Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212

 

Б.Өт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, С.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1877 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Өт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Бын Ө, 1997 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 7, эмэг эх, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../;

Б.Ө нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” дэлгүүрийн хажуу талын гудамжинд хохирогч Б.Агийн эзэмшлийн “Самсунг эс-6” загварын гар утсыг авахаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдэн бусдад 150.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Өыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтолж, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Б.Өт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тухайн өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Ө нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ө гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би хохирогч гэх Атай анх 2019 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 12 цагийн орчимд гэр рүүгээ харих замд Дарь эхийн хуучин эцсээс шинэ эцэс явах зам дагуу тааралдаж, утсаараа 1 яриулаач гэснийхээ төлөө 2 жил 6 сарын ял шийтгэгдэх болсондоо гомдолтой байна. Учир нь. хохирогч А нь надад утасныхаа кодыг гаргаж өгөөд таксинд суугаад яваад өгсөн юм. Би утсаар нь ярих гэж залгаж байгаад “анзааралгүй” явуулчихсан юм. Тэгээд төд удалгүй 2019 оны 8 дугаар сарын 20-ноос 23-ны хооронд хохирогч болох Атай таарч утсыг нь өгөх гэтэл цагдаад барьж өгөн намайг дээрэмдсэн гэх мэдүүлэг өгснийг би мэдсэнгүй. Мөн тэр өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст цагдаагийн ахмад Од гэгч намайг аваачиж “зодож”, ухаан алдуулж, миний хэлсэн тайлбарыг сонсохгүй худлаа мэдүүлэг өөрсдөө зохиож, намайг чи хүн дээрэмдсэн гэж гүтгэж, дахин 20-30 минут зодсоор би ухаан алдаж, таталт өгөн нэг сэрхэд эмнэлгийн эмч нар намайг сэрээж байсан билээ. Мөн ахмад Од гэгч нь “чи энд гарын үсгээ зур, зурвал явуулна” гэж айлган сүрдүүлж, би гарын үсгээ зурсан юм. Түүнээс хойш ахмад Од нь дэслэгч Батболдод хавтас хэрэг шилжүүлэн дэслэгч Батболд нь хааяа утсаар ярин ир гэсэн цагт нь ирж байсан. Мөн хохирогч Агийн мэдүүлэг нь намайг айлган сүрдүүлээгүй гэж анхан шатны шүүх хурал дээр хэлж байхад шүүгч нь намайг хэргээ хүлээхгүй байна гэж үзэн 2 жил 6 сарын ял тулгаж өгсөнд би гомдолтой байна. Ахмад Од болон дэслэгч Батболд нар нь намайг хэргийн материалтай танилцуулаагүй, хэргийн материал дээр ямар нэгэн тайлбар хэлэлгүй гарын үсэг зур гэж зуруулж, намайг хүн дээрэмдсэн гэх материал бүрдүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил 6 сарын ял өгсөнд би гомдолтой байна...” гэжээ.

               Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдалд тохирсон шийтгэл болж чадаагүй гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэрэг маргаан 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө болсон. Гар утсыг нь гуйж аваад буцааж өгөөгүй л асуудал болсон. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ “...Ах нь утсаар чинь ганц яриад өгье гэж хэлэхээр нь утсаа гаргаж өгсөн.” гэж мэдүүлдэг. Мөн хохирогчоос улсын яллагч шүүх хурал дээр тодруулж асуусан асуултад “ах нь ганц яриад өгье” гэсэн, гуйгаад авсан гэж хариулсан зэргээс харахад нь анх утсыг нь авахад ямар нэгэн хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн, ялангуяа “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж байдал, үйл баримт болоогүй гэдэг нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг оролцуулан шийдвэрлэх боломжтой гэсэн атлаа хохирогч нь шүүх хуралд болсон байдлыг үнэн зөвөөр ярьж, мэдүүлснийг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй, харин шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн цагдаад өгсөн өргөдөл болон мөрдөн байцаалтын мэдүүлгийг үндэслэл болгон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт өгч, ялыг болон зүйлчлэлийг хүндрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлээс харахад утсыг авахдаа ямар нэгэн хүч хэрэглээгүй болох нь харагддаг бөгөөд шүүхийн тогтоолд түүнийг хүндрүүлэх буюу утсыг нь авсны дараах үйл баримт буюу гартаа барьсан зүйлээр айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт юм. Гэмт хэргийн шинж гэдэг нь анх уг гэмт үйлдлийг хийхэд хүч хэрэглэсэн үү, айлган сүрдүүлсэн үү, ямар нэгэн довтолгоо буюу хохирогч руу чиглэсэн ямар үйлдэл хийсэн гэдгийг шалган тогтоож, гэмт хэргийн шинж байдлыг тогтоож, түүний үндсэн дээр хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох нь чухал юм. Хэрэв хүч хэрэглэсэн гэж үзэж байгаа бол гар утсыг нь өөрийн мэдэлдээ авснаас хойш буюу гэмт хэрэг төгссөний дараагийн үйл баримт гэж харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тогтоолын дугаарыг 2019/ШЦТ/1877 гэж цагаатгаагүй шийтгэх тогтоол гаргасан, Ю.Сэвлэгмаа /ҮД:1659/ гэж буруу бичсэн, миний шүүхэд төлөөлөх дугаар 0257, ...шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэсэн дүгнэлт хийсэн. Энэ хэрэг маань ганц Өт холбогдох хэрэг бөгөөд хэн нэгэнтэй бүлэглэж, хамтарч үйлдээгүй тул уг хохирлын талаарх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон. Анхан шатны шүүх Б.Өт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа... учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн атлаа түүний гэм буруугийн талаар маргаж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн ... өмгөөлөгчийн хүсэлтийг хангах боломжгүй гэжээ. Тус хуулийн тусгай анги нь аравдугаар бүлэг буюу 10.1 дүгээр зүйлээс эхэлдэг тул 6.7 дугаар зүйл нь ерөнхий ангид багтдаг билээ. Шүүгдэгч Б.Өт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн 1.2-т ...учруулсан хохирлыг төлсөн гэх зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байх бөгөөд шүүх хуралд хохирогч ямар нэгэн гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн мөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд гэмт хэргийн сэдэлт, зүйлчлэлийн талаар л маргасан. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч С.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Ариунзул нь анх өргөдөл өгөхдөө “миний утсыг аваад явсан, айлган сүрдүүлсэн” гэсэн байдаг. Анхны мэдүүлэгтээ “үл таних залуу хүрч ирээд нийтийн байр хаана байдаг юм бэ надад заагаад өгөөч гэсэн” гэдэг. Шүүх хуралдааны явцад ч мөн ингэж асуусан гэж мэдүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс тухайн утсыг авах үед дээрмийн гэмт хэргийн гэм буруугийн субьектив санаа байсан уу гэдгийг харгалзан үзэх үндэслэл байна гэж үзэж байна. Учир нь анхнаасаа хохирогч “бүлнэ шүү” гэх мэт айлган сүрдүүлсэн гэх зүйлсээ өргөдөлдөө болон шүүх хуралдаанд хэлээгүй. Шүүгдэгч мөн “надад дээрэмдэх санаа байгаагүй юм. Тухайн үед ганц пиво уучихаад жаахан халамцуу явж байсан. Эхнэр оройтлоо гээд уурлаад байсан болохоор нь эхнэртэйгээ ярих гэж утсыг нь гуйж авсан юм. Тэгсэн чинь тэр эмэгтэй надаас зугтаад явчихсан” гэж мэдүүлдэг. Мөн айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн гэх үйлдлийг зөвхөн хохирогч л мэдүүлээд байдаг. Бидний зүгээс утас авсан дээр маргах зүйлгүй. Харин зүйл ангийн хувьд довтолгоо эхэлсэн, айлган сүрдүүлсэн гэдэг үндэслэлээр хүндрүүлж үзэж байгаа нь Б.Өын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байгаа тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нар “хохирогчоос утсаар нь ганц ярьчихаад өгье гээд авсан. Буцаагаад өгөх гэтэл таксинд суугаад яваад өгсөн” гэж ярьж байна. Тухайн үед хохирогч, шүүгдэгч хоёр л байсан. Хэрэг болсон газар камерын бичлэг байсан эсэхийг шалгахад гудамжинд болсон асуудал учир камер байгаагүй. Хохирогч мөн цагдаагийн ажилтантай явж камер байна уу гэдгийг шалгахад байхгүй байсан. Хохирогчоос хэрэг бүртгэлийн хэрэг нээж нэг удаа мэдүүлэг авсан. Мөн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож хэргийн талаар ярьсан. Ингэхдээ яг адил “чамайг үүгээр бүлнэ шүү гэж  айлгаж сүрдүүлсэн учраас гар утсаа өгсөн” гэж мэдүүлдэг. Хохирогч Б.Ариунзулаас би “Б.Ө нь чамаас гар утсыг чинь нэг л удаа авсан уу” гэж асуухад “эхлээд надаас гар утсаар чинь яриад өгье гэж авсан тэгээд гар утсаар хэн нэгэн рүү залгаагүй. Энэ утас чинь яасан гоё юм бэ. Үнэтэй юу гэж надаас асуугаад байсан. Би гар утсаа буцаагаад авсны дараа гар утсаа өг гэж намайг айлгаж сүрдүүлсэн” гэж мэдүүлсэн. Энэхүү мэдүүлгүүд нь тогтвортой, өөрчлөгддөггүй. Харин шүүгдэгч Б.Өын мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байсан учир хохирогчийн мэдүүлгийг илүү үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Харин өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн давж заалдах гомдолд дурдагдсан өмгөөлөгчийн үнэмлэхийн дугаар буруу бичигдсэн нь үг үсэг, техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэхээр байгаа тул үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залруулга хийж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” дэлгүүрийн хажуу талын гудамжинд хохирогч Б.Агийн эзэмшлийн “Самсунг эс-6” загварын гар утсыг авахаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдэн бусдад 150.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Агийн “...Гартаа барьж явсан отверка шиг үзүүртэй юм гаргаж ирээд утсаа надад өгөхгүй бол үүгээр чамайг бүлнэ шүү гэхээр нь гар утсаа түүнд өгсөн. ...” гэх /хх 5-8/,

Шүүгдэгч Б.Өын “...Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад ялын бага хэмжээг оногдуулж өгнө үү. ...” гэх /хх 36/ мэдүүлгүүд,

“Дамно” ХХК”-ийн 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №БЗД2-19-552 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 13-14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн түүний бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд тухайн зүйлд зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэгт “айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгох ба энэхүү хүчирхийлэл нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэмт этгээд үүнийг үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн байж болох тухай” ойлголтыг хамааруулдаг. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогчийн мэдүүлгээс үзэхэд, шүүгдэгч Б.Өын зүгээс хүч хэрэглэхээр заналхийлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд тэрээр сэтгэхүйн буюу хэл яриагаар, түүнчлэн айлгах бүхий үйлдэл хийж, эрхшээлдээ оруулан, эд зүйлийг нь авсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж байдал, үйл баримт тогтоогдоогүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Хавтас хэргийг судлахад Б.Өыг цагдаагийн алба хаагч зодсон, дарамталсан, сүрдүүлсэн талаар нотлох баримт хавтас хэрэгт байхгүй тул энэ талаар гомдлоо зохих хуулийн байгууллагад гаргаж жич шалгуулах эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1877 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө болон түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ