Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 231

 

“Кэ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Байгаль орчин, аялал

жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   М.Батсуурь

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Кэ...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0915 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 243 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Э-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0915 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 47 дугаар зүйлийн 47.1.6, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Кэ...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Кэ...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 243 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Кэ...” ХХК-аас Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан “2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж  шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

         3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтыг зөрчиж хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

         4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ын өдрийн А/355 дугаар тушаалыг гаргахаасаа өмнө 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр mne.mn сайтад газар ашиглах эрхийг цуцлах мэдэгдлээр сонсох ажиллагааг хийсэн гэж хариуцагч тайлбартаа тодорхой дурдсан байсан бөгөөд тухайн үед нь манай газар ашиглах эрх сэргээгдээгүй байсан болно.

         5. Хариуцагч нь сонсох ажиллагааны мэдэгдэлд үндэслэгдээгүй, шал өөр хуулийн үндэслэлээр А/355 дугаар тушаалыг гаргасан бөгөөд сэргээгдээгүй байсан газар ашиглах эрхийг цуцлахаар зарласан байсан.

         6. Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт гэсэн нийтлэг ойлголт байгаа бөгөөд уг актыг гаргах процессыг тодорхой хуульчилж өгсөн байхад давж заалдах шатны шүүх хуулийн 27 дугаар зүйл нь А/355 дугаар тушаалд хамаарахгүй гэж хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэхгүй гэсэн дүгнэлт гаргасан.

          7. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаал нь манай компанид газар ашиглах эрх олгосон 2014 оны А-340 дүгээр тушаалыг хүчингүй болгосон бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр газар ашиглах эрхийг сэргээсэн А/297 дугаар хүчин төгөлдөр байгаа болно.

          8. Хариуцагч нь газар ашиглах эрхийг сэргээсэн шийдвэр гаргасны / А/297 дугаар тушаал/ дараа анх олгосон 2014 оны А-340 дугаар тушаалыг хүчингүй болгосноор манай компанийн газар ашиглах эрх дуусгавар болох үр дагавартай 2019 оны А/355 дугаар тушаалыг гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасныг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.5 дахь заалтуудыг 47.1.6 дахь заалтад багтаан хамааруулж ойлгоно гэж хуулийг буруу хэрэглэсэн.

          9. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “... хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж хуульчилж өгсөн байна.

          10. Яамны хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Номин-Эрдэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/7216 тоотоор олгосон итгэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчиж эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй, Захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй сайд гарын үсэг зураагүй дардас дарагдсан нь хуулийн 27.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх гомдол гаргах эрхтэй эсэхийг нягталж үзэлгүйгээр ажилдаа хайнга хандаж, Захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5 дахь хэсгийг зөрчсөн.

        11. Тус компани нь бусад олон зуун аж ахуйн нэгжийн адил 2014 онд Тусгай хамгаалалтгай газар нутгийн тухай хуулийн 33, 34, 37 дугаар зүйлд заасны дагуу газар ашиглах гурвалсан гэрээ /захиргааны гэрээ/-г 5 жилийн хугацаатайгаар байгуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд уг хуулийн дээрх заалтуудаар өнөөг хүртэл газар ашиглуулах шийдвэрийг гаргаж, гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх явцдаа хуулийн хэрэглээг тайлбарладаг зарчимтай.

        12. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өнөөдрийг хүртэл дээрх хуулийн заалтаар олгосон шийдвэрүүдээ буцаан хүчингүй болгосон нь зөв байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь ардчилсан ёсны эсрэг, хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг зөрчсөн, нийтийн албаны албан тушаалтны хууль бусаар дураар авирлах боломжийг дэмжсэн үйлдэл гэж үзэж байна.

         13. Газар ашиглуулах шийдвэр, гурвалсан гэрээ байгуулагдсанаас хойш төрийн захиргааны байгууллагуудын хууль зөрчсөн үйлдлийн улмаас 4 жилийн турш шүүхээр маргааныг 2 ч удаа эцэслэн шийдвэрлэж төрийн байгууллагуудыг хууль зөрчсөн болохыг тогтоосон. Энэ бүх маргааны явцад тус компани нь цаг хугацаа, эдийн засгийн хохирол амсч яваа билээ. Гэтэл дахин 3 дахь удаагаа манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй байхад анх олгосон тушаалаа хүчингүй болгох эрх нь сайдад байгаа гэсэн үндэслэлийг давж заалдах шатны шүүх дэмжиж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх тэгш байх зарчмыг үл хүндэтгэсэн шийдвэр байна.

         14. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 243 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0915 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шударга ёсыг тогтоож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

16. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчиж газар олгосон” гэх үндэслэлээр 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг тус тус хүчингүй болгосон, үүнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд (тухайн үеийн нэрээр)-ын 2014 оны А-340 дүгээр тушаалаар “Кэ...” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газарт, “Түргэний ам” нэртэй байршилд 10 га газрыг “аялал жуулчлалын зориулалтаар” ашиглах эрх олгосон тушаал багтсан, “Кэ...” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...манай компанийн газар ашиглах эрх ашигт халдах үндэслэл байгаагүй, ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гаргасан” гэж маргажээ.

17. Анхан шатны шүүх “... анх газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах, захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудад нийцэхгүй” гэх дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан  “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх илт хууль бус захиргааны актын шинжийг буруу тодорхойлсон алдаа гаргажээ.

18. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй /тохиолдолд захиргааны акт илт хууль бус болох/”-оор заасан, уг заалтын “хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зэрэг эрх зүйн илэрхий алдаа гаргасан тохиолдлыг ойлгоно, тухайн тохиолдолд, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаал нь “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт” зэрэг хуулийг үндэслэсэн, “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хууль зөрчиж газар олгосон” гэх тодорхой үндэслэлээр, өмнө гаргасан тушаалаа хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “илт хууль бус” захиргааны актын шинжийг агуулахгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

19. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “... сонсох ажиллагааны мэдэгдэлд үндэслэгдээгүй, шал өөр хуулийн үндэслэлээр А/355 дугаар тушаалыг гаргасан бөгөөд сэргээгдээгүй байсан газар ашиглах эрхийг цуцлахаар зарласан, ... 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр газар ашиглах эрхийг сэргээсэн А/297 дугаар хүчин төгөлдөр байгаа” гэх зэрэг үндэслэл нь захиргааны актыг “илт хууль бус” гэж шүүх дүгнэх үндэслэл болохгүй, “... давж заалдах шатны шүүх 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.5 дахь заалтуудыг 47.1.6 дахь заалтад багтаан хамааруулж ойлгоно гэж хуулийг буруу хэрэглэсэн, ...  ардчилсан ёсны эсрэг, хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг зөрчсөн, нийтийн албаны албан тушаалтны хууль бусаар дураар авирлах боломжийг дэмжсэн, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх тэгш байх зарчмыг үл хүндэтгэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

20. Түүнчлэн, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/7216 дугаар албан тоотоор хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Н-Э-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, “... шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмааргомдол гаргах эрх”-ийг тусгайлан олгосон итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн, үүний дагуу Т.Н-Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, итгэмжлэл олгосон этгээдээс итгэмжлэлээ хүчингүй болгоогүй, Т.Н-Э-ийн төлөөлөх эрхийн талаар маргаагүй  байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э-ийн давж заалдах гомдлоор хэргийг хянасан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх гомдол гаргах эрхтэй эсэхийг нягталж үзэлгүйгээр ажилдаа хайнга хандаж, Захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5 дахь хэсгийг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

21. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Кэ...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 243 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Кэ...” ХХК-ийн төлөөлөгч Ш.Э-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Кэ...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

                ШҮҮГЧ                                                                     Д.МӨНХТУЯА