ рүү тонгойж харж байгаад зүүн гараа шүүгээ рүү хийж байгаад нэг зүйл авч халаасандаа хийгээд 19 цаг 07 минут 21 секундэд гарсан..." бичлэг авагдсан байна. Мөн камерын бичлэгээр дээрх хугацаанд 19 цаг 02 минут 19 секунтэд Мөнхбаяр гэгч нь орж ирж, орон дээр байсан ундааг уугаад гарсан, 19 цаг 04 минут 28 секунтэд Н.Баатарчулуун нь орж ирж, орон дээрээс утсаа авч үзээд 19 цаг 05 минут 01 секунтэд гарсан, 19 цаг 05 минут 08 секунтэд орж ирээд орон дээрээс утсаа аваад 19 цаг 05 минут 34 секунтэд гарсан бичлэг авагдсан ба орлогын 645.000 төгрөг байсан шүүгээ рүү огт ойртоогүй, ямар нэгэн эд зүйл аваагүй болох нь тогтоогдож байна. Камерын бичлэгээс үзэхэд тус байранд Мөнхбаяр, Н.Баатарчулуун, шүүгдэгч Д.Д нар байсан, өөр хэн нэгэн хүн байгаагүй, тухайн үйл явдал 18 цаг 57 минут 03 секунтээс 19 цаг 14 минут 13 секунд хүртэл 17 минут 10 секундын хугацаанд болсон. Энэ хугацаанд Д.Д нь нийт 4 удаа тус байранд орж ирсэн, 2 удаа орж ирэхдээ шүүгээнээс эд зүйл авч халаасандаа хийж гарсан болох нь тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д нь нүүрс борлуулах цэгийн амралтын байрнаас орлогын мөнгийг хулгайлаагүй гэсэн мэдүүлэг өгдөг боловч хэргийн материалд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогчийн орлогын мөнгө алдагдсан хугацаа, шүүгдэгчийн шүүгээнээс эд зүйл авсан үйл баримт 2 давхцаж байна. Иймд дээрх үйл баримт болон нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч нь бусдын 645.000 төгрөгийг хулгайлсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Мөн тус шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...” гэж идэвхтэй үйлдэл байхаар заасан байна. Гэтэл шүүгдэгч Д.Дийн хувьд хохирогч Б.Бы эд хөрөнгийг хэрхэн, яаж нууцаар, хууль бусаар авсан нь тодорхойгүй, хохирогчийн эд хөрөнгийг авч байгаа гэх идэвхтэй үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна...”, “...прокуророос яллаж буй шүүгдэгч Д.Дийн үйлдэл, хохирогч Б.Бд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж үзлээ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжид хууль зүйн буруу дүгнэлт өгсөн байна гэж үзэхээр байна. Учир нь шүүгдэгч Д.Дийн хохирогчийн мөнгийг хулгайлсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Мөн шүүгдэгч Д.Дийн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Б.Бы эд хөрөнгөнд 645.000 төгрөгийн шууд хохирол учирсан байгаа нь гэмт үйлдэл болон гэмт үйлдлийн хор уршгийн шууд шалтгаант холбоог тодорхойлж байна. Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж үзлээ гэсэн байна. Дээрх дүгнэлтээс үзэхэд, шүүх шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэсэн боловч түүний хулгайн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй ба шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангаагүй байна. Шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, дүгнэн хэргийн бодит байдлыг тогтоосонгүй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 791 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

           

            Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Камерын бичлэгээс, эхний оролтонд намайг юм аваад зүүн талын халаасандаа хийж байна гээд байгаа. Бид нар зуухан дотор архи, шүүгээн дотор хундага хийдэг бөгөөд тэндээсээ аваад уудаг. Камерын бичлэг хянадаг учраас нууж авч уудаг байсан. Энэ талаар бүгд мэдэж байгаа. Асаагуур атгах, 400.000-500.000 төгрөг атгаад гарах хоёр өөр харагдана гэж бодож байна. Өмнө нь ийм хэл ам гарч байгаагүй, авсан зүйл ч байхгүй. Зуухан доор архи хийгээд уудаг байсан нь үнэн. 5 цаг өнгөрч байхад би “ах нь маргааш ажилтай, одоо бууна. Тооцоогоо эртхэн хийе. Ах нь явмаар байна” гэж хэлэхэд “Гэрлээ, Өлзий 2 арай дуусаагүй байна, туслалцаад өгөөч” гэхээр нь арай ч болоогүй юм байна гээд 17 цаг өнгөрч байх багцаанд бид 3 амралтын өрөөнд орж сууж байгаад гарсан. Хамгийн их орж, гарсан нь Баатарчулуун бид хоёр. Бид нар 48 цаг гараад 48 цаг амарч хоорондоо тулаа хийдэг байсан. Нүүрс савлаж байсан хүмүүсээс тэр, энэ орсон гэж хэлэх үндэслэл байхгүй. Амралтын өрөөний хаалга онгорхой байж л байдаг, хүмүүс орж гарч л байдаг байсан. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүх Д.Дт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

 

            Анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгч Д.Дийн болон гэрч Н.Баатарчулууны мэдүүлгийг үндэслэн “...Шүүгдэгч Д.Дийн хувьд хохирогч Б.Бы эд хөрөнгийг хэрхэн яаж, нууцаар, хууль бусаар авсан нь тодорхойгүй, хохирогчийн эд хөрөнгийг авч байгаа гэх идэвхтэй үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэжээ.

 

Гэрч Н.Баатарчулууны “...Тэгээд мөнгөө мартаж гараад хэсэг хугацааны дараа орж ирээд мөнгөө авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд хяналтын камерын бичлэг үзэхэд мөнгө янзлаад хийснээс хойш алга болсныг мэдэх хүртэл Насанбат /Д.Д/ ганцаараа уг манаачийн өрөө рүү орж, тумбочка хэсэг дээр ирж юм аваад халаасандаа хийж байгаа бичлэг байгаа юм. ...” /хх-ийн 48-49/,

 

            Хохирогч Б.Бы “...Баатарчулуун над руу утсаар залгаад орлогын мөнгөө алдчихлаа, та ирээд камер шүүгээд өгөөч гэж ярьсан. ...20 минутын дараа очоод камер шүүж үзэхэд Насанбат ах авч байгаа бичлэг харагдаж байсан. ...” /хх-ийн 46-47/ гэх мэдүүлгүүд,    

 

            Эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...18:37:02 цагт Баатарчулуун аяга авч буцаагаад тавиад янзалж байсан мөнгөө тумбочканд хийж байгаа нь харагдаж байв. ...18:38:17 цагт Баатарчулуун гарч араас нь Д.Д гарч араас нь савлагч гэх залуу гарав. Ингээд 18:39:30 цагт Д.Д гаднаас төмөр хувинтай орж ирээд камерын доод хэсэгт тонгойж байгаад ...19:00:15 цагт буцаж Д.Д гарч 19:00:55 цагт бичлэг дуусав. 19:00:41 цагт Д.Д гаднаас орж ирээд тумбочка хэсэгт ирж зүүн гараараа тумбочканд гараа хүргээд тонгойж байгаа харагдаж байв. 19:01:52 цагт зүүн гараараа зүүн талын халаасандаа гараа хийгээд буцаж гаргаад гартаа хуванцар аваад 19:02:00 цагт гарч байгаа харагдаж байв. 19:07:04 цагт гаднаас Д.Д орж ирээд тумбочканаас тамхи аваад 00-ийн цаас авч таслаад гараа тумбочка руу дахин оруулаад гараа авч байгаа харагдаж 19:07:20 цагт гарав. ...” /хх-ийн 8-9/ зэрэг нотлох баримтууд хавтас хэрэгт авагджээ.

 

            Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг гэрч Н.Баатарчулуун, шүүгдэгч  Д.Д нарын мэдүүлгээр няцаан үгүйсгэгдэж байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгч  Д.Дийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүйн зэрэгцээ гэрч Н.Баатарчулууны хохирогчоор өгсөн мэдүүлгийг прокурорын тогтоолоор хүчингүй болгожээ.

 

Гэрч Н.Баатарчулуун, хохирогч Б.Б, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн нотлох баримт, үндэслэлийг цагаатгах тогтоолдоо тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд прокурор Б.Ганбулганы бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Дт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.