Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 276

 

Б.Ө холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1877 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212 дугаар магадлалтай, Б.Ө холбогдох 1906048842327 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 20 дугаар гудамжны 56 тоотод оршин суух хаягтай, ам бүл 7, эмээ, эх, эхнэр, хүүхэд, 2 дүүгийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Бын Ө.

Б.Ө нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.А эзэмшлийн “Самсунг эс-6” загварын гар утсыг авахаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж 150,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө болон түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ө гаргасан гомдолдоо “...Миний болчимгүй үйлдлээс болж ард үлдсэн ээж, эхнэр, гурван нялх хүүхдүүд маш их сэтгэл санааны хохирол амссан. Эхнэр ажил хийж чадахгүй, ээж ходоодны хорт хавдартай хүнд байдалд орсон. Нийгэмд буруу үйлдэл хийвэл хариу өгдөг юм байна гэдгийг маш сайн ойлгож, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энд ороод ухаарал гэдэг зүйлийг олж авсан. Жинхэнэ эр хүн ийм газар байдаггүй юм байна гэдгийг ойлгож байна. Эр хүн бол эхнэр, хүүхдийнхээ хажууд байж, ээжийгээ асран хамгаалж байх ёстой гэдгийг маш сайн ойлгож авлаа. Иймд миний энэ болчимгүй үйлдлийг харгалзан үзэж хуулийн дагуу 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би ахин ард, иргэдэд, нийгэмд хор уршиг учруулахгүй, хүн бүхэнд тусч, сайн хань, эцэг, хүү нь байна гэдгээ амлаж байна. Эндээс гараад эхнэр, хүүхэд, ээжтэйгээ аз жаргалтай амьдарна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгдэгчийн хувийн байдал үйлдсэн гэмт хэргийн шинж байдалд тохирсон дүгнэлт өгсөнгүй гэж үзэж байна.

Хэрэг маргаан 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө болсон, гар утсыг нь гуйж аваад буцааж өгөөгүй л асуудал болсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэг, улсын яллагчийн асуултад хариулсан зэргийг харахад анх утсыг нь авахад ямар нэгэн хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн ялангуяа “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж байдал, үйл баримт болоогүй гэдэг нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж өмгөөлөгч миний бие үзэж байна.

Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг оролцуулан шийдвэрлэх боломжтой гэсэн атлаа хохирогч нь шүүх хуралд болсон байдлыг үнэн зөвөөр ярьж мэдүүлснийг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй харин шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн цагдаад өгсөн өргөдөл болон мөрдөн байцаалтын мэдүүлгийг үндэслэл болгон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт өгч ялыг болон зүйлчлэлийг хүндрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт өгсөн.

Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-6-9/ ... мэдүүлгээс харахад анх буюу утсыг авахдаа ямар нэгэн хүч хэрэглээгүй болох нь хохирогчийн хууль сануулсан мэдүүлгээс харагддаг бөгөөд шүүхийн тогтоолд түүнийг хүндрүүлэх буюу утсыг нь авснаас хойших үйл баримт буюу гартаа барьсан зүйлээ эргүүлээд байсан гэсэн хохирогчийн харсан зүйлийг довтолгоо болгож айлган сүрдүүлсэн хүч хэрэглэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт юм.

Гэмт хэргийн шинж гэдэг нь анх уг гэмт үйлдлийг хийхэд хүч хэрэглэсэн үү, айлган сүрдүүлсэн үү, ямар нэгэн довтолгоо буюу хохирогч руу чиглэсэн ямар үйлдэл хийсэн байна уу гэдгийг шалган тогтоож гэмт хэргийн шинж байдлыг тогтоож түүний үндсэн дээр хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох нь чухал юм.

Хэрвээ хүч хэрэглэсэн гэж үзэж байгаа бол гар утсыг нь өөрийн мэдэлдээ авснаас хойш буюу гэмт хэрэг төгссөний дараагийн үйл баримт гэж харагдаж байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу 2 дахин багасгахыг ... шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж байх тул уг хүсэлтийг хангах үндэслэлгүй юм гэсэн дүгнэлт болон бичилтийн болон хууль хэрэглээний алдааг засаагүй нь хэргийг тал бүрээс нь шийдвэрийг бүхэлд нь хянаж үзсэн гэхэд эргэлзээ төрж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Ө холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн байна. Өөрөөр хэлбэл Н.Ө нь хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэн довтолж гар утас дээрэмдсэн болох нь тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Ө холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Ө нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.А “Самсунг эс-6” загварын гар утсыг авахаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдэн 150,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ө холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ө гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин Б.Ө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан түүнд оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд ял хөнгөрүүлсэн дээрх өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн “...оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан гомдлыг хүлээн авч, түүний өмгөөлөгчийн гаргасан “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1877 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                  

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН