| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 106/2019/0941/Э |
| Дугаар | 238 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 238
Б.Б, Г.Э, Д.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батхуяг, Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Г.Э, Д.Б нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, П.Баасанжав, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч Б.О, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 958 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаар магадлалтай, Б.Б, Г.Э, Д.Б нарт холбогдох 1805028030449 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батхуяг, Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Г.Э, Д.Б нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, П.Баасанжав, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Ц.Туяа, Р.Булгамаа, Ц.Батзаяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч Б.О нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Бийн Б,
2. Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт Хэрэг бүртгэх тасгийн даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Гын Э,
3. Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт жижүүрийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Дийн Б.
Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны подвальд байрлах хувцас захиалга засварын газрын гадаа иргэн Б.О халдан газар унагаж, эрүүл мэндэд нь баруун шилбэний мэдрэлийн гэмтэл, баруун тавхайн санжилт, баруун өвдөгний дотор болон гадна менискийн урагдал, арын чагтан холбоосын суналт гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн тус үед Б.Б, Г.Э, Д.Б нар нь Б.Оыг гэмтсэнийг мэдсээр байж эмнэлгийн байгууллагад хандах боломж олголгүй, эрэн сурвалжлагдаж байсан этгээд Б.Б гэгчийн хаана байгаа газрыг заалгах зорилгоор автомашиндаа суулган Багануур дүүрэг рүү авч явж, Б.Оын бие махбод, сэтгэл санааг 8-9 цагийн турш шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Г.Э, Д.Б нарыг “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авахаар өөрөө бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,
Б.Быг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Э, Д.Б нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 3 жил хорих ял тус тус шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сар хорих ялаар тогтоож,
шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Э, Д.Б нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Г.Э, Д.Б, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батхуяг, Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Г.Энхтулга, Д.Бүрэнбаатар нарын өмгөөлөгч П.Баасанжав, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Б, Г.Э, Д.Б нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батхуяг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Шүүхээс Б.Быг ...Б.Оын биед хүнд гэмтэл учруулсан гэсэн шинжээчийн дүгнэлт нь ...“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-аас зөрүүтэй, хохирогчийн эрүүл мэндэд чухам ямар гэмтэл учирсан нь тодорхой бус, эргэлзээтэй байдаг. Учир нь шинжээч эмч №1170 дугаартай дүгнэлтдээ тус журмын 17 дугаар зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар гэмтлийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвараа 35 хувиар алдсан нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан гэж дүгнэсэн. Гэтэл шинжээч дүгнэлт гаргахдаа үндэслэл болгосон журмын уг заалт нь зөвхөн тодорхой төрлийн гэмтэл, түүний ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг.... Гэмтлийн улмаас хүн ямар ч хувь хэмжээгээр ерөнхий хөдөлмөрийн чадвараа алдаж болно. Харин гэмтлийг учрах үедээ амь насанд аюултай байсан эсэх, мөн түүнчлэн учирсан гэмтэл эмчилгээ, эдгэрэлтээс ерөнхий хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээгдэх эсэхээс шалтгаалж хүнд гэмтэлд хамаарах эсэхийг дээр дурдсан журмын 2.1 дүгээр зүйлийн 2.1.4, 2.2 дугаар зүйлийн 2.2.4, 3.6 дугаар зүйлийн 3.6.6 дахь хэсэгт тус тус тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл хүний ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35-100 хувь “тогтонги” байдлаар алдагдуулсан бол гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарах буюу ерөнхий хөдөлмөрийн чадвар дахин сэргээгдэхгүй насан туршид нь үүссэн байхыг хэлж байна. Тухайн гэмтлийн зэрэг тогтоох журмыг уншихад миний ойлгож байгаагаар шинжээч эмч хохирогч Б.Оын биед ямар гэмтэл учирсан, түүний хувь хэмжээг “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ийн 17 дугаар зүйлийн 111.3 дахь хэсгээр тодорхойлж болно. Харин уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох шалгуур үзүүлэлтээр “хүнд” зэрэгт хамаарах эсэхийг “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ийн 3.6 дугаар зүйлийн 3.6.6 дахь хэсгээр тогтоох ёстой байсан гэж үзэж байна. Мөн Б.Бын үйлдсэн гэх дээрх хэрэгт гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгийг хангалттай нотлох баримтаар тогтоогоогүй, Б.Оын найман сарын дараа өөрөө олж ирсэн гэрч нарын хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй, мэдүүлгээсээ буцсан байтал шүүх уг гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээс сонгон нотлох баримтаар үнэлэхдээ тухайн сонгон авсан мэдүүлгийг чухам яагаад нотлох баримтаар үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй байсан.
Давж заалдах шатны шүүх дурдсан нөхцөл байдлуудыг маш ерөнхийд нь дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон гэсэн нь туйлын хангалтгүй хариулт байсан бөгөөд энэхүү тус магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой ...бичигдсэн байна” гэснийг, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр...-ийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”-ийг тусгана гэснийг, мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ... өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт...-ийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэснийг, мөн зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”-ийг тусгана гэснийг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Б.Бын үйлдсэн гэх “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн хувьд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг тусгана гэснийг ноцтой зөрчсөн. Мөн магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайн гэмт хэргийг үйлдэгдсэн гэж үзэх хэмжээ хязгаарыг туйлын тодорхой хуульчилсан буюу “тайлбар, мэдүүлэг, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор... бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол...” гэж заасан байтал шүүх Монгол Улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хуний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг заасан “...мэдээ сэлт авах...” гэснийг шийдвэрийнхээ иш үндэс болгож, Эрүүгийн хуульд заасан “тайлбар, мэдүүлэг авах”-тай адилтгаж үзсэн.
Өөрөөр хэлбэл уг конвенцид “эрүү шүүлт” гэдэг ойлголтыг өргөн хүрээгээр тодорхойлсон бол манай улсын хувьд уг конвенцид заасан тодорхой үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хууль тогтоомждоо хуульчилсан гэж ойлгож байна.
Энэ бүхнээс үндэслэн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэснийг тус тус зөрчин Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд анхан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Б.Бын хувийн байдлыг тогтоосон гэж үзсэн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4, 31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажиллагаа хийгдсэн болохыг тогтоогоогүй, Б.Бын эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хувийн байдлыг тогтооход чиглэгдсэн ажил байдлын, хувийн, гэр бүлийн, зан хандлага зэргийг нотлоход ач холбогдол бүхий тайлбаруудыг мөрдөгч, прокурорын зүгээс огт аваагүй, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг огт хийгээгүй нь хавтаст хэргээс хангалттай нотлогдоно. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн. Шүүхээс уг хуулийг ноцтой зөрчсөн үйлдлийг бодитой үнэлж дүгнээгүйгээс шүүх хуралдааны шатанд Б.Батбаярын хувийн байдлыг хэт явцуу байдлаар дүгнэж хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4 дүгээр зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй. Үүнийг шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа болох талаар давж заалдах шатны шүүхэд үндэслэл үндэслэл бүхий тайлбар гаргасан боловч Эрүүгийн хэрэгг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хувийн байдал тогтоох ажиллагааг хийсэн эсэхэд давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.
Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн хуулийн зарчмыг зөрчсөн. Шийтгэх тогтоолын 12 дугаар талд эрүү шүүлт тулгах гэдгийг “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1-д “ энэхүү конвенцийн зорилгын дагуу “эрүүдэн шүүх" гэж хэн нэгэн хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэснийг иш үндэс болгоод дээрх конвенцийг хэрэглэсэн үндэслэлээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахдаа Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасны дагуу эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тогтоох нь зүйтэй гэсэн нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдийг буруу тайрласан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь зөвхөн “нэр томъёо ухагдахууныг” тайлбарлахдаа соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт хэм хэмжээг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан ерөнхий заалт болохоос “хүн”-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой нэг төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага ногдуулахдаа тухайн гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг тогтоож, тайлбарлахтай холбоотойгоор олон улсын гэрээний тодорхойлолт, хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх тухай зохицуулалт биш билээ. Шийтгэх тогтоолын 12-13 дугаар талд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийг гэмт хэргийн шинжийг шууд тогтооход ашиглаж хуулийг тайлбарлаж, ял оногдуулсан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчиж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж тайлбарласан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсанд гомдолтой байна. Хуулийг төсөөтэй хэрэглэсэн эсэх талаар давж заалдах шатны шүүх мөн л хууль зүйн дүгнэлтийг өгөөгүй.
Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Цагдаагийн ажилтан Б.Б нь гэмт хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлахдаа тодорхой эх сурвалжуудаас тухайн этгээдийг байршлыг тогтоолгохоор хохирогч Б.Отай уулзсан, түүнд хуулийн хүрээнд санал, шаардлага тавьсан нь хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох эсэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “биеийн хүч хэрэглэх” гэж цагдаагийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг” хэрхэн харгалзан үзсэн талаар хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүй байна. Б.Батбаяр нь анхнаасаа хохирогчийн бие махбодийг нь гэмтээх санаа зорилготой байсан уу эсвэл Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан “бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор хийгдсэн биеэр хийсэн үйлдэл” үү гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад ч шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч тогтоох талаар мөрдөн шалгах ганц ч мэдүүлэг, тайлбар, бусад ажиллагаа хийгдээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн хэлбэрийг үндэслэлтэй тогтоох боломжийг хязгаарлаж Б.Батбаярын үйлдлийг шууд гэм буруугийн “санаатай” хэлбэр гэж тогтоож түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Б.Бын үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан үйлдэл мөн эсэх, түүнийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хийсэн эсэх зэрэгт давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулж байна.
Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийн хувьд шийтгэх тогтоолын 15 дугаар талд шүүгдэгч Б.Б нь Г.Э, Д.Б нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Оыг “хэргээ хүлээ. Зоригоо та 2 машины шил хагалсан” гэх үндэслэлээр хэрэг тулган, Б.О халдан газар унагаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан, бие махбодь, сэтгэл санааг 8-9 цагийн турш шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэм буруутай гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан байх ба мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг гүйцэтгэгчийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж хуулинд хамтран оролцооны хэлбэр, ял оногдуулах зарчмыг тодорхой заасан. Яллах дүгнэлтэнд ч, шийтгэх тогтоолд ч “бүлэглэн” үйлдэж гэж гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нэр томъёог хэрэглэсэн байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5 дугаар зүйлдүүдэд заасан оролцооны хэлбрийг тодорхойлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан ял оногдуулах үүргээ биелүүлээгүй байгаа нь прокурор хянавал зохих асуудлыг хянаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болохыг нотолж байна. Б.Бын хувьд аль үйлдэлд нь хамтран оролцсон, оролцохдоо ямар үүрэгтэй оролцсон эсэх талаарх өмгөөлөгчийн гаргасан гомдлыг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийж байгаа нь гэм буруугийн хэлбэрийг тогтоож чадаагүй гэж үзэж байна.
Хүнд гэмтэл санаатай учруулсан тухайд. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан. Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогчийн эрүүл мэндэд тухайлбал шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг учруулахаар илтэд довтолсон, анхнаасаа төлөвлөсөн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлож чадаагүй. Гэрч нарын мэдүүлгээс харахад “мушгих шиг болоод давхралдаж унасан” болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс хохирогчийн довтолгооныг зогсооход чиглэгдсэн Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн албан хаагчид олгогдсон хамгаалах үйлдлийг хийсэн байгаад прокурор болон анхан шатны шүүх үнэн зөв дүгнэлтийг хийж чадаагүй. Шүүгдэгч Б.Бын санаа зорилгыг тогтоохдоо “санаатай” үйлдэл гэдгийг ямар нотлох баримт, эх сурвалжаар нотлож байгаа талаар яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд эргэлзээгүй нотлон тогтоосон зүйл байхгүй ба зөвхөн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эргэлзээтэй мэдүүлэг, гэрч нарын илэрхий зөрүүтэй мэдүүлэг тайлбарт үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Хохирогч болон шүүгдэгч Б.Б нар нь давхралдаж унах явцад Б.Б нь хохирогчийн хөлийг гэмтээх санаа, зорилгыг агуулж байсан мэтээр анхан шатны шүүх хийсвэр дүгнэлтийг хэт яллах байр сууринаас хийхдээ, цагдаагийн албан хаагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар хохирогчийн зүгээс үйлдэл хийсэн эсэх шүүгдэгч Б.Б дээрх үйлдлийг таслан зогсоох хуулиар зөвшөөрсөн үйлдлийг хийсэн байж болох цагаатгах нөхцөл байдлыг огт дүгнээгүй, энэ талын нотлох баримтуудыг шалгаж тогтоогүй, хохирогчийн зүй бус үйлдлийн талаар шүүгдэгч нарын тогтвортой мэдүүлсээр ирсэн үйлдлийг шалгаж тогтоох ажиллагааг хийгээгүй зэргээс шүүгдэгч Б.Бын эрх зүйн байдал дордсон. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс гэм буруугийн санаатай, болгоомжгүй, холимог хэлбрийн аль нь болохыг үнэн зөв дүгнээгүй байна. Хэрвээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэйгээр хохирогчийн бие махбодид гэмтэл учирсан бол шүүгдэгч Б.Бын эрх зүйн байдал дээрдэх бүрэн боломжтой байгааг анхан шатны шүүх огт харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Б.Б нь хохирогчийн үйлдлээс зайлсхийх зорилгоор мушгиж барьц тавиулах үйлдлийг хийсэн талаарх мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусад шүүгдэгч, гэрч нарын зөрүүтэй мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой байсныг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлээгүй орхигдуулсан.
Бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгасан тухайд. Хохирогч Б.Оаас оргон зайлсан этгээдийн талаар мэдээлэл авах нь шүүгдэгч Б.Бын хувьд хуулиар олгогдсон чиг үүрэгт багтаж байсан бөгөөд мэдээлэл өгөхөөс хохирогч татгалзаагүй, мөн Багануур дүүрэг рүү хамт явахыг зөвшөөрсөн талаар хохирогч үгүйсгээгүй бөгөөд, хохирогчийн хөлд үүссэн гэмтэл нь ил харагдах, мэдэгдэх боломжгүй байсан зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд Шүүгдэгч Б.Б нь хохирогчид эрүү шүүлт тулгасан бодит үйлдэл нотлогдоогүй зөвхөн нэг талын мэдүүлэг тайлбараар энэ нөхцөл байдлыг нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд магадлалд гэрч нарын мэдүүлгээр Б.Б нь бусдын бие махбодид санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх хэргийг бүх талаас нь үнэлэх үүргээ хангалттай биелүүлээгүйгээс шүүгдэгч Б.Б эрх зүйн байдал дордож байгаад гомдолтой байна.
Хохирогчийн мэдүүлэг, тайлбар үнэн зөв эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа хийсэн эсэх тухайд. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь “Зоригоо та 2
машины шил хагалсан хэргээ хүлээ. Сонгинохайрхан дүүрэгт чиний үйлдсэн хэрэг байна” гэсэн гэх мэдүүлэг тайлбарыг тогтоох талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраас шүүгдэгч нарын хохирогчид хүлээлгэхээр тулгасан гэх гэмт хэрэгтэй холбоотой бүртгэл, мэдээлэл байгаа эсэх талаар лавлагаа, мэдээллийг аваагүй, хохирогч нь өмнө нь хүнд хэлбэрийн автын осолд орсны улмаас түүний бие эрхтэнд түүн дотроо гэмтэл учирсан хөл, тавхай хэсэгт гэмтэл учирч байсан талаар мэдээллийг аваагүй, мөн шинжээчээс өмнөх гэмтэл сэдэрсэн эсэх талаар асуулт асуугаагүйгээс шинэ гэмтлийн улмаас өмнөх гэмтэл сэдэрсэн эсэх нь тогтоогдож чадаагүй, хохирогч шүүгдэгч нараас 60,000,000 улмаар 150,000,000-400,000,000 төгрөг шаардсан цахим шуудан илгээсэн, улмаар сэтгэл зүйн дарамт шахарлт үзүүлсэн хохирогч анхнаасаа мэдээлэл худалдах зорилгоор шүүгдэгч нараас мөнгө авах санаа зорилго нь хангагдаагүйгээс тэднийг гүтгэсэн байх магадлалтай эсэх, Б.Б руу хурц үзүүртэй зэвсгийн чанартай зүйлсийг барьж сүрдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг шалгаж, дүгнээгүйгээс хохирогчийн мэдүүлэг үнэн зөв гэж эргэлзэхэд хүргэж байна. Хэргийн газарт Б.Бын удаа дараа мэдүүлдэг шөвөг гэх зүйл байсан эсэхийг хэргийг газрыг шалгасан материалд огт байхгүй, ийм шөвөг байсан эсэх талаар ч хохирогчоос тайлбар мэдүүлэг аваагүй байгааг шүүхээс нөхөн гүйцээж шалгаж, тогтоох боломжгүй байна.
Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй тухайд. Гэрч нар болох Цэрэнсанги, Цэнд-Очир нарын хэргийн газрыг харсан зай, цагдаагийн байгууллагын ажилтнуудын хувцаслалтын талаар, хохирогч болон шүүгдэгч Б.Батбаяр нарын унаж буй байдал зэргийг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тайлбар зэргүүдийн илтэд зөрүүтэй байдалд анхан шатны шүүхээс хууль зүйн ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдал хангалттай тогтоогдоогүйг харуулж байна. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан 2 дахь хэсэгт заасан “ үнэн зөв мэдүүлэх” үүргээ удаа дараа санаатай зөрчсөн гэрч нар болох Цэрэнсанги, Цэнд-Очир нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж, нотлох баримтаар үнэлэх боломжтой эсэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийлгэх хүсэлтэй байна. Гэрч нарыг хэрэг учрал гарснаас хойш даруй 8 сарын дараа хэргийг нотлуулах зорилгоор мэдүүлэг тайлбар авсан нь маш их эргэлзээтэй байна. Магадлалд гэрч Д.Бадарч “эмийн сан орж даралтны эм авахаар явж байтал миний ард хэд хэдэн хүмүүс чанга дуугарахаар нь эргээд хартал 3 хар хувцастай хүн нэг залууг чирч зулгаагаад хар өнгийн суудлын машины арын хаалга руу оруулж харагдсан” гэх мэдүүлгийг үндэслэсэн гэтэл Б.Б нь хохирогчийг гавлах ямар нэгэн үйлдэл хийсэн эсэх нь эргэлзээтэй хэвээр үлдсэн. Хэрвээ машин дотор байнга гавтай явсан гэвэл хэн гавласан, яагаад гавыг тайлаагүй зэрэг үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүйгээс магадлал хэргийг бүх талаас нь үнэлсэн эсэхэд эргэлзээг төрүүлж байгааг хяналтын шатны журмаар нягтлан үзэхийг хүсье.
Хүсэлт гомдлыг шийдвэрлээгүй тухайд. Шүүгдэгч Б.Бын хувьд тодорхой нөхцөл байдлуудыг тогтоолгохоор мөрдөгч болон прокурорт хүсэлтүүд гаргаж байсан боловч шийдэгдээгүй талаар өөрийн гаргасан давж заалдах гомдолдоо дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан хүсэлт, гомдол гаргах эрх, мөн хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй зэрэг нь хэргийн оролцогчийн эрхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад ноцтой зөрчсөн үйл баримт мөн. Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн дээрх үйлдэлд дүгнэлт хийгээгүй, энэ талаарх Б.Бын тайлбарыг огт хэрэгсээгүй орхисон нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгаа талаарх гомдолд давж заалдах шатны шүүх мөн дүгнэлт хийсэнгүй. Хэргийн оролцогчийн гомдол, хүсэлт гаргах эрхийг зөрчсөн үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааг зөвтгөх ёстой байдалд дүгнэлт хийх шаардлагатай байна.
Шийтгэх тогтоол, хурлын тэмдэглэлд шүүгдэгчийн хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбартай зөрүүтэй байна. Б.Бын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолтой илэрхий зөрүүтэй байгаа гомдлыг үйлчлүүлэгчийн хүсэлтээр тухайлан дурдаж байна. Иймд анхан шатны шүүх хуралдааны видео бичлэгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс татан авч харьцуулан шинжлэж өгөхийг хүсье.
Б.Б нь Б.Оын баруун хөлийг гэмтсэнийг мэдсээр байж эмнэлэгийн тусламж олгох боломж олгоогүй, автомашинд гавлан суулгаж Багануур дүүрэг авч явсан” гэж магадлалын 25 дугаар талд дурдсан байна. Хавтаст хэрэгт хохирогчтой давхралдаж унасан үйлдлээс хойш хохирогчийг хөлд гэмтэл учирсныг шууд мэдсэн талаар хангалттай нотлох баримт авагдаагүй эсрэгээрээ Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч хөлд гэмтэл учраагүй гэх онош зэргээс гэмтэл учирсныг мэдсээр байж шаналган зовоосон гэх дүгнэлт хангалттай үгүйсгэгдэж байгаа нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Нөгөө талаар Б.Быг ганцаараа хохирогчийг гавласан мэтээр гэрч Л.Цэрэнсанги, Бадарч нарын мэдүүлгээс илтэд зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд магадлалыг гаргаагүй болох нь харагдаж байна.
Магадлалын 30 дугаар талд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт Цэнд-очир, Цэрэнсанги, Бадарч нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн талаар үзсэн харсан зүйлээ мэдүүлсэн” гэж дүгнэжээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэсэн байх бөгөөд гэрч нарын мэдүүлгийг агуулгын хувьд гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй гэрчийн мэдүүлгийг хэт яллах талын агуулгаар нь тайлбарласан шүүх хэрэгт хэт нэг талыг баримталсан болохыг нотолж байна.
Иймд хэргийг тал бүрээс үнэн зөв, эргэлзээгүй бодитой дүгнэж чадаагүй, гэмт хэрэгт хамтран оролцох оролцоог хуульд зааснаар үнэн зөв тогтоож чадаагүй, гэм буруугийн хэлбэрийн талаар, үйлдэл, санаа зорилгыг хангалттай тогтоосон нотлох баримт байхгүй, гэрч нарын мэдүүлэг илтэд зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан үйл баримтуудыг тогтоох ажиллагаа хийгдээгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолд дурдагдсан шүүгдэгч Б.Бын мэдүүлэг тайлбарыг буруу, зөрүүтэйгээр тэмдэглэсэн зэрэг Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн нөхцөл байдлуудыг шүүхээс нөхөн гүйцээж шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Э, Д.Б нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, П.Баасанжав нар хамтран гаргасан гомдолдоо “...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд “эрүү шүүлт тулгах" гэмт хэрэг нь “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор үйлдэгдэнэ гэж субъектив талын шинжийг маш ойлгомжтой, тодорхой заасан байдаг. Шүүхийн тогтоолд шүүгдэгч нар нь гуравдагч этгээд буюу хэрэгт холбогдолгүй иргэн Б.Оаас мэдээ сэлт авч оргодол Батзориг гэгчийг хаана байгааг олуулах зорилгоор бие болон сэтгэл санааг тарчилган зовоосон үйлдэл хийсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэж гэм буруутайд тооцож ял шийтгэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар 1 дэх хэсэг “мэдээ сэлт” олох гэсэн зорилгыг хуульчилж өгөөгүй байхад шүүх Г.Э, Д.Б нарын үйлдлийг Монгол улсын нэгдэн орсон "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж щийтгэхийн эсрэг конвенцийн” 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” тодорхойлолтыг иш үндэс болгон уг гэмт хэргийн субъектив талын щинжийг тайлбарлан хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлыг “Түүнчлэн конвенцид заасан тодорхойлолт түүний ухагдахууныг шууд хэрэглэхийг манай улс Эрүүгийн хуулиар хүлээн зөвшөөрсөн нь Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн “Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шудрагаар сахин биелүүлнэ”, “Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтуудыг тунхаг төдий биш гэдгийг хүлээн зөвшөөрснийг илэрхийлсэн тул үндэсний хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэхдээ олон улсын гэрээний тодорхойлолт түүний агуулгыг ашигласныг зөв гэж үзнэ” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, тодруулвал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3-т заасан "Хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2-р зүйлийн 4 дэх хэсэгт “Олон улсын гэрээнд заасан тодорхойлолт хэм хэмжээг зөвхөн Эрүүгийн хуулийн нэр томьёо ухагдахууныг тайлбарлахад баримтлахыг хуульчлан зааснаас бус хууль болгон хэрэглэх утга санааг оруулаагүй. Эрүүгийн хууль нь өөрөө Монгол улсын ял шийтгэлийн бодлогыг тодорхойлж хүний эрхийг хязгаарладаг онцгой үйлчлэл бүхий хууль тул төсөөтэй хэрэглэх явдал хэрхэвч гарах ёсгүй. Тиймээс хууль тогтоогч Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулиас бусад бүх хуулинд “олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол гэрээг дагаж мөрдөнө” гэж давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнээд байгаа Конвенцийн үйлчлэлийн давуу байдлыг бүрэн хуульчлан тусгаж өгсөн байдаг. Гэвч харамсалтай нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулинд тусгагдсан гэмт хэргийн нөхцөл тодорхойлсон /онолын хувьд диспозици гэж нэрлэгддэг/ нэр томьёо, үгийн утга, ухагдахууныг бус гарчигийг Конвенцийн тодорхойлолт иш үндэстэй нийцүүлэн тайлбарлаж хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх зөв гэж дүгнэж байгаад хуульч хүний хувьд ихээхэн харамсаж, хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн буруу хэрэглээг шүүхийн практикт бий болгохгүйн тулд энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргах болсон. Зүй нь Эрүүгийн хуулийн гэмт хэргийн шинжийг тодорхойлсон /нөхцөл бүхий/ зүйл заалтын доторх хуулийн нэр томьёо түүний /үгийн гэсэн/ утга, ухагдахууныг тайлбарлах тохиолдолд Конвенц болон бусад хуулийн хэм хэмжээ, тодорхойлолтыг баримтлах нь хуульч бидэнд маш ойлгомжтой баймаар. Жишээлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч” гэсэн үг нь хуулийн нэр томьёо бөгөөд түүний ухагдахууныг ойлгож хэрэглэхдээ Төрийн албаны тухай хуулийн тодорхойлолт хэм хэмжээг баримтлана.
Шүүхийн практикт хуулийг Конвенцитэй уялдуулан тайлбарлаж хэрэглэх явдал нэг мөр болсон асуудал гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ховор амьтан” гэсэн тодорхойлолт, нэр томьёог шүүхийн практикт олон улсын Конвенцитэй уялдуулан тайлбарлаж хэрэглэдэг. Идлэг шонхор шувууг агнах гэмт хэрэг Монгол улсад маш ихээр үйлдэгдэн гардаг. амьтны аймгийн тухай хуульд зааснаар Засгийн газраас “ховор амьтны” жагсаалтыг батлаж тогтоох эрх хэмжээтэй байдаг. /2012 оны ЗГ-ын 07 дугаар тогтоол/ Гэтэл уг жагсаалтад идлэг шонхор /цагаан шонхор болон өөр төрлийн шонхор шувууд орсон/ шувууг оруулаагүй байдаг бөгөөд Монгол улсын тухайд элбэгт тооцох амьтан гэж үздэг байна. Гэвч Монгол улс "Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай" конвенцид 1993 онд нэгдэн орсон бөгөөд уг Конценцийн хавсралтаар идлэг шонхор шувууг олон улсад “ховор амьтан” гэж үзэхээр тодорхойлсон байдаг. Тиймээс идлэг шонхор шувууг агнасан гэмт хэргийн тухайд уг Конвенцийг баримтлан идлэг шонхор шувууг “ховор амьтан” гэж үзэж нэр томьёо, ухагдахууныг тайлбарлан гэмт хэргийг зүйлчилж хуулийг хэрэглэж байна. Миний хэлэх гээд байгаа санаа маань гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах" гэх зэрэг гэмт хэргийн шинж, зорилгыг тодорхойлсон үг болон хуулийн нэр томьёог “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д нарийвчлан тодорхойлсон бол шүүх харин тэр тодорхойлолтыг тайлбарлаж хэрэглэх нь зөв байсан. Тухайлбал “ялгаварлах” гэдэг хуулийн нэр томьёо зорилгын үгийн ухагдахууныг Конвенцид нийтээр ингэж ойлгоно гэж тодорхойлсон бол түүнийг баримтлах нь гарцаагүй. Түүнээс бус Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт “гэмт хэргийн шинж, зорилго” болгон тодорхойлоогүй нэр томьёо, ухагдахууныг Монгол улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн" 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах" тодорхойлолтыг иш үндэс болгож УИХ болон хууль санаачлагч нарын орхигдуулсан алдаа, хуулийн хийдэгдлийг шүүх өөрөө засаж тайлбарлан хуулинд байхгүй гэмт хэргийн шинжийг /зорилгыг/ бий болгож хуулийг хэрэглэх ёсгүй байсан юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж хуульчилсан байдаг. “Мэдээ сэлт авах” гэсэн зорилго Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хуульчлагдаагүй. Олон улсын Конвенц, гэрээ хэлцэлд нэгдэн орсон аливаа улс Эрүүгийн хууль тогтоомжиндоо тэдгээрээр тодорхойлсон Эрүү шүүлтийн шинжийг /зорилго/ нэг бүрчлэн тодорхой тусгаж хамгаалах үүрэгтэй байсан. Ингээгүй нь хууль санаачилж, батлуулах, батлах эрхтэй байгууллагуудын алдаа хийдэгдэл болохоос шүүх түүнийг засаж тайлбарлан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж хүнийг хэлмэгдүүлэх ёсгүй юм. Өмгөөлөгч нарын зүгээс эдгээр хүмүүсийн үйлдлийг шууд зөвтгөж хохирогчийг хохироод үлд гэсэн байдлаар хандаагүй бөгөөд нэгэнт албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй асуудалд Цагдаагийн байгууллагын болон бусад хуулинд заасны дагуу эдгээр хүмүүст хариуцлага тооцох боломжтой. Харин эдгээр хүмүүсийн үйлдэл Эрүүгийн хуулинд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн хуулиар тодорхойлсон зорилгыг агуулаагүй нь шүүхийн өөрийнх нь дүгнэлт, нотлох баримтуудаас маш тодорхой байдаг.
Иймд Г.Э, Д.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэсэн гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Э, Д.Б нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцээгүй, Эрүүгийн хуулийг төсөөтэй буюу буруу хэрэглэсэн. Шүүхийн тогтоолд шүүгдэгч нар нь гуравдагч этгээд буюу “хэрэгт холбогдолгүй иргэн Б.Отгонбатаас мэдээ сэлт авч оргодол Батзориг гэгчийг хаана байгааг олуулах зорилгоор бие болон сэтгэл санааг тарчилган зовоосон үйлдэл хийсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэж дүгнэж гэм буруутайд тооцож ял шийтгэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар 1 дэх хэсэг “мэдээ сэлт” олох гэсэн зорилгыг хуульчилж өгөөгүй байхад шүүх Г.Э, Д.Б нарын үйлдлийг Монгол улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” тодорхойлолтыг иш үндэс болгон уг гэмт хэргийн субъектив талын шинжийг тайлбарлан хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан шиг нэр томьёог тайлбарлаж хэрэглэсэн бол зүй нь зөв болох байсан. 2008 оны Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын 7 дахь хэсэгт “...Эрүүгийн хуульд заагдаагүй гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон Олон Улсын гэрээний заалтыг шүүх хэрэглэхгүй” гэсэн практик бий. 2000 онд Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оролцогч улсууд эрүүдэн шүүх бүх үйлдлийг Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэг гэж үзнэ. Хууль тогтоогч “мэдээ сэлт олох” гэдгийг орхигдуулсныг шүүх зөвтгөж болохгүй. Багануур дүүрэг рүү авч явж, бие махбодыг шаналган зовоосон үйлдэл хийгдсэн хэдий ч шүүгдэгч нарын үйлдэл нь эрүүдэн шүүх гэмт хэргийн шинжгүй байна. Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.Э, Д.Б нарын өмгөөлөгч П.Баасанжав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оролцогч улсууд харьяа нутаг дэвсгэртээ эрүүдэн шүүх аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй хууль тогтоох, захиргааны, шүүхийн болон бусад арга хэмжээг авна гэж заасан. Өөрөөр хэлбэл Монгол Улс эрүүдэн шүүх гэмт хэргийг дотоодын хууль тогтоомждоо тусгаснаар конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Мөн конвенцийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэрэв олон улсын болон бусад дотоодын хуулинд уг ойлголтыг илүү өргөн утгаар хэрэглэдэг бол энэ зүйл нь тэдгээрт хохирол учруулахгүй гэж заасан.
Тэгэхээр конвенцоос өргөн утгаар хэрэглэх эсвэл зарим асуудлыг авч хэрэглэх эсэх нь тухайн улсын хууль тогтоох байгууллагын эрх хэмжээ. Тийм учраас “мэдээ сэлт авах” гэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд оруулаагүй. Гэтэл шүүх хуульд байхгүй шинжээр ял оногдуулсан нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Г.Э, Д.Б нарыг цагаатгаж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Ц.Туяа гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.2-т зааснаар “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг шүүх тогтоолдоо тодорхойлохоор заасан байхад шүүх шүүгдэгч Г.Эыг “Эрүүдэн шүүсэн” гэмт хэрэгт хэрхэн яаж оролцсон болохыг тухайлан зааж, тодорхойлоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т үзвэл шүүгдэгч Б.Б, Г.Э, Д.Б нарын эрх хасах болон хорих ялаар шийтгэж байгаа нь тэдгээрт нэмэгдэл ялыг нийтэд нь 2 жил буюу тус бүрт 8 сар \24 сар 3 хүн\, хорих ялыг нийтэд нь 1 жил 6 сар буюу тус бүрт 6 сар \18 сар 3 хүн\ байхаар тогтоосон гэж ойлгогдож байна.
Тогтоолын 2 дахь заалтын “... тус тус шийтгэсүгэй” гэсэн нь мөн заалтын эхний хэсэгт заасан 1 жил 6 сар хорих ялаар, дараагийн хэсэгт заасан 3 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” хэмээн ойлгогдож байх тул миний үйлчлүүлэгч Г.Эд 6 сар хорих ял, нэмэгдэл ял 8 сар оногдуулсан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгч ... Эсхүл ял шийтгүүлсэн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана гэсэн шаардлагыг тус тус хангаагүй болно. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан боловч ямар нэгэн дүгнэлт өгөөгүйг дурдаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд хохирогчийн за О хэргээ хүлээ, ... Зоригоо та хоёр машины шил хагалсан, ... Сонгинохайрхан дүүрэгт чи хэрэг хийсэн байна,... чамайг алж өгнө, чи их зэвүүн хулгайч аа,... чамайг мөрдөнд аваачаад ална,... чамайг хээр хаяна,... ” гэх мэдүүлгээр шүүгдэгч Г.Эыг буруутгаж байгаа боловч түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн дээр дурдсан үг хэллэг хэрэглэж хохирогчийн нэр төрийг доромжилсон, айлган сүрдүүлсэн, шахалт үзүүлсэн, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоосон болох нь хохирогчийн мэдүүлгээс өөр бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй байдаг.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байхад өөр бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй, дан ганц хохирогчийн «мэдүүлэг»-ээр шүүгдэгч Г.Эыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүхийн тогтоол, магадлапд шүүгдэгч Б.Быг хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж тогтоосон боловч хохирогчийн биед учирсан гэмтэл хэний, ямар хүчний үйлчлэлийн улмаас үүссэнийг гүйцэт шалгаж, тогтоож өгөөгүй.
Шүүх Б.Быг хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэхдээ хохирогчийн мэдүүлгээс гадна гэрч Г.Цэнд-Очирын “...Отгонбатыг булиа байрын махлаг залуу мөрөн дээрээс нь барьж мушгих шиг болоод өөрийн дор оруулаад давхралдаад унаж байгаа зүйл ажиглагдсан” гэж мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдсон гэх боловч гэрч Г.Цэнд-Очир нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлийн нэмэлт тайлбарт “Зэрвэсхэн харахад миний мэдэх зүйл бол Отгонбат ёо ёо гэж хэлж байсан, тэгээд л хар машинд суулгаад аваад явсан, ийм л үйлдлийг харсан. Өөр үйлдлийг мэдэхгүй, өөр зүйлийг мэдэхгүй, өшиглөсөн гэдгийг хэлээгүй, гэмтсэн хүнийг яагаад зодсон бэ гэдгийг яриагүй. Ийм л үйлдлийг яриагүй юмыг мэдүүлэгт оруулаад улам хэргийг хүндрүүлээд байгаа юм биш үү” гэх \2хх 131-132\ мэдүүлгийг шүүх хэрхэн яаж үнэлсэн талаараа тогтоолдоо зааж өгөөгүй.
Нөгөө талаар гэрч Э.Хашбатын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “... Батбаярын араас нь Б.Отгонбат тэвэрч дээш нь өргөж байгаа харагдсан. Ингээд О нь Б.Б доор унаж байгааг харсан” гэх \1хх 32-33\ мэдүүлийг шүүх хэрхэн үгүйсгэснийг тогтоол, магадлалд заагаагүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед хүнд гэмтэл хэрхэн, яаж учирсан талаар үнэн зөвөөр, бодитоор тогтоож өгөөгүй болохыг дурдаж байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгоно уу” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нар хамтран гаргасан гомдолдоо “...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ ”, 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус зохицуулсан атал анхан шатны шүүх эрүү шүүл тулгах хэрэгт шүүгдэгч нарт ялгамжтай оногдуулах талаарх хуулийн заалтыг хэрэглэсэнгүй. Өөрөөр хэлбэл шүүх дээр дурдсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүх Б.Б, Г.Э, Д.Б нарыг гэмт хэргийг санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бол хүн тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах ёстой байсан.
Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүх анхаарч засалгүй, харин үндэслэлгүйгээр зөвтгөн тайлбарласан алдааг гаргасан. Тодруулбал, магадлалд шүүх, шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг тус тус ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй байна.” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Прокурор, шүүхээс Б.Б, Г.Э, Д.Б нар нь “хэргээ хүлээ, Зоригоо та хоёр машины шил хагалсан, Сонгинохайрхан дүүрэгт чиний үйлдсэн хэрэг байна” гэх зэргээр бүгдээрээ тулгасан, Б.Оын баруун хөлийг гэмтсэнийг бүгдээрээ мэдэж байсан, эмнэлгийн байгууллагад хандах боломжийг бүгдээрээ олгоогүй, Б.Оын бие махбод, сэтгэл санааг 8-9 цагийн турш бүгдээрээ шаналган зовоосон гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй.
Шүүх гүйцэтгэгч гэж үзсэн шүүгдэгч тус бүрийнхээ гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог тогтоож чадаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотолж чадаагүйгээс ялыг ялгамжтай оногдуулах ёстой хуулийн заалтыг хэрэглэж чадахгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Иймд энэхүү нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар зайлшгүй тодруулах нь зүйтэй гзж үзэж байна.
Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжпийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол. хор уршгийн шинж чанар. гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.
Шүүх Г.Э гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оноосон нь үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг топоогоогүй, шүүгдэгч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоог тогтоож чадаагүй байж бүгдэд нь нэмэгдэл ялыг мөн адил адилхан оногдуулсан нь үндэслэлгүй.
Түүнчлэн хохирогчийн биед учирсан гэмтлийг Г.Э учруулаагүй атал ял халдааж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх ...Г.Энхтулгын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. ...шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэх дүгнэлт үндэслэлгүй.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө. эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол...” гэж зохицуулсан.
Шүүх Г.Эыг Б.Оын баруун хөлийг гэмтсэнийг мэдсээр байж эмнэлгийн байгууллагад хандах боломж олголгүй авч явж Б.Оын бие махбод, сэтгэл санааг 8-9 цагийн турш шаналган зовоосон гэж дүгнэсэн. Гэтэл Б.Оын баруун хөлийг гэмтсэнийг шүүгдэгч нар бүгд мэдэж байсан уу, үгүй юу гэдгийг эргэлзээгүйгээр тогтоох ёстой байсан. Учир нь шүүгдэгч нар бүгд хохирогчийн хөлийг гэмтсэн эсэхийг мэдэж байсан эсэх, мэдсээр байж санаатайгаар шаналган зовоогоод байгаа эсэх нь хуулийн уг зүйл заалтыг тайлбарлахад чухал ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор мэдэх гэдгийг хэрхэн ойлгох асуудал чухалд тооцогдох ёстой. Шүүх Г.Эыг хохирогч биедээ хүнд гэмтэл авсан гэдгийг мэдэж айсан гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй юм
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцах шийтгэхийн эсрэг конвенцид “эрүүдэн шүүх гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ.” гэж тодорхойлсон бөгөөд энэхүү агуулгаар хоёр шатны шүүхээс Г.Эыг гэм буруутайд тооцсон.
Гэтэл уг конвенцийн дээрх заалтаар “тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ.” гэж тухайлан заасан хэсэгт шүүх анхаарлаа хандуулж дүгнэлт хийсэнгүй. Шүүхийн дүгнэлтээр бол Г.Энхтулга нь хохирогчийг шаналган зовоох үйлдлийг санаатай хийсэн байх ёстой бөгөөд санаатай гэдэг нь анхлан хохирогчийн баруун хөлд гэмтэл учирсныг мэдсэн байхаас эхлэх ёстой. Цаашлаад шаналган зовоох хэмжээний гэмтэл учирсэн гэдгийг мэдсэн байх асуудал үүсэх ёстой.
Г.Эыг уг зүйл заалтаар гэм буруутайд тооцохдоо “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” эсэхийг эргэлзээгүйгээр нотолж тогтоох шаардлагатай байсан. Шүүх Г.Эыг эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт буруутгахдаа хохирогч Б.О, гэрч Д.Бадарч, Г.Цэнд-Очир. Л.Цэрэнсанги нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдийг л үндэслсэн. Гэтэл энэхүү нотлох баримтуудын хохирогчийн мэдүүлгээс бусад нь Г.Эыг эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолсон нотлох баримт биш. Өөрөөр хэлбэл шүүх зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн Г.Эыг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Р.Булгамаа хэлсэн саналдаа “Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид 1987 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэгдэн орсон. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд хамаарах үндсэн шинжийг бий болгосон эсэхийг анхаарахгүй байх аргагүй. Сэтгэл санааг ямар хэмжээнд шаналган зовоосон, ямар байдлаар тогтоосон эсэхэд анхаарал хандуулж өгнө үү. Б.Б, Г.Э, Д.Б нар цагдаагийн байгууллагад 7-21 жил ажиллаж, иргэдийн амгалан тайван байдлын төлөө зүтгэж буй албан хаагчид юм. Тэднийг оргодол барих ажиллагаа явуулсны төлөө эрүүдэн шүүлт тулгасан гэх жишиг тогтоох гэж буй нь харамсалтай байна. Шүүхээс оргон зайлсан этгээдийг олж тогтоох зорилготой байснаас биш Б.Оыг эрүүдэн шүүх зорилго байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан олон нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа цагдаа нарыг буруутгах хандлагаар шалгагдсан буюу хохирогч мэдээллийн сайт, телевизүүдээр хэвлэлийн хурал хийж эрүүдэн шүүсэн мэт ойлголт төрүүлсэн нь хэргийг энэ зүйлчлэлд хүргэхэд нөлөөлсөн. Шүүгдэгч нар нь томилолтоор ажиллаж буй мэтээр хүүхдүүдээ хуурч, зохих түвшинд хариуцлага хүлээж байна. Энэ нь нийгэмд сөрөг жишгийг тогтооно. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл прокурорт шилжүүлэх асуудалд анхаарал хандуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Ц.Батзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих асуудлыг тогтоогоогүй буюу гэмт буруугийн хэлбэрийг нотолж чадаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Б.Оын баруун хөл гэмтсэнийг шүүгдэгч нар бүгд мэдэж байсан эсвэл үгүй эсэхэд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Гэмтэл тогтоогдсон байхад мэдсээр байж авч явсан бол хэрэг өөрөөр шийдэгдэх боломжтой. Гэтэл тухайн үед хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хохирогчийн биед гэмтэл үүссэн гэдгийг эргэлзээгүй тогтоож чадахгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. Мөн шүүгдэгч нарт цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтын хүрээнд Б.Б, Г.Э, Д.Б нарыг гэм буруутайд тооцож, ял шийггэл хүлээлгэх боломжгүй, уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” бүрэн үндэстэй тогтоогдоогүй гэж үзэж байна. Тухайлбал, шүүгдэгч Б.Б нь хохирогч гэх Б.Оыг мушгиж, газар унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхийн тогтоолд дүгнэсэн байдаг. Б.О нь Б.Бын биед халдаж, түүнтэй давхралдаж унахдаа хөлөө нугалж унаснаар хөлд нь гэмтэл учирсан байх үндэслэлтэй байгаа бөгөөд тухайн хэрэг болсон өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн үзлэгийн хуудсанд тэмдэглэснээр Б.Оыг эмч С.Галт үзэж, “Шилбэний өнгөц гэмтэл, тодорхойгүй” гэсэн клиникийн урьдчилсан онош тавьж, үзлэг, шинжилгээ, зөвлөгөө гэсэн хуудсыг бөглөсөн байдаг. /1хх 223-224/ Гэтэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайханы гарын үсэгтэй 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 171 тоот албан бичгээр Б.Оын биед эмч Б.Батзориг үзлэг хийж, зөвлөгөө өгсөн гэсэн байдаг ба Б.Батзориг эмч гэрчээр байцаагдаж энэ талаар бас мэдүүлсэн байна. Энэ байдлаас хэрэг болсон гэх 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Оын биед ямар гэмтэл учирсан, уг гэмтэл нь хэдийд үүссэн болох, түүнийг Гэмтлийн эмнэлэгт ямар эмч үзэж, ямар онош тавьсан, ямар тусламж үйлчилгээ үзүүлсэн нь тодорхойгүй байгаа юм.
Хохирогч Б.О нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн эмчийн үзлэгийн дараа 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баруун хөлөндөө МRI шинжилгээ хийлгэсэн, уг шинжилгээгээр “Баруун өвдөгний урд чагтан холбоосын тасрал, дотор мениск холбоосын урагдал, арын чагтан холбоосын суналт” гэсэн онош тавигдсан, мөн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Рефлекс эмнэлэгт үзүүлж, "Шилбэний мэдрэлийн гэмтэл, баруун тавхайн санжилт" гэсэн онош тавигдсан баримтаар шүүх эмнэлэгт үзүүлж, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүх эмнэлгийн шинжээчийн 6724 тоот дүгнэлт гарч эдгээр шинжилгээ оношлогоог үндэслэн түүний биед учирсан гэмтлийг “Хүндэвтэр” зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт бичигдсэн байна. Гэтэл Б.О нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хөл тавхайн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дээрх шинжилгээ, оношлогоонд тавигдсан гэмтлийн улмаас баруун хөлний өвдөгний үений чагтан холбоосыг бэхлэх хагалгаанд орсон байдаг бөгөөд /өвчний түүх №06890 1 хх 223/ уг хагалгаагаар Б.Оын баруун хөлний чагтан холбоос тасраагүй болох нь өвчний түүхэнд Б Оын “баруун өвдөгний LM болон ММ бага зэргийн сэмэрсэн урагдалтай байсныг панчаар өөлөн авав. Үеийг шалгахад үений гадаргуу бүтцийн өөрчлөлтөнд ороогүй байв, гээд хагалгааны дараах онош: Баруун өвдөгний дотор болон гадна менискийг сэргээв. 6 дугаар сарын 9-ний үзлэг биеийн байдал сайжирсан тул цаашид амбулатороор эмчлүүлэхийг зөвлөж эмнэлгээс гаргав” гэсэн бичиглэлээс тодорхой байна.
Б.Оыг уг хагалгаанд орсны дараа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1170 тоот шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарч, түүний биед үүссэн гэмтлийг “Хүнд” зэрэгт хамааруулснаас гадна 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шүүх эмнэлгийн шинжилгээ хийгдэж 349 тоот дүгнэлтийг гаргахдаа 1170 тоот дүгнэлтийг үндэстэй гэж батлан, дээрх дүгнэлтүүдэд тавигдсан оношийг үнэн зөв гэж дүгнэсэн байна. 1170 тоот дүгнэлт болон 3 эмчийн бүрэлдэхүүнтэй хийгдсэн 349 тоот дүгнэлтүүдийг гаргахдаа шинжээч нар хохирогч гэх Б.Оыг биеэр үзээгүй, зөвхөн өмнөх 6724 тоот дүгнэлт болон хэргийн материалд үндэслэн дүгнэлт гаргасан болох нь эдгээр дүгнэлтүүдэд тодорхой тэмдэглэгдсэн байна. Энэ байдлаас үзэхэд Б.Оын биед Шүүх эмнэлгийн дүгнэлтэд заагдсан гэмтлүүд учирсан эсэх нь туйлын эргэлзээтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжаар үзсэн С.Галт эмчийн тавьсан анхны онош, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн хагалгааны үр дүнгээр энэ хүний баруун хөлийн өвдөгний үений чагтан холбоос тасраагүй, баруун зүүн хөлний мэдрэлийн рефлекс хэвийн, хагалгааны өмнөх эмчийн үзлэгт зөвхөн баруун талын өвдгөөр нугалж тэнийлгэхэд эмзэглэлтэй гэсэн бичиглэл яагаад 2018 оны 07 дугаар сарын 28-нд дахин хагалгаанд орохдоо гэмтэлтэй болж гарч ирсэн нь ойлгомжгүй байна.
Хохирогч Б.О нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр булчин шилжүүлэх буюу 2 дахь хагалгаанд орсон байдаг. /өвчний түүх 09450, 1хх 235/ Уг өвчний түүхэнд 2018 оны 06 дугаар сарын 07-нд бусдад зодуулж гэмтсэн гэж 2 удаа тэмдэглэгдсэн байх ба аль алинд нь Б.О өөрөө энэ талаар хэлсэн байна. Мөн хэсэг газрын үзлэгт “Баруун тавхайг дээш татахгүй, унжина" гэж тэмдэглэжээ. Энэ талаар шинжээчийн 349 тоот дүгнэлтэд мөн тодорхой тусгагдсан байдаг. Б.Оын “Баруун тавхайн унжилт" хэдийд үүссэн болох, булчин шилжүүлэх хагалгаа нь түүний өмнө хагалгаанд орсон баруун өвдөгний чагтан холбоосын урагдал гэмтэлтэй холбоотой эсэх, холбоотой бол яагаад өмнөх хагалгааны үед илрээгүй, оношлогдоогүй болохыг дүгнэлтэд огт дурдаагүй байдаг юм.
Б.Оын биед учирсан гэмтлийг “Хүнд” зэрэгт хамаарахыг тогтоосон шинжээчийн 349 тоот дүгнэлтэд /2 хх-ийн 66-68/ “Б.Од учирсан гэмтэлд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар болон хагалгаа хийсэн эмч нарын онош, анхан шатны яаралтай тусламжийг зөв үзүүлсэн, оношийн дагуу эмчилгээ хийсэн байна. Б.Оын биед баруун шилбэний мэдрэлийн гэмтэл, баруун тавхайн санжилт, баруун өвдөгний дотор болон гадна менискийн урагдал, арын чагтан холбоосын суналт гэмтлүүд тогтоогдлоо гээд дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, дарах, дарагдах, мушгих зэрэг огцом гэнэтийн хөдөлгөөн хийх үед үүсгэгдэх боломжтой гэсэн байх бөгөөд гэтэл энэ бүх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг үйлдлийн улмаас үүссэн гэмтэл мөн эсэх, мөн бол 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн хагалгаагаар тавхайн унжилт, санжилт, шилбэний мэдрэлийн гэмтэл яагаад оношлогдоогүй болох, уг хагалгаагаар булчин шилжүүлэх ажилбар яагаад хийгдээгүй зэргийг огт дүгнээгүй байна. Мөн уг дүгнэлтэд Б.Оын баруун хөлийн шагайн үений 2 байдлын рентген зурагт эмч С.Чулуунсүхийн бичсэн дүгнэлтийг тэмдэглэхдээ “Жич: Зурагны он сар нэр зөрүүтэй байна” гэсэн нь ойлгомжгүй, уг рентген зургийг хэн, аль эмнэлэгт хэдийд авхуулсан нь тодорхойгүй зэргээс Б.Оын биед тухайлбал түүний баруун хөлөнд Б.Бын гэмт үйлдлийн улмаас ямар гэмтэл учирсан болох, энэ нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах нь бүрэн үндэстэй тогтоогдоогүй гэж үзэж байна.
Энэ хэргийн хохирогч гэх Б овогтой О нь 2010 онд авто осолд орсон, тархи толгойны өвчтэй гэж мэдүүлдэг бөгөөд 2012 оноос Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд эмчлэгдэж, 2012 оноос Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгож байсан. 2012 онд “306” “Гавал доторх гэмтэл” оношоор 60 хувь, 2013 онд 60 хувь, 2014 онд С-40 “Эпилепси” оношоор 60 хувь, 2015 онд мөн оношоор 60 хувь, 2016 онд 60 хувь, 2017-2019 онд 70 хувь, 2019.06.27-ноос 2021.06.27-ныг хүртэл уг оношоор 70 хувиар тус тус акт тоггоогдсон байдаг. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015.06.17-ны өдрийн А/85/241 тоот хамтарсан тушаалаар батлагдсан зааврын 1.4.2-т “Өвчин эмгэг нь архагшин, эрхтэн бие махбодийн тогтоц, үйл ажиллагаанд нь гүнзгий нөлөөлж, хөдөлмөрийн чадвараэ бүр мөсөн буюу удаан хугацаагаар алдсан боловч байнгын асаргаа сувилгаа шаардахгүй, ихэнхдээ өөрөө өөртөө үйлчлэх чадвартай өвчтөнд хөдөлмөрийн чадвар алдалтыг 70-79 хувиар тогтооно” гэжээ. Энэ байдлаас үзэхэд хохирогч Б.О нь тархины гэмтлийн гаралтай “Уналт таталт” өвчтэй байх бөгөөд ийм өвчтэй хүн эрх зүйн чадамжтай эсэх, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадвартай эсэх, хэрэв чадамжгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3-т заасан хохирогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг зайлшгүй тогтоолгох шаардлагатай юм.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Оын удаа дараагийн гомдлууд бүгд өөр өөр бичиг үсгийн хэлбэрээр бичигдсэн нь эдгээр гомдлуудыг Б.О өөрийн гараар бичсэн гэх үндэслэлгүй, хохирогч нэг цаг хугацаанд болсон үйл явдлыг өөр өөрөөр хэлж мэдүүлдэг, нэг ч удаа хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчтэй байцаалт мэдүүлэг өгч байгаагүй нь мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны явцад түүний хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж дүгнэх, нотлох баримтаар үнэлэх боломжгүй болгож байна. Мөрдөн байцаах, прокурорын байгууллага, уналт таталт өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан Б.Оын хуульд заасан эрх ашгийг хамгаалах, хууль ёсны төлөөлөгчийг томилох ажиллагаа огт хийгээгүй, түүний сэтгэцийн байдлыг шинжээч томилж шалгуулах талаар хэргийн оролцогч нараас гаргасан удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон, харин давж заалдах шатны шүүх энэ байдлыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ирүүлсэн албан бичгийг үндлэслэн, түүнийг “Эрүүл” гэж дүгнэж байгаа нь туйлын учир дутагдалтай, энэ бичгээр шинжилгээ болон шинжээчийн дүгнэлтийг орлуулах боломжгүй гэж үзэж байна. Энэ хэргийн хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх, эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоогоогүй орхисноор хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэстэй.
Хохирогч Б.О нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны подвалд оёдол хийдэг гэх бөгөөд одоо ч уг оёдлын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа, баруун хөлний чагтан холбоос тасарсан, тавхай унжсан, саажилттай хүн оёдлын хөл машин гишгээд ажил үйлчилгээ явуулах боломжгүй юм. Мөн Б.О нь хуулийн байгууллага, шүүх хуралдаанд ирэхдээ суга таягтай ирж, эмчилгээний зардалд 96 сая төгрөг нэхэмжилж, цаашдаа гадаадад эмчилгээ хийлгэнэ хэмээн шүүгдэгч нараас 400 сая төгрөг нэхэж байгаа нь хир үндэстэй болохыг тогтоолгох, сэтгэцийн эмнэлэг, шүүх эмнэлэгт яагаад очиж үзүүлэхээс татгалзаад байсны шалтгааныг тогтоох, энэ хүний биед үнэхээр гэмтэл учирсан уу, учирсан бол гэмтлийн ямар зэрэгт хамаарах, тэрээр хөдөлмөрийн чадвараа тогтонги 35 хувиар алдсан гэдэг нь ямар үндэслэлээр тодорхойлогдож байгаа, одоо биеийн байдал нь ямар байгаа болохыг дахин тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч миний хохирогчийн биед үүссэн гэмтлийн байдал, 2 удаагийн хагалгаагаар тавигдсан онош, өвчний түүх дэх бичлэгийн талаар гаргасан гомдолд огт няцаалт дүгнэлт хийгээгүй бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан өвчний түүхүүд, шинжээчийн дүгнэлтүүд дэх эргэлзээтэй байдлуудыг хянаж үзэхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Мөн шүүхэд хохирогч Б.О гаргасан гомдолдоо “...Хохирогч Б овогтой О миний бие 2018 оны 04 дүгээр сарын 25-нд бусдад зодуулж хүнд гэмтэл авч ажлын чадвараа 35 хувиар алдаж хохирсон билээ. Хэрэгт холбогдогч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн тасгийн дарга хошууч Г.Э мөн аймгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч асан ахмад Б.Б мөн цагдаагийн хэлтсийн хошууч Д.Б нар нь бүлэглэн согтуугаар зүй бусаар эрүүдэн шүүж, 8-9 цаг тарчлаан зовоож хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар тэднийг гэм буруутайг тогтоож зохих ял шийтгэлийг нь оногдуулсан болно. Давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Б.Б, Г.Э, Э.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн байна.
2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийн хэлтэст ахмад Мөнхбат хавсралт материалыг тэмдэглэж хөтлөж хүлээн авсан. Иймд надад учирсан бие эрхтэн, гэмтлийг арилгах эрүүл саруул болоход шаардагдах БНСУ-д хэвтүүлэх эмчилгээний зардал болох “МВС”-ийн согогийн эмнэлгийн гэмтэл тогтоох акт, эмчилгээний зардал мөн БНСУ-ын хануурын эмчийн эмчилгээний төлөвлөгөөний, мөн аялал жуулчлалын “Армон” ХХК-ийн жуулчлалын бичигт дурдсан зардал, гэмтлийн улмаас миний биед учруулсан бүх зардал, сэтгэл санаанд учруулсан хор хохирол, ажлын чадвараа алдсаны төлбөр болох 400 сая төгрөгийг нэхэмжилсэн. Энэ асуудлыг зохих журмын дагуу миний гомдлыг шийдвэрлэх эрх бүхий газарт уламжлан өгнө үү.
Мөн Баянгол дүүргийн хяналтын прокурор Х.Хатанцэцэг Солонгос явах эмчилгээний материалыг давхардуулан өгсөн. 2019 оны 03 дугаар сарын 28-нд. Миний бие өмнө нь 2018 оны 12 дугаар сарын 05-нд Солонгос руу явах эмчилгээний бичиг баримтаа нотариатаар баталгаажуулсан. Эх хувиа авч үлдсэн. 2020 оны 02 дугаар сарын 17-нд дахин нотариатаар баталгаажуулсан хувь нь бас л хүчинтэй.
Жич: Нийслэлийн давж заалдах шүүх мөрдөн шалгах явцад болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн талаар нэхэмжилсэн нотлох баримтуудыг өгөөгүй ба шүүх иргэний хариуцагчийн талаар болон хохирогчийн эмчилгээний төлбөрт холбоотой баримтаа үрэгдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэн хохирогч Б.О хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн байна.
2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн нийслэлийн давж заалдах шатны хурлыг даргалагч шүүгч М.Пүрэвсүрэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршгийн талаар нэхэмжилсэн нотлох баримтуудыг эх хувиар нь ирүүлэх хэрэгтэй гэсэн Хохирогч Б.Отгонбат миний биед эх хувь нь байгаа болно. Миний анхаарал татсан нэг зүйл бол Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс яллагдагч Г.Э нь 3 жил хорих ялын анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж 1 жил гаруй хугацаагаар багасгасан байна. Шүүх хурал дээр уг яллагдагч Г.Э нь хохирогч Б.О миний бие бүх баримтуудыг харуулаад үзүүлээд байхад нотлох баримт нь ийм байна гэхэд би мэдэж байна гэх зэргээр мөн шүүгчийг үл тоож байсан. Тэдгээр яллагдагч нарыг даргалж явсан хүн нь Г.Э юм. Би маш их гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх дээр яллагдагч Б.Б нь Б.О дээрэм хийж байсныг прокурор Батнасан мэдэж байгаа гэх зэргээр ярьж байсан. Би үнэндээ гайхаж дахин хилс хэрэгт гүтгэж байна. Миний бие 2010 оны 9 дүгээр сарын 21-нд таксины жолоочид хутга тулгуулж дээрэмдүүлж байсан. Би нийгэмд муухай зүйл хийдэггүй, хөдөлмөрч хүн.
Хохирогч Б.О миний бие маш муу байна. Баруун хөл мэдээгүй болж тавхайгаа сойлт хийж уяа татуулан шөнө унтаж байна. Мөн нуруу руу хатгаж нөгөө хөлөнд нөлөө өгч байна. Цаашид хөл минь хатаж унжсан тавхайндаа хадаастай 20 гаруй оёдолтой ажлын чадваргүй болж мөн Солонгос улсад явж эмчлүүлэх минь хойшилж дахиад хэдэн хагалганд орохыг би хэлж мэдэхгүй байна. Залуу насандаа ингэж өрөөл татуу болсондоо харамсаж сууна. 1 жил шахам эмчилгээ хийлгэх цаг хугацаа минь хойшилж дахин дахин хохирсоор байна. Яллагдагч нарын ар гэрийнхэн сүрдүүлж ална тална гэх юм. Би болсон зүйлийг л ярьсан. Хүнийг гүжирдэх ухамсар байхгүй.
Иймд эмчилгээ хийлгэсэн мөн оёдол, ажил төрлөө алдсан нотлох баримтуудыг хүргүүлэх болно. Эрхэм шүүгч та миний энэ байдлыг анхааран үзэж нягтлан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуульд заасан хэмжээнд ял оногдуулсан байна. Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгүүд тогтвортой, эргэлзээ төрүүлэхээргүй байна. Хохирогч Б.О нь ямар нэгэн хэрэгт холбогдсон бус түүнээс холбогдогчийн талаар мэдээлэл авахын тулд шүүгдэгч нар биед нь хүнд гэмтэл учруулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүхийн шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батхуяг, Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Г.Э, Д.Б нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, П.Баасанжав, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Ц.Туяа, Р.Булгамаа, Ц.Батзаяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч Б.Отгонбат нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Б, Г.Э, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны подвальд байрлах хувцас захиалга засварын газрын гадаа иргэн Б.Отгонбатын эрх чөлөөнд халдан газар унагаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, улмаар Б.Б, Г.Э, Д.Б нар нь Б.Оын хөл гэмтэж, түүний эрүүл мэндэд хохирол учирсныг мэдсээр байж эмнэлгийн байгууллагад хандах боломж олголгүй, автомашиндаа хүчээр суулган Багануур дүүрэг рүү авч явж, хохирогчийн бие махбод, сэтгэл санааг олон цагийн турш шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б, Г.Э, Д.Б нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Б.Б, Г.Э, Д.Б нарын үйлдсэн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Д.Бын үйлдсэн хэрэг нь мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгч тус бүрт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг тус тус ялгамжтай оногдуулан шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж байгаа аливаа үйлдэл, үйл ажиллагаа, түүний дотор хууль сахиулах үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн байх, Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний үндсэн болон салшгүй эрхүүдийг хангаж явагдах ёстой байдаг. Эдгээр салшгүй эрхүүд буюу ямарваа тохиолдолд зөрчиж, дордуулж, хязгаарлаж болохгүй хүний эрхийн нэг бол эрүү шүүлтээс ангид байх эрх байдаг.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид “эрүүдэн шүүх” талаарх ойлголтыг тодорхойлж, эрүүдэн шүүхийг үнэмлэхүй агуулгаар хориглосон төдийгүй, энэхүү хориглолт нь түгээмэл харъяаллын шинж чанартайгаар хэрэгжиж байхаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалийн 5 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 7 дугаар зүйл, Ромын дүрмийн 7 дугаар зүйл зэрэг олон улсын хүний эрхийн талаарх эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олсон байдаг болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзвэл, шүүгдэгч нар хүний хууль ёсны эрхийг хүндэтгэж харьцах, бусадтай хүндэтгэлтэй харьцах, албаны шаардлагыг зөв хэлбэрээр илэрхийлэх зэрэг хууль сахиулагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйгээс гадна, хүний халдашгүй байдлыг зөрчиж биед нь халдах, эсхүл хүч хэрэглэх зайлшгүй шаардлага үүссэн гэж дүгнэх үндэслэл бүрдээгүй байхад шүүгдэгч Б.Б нь иргэн Б.Оын эрх чөлөөнд халдан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх бөгөөд уг гэмтлийн улмаас хохирогчид зовиур шаналал үүссэн, энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж байгааг шүүгдэгч Б.Б, Г.Э, Д.Б нар мэдсээр байж эмнэлгийн байгууллагад хандах боломж олголгүй, хохирогчийг хүчээр автомашинд суулган авч явж, биед махбод, сэтгэл санааг олон цагийн турш шаналган зовоосон болох хэргийн үйл баримтыг шүүх зөв тогтоож, бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах болон эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Б.Б, Г.Э, Д.Б нарын үйлдлийг эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжид хамаарч буйг тодорхойлохдоо Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц” дахь “эрүүдэн шүүх” гэх ойлголтын агуулгаар тайлбарлаж, ийнхүү тайлбарлаж хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд заасан хэм хэмжээнд нийцэж байгаа талаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Учир нь уг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүдэн шүүх” хэмээх ухагдахуун нь эрүү шүүлтээс ангид байх хүний салшгүй эрхийг сахин хамгаалах нөхцөлийг хангах үүднээс гэмт хэргийн шинжинд багтсан байх ёстой үйлдэл, эс үйлдэхүйн хамгийн наад захын ойлголтыг тусгасан олон улсын эрх зүйн хэм хэмжээ байх бөгөөд гэрээний тал улс орнууд уг ухагдахууны агуулгаар хязгаарлалгүй, харин олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн дагуу эрүүдэн шүүх гэмт хэргийн шинжийг илүү өргөн утгаар тодорхойлж хэрэглэж болохыг уг зүйлийн 2 дахь хэсэгт тусгажээ.
Тодруулбал, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулгад үндэслэн тайлбарлаж буй нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж буй асуудал биш, харин Эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчимд нийцсэн, эрх зүйн хэм хэмжээ болон хууль тогтоомжийн хүчин чадал, эрэмбийн талаарх нийтлэг ойлголт, түүнийг хэрэглэх үндсэн зарчмын дагуу Үндсэн хуулийн хэм хэмжээнд тулгуурлан хууль зүйн ухагдахууныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбарлан хэрэглэж байгаа хууль ёсны үйл ажиллагаа юм.
Түүнчлэн, нийтийн албан тушаалтны зүгээс төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчих, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах тохиолдолд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн албаны хууль ёсны байх эрх ашиг давхар хөндөгдөж байдаг бөгөөд тухайн үйлдлийн улмаас хэд хэдэн объектэд зэрэг халдсан нийлмэл гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой боловч энэхүү хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэсэн байгааг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ж.Батхуяг, Ч.Эрдэнэбат, Ц.Туяа, Р.Булгамаа, Ц.Батзаяа, Ц.Алтанцэцэг нарын “...шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах” өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, П.Баасанжав нарын “..хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” хохирогч Б.Отгонбатын “...хэргийг нягтлан шалгуулах” талаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 958 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батхуяг, Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Г.Э, Д.Б нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, П.Баасанжав, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Ц.Туяа, Р.Булгамаа, Ц.Батзаяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч Б.О нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН