Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01011

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Т.Анэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00303 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Ахариуцагч “НӨАУГ” НӨҮГ-т холбогдуулан гаргасан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золжаргал, Н.Төрболд, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: НӨАУГдаргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаар ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, архивын ажилтны албан тушаалд нь эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэнэ.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Т.А НӨАУГт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллах хугацаандаа хариуцсан ажил үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж, алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Ажил олгогчийн зүгээс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэшил, туршлага, мэргэшлийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн. М.Бнь тус байгууллагын газрын даргаар томилогдсоноос хойш 2021 онд байгууллагын албан хаагчдын 20 хувьд нь мэдэгдэх хуудас өгч ажлаас нь чөлөөлсөн. Байгууллагын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/125 дугаар тушаалаар байгууллагын албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссыг байгуулж, НӨАУГмэргэжил, ур чадварын түвшин тогтоох 01 дугаар дүгнэлтийг гаргасан. Тус комиссын зорилго нь нийт албан хаагчдыг хамруулаагүй, зөвхөн дүгнэлтэд дурдсан 4 хүнийг ялгаварлан шалгасан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэл тогтоогдсон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны улсын үзлэгээр нэхэмжлэгчийн ажил албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан болон хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажлыг дүгнэж, байгууллагын архивын үйл ажиллагаа бүрэн хангалттай 95 хувь (А) үнэлгээ авсан. Албан тушаалын тодорхойлолтод зааснаар архив, бичиг хэргийн ажилтанд тавигдах тусгай шаардлага нь бакалавр зэрэгтэй, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд бакалавр зэрэгтэй, 2016 онд Хүний нөөцийн удирдлагын академид албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн сургалт, 2019 онд Амжилтын алхам мэргэжил сургалтын академид архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн ур чадварын сургалтад хамрагдаж мэргэшсэн. Газрын даргын 2019 оны А/326 дугаар тушаалаар бүтэц, орон тоог шинэчлэн баталж, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг шинэчлэх ажлыг хэлтсийн дарга нарт даалгасан. Гэвч ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажил хийгдээгүй. Газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/258 дугаар тушаалаар Төрийн үйлчилгээний албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлуулсан. Нэхэмжлэгч нь энэхүү албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэх чиг үүргийн дагуу ажил үүргээ хийсээр байсан. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/230 дугаартай тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод архивын ажилтан эрх зүйч мэргэжилтэй байх ёстой гэх шаардлага тавьсан. Нэхэмжлэгч нь уг албан тушаалын тодорхойлолттой танилцаж байгаагүй, танилцсан гэж гарын үсэг зураагүй. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/230 дугаар тушаал давхардсан дугаартай /archive edoc цахим программд бүртгэлгүй, байгууллагын архивд эх хувиараа архивлагдаагүй, 2020 тушаалын бүртгэлийн дэвтэрт бүртгэлгүй/ ба уг тушаалыг хараагүй. Тушаалын хавсралт болох архивын ажилтны албан тушаалын тодорхойлолт нь дагаж мөрдөх огноо, албан тушаалын тодорхойлолт баталсан огноо бичигдээгүй албан тушаалд тавигдах тусгай шаардлага буюу мэргэжил нь архив судлал, эрх зүй, мэргэшил харгалзахгүй гэж заасан. Албан тушаалын тодорхойлолтын баталгаажуулах хэсэгт он, cap бичигдээгүй, газрын даргын нэрийг гараар бичсэн, ЗСХ-ийн даргын нэр бичигдээгүй байх тул албан тушаалын тодорхойлолтыг хуурамч байж болзошгүй гэж үзэж байна. Уг А/230 дугаартай тушаал нь Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансаас хөрөнгө шилжүүлэх тухай тушаал байдаг.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед нэхэмжлэгчийн байдлыг харгалзан үзэлгүй хүнлэг бус шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн 2021 оны ээлжийн амралтыг эдлүүлэхгүй ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Мэргэжлийн тухайд нэхэмжлэгчид мэргэжлийн үнэмлэх байгаа. Үнэмлэх шаардлага хангахгүй гэж дүгнээгүй. Мэргэшил гэдэг бол тодорхой дадлага байна. 2016 оноос хойш ажилласан учраас мэргэшиж, дадлагажаагүй гэх үндэслэл байхгүй. 3-4 жил ажилласан хүнийг туршлагагүй гэж үзэхгүй. Үндэслэлгүй дүгнэлтийг үндэслэж ажлаас чөлөөлөх тушаал гарсан гэжээ.

 

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байсан ба тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Нийслэлийн өмчийн харилцааны даргын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/230 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан архивын ажилтны албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад архив судлал, эрх зүйч гэсэн мэргэжилтэй байх шаардлага тавьсан. Нэхэмжлэгч нь уг шаардлагыг хангаагүй болох нь мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө холбогдох бүх цалин, тэтгэмж, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор зэрэг нийт 1,795,496 төгрөг олгосон ба үүнийг нэхэмжлэгч хүлээн авсан тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Мэргэжил нь тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар дадлагын цогцыг хэлнэ. Харин мэргэшил нь тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг чадвар дадлагын түвшинг хэлнэ. Энэ хоёрын хооронд ойлголтын зөрүү байгаа. Т.А нь 2018 онд архив, бичиг хэргийн ажилтны ажлын байранд томилогдож байсан ба тухайн үед А/250 дугаар тушаал хэрэгжиж байсан. 2019 онд Төрийн албаны хууль батлагдсанаар дагаж мөрдөх дүрэм, журам шинэчлэгдэн батлагдсан. Т.А мэдээгүй байх боломжгүй.  Нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн болон мэргэшлийн шаардлага хангаагүй, архитектур мэргэжилтэй байсан. Хүний нөөцийн академид архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтанд суусан гэдэг нь худал. 2019 онд архивын ажилтны мэргэшилээр сураагүй. Байгууллагаас 160,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч 04 сард мэргэжлийн үнэмлэх гаргуулж авсан. Нэхэмжлэгч 6, 7 байгууллагад гомдол гаргасны дагуу эрх бүхий байгууллагаас шалгаад хариу ирүүлэх бичиг ирүүлсэн. Байгууллага дээр бүрэлдэхүүнтэй комисс ирж ажилласан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Атушаалыг хүчингүй болгуулах, архивын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Анэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдуламын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тухайд,

4.1.а. Т.А нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх мэдэгдлийг зөвшөөрөхгүй тайлбараа 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажил олгогчид өгсөн. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн газрын даргын тушаалаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн. ...газрын даргын 2019 оны А/326 дугаар тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталж, албан тушаалын тодорхойлолт хөдөлмөрийн гэрээг шинэчлэхийг ажлын хэсгийн дарга нарт даалгасан. Гэвч ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажил хийгдээгүй. Газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/258 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлуулсан. Т.А уг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хийж гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл шинээр томилогдсон орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Н.М 2020 оны 05 дугаар 25-ны өдрийн А/230 дугаар тушаалаар батлагдсан албан тодорхойлолтод архивын ажилтан нь эрх зүйч мэргэжилтэй байх ёстой гэсэн шаардлагад нийцэхгүй байгаа тул ажлаас чөлөөлөх талаар мэдэгдсэн. Т.А нь албан тушаалын тодорхойлолттой танилцаж байгаагүй, танилцаж гарын үсэг зураагүй. Уг А/230 дугаар тушаал нь давхардсан дугаартай archive edoc цахим программд бүртгэлгүй байгууллагын архивд эх хувиараа архивлагдаагүй, 2020 тушаалын бүртгэлийн дэвтэрт бүртгэлгүй, уг тушаалыг харж байгаагүй. Хавсралтаар баталсан архивын ажилтны албан тушаалын тодорхойлолт нь баталсан огноо бичигдээгүй, албан тушаалын тодорхойлолтыг баталгаажуулах хэсэгт он сар бичигдээгүй, газрын даргын нэрийг гараар бичсэн зэрэг зөрчил байхад шүүх бүхэлд нь хянаж үзээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хууль буруу хэрэглэсэн тухайд,

4.2.а. Шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй. Зохигчид архивын ажилтны ажлын байр байнгын ажлын байр болох талаар маргахгүй байна гэж үзэж дүгнэлт гаргасан нь буруу. Орон тооны цомхотгол явуулаагүй, тус ажлын байр байсаар байтал талууд байнгын ажлын байр болох талаар маргахгүй байна гэж дүгнэсэн нь шүүх дүн шинжилгээг бүхэлд нь хийгээгүй. А/230 дугаар тушаалын 5 дугаар хавсралт болох албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын боловсрол мэргэжил гэдэгт архивын ажилтан бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, архив судлал эсхүл эрх зүйч мэргэжилтэй байх тусгай шаардлага тавьсан. Хуулинд заавал эрх зүйн шаардлага тавих ёстой талаар заагаагүй байхад тус тушаалыг эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуулийг буруу хэрэглэсэн. Т.А анх ажилд ороход албан тушаалын тодорхойлолтод зааснаар архив бичиг хэргийн ажилтанд тавигдах тусгай шаардлага нь бакалавр зэрэгтэй, архив албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалтанд хамрагдсан байх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл тодорхой хэсэг ажилтныг хоморголон ажлаас чөлөөлөх зорилготой тушаал гаргаж ажлын байрны тодорхойлолт гаргаж ажлаас чөлөөлж байгаа нь тус газрын даргын хувийн эрх ашиг бөгөөд ажилтны эрх зүйн байдлыг хэт дордуулсан үйлдэл байхад шүүх үүнийг дутуу судалсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хувьд бакалавр зэрэгтэй, хүний нөөцийн удирдлагын академид албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн сургалтад хамрагдсан, 2019 онд Амжилтын алхам мэргэжил сургалтын академид архив албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалтанд хамрагдаж 2019 оны улсын архивын үзлэгээр албан тушаалын тодорхойлолт гүйцэтгэлийн төлөвлөгөө зэрэг 95 хувь А үнэлгээтэй гарч байсныг шүүх дутуу үнэлж дүгнэлт гаргасан.

4.3. Архивч албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор эрх зүйч байх хуулийн шаардлага байхгүй тухайд,

4.3.а. А/230 дугаар тушаалын 5 дугаар хавсралт албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын боловсрол мэргэжилд архивын ажилтан нь бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, архив судлал эсхүл эрх зүйч мэргэжилтэй байх тусгай шаардлага тавьсан гэж үзсэн нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд архивч ажлын байрны шаардлагыг хуульд заагаагүй байхад дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд тушаал баталж, ажлын байрны тодорхойлолтоор зааж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Архивын тухай хуулийг зөрчсөнийг шүүх холбогдох хууль тогтоомжийг судлаагүй, зөвхөн тушаал болон ажлын байрны тодорхойлолтыг үндэслэж шийдвэр гаргасан. Хэргийг бүхэлд нь хянан үзэж нотлох баримтуудыг шинэчлэн судлаагүй. Иймд шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй.

4.4. Зохигч, хэргийн оролцогчийн эрхээр хангаагүй тухайд,

4.4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 29 дүгээр зүйлд заасан эрхээр хангаагүй. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу дахин өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасаар байтал эрхээр нь хангаагүй, зохигчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан атал эрхээр нь хангаагүй, хуралдаан хойшлуулж тодорхой хугацаа олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эдлэх эрхээр хангаагүй.

4.4.б. Мөн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд биечлэн оролцохоо илэрхийлсээр байтал шүүх хуралдааныг явуулж мэтгэлцэх зарчмаар талуудыг хангаагүй.

4.4.в. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэргийг бүхэлд нь бодитойгоор тал бүрээс нь шинэчлэн судалж шийдвэр гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Дээд боловсролын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.3, 4.3, 4.4 дэх хэсгүүдэд зааснаар Т.А нь ажлын байрны шаардлагыг хангаагүй. Т.А 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 403 дугаартай “Амжилтын академи” сургалтын төвд Архив албан бичгийн сургалтад хамрагдаж үнэмлэх авсан нь ажил архив албан бичгийн мэргэжлээр  бакалавр зэргийн боловсрол эзэмшсэн гэж үзэх боломжгүй. А230 дугаар тушаалд заасан албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад архив судлалаар бакалавр зэрэгтэй эсхүл эрх зүйч мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүй. Мөн түвшин тогтоох комиссоос гарсан актыг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. А230 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг баталж нэр бүхий 18 ажилтнуудад танилцуулж гарын үсэн зуруулсан ба үүнд Т.А байгаа. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өмгөөлөгч нь оролцсон. Шүүх хуралдааны товыг мэдэгдсэн учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй. Т.А нь ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш 1,795,476 төгрөгийн цалин, тэтгэмжийг хүлээн авсан бөгөөд тухайн үед ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч “НӨАУГ” НӨҮГ-т холбогдуулан тус газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаар ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, архивын ажилтны албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

4. Хариуцагч ...даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Аыг албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр архивын ажилтны үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Ажил олгогч дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар захирамж, ...дүрмийн 2.5.1 дэх заалтыг үндэслэжээ. /хх5/

5. ...даргын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/258 дугаар тушаалын хавсралтаар байгууллагын ажлын байрны албан тушаалын тодорхойлолтыг баталсан ба архивын ажилтны албан тушаалд боловсролын хувьд бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, мэргэжлийн хувьд архивын болон бусад, мэргэшилийн хувьд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалтанд хамрагдсан байх тусгай шаардлага тавьсан байжээ. Улмаар тус газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/230 дугаар тушаалын хавсралтаар Төрийн үйлчилгээний албан тушаалын тодорхойлолтыг баталж дээрх А/258 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна. А/230 дугаар тушаалын 5 дугаар хавсралтад зааснаар архивын ажилтан нь бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой, архив судлал, эрх зүйч мэргэжилтэй, мэргэшил харгалзахгүй, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх тусгай шаардлага тавьсан байна. /хх165-166, 190-196/

5.а. Хариуцагчийн, нэхэмжлэгч архивчийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй. НӨАУГдаргын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/230 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан байна.

Учир нь хариуцагч байгууллага А/230 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоол зэргийг үндэслэсэн байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална, төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг баталсан байна.

5.б. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг хэлнэ.

Тус газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/125 дугаар тушаалын хавсралтаар Байгууллагын албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, аттестатчиллын комиссын бүрэлдэхүүнийг байгуулж, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №01 дугаар дүгнэлтээр “ ... Архивын ажилтан Т.А нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага болох мэргэжил, туршлага, мэргэшилийн шаардлагуудыг тус тус хангахгүй байна” гэж дүгнэсэн байна. /хх187-189/ 

Нэхэмжлэгч нь архив, бичиг хэргийн ажилтанд тавигдах тусгай шаардлага буюу бакалавр зэрэгтэй, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх шаардлагыг бүрэн хангасан, 2019 оны улсын үзлэгээр нэхэмжлэгчийн ажил албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан болон хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажлыг дүгнэж, байгууллагын архивын үйл ажиллагаа бүрэн хангалттай 95 хувь (А) үнэлгээ авсан гэх тайлбар, гомдол гаргах боловч энэ нь өмнөх ажлын байрны тодорхойлолтод хамааралтай байна.

5.в. Хариуцагч байгууллагын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.3-т “ажилтан нь албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ... ажиллах үүрэгтэй” гэжээ. Нэхэмжлэгч нь шинэчлэн баталсан хөдөлмөрийн дотоод журамтай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан байна. Мөн ажил олгогч нь албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталсантай холбоотойгоор байгууллагын албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоосон зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/230 дугаар тушаалаар батлагдсан архивчийн ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй, А/230 дугаар тушаалыг гарсныг мэдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх119-136/

5.г. Мөн нэхэмжлэгч нь А/230 дугаар тушаал нь давхардсан дугаартай, archive edoc цахим программд бүртгэлгүй, байгууллагын архивд эх хувиараа архивлагдаагүй гэх боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлоогүй. А/230 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гомдол гаргаагүй, уг тушаал одоог хүртэл хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь архитектурын мэргэжилтэй, 2016 онд Хүний нөөцийн удирдлагын академийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан мэргэшүүлэх сургалт, 2019 онд Амжилтын алхам мэргэжил сургалтын академийн архив, албан бичгийн мэргэжлийн ур чадварын сургалтад хамрагдсан байх боловч эдгээр нь архивын ажилтны ажлын байранд тавигдах мэргэжлийн тусгай шаардлагад нийцэхгүй буюу Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. /хх35-37/

6. Тэрээр 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгч Г.Нацагдоржтой эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байх ба шүүхээс нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид хуралдааны товыг мэдэгдсэн байна. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч түүний эзгүйд хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж мэтгэлцэх зарчмыг зөрчсөн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй. /хх78, 203, 217-218/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

                     ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

                                                                А.МӨНХЗУЛ