Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 286

 

Х.С-ийн нэхэмжлэлтэй,

Улсын бүртгэлийн ерөнхий газарт

 холбогдох

захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   М.Батсуурь

                                                   Б.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/636 дугаар тушаалыг бүхэлд нь, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.С-г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0097 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 311 дүгээр магадлалтай,

     Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, гуравдагч этгээд Ж.С, Х.Б-Э түүний өмгөөлөгч Н.Ж нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Н-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0097 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.5, 10 дугаар зүйлийн 10.5, 11 дүгээр зүйлийн 11.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 он/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.С-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.С-г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны А/636 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 311 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

          3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “Х” ХХК-ийн хувьцааг охин Х.Ст 2008 оны 07 дугаар сарын 14-нд шилжүүлж өгсөн эцэг Н.Хүрэлбаатарын хүсэл зориг өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байгаа талаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” хэмээн заасан.

        4. Иймд өв залгамжлалын маргаан хэмээн дүгнэж байгаа шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд хувьцааны бүртгэлд холбогдох маргаан тул эцгийн амьд ахуйд шилжүүлэн авсан хувьцаагаа алдсаныг эгүүлэн авах Х.С-ийн хүсэл зориг хангагдаагүй болно.

        5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/-ийг иш татаж, уг хуулийн заалтыг бүртгэгч тухайн үед зөрчсөн хэмээн анхан шатны шүүх дүгнэж, шийдвэрээ гаргасан бол давж заалдах шатны шүүх хууль зөрчсөн үйлдэл 2016 онд тогтоогдсон тул тухайн үед үйлчилж байсан хуулийг иь хэрэглэх нь зөв” гэжээ.

         6. Гэтэл бүртгэл 2008 оны 07 дугаар сарын 23-нд хийгдсэн. Тэгэхээр хэрхэн яаж 2009 онд хүчин төгөлдөр болсон хууль болон түүний заалтыг улсын бүртгэгч 2008 онд зөрчсөн талаар аль ч шатны шүүх тайлбарлаж чадахгүй байх ба 2009 оны хууль нь үйлчлэхээсээ өмнөх харилцааг нөхөн зохицуулахгүй тул тайлбарлах ч боломжгүй юм.

        7. Түүнчлэн “2008 оны 07 дугаар сарын 23-ны бүртгэл хууль зөрчиж хийгдсэн” хэмээн эрх бүхий ямар ч байгууллага, албан тушаалтан нь шүүхийн иш татаад байгаа 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасны дагуу тогтоогоогүй болно.

        8. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан Ж.С-гийн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 02-нд хянан хэлэлцээд “нотариатч Б.Энхбаярын үйлдлийг хүчингүй болгосон” 606 дугаар шийдвэр гарсан ба “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн.

        9. Иймд Ж.С нь нэг сарын дараа буюу 2016 оны 10 дугаар сард Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татан “2008 оны 07 дугаар сарын 23-ны бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2017 оны 02 дугаар сарын 09-нд хянан хэлэлцээд “гэрээ хүчин төгөлдөр байна”, “улсын бүртгэл хууль зөрчөөгүй” зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 108 дугаар шийдвэрийг гаргасан.

        10. Шийдвэрийг эс зөвшөөрөн нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-нд хянан хэлэлцээд гаргасан 281 дүгээр магадлалд “ ... нөхцөлд үндэслэж 2008 оны бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй байна” гэсэн байна.

        11. Хяналтын журмаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг нь Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаанаар 2017 оны 07 дугаар сарын 28-нд хянан хэлэлцээд гаргасан 256 дугаар тогтоолд “... 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлд хийсэн өөрчлөлтийг хууль бус гэж дүгнэх боломжгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ”, “ нотариатын үйлдлийг хүчингүй болгосон нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

        12. Тэгэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 606 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа “улсын бүртгэл хууль зөрчөөгүй”, “2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлд хийсэн өөрчлөлтийг хууль бус гэж дүгнэхгүй”, “уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг захиргааны хэргийн 3 шатны шүүх хийж, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байхад Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон өмнөх 2 шатны шүүх эсрэгээр нь тайлбарлаж, сөрөг дүгнэлт хийж байна.

         13. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх хэргийг шийдвэрлэсний дараа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүх “нотариатч Б.Э-ын үйлдлийг хүчингүй болгосон” 606 дугаар шийдвэр гаргасныг нь хэрэгжүүлсэн мэтээр хариуцагч тайлбарлаж, түүний үйлдэл болон тайлбар нь зөв хэмээн дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дараа Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газар болон түүний дарга руу чиглээгүй, ямар нэг үйлдэл хийхийг эсхүл хийхгүй байхыг даалгаагүй болно.

         14. Түүнчлэн 2008 оны 07 дугаар сарын 23-ны бүртгэлтэй холбоотой асуудлаар Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татсан Ж.С-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдвэр гарч, хяналтын гомдлыг хянан хэлэлцэх Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хуралдаанаас өмнө буюу шүүх дээр маргаантай байгаа асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад “2008 оны 07 дугаар сарын 23-ны бүртгэлийг хуульд нийцэхгүй” хэмээн дүгнэж, бүртгэлийг хүчингүй болгосон тушаалыг 2017 оны 07 дугаар сарын 06-нд гаргасан нь хуульд нийцэхгүй юм.

         15. Шийдвэрт “... захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бол сонсох ажиллагаа явуулахгүй” гэжээ. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ямар ч ажиллагаа явагдаагүй тул энэ асуудлаар буруу дүгнэлт хийсэн ба сонсох ажиллагаа явуулаагүй нь хууль бус болно.

         16. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.    

ХЯНАВАЛ:

            17. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            18. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/636 дугаар тушаалаар “... /шүүхийн шийдвэрийг үндэслэн/ 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Х-аас иргэн Х.С-т тус компанийн эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлийг,  2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гадаадын хөрөнгө оруулалттай “Х Ч” ХХК болгож хуулийн этгээдийн хэлбэр өөрчилсөн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн, энэ нь маргаан бүхий тушаал гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “... /байгууллагын дарга/ улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох /эрхтэй/”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж тус тус заасантай нийцсэн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд зөв байна.

            19. Тодруулбал, 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Х-аас иргэн Х.С-т тус компанийн эрхийг шилжүүлсэн улсын бүртгэл хийгдэх үндэслэл болсон 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Н.Х, Х.С нарын хооронд байгуулсан “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатч Б.Э-ын үйлдлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон, ингэснээр уг эрх шилжүүлэх гэрээ нь анх байгуулагдсан өдрөөс “хүчин төгөлдөр, үл маргах шинж”-ээ алдсан гэж үзнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “... “Х” ХХК-ийн хувьцааг охин Х.Ст 2008 оны 07 дугаар сарын 14-нд шилжүүлж өгсөн эцэг Н.Хүрэлбаатарын хүсэл зориг өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байгаа, ... эцгийн амьд ахуйд шилжүүлэн авсан хувьцаагаа алдсаныг эгүүлэн авах Х.С-ийн хүсэл зориг хангагдаагүй, ... нотариатч Б.Э-ын үйлдлийг хүчингүй болгосон ... /боловч/ “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийг хүлээж авахгүй.

            20. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 606 дугаар шийдвэр гарснаар 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий бүртгэл хийгдэх үндэслэл болсон эрх шилжүүлэх гэрээ “хүчин төгөлдөр биш”, “маргаантай” болох нь тогтоогдож байх тул уг бүртгэлийг нотлох баримтад үндэслээгүй буюу “хууль зөрчсөн” гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг шүүх буруутгах боломжгүй, шүүх маргаан бүхий захиргааны акт буюу   Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/636 дугаар тушаалын үндэслэлийг хянаж байх тул уг тушаал гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийг хэрэглэсэн нь зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Н-ийн “... бүртгэл 2008 оны 07 дугаар сарын 23-нд хийгдсэн .../байхад/ 2009 онд хүчин төгөлдөр болсон хуулийг ... /шүүх хэрэглэсэн/” гэх агуулгатай гомдлыг мөн хангах боломжгүй.

            21. Ж.С-гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгчээс 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатч Б.Э-ын үйлдлийг /шүүхээс/ хүчингүй болгосонтой холбогдуулан ... эрх бүхий байгууллагад хандахад энэхүү шийдвэр хамаарахгүй” гэж дүгнэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 281 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ “... нотариатчийн үйлдэл хүчингүй болсон зэрэг сүүлд үүссэн нөхцөл байдлуудыг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан нэхэмжлэлийн шаардлага, агуулга гаргаагүй, энэ үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллагын тайлбар авах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй /тул/ энэ шүүхийн шийдвэрээр уг асуудалд дүгнэлт /өгөхгүй/” гэж тодорхой заасан, өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх өмнө нь “...2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатч Б.Э-ын үйлдлийг /шүүхээс/ хүчингүй болгосонтой холбогдуулан өмнө бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох эсэх, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэлтэй эсэх” талаар дүгнэлт хийгээгүй, ийм маргааны үйл баримтад холбогдуулж шүүхийн шийдвэр гараагүй, харин энэ асуудлаар Ж.С эрх бүхий этгээдэд хандаж шийдвэр гаргуулахад “энэ шүүхийн шийдвэр саад болохгүй” гэж тусгайлан заасан байх тул   Ж.С-гийн гаргасан гомдлыг хянаж гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/636 дугаар тушаал, уг тушаалын хууль зүйн үндэслэлийг шүүх хянахад дээр дурдсан шүүхийн шийдвэрүүд хамааралгүй болно.

            22. Иймд, хяналтын журмаар гаргасан “... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 606 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа “улсын бүртгэл хууль зөрчөөгүй”, “2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлд хийсэн өөрчлөлтийг хууль бус гэж дүгнэхгүй”, “уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг захиргааны хэргийн 3 шатны шүүх хийж, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байхад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон өмнөх 2 шатны шүүх эсрэгээр нь тайлбарлаж, сөрөг дүгнэлт хийсэн”,   “... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

            23. Хэргийн оролцогчдын тайлбар, маргааны үндэслэл болсон “Х” ХХК-ийн хувьцааг бодит байдалд хэн өмчлөх, Н.Х-ын хүсэл зориг юу байсан, “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийхгүй, энэ асуудлыг “захиргааны журмаар” буюу бүртгэлээр шийдвэрлэхгүй, талууд уг асуудлаар иргэний шүүхэд хандаж, маргаанаа шийдвэрлүүлэх, үүний үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх нь зүйтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн шүүхийн дүгнэлт зөв юм.

            24. Харин, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан, анхан шатны шүүх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/636 дугаар тушаалыг “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” гэж буруу дүгнэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь заалтыг тайлбарлаж хэрэглэсэн нь буруу боловч, маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” үйл баримт болсон, энэ тохиолдолд, “нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй” зөрчил нь уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.

            25. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.С-г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт холбогдуулж хэргийн оролцогчид гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийхгүй.

            26. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0097 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 311 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн өмгөөлөгч Г.Н-ийн хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Б.А-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.        

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ч.ТУНГАЛАГ

                 ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА